Thursday, June 28, 2007

БИД


...Хүн уулыг ч нураах хүчтэн..
(Р.Чойном)


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Зуны аялал2007 (1)болж Чиба мужийн Күжүкүри(九十九里(2) )гэдэг газар луу яваад ирлээ .
Номхон далайн эргийн дагуу орших уг газарт далай,газар,тэнгэр гурвын зааг нийлнэ. Задгай далайг дэргэдээс нь харсан маань анх удаа энэ.
Нөгөө талдаа хязгаар үгүй мэт их хар хөх ус ,ар араасаа хөөсрөн түрэн ирэх давалгаа бүр хүн гэж ямар өчүүхэн болохыг мэдрүүлнэ.Энэ орон зайд зогсох нэг хүн байсан ч үгүй ч ялгаагүй мэт санагдана.Бид-хүмүүс , юу юм бэ,энэ ертөнцийн хувьд хэр зэрэг үнэ цэнэтэй юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө...



p.s:

Сонирхоод эрдэмтдийн судалгаанаас хайж үзвэл орчин үейин хомосапиенс Homosapiens(Modern) үүссэн нь одоогоос ойролцоогоор 50000 жилийн өмнө юм гэнэ. ..Тэр цагаас хойш 2002 он хүртэл манай гариг дээр 106,456,367,669 хүн төрсөн гэсэн тооцоо байдаг юм байна.(эх сурвалж :United Nations' Determinants and Consequences of Population Trends and Population Reference Bureau estimates).]

Тэгэхээр бид 50000 жилийн дотор төрсөн 100 тэрбум хүний нэг л болж таарах нь. Тийм ч ховор нандин" байгалийн бүтээл" биш байгаа биз...
to be continued



(1)Зуны аялал2007: Анх 2003 онд зохиогдож эхэлсэн 2 өдрийн аялал .Жил болгон 2 р курсийн оюутнууд зохион байгуулдаг Монгол оюутнуудын аялал.
(2) Күжүкүри(九十九里): 99 Ри гэсэх утгатай. (1Ри=3.93км ) Чиба мужид Номхон далайн дагуу байрлах уг эрэг 66км урт үргэлжилдэг бөгөөд Японы хамгийн урт эргүүдийн нэгт тооцогддог

Ашигласан материал:
http://www.prb.org/Articles/2002/HowManyPeopleHaveEverLivedonEarth.aspx?p=1



Wednesday, June 27, 2007

ЭХЛЭЛ

...Дэрний хажууд утасны сэрүүлэг дуугарч нэгэн шинэ өглөө эхэлнэ.
Шүршүүрт орж нойроо сэргээгээд цүнхээ үүрэн гэрээс гарахад нар аль хэдийн дээр гарчээ. Би л хамгийн сүүлд боссон юм уу гэлтэй гадаа хөл хөдөлгөөн дүүрэн.

Эхний цагт яг амжиж аваачдаг 8:12 -ын метронд суухдаа үүргэвчээ хөлөн дороо буулгахгүй бол багтах аргагүй. Албаны хувцасласан Япон ажилчдаар дүүрсэн өглөөний метронд төмөр дугуй рельстэй хавиралдах чимээ, буудлуудын нэрийг зарлах announcer-ийн найрсаг хоолойг эс тооцвол нам гүм. Эргэн тойронд зогсох хүмүүс бүгд нэг нэг бариулаас зүүгдэн нүдээ анин бодлогоширон зогсоцгоох нь анхаарлаа төвлөрүүлэн ямар нэг том зүйлд бэлдэж буй мэт харагдана. Магадгүй энэ өдөр л амьдралынх хамгийн чухал өдөр байх гэмээр. Буух буудалдаа ирэн галт тэрэгний хаалга нээгдэхэд үерийн ус мэт хүний их урсгал түрэн гарч, ажилтай нь офис ,хичээлтэй нь сургуулийн зүг яаран алхана. Тэдний дунд алхах цагаан пүүзэн дээр цэнхэр жинс юүдэнтэй цамц өмссөн нүдний шилтэй залуу бол би...

...Лекцийн танхимд хэзээ ч хэн ч суудаггүй эхний 2 эгнээ хоосон хэвээрээ.Эргэн тойронд,ялангуяа хойд талын эгнээгээр өглөө дутуу сэрсэн зарим оюутнуудын унтлагын цаг үргэлжилнэ. 400 оюутанд лекц орж буй багшид хэн юу хийж байгаа нь хамаагүй гэсэн шиг слайдаа эргүүлэн цааш ярина. Нэг нэг электрон толь барин урдуур бөөгнөрөн суух хэлэндээ тааруу гадаад оюутнууд харваас андашгүй . Тэдний нэг нь би...

Хичээл бүр дээр явагдах сорилууд, хааяа тавих илтгэл, номын санд хийх бие даалтууд, бас хүлээн авалт , партинууд гээд шинэхэн оюутны амьдралдаа дасах явцад цаг хугацаа өнгөрөх нь юунаас ч илүү хурдан...Энэ хооронд А-аас Я үсгээр илэрхийлэгдэх сайн, заримдаа муу ч бодлууд, үгээр ч илэрхийлэгдэхгүй төсөөллүүд цаг үргэлж урган гарна. Магадгүй зарим нь үзсэн ,уншсан ,сонссон зүйлүүд дээр тулгуурлагдан гарч ирдэг байх. Зарим нь хаанаасаа ч гараад ирдэг юм өөрөө ч таашгүй.

Тэр бүх бодлуудаа эвлүүлэн эмхэтгээд Та бүхэнтэй хуваалцахыг хүссэн тул блог болгон эхний бичлэгээрээ мэндчилж буй нь энэ. Үүнээс хойш миний блогт саатах уншигч Таны , мөн өөрийн цагийг гарздахааргүй бичлэгүүд оруулж байхыг хичээнээ.