Thursday, May 22, 2008

Typhoon, happiness, etc...




Өнгөрсөн 2дхын өглөө тайфунь ирээд сургуулийн хашаагаар дүүрэн хугарсан модны мөчир, хийссэн навч хөглөрүүлээд хаячихав. Хэр баргийн юманд сааталгүй цагтаа ирээд байдаг цахилгаан галт тэргүүд хүртэл зогсч нэлээд олон хүн эхний цаг дээрээ хоцрох шиг болсон. Харин даралласан 5 пар дээр нэмсэн тайфуны ачаар амралтын өдрийн темпнээсээ хялбархан салчихсан шүү. Номхон далайд үүсээд , хойш чиглэн арлыг өгсөхдөө ширүүн бороо, хүчтэй салхи авчирдаг энэхүү үзэгдэл энэ жил Кантод нэлээд эрт газардлаа гэж ярьцгааж байна лээ. Энэ долоо хоног харин овоо халах бололтой.

Дээр түүхийн нэг хичээл дээр яагаад ч юм аз жаргалын тухай яриа өрнөчихөв. Япончууд хангалуун амьдрал дунд эрүүлээр хамгийн урт удаан насалдаг хэрнээ аз жаргалын түвшин нь [санаснаас] доогуур байдаг гэсэн судалгааны талаар нэг оюутан ярьж байсныг санан,энэ талаар нетээр жаахан хайгаад бодож үзэв. Тэгсэн уул нь Английн нэг их сургуулийн профессор дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг судлаад, аливаа улс орны эрүүл мэнд, эдийн засаг,боловсролын түвшин өндөр тусам иргэд нь аз жаргалтай юу гэсэн асуултад тийм гэж хариулах хандлагатай байдгийг тогтоосон юм гэнэ. Уг судалгааг олоод үзтэл Япон 178 орноос аз жаргалын түвшнээрээ 90-д жагссан байдаг юм байна.
Дэлхийн анхны аз жаргалын газрын зураг

Ер нь улс орон байтугай хувь хүн бүрийн хувьд аз жаргалыг үнэлэх хэмжүүр адил байх албагүй тул нэг хэмжүүр тогтоож болохгүй байх л даа. Харин аз жаргал олон зүйлийн цогц учир олонхийн хувьд нийтлэг хүчин зүйлүүдийг олж тогтоож бол болох байх. Эрүүл саруул оюун ухаан , бие бялдар, эд зүйлсээр дутаахгүй байлгах тодорхой хэмжээний баялаг г.м зүйлсүүд аль орны хэн гуайн хувьд[ exception бий ч ер нь цөөн ] ч аз жаргалтай байхад нь нөлөөлөх хүчин зүйлс болох нь гарцаагүй.

Харин Амьдрал нь хангалуун болсон Япончуудын хувьд дээрх зүйлс байх л ёстой зүйлсийн нэг болж аз жаргалыг арай өөр зүйлсээс хүлээдэг болсон байж ч болох юм. Хамт олны зорилгыг өөрийн зорилгоос илүүд баримтлах ёсон дор жилийн турш амралт багатай ажлын маш завгүй урт өдрүүд, хөл хөдөлгөөн ихтэй орчин үейин стресс ихтэй амьдралын хэмнэлээс болж аз жаргалаа мэдрэх боломж нь багасдаг байж ч болох юм. Аз жаргалтай барилгачин Баяраад дан ганц тоосго өрөх биш, эхнэр хүүхэд, эцэг эх, ах дүү анд нөхөд, лааз пиво, бильярдын ширээ,Наадмын бөх, зуны амралт гээд нэлээн олон юм чухал болох нь ойлгомжтой. Магадгүй Тоёта жийп унах, эсвэл Шекспирийн Ромео Жульетийг үзчихвэл ертөнцийг харах өнцөг юмыг үзэх үзэл нь өөрчлөгдөх ч юм билүү...

За тэгээд ер нь аз жаргал гэж юу болох талаар хүн хүн янз бүрээр боддог байлгүй дээ. Уг үнэлэмж гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөхийг ч бас үгүйсгэхгүй. Заавал үнэлж дүгнээд байдаг материалист ч гэж юу байхав, зүгээр л аз жаргалтай санагдаж ч бас яагаад болохгүй гэж? 非科学的考えとは...

Дээрх судалгаа 178 орны 80 000 хүнээс авсан анкет дээр үндэслэгдсэн бөгөөд судалгааны хэмжүүрүүд төгс бол биш ч судалгаа хийгдсэн 2006 он хүртэл байсан хэмжүүрүүд дотор хамгийн сайн нь гэгдэх. Нийтэч сэтгэлгээтэй Азийн зарим орнууд, хүн ам олонтой улсуудын хувьд үр дүн сөргөөр гарсан нь нэг анхаарууштай зүйл байж магад . За юутай ч дэлхийн 178 орныг аз жаргалын түвшингээр нь жагсаахад дараах үр дүн гарчээ.

Топ 3:
#1 Дани
#2 Швецари
#3 Австри
Зарим сонирхолтой үр дүнгүүд:
#10 Канад
#23 АНУ
#26 Австрали
#35 Герман
#41 Их Британи
#50 Итали
#59 Монгол
#62 Франц
#82 Хятад
#90 Япон
#125 Энэтхэг
#167 ОХУ
Сүүлийн 3:
#176 Конго
#177 Зимбабве
#178 Бурунди

Tuesday, May 13, 2008

5月病

"5 сарын өвчнөөр" өвчлөгсөд энэ жил надаас авхуулаад нэлээд олон байх шиг. Голден вийкийн цуврал амралтуудын ачаар ойрын хэд хоног эхний цагууд дээр ирц бараг л тал хүртлээ цөөрөн, азаар харин үдийн завсарлагаанаар сургуулийн кафетериудад үүсдэг урт дараалал багасчихаж. Уул нь шинээр элсэгчдэд л хүчтэй нөлөөлдөг гэгддэг энэ "өвчин" хөгшин залүүгүй хэн хүнд халдварлаж, хаврын амралт, сакураны улирлаас ангижраад шинэ семестерийн хичээлүүддээ бүртүүлэн овоо нэг оюутан төрхөндөө орох гэж ядаж байсан сэтгэл санааг назгайруулаад хаячихдаг бололтой. Ойрд нэг тогтож суугаад юм хийх сонирхол бүр төрсөнгүй ээ.

Ер нь борооны улирлын өмнөх 5 сарын нартай хэдэн өдрүүдэд ч гэлтгүй Японд иймэрхүү назгай байдал оюутны амьдралд нэлээд их юм шиг. "Амьдралд тохиох зуны амралт" гэж нэрлэгдэх оюутан цагт л "гараа дээшээ өргөөд дураараа цэнгэ" зарчим мода-нд орчихдог бололтой. Цаашид мэргэших семинар сонгоход тус болох зорилгоор зохиогддог дээд курсын оюутнууд өөрсд өөрсдийн семинарынхаа онцлогийг тайлбарладаг танилцуулганы үеээр хэр их уухаар явдаг, хөөрхөн охидууд хэр олонтой гээд юун яасан мэргэжлийн хичээлийн танилцуулга болдог байгаа. Гэхдээ номын санд байнга сууж байдаг хичээлийн маньякууд байдаг ч xичээл хүндтэй байгалийнхан , эсвэл нэг түвшин тогтоох шалгалтанд бэлдэх гээд гэгээртлээ сууж байгаа гарууд л ихэнх хувийг нь эзэлчихдэг юм шиг ээ. Нийгмийн оюутнуудын олонхынх нь хувьд бол цагийн ажил, клуб дугуйлан, шоу, лекцэн дээр зүүрмэглэсэн цагийг нэмэхэд хичээл хийсэн цагаас нь хавьгүй даваад явчих байх. Би ч гэсэн назгай байдлаасаа гарч мэргэжлийн хичээлүүдээ хүндрэхээс нь өмнө хоцрогдлоо нөхөхгүй бол шалгалтын өмнө уйлах хэрэг гарч магадгүй нь...

Thursday, May 8, 2008

Did Marco Polo go to China?

Хятадад жижигхэн хөлтэй эмэгтэйг сайхан гэж үздэг байсан тул бага наснаас нь охидын хөлний хуруунуудыг дотогш нь эргүүлж чанга боодог "өвөрмөц" мода дэлгэрсэн байжээ. Явахад хүндрэлтэй ,биед эвтэйхэн биш гэдгийг ч үл тоон , гоо сайхны этгээд гэмээр энэ шалгуурт тэнцэхийн тулд тэвчээр гаргаж байсантай төстэй явдал өнөө үед ч түгээмэл байгааг охидын гангарааны салшгүй хэсэг болсон өндөр өсгийтүүдээс харж болох юм...

Марко Поло гэчихээд туфль яриад унахаар гайхсан байж магад. Одоо сэдэв рүүгээ орьё. Марко Поло Хятадыг төлөөлөхүйц гэмээр өвөрмөц зүйлүүдийн талаар алдарт аяллын тэмдэглэлд нь дурдагдалгүй "мартагдчихсан" нь олон хүнийг үнэхээр мань эр тэнд очсон уу гэж эргэлзүүлэхэд хүргэсэн байдаг. Хятадад очсон хүн охидын хөлийг боодог өнөө өвөрмөц мода, хятад цай,бичгийн соёл, хамгийн гол нь алдарт Цагаан хэрмийн талаар дурдахгүй өнгөрнө гэдэг нээрээ ч хачирхмаар. Пологийн шүүмжлэгчид нэрт аялагчийг Венецээсээ ч холдоогүй, Хятадын талаар Араб ,Персүүдээс сонссон зүйл дээрээ тулгуурлаад зохиол биччихсэн байж магад гэж сэжиглэдэг ба тэд нарын дотроос "Did Marco Polo go to China" гэдэг ном бичсэн Frances Wood хамгийн их нэрд гарчээ.

Тэгэхээр Поло Хятадад очсон нь үнэн үү? Герман хэлний багшийнхаа хийсэн тайлбарыг энд толилуулья. Түүх сайн мэддэг хүн юм байна гэж бодсон чинь харин дундад зууны Азийн түүх, газарзүйн нээлтүүд, аяллын түүхээр мэргэшсэн түүхч байсан юм билээ.Folker Reichert багш нэрт аялагчийг Хятадад очсонд эргэлздэггүй ,харин худалдаачин байсан гэж яригддагтай санал нийлдэггүй гэнэ. Марко Поло аав,авга ахыгаа дагаж Азид ирээд тэндээ үлдэн олон жил амьдарч, улмаар монголжсон гэдэгт нэлээд ач холбогдол өгч асуудлыг тайлбарласан юм. Юань гүрний үейин нийгмийн хамгийн өндөр давхаргад хамаарагдах болсон нь түүнийг хамгийн доод давхаргад харьяалагдаж байсан Хятадын соёлоос хангалттай зааглан, Хятадыг огт сонирхдоггүй "монгол хүн" болгочихсон хэрэг гэнэ.

Ингээд цай уухын оронд айргийг таашаах болж(Пологийн тэмдэглэлд гардгаар тэрээр айрганд маш их дуртай байсан гэдэг) ,монгол соёлд орсон тул зөвхөн Өмнөд Хятадын ажил хийх шаардлагагүй дээд зиндааныхнаар хязгаарлагдаж байсан охидын хөл боох моодыг сонирхох "хэрэгцээ" гараагүй гэнэ. Харин өдгөө бидний мэдэх түмэн газрын Цагаан хэрэм Мин улсын үед баригдсан болохоор Поло харж амжаагүй нь аргагүй.Түүнээс гадна Пологийн тэмдэглэж үлдээсэн торгоны зам үнэхээр нарийвчлалтай байсан нь бас нэгэн баталгаа болж байгаа юм. Харин Хятадын судар бичигт Пологийн талаар төдийлөн чухал зүйл тэмдэглэгдэж үлдээгүй байдаг нь түүний амбиц ихтэй тэмдэглэл хэтрүүлэг ихтэй байж магадгүй гэж дүгнэх үндэслэл болдог гэнэ.

Бүх цаг үейин хамгийн алдартай хүмүүсийн нэг болгосон тэмдэглэлээ өөрөө ч бичээгүй, хэзээ хойно шоронд байхдаа хүнд ярьж өгснийг нь тэмдэглэж үлдээснийг бодвол Поло сайхан хэнэггүй нөхөр байж дээ гэмээр. Нээрээ ч монголжсон байж магадгүй шүү хэхэ. Ямартаа ч тэр тэмдэглэл бичигдэн, өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн нь түүхчдэд нэгэн маргах ажилтай болоход нь тусалжээ.

Thursday, May 1, 2008

Unknown song

Залхуутай урт урт бичлэгүүд оруулсаар байтал сүүлдээ өөрөө хараад ч залхуу хүрдэг болчихож. Дээр Airport дээр удаан хэмнэлтэй нэгэн дууны дахилт явж байхыг сонссон юм. Цас орох гээд нэг л бүүдгэр өдөр ганцаар явж байхад тэр дуу яагаад ч юм гоё санагдсан тул хайж хайж оллоо.Бас жаахан залхуутай л дуу кк.