Monday, October 27, 2008

Lost and found

Хичээлдээ ирж очих, гадуур явахдаа хөгжимтэй их найзалдаг тул чихэвчээ гээчихсэн чинь нэг л юм дутагдаад болдоггүй.Хаана хаяснаа мэдэхгүй болохоор юу ч болсон 1 дэхийн өглөө сургууль дээр очоод 5 дахьд орсон бүх хичээлийн танхим, номын сан, кафетериад орж хайж үзье гэж бодоод өглөө сургууль дээр ирсэн чинь чихэвч маань 5 дахьд өмссөн хар жинсний зүүн карманд ямар хэлбэртэй байсан яг тийм хэвээрээ сургуулийн гадаад оюутны төвийн нэг давхрын буйдан дээр хэвтэж байдаг байна шүү. Японд юм алга болдоггүй нь сайхан шүү гэж бодоод аваад утсандаа залгаад дуртай дуугаа тавиад, цааш алхлаа.

Анх ирчихээд удаагүй байхдаа нэг удаа хүнсээ цуглуулж яваад түрийвчээ хаячихсан юм.Юм авсан дэлгүүр дээрээ очлоо, явсан замаараа буцаж явлаа , байдаггүй. Дотор нь бүх бичиг баримт, бас бүтэн сарын хоолны мөнгө байсан болохоор тун тааруу хэрэг байв.Ядаж байхад хэл ч сайн мэдэхгүй,яахаа ч бас сайн мэддэггүй . Ингээд баларлаа гэж... Бас л 5 дахь өдөр л байсан шиг санаж байна. 1 дэх өдрөөс нааш сургуулийн офис онгойхгүй тул сургуульдаа мэдэгдээд арга хэмжээ авахуулчих боломжгүй байдаг. Ингээд амралтын 2 өдөр нойр хүрэхгүй шахам юм болж өнгөрлөө. Тэгээд 1 дэхд хамгийн түрүүн суругулийнхаа офис дээрээ гүйж очтол , түрийвч чинь энэ мөн үү гээд өөдөөс үзүүлдэг байгаа. Үүнээс хойш анхааралтай байгаарай гэж хэлээд түрийвчийг маань буцааж өглөө, бүрэн бүтнээр нь.

Баярласан гэж!!!

Яаж олдсон бэ гэхээр дэлгүүрээс юмаа авчихаад дугуйгаараа жийж явах үед карманаас сугараад унагачихсан байж. Тэрийг нь ойр хавьд амьдардаг нэг эмээ олоод доторх оюутны үнэмлэхийг нь хараад, сургууль дээр авчраад өгчихөж.Xолбогдох хаяг, утсаа ч үлдээгээгүй болохоор Баярлалаа гэж хэлж ч чадаагүй л дээ.Үнэхээр сайн санаат хүн байсан байх тэр эмээ.

Нэг бодлын стресс ихтэй,үе үе ойлгоход бэрх нийгэм ч гэлээ, нөгөө талаас бас гоё л нийгэм шүү,энэ Япон.

Thursday, October 23, 2008

Thursday


Дахиад л бороо.Цаг агаарын мэдээ хардаггүй буруудлаа. Өглөө цэлмэг байсан болохоор шүхрээ ч авч гарсангүй.

Эхний цаг дээр quiz авч сандаргаад, гэхдээ азаар гайгүй хийчих шиг болсон.Уул нь бол айдаг хичээлүүдийн маань нэг. Заасан юмныхаа тухай биш, заах юмныхаа талаар асуусан болохоор бодож байгаад бичээд өгчихөв.Эхний quiz байсан болохоор харж үзсэн байх л даа.

Үдийн цайнаар номын сан орж ганц хоёр сонин гарчиглалаа,нөгөө л subprime crisis ээс өөр онц зүйл алга. Хоол идчихээд сурсан зангаараа мат-ийн хичээлдээ хоцроод очлоо. Мэдээж багшаасаа бол түрүүлнэ л дээ.

Багш ч бас сурсан зангаараа 10 мин хоцорч ирээд 1 радиустай тойргийг 1 талтай квадрат дотор зурчихдаг оюутнууддаа натурал тоон олонлогийг квадратынхаа олонлогтой тэнцүү тухай заадаг хичээлээ эхэллээ.Удахгүй орох борооны ачаар наран талд байдаг анги харин энэ удаад сэрүүн, гэхдээ бүгчим байв. Шалгалтан дээр ч суудал хуваарилдаггүй, бодлогоо тарааж өгчихөөд өөр юм хийгээд суучихдаг хэнэггүй багш маань танхим дундуур явж оюутнуудаас ганц хоёр юм асууж сандаргангаа лекцээ орчихоод сурсан зангаараа эрт тараачихлаа.

Өнөөдөр 3 пар-тайн сүүлийн цаг нь семинарын хичээл. Лекцтэй төстэй нь нэг багштай. Ялгаатай нь 300 биш 10 оюутантай. Ихэнхдээ discussion хэлбэртэй явагдана. Нэг гэм нь миний хувьд ангидаа хамгийн муу хэлтэй нь болохоор хэл загатнасан ч хэлээ хазаад өнгөрөх тохиолдол нэлээд их. Угаасаа ч нэг гадаад нөхөр Япончуудаас төрөлх хэлээр нь илүү ярина ч гэж юу байхав.Гэхдээ сайжрах тал дээр жаахан хичээхгүй бол ойрд хэлэндээ муу байна гэдгээ нэлээд мэдрэх боллоо , хэлүүлэх ч боллоо.Хичээхгүй бол...гэхдээ яаж?

Баахан улстөр сонсож сонсож тараад номын санд хэсэг суудаг баатар болсон чинь нэт-тэй зууралдсаар байтал таарлаа.Энэ семестерт цагаа номноос өөр зүйлд зарцуулъя гэж бодсон болохоор уул санаа нь бол зөв, орлуулга нь буруу гэх юм уу даа. Жаахан өөрчлөлт оруулахгүй бол тараад нэт, хариад кино болж таарах гээд байдаг...


Ингээд бичих зүйл ч дууслаа, харих цаг ч боллоо. Гарахад бороо зогсчихсон л байгаасай.

Thursday, October 16, 2008

Part 2-I : Sexy vs Cute

Ер нь блогоо бичихээр л бороо ороод байх шиг. Эсвэл бороо орохоор би бичдэг юм болов уу. Энэ долоо хоногоос кинонд дургүй болтлоо кино үздэг амьдралаа өөрчилье гэж бодсон чинь баахан хичээлүүд цонхолсны ачаар киноны оронд нэт хэсдэг ажилтай болчихдог юм байна. Энэ удаад харин бороо орохгүй бололотой.

Тэнгэр онгойсон дээр бүр дээр эхлүүлсэн [Part1: Life and Stress 2008.07.30] Cutie имижтэй ангийнхаа охидыг жагсаасан тухай яриагаа цааш үргэлжлүүлье. Японд 80 аад оноос хавтгайрсан Cutie имиж өдгөө моод гэхээсээ илүү Япон охидын өдөр тутмын амьдралын нэг хэв маяг, орчин үеийн Япон орныг тодорхойлогч нэг онцлог болтлоо дэлгэрсэн гэхэд болно. Хэдийнээ 11 тэгтэй $-оор хэмжигдэх зах зээлийг бий болгочихсон уг имижийг охидын үсний хавчаар, утасны зүүлт, хөнжлийн даавуу,дэрний уут гээд хаанаас л бол хаанаас харж болохоор.

Ангийн Япон охидын утасны зүүлтүүд нь нийлэхээрээ утаснаасаа том, хүнд болсныг хараад Европ охид толгой сэгсэрч, ер нь ойлгоё ч гэж оролдохгүй байх шиг байсан. Бие даасан байдал, Sexy имижийг бишрэн шүтэгч барууныхны хувьд эргээд жаахан хүүхэд шиг авирлан Cutie имиж-д дурлаад буй шалтгаан нь үнэхээр ойлгомжгүй санагдсан байх л даа.Ингэж ялгаа гарч байгаа нь зүгээр л өрнө дорнын соёл, сэтгэлгээний ялгаа гээд хэлчихвэл хэлчихэд энгийн бөгөөд оновчтой хариулт болно болох байх.Харин арай тодруулбал Sexy ба Cutie имиж нь эрх чөлөөтэй байх гэсэн хүний язгуур нэг хүсэл 2 өөр хэлбэрээр гарч ирж буй илрэл гэж хэлж болох юм. Азиудын бүрэг даруу зан,барууныхны нээлттэй зан хоёрын ялгаа нь л нэг зүйлийг ингэж 2 өөр хэлбэрээр гарч ирэх гол шалтгаан болсон гэх.

Энэ удаад арай урт болчих юм шиг байна. Яагаад Cutie ба Sexy нь мөн чанартаа нэг зүйл болохыг дараагийн бичлэгээрээ тусад нь тайлбарлая.





1973

Thursday, October 2, 2008

a missed chance?

there was nobody around. only trees. i kept running. now my eyes stung less as drops of rain rinsed away salty sweat. this time it was a little faster than my usual morning jog. i was running and... thinking of her.

...i saw her in the crowd. she didn't know i was there. she looked so beautiful.my heart started beating like never before.i did not know what to do.i just knew i wasn't at that place where i used to be.my feelings for her were so different... then i took a deep breath and walked through the crowd toward her. but i stopped and turned away...i guess it wasn't the best timing...

i kept running. running and wondering if chances are given or should be made...by us, someday someway...

Wednesday, October 1, 2008

One evening in Tokyo

Мягмар гариг Wall Street-ийн хувьд час өдөр нь гэлтэй, өчигдрөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж бас нэгэн хэцүүхэн өдрийг туулсан бололтой. Гэхдээ надад л мэдрэгдсэн юм алга ,харин өнөөдрөөс эхэлж буй намрын улирлын хичээл сонголтууд л амьдралын хэмнэлд маань илүү нөлөөтэй байна гэх үү дээ. Нэг хөгжилтэй нь зун амарчихаад ирсэн чинь юм бичихэд гар эвлэхээ байчихаж.Энэ улиралд xавар сонгосон хичээлүүдээ үргэлжлүүлээд авчих болохоор хичээл сонголт хийнэ гэж ядаад байх зүйл ч бараг байхгүй , блогоо ойр ойрхон бичих завтай ч , бичих зүйлтэй ч байна.

Өчигдөр нэг найз маань ахтайгаа ирээд, нисэхээс нь өмнө дэлгүүрээр орж ганц нэг авах зүйл байгаа гэхээр нь Токиод байдаг нэг мэддэг дажгүй газар луугаа дагуулж яваад. Надад ч бас авах хэрэгтэй нэг зүйл байгаад байсан ч , гэрийн ойролцоох дэлгүүрт дуусчихсан, жаахан хүлээх хэрэгтэй гээд, нэтээр хайгаад ч олдохгүй байсан юм. Ингээд нөгөө хоёрынхоо юмыг нь авж өгчихөөд хайсан зүйлийнхээ эрэлд хотын төв руу явав.

Тайфунь дуусаагүй, Токио жаахан бороотой ,баахан л шүхэр барьсан хүмүүс [надаас бусад нь] нааш цааш алхацгаана. Зонтик барьсан тийм олон хүн урьд нь бараг хараагүй байх. Магадгүй хэдэн сая. Ингээд нөгөө зүйлийнхээ эрэлд гарлаа. 35 сая хүнтэй мегаполисийн төвөөр махийсан улбар шар тэмдэг хайж баахан явав, олсонгүй. Утсаараа ганц нэг зураг дарсан шиг яваад л байв, Nike- гийн swoosh олж харсангүй. Нэг мэдсэн офисын дүүрэгт ороод ирлээ. Мананцар дунд офисын барилгуудын орой нь харагдахгүй, тэнгэрээс буугаад ирсэн гэрэлтэй баганууд шиг л харагдаж байв.Энэ цагаар ердийн худалдааны гудамжнаас ялгаатай нь энд янз бүрийн эрээн мяраан рекламны гэрэл ч үгүй, эрт офисоосоо гараад явж буй ганц нэг костюмтай ажилчдаас өөр хүнгүй , нам гүм, ерөөнхийдөө дүнсийсэн газар. Эндээс хайсан зүйлээ олохгүй нь тодорхой.

Ерөнхийдөө орой ч болов, Nike ч дүүрч, гэнэт их өлссөнөө мэдрэв. Өглөөнөөс хойш 2 будааны ороомогноос өөр юм ам руугаа хийгээгүй байсан тул жаахан юм олж идэхээр буцаад явлаа. Хоолны газрууд үүдээр нь дараалал үүсчихсэн ид ачааллаараа ажиллаж байгаа бололтой. Амраар нь нэг МАК олоод бургер кофетэй авч явахаар захиалав. Ойрд идээгүй, бас дажгүй шүү. Гэхдээ үнээ хальт нэмчихжээ. Ер нь Японд гадуур юм идэж явах бараг нүдний гэм. Гэхдээ заримдаа усыг нь уучихаад ёсыг нь дагахгүй байх бас зүгээр санагдаад байдаг юм.

Гахайн мах, каффеин хоёрын ачаар жаахан энергитэй болчихоод гэр лүүгээ зүглэхээр метронд суулаа. Оройны метро дүүрэн хүнтэй,бүгд урт ажлын өдөр нэлээд ядарсан байрын, зарим нь жаахан халаалттай. Би ч бас нэлээн яваад ядарснаа мэдэн,цүнхээ буулгаад хөл дороо тавин, нэг бариул олж зүүгдээд , нүдээ анилаа...