Sunday, November 30, 2008

Imagined communities

Орой нь өглөөний нөгөө дулаахан гоё өдөр мөн үү гэмээр хүйтэрдэг болчихлоо. Харамсалтай нь энэ жил цементэн ертөнцөд суусаар намар болсныг мэдэрсэнгүй өнгөрөөж байх шиг байна...

-Ингэхэд Та эх орондоо хайртай юу?
Тэнэг асуулт. Мэдээж тийм гэх биз.
- Яагаад?
Бүр тэнэг асуулт.

Гэхдээ үргэлж тэнэг асуулт биш байж бас болох. Ялангуяа хүчтэй даяарчлагдаж байгаа бидний зуунд. Хэрэв хэвшмэл сэтгэлгээнээсээ хальт хөндийрөөд бодоод үзвэл улс гэдэг хийсвэр ойлголт гэж 25 жилийн өмнө Benedict Anderson гэдэг нөхөр үндсэрхэг үзлийн талаар нэг ном бичсэнийг сая хальт уншаад, зарим нэг бодогдсон зүйлээ блогтооо бичиж буй нь энэ.Нэлээд шуугиан тарьсан ном юм гэнэ, сонссон ч байж магад.

Национализмын сурах бичиг болсон гэж хэлж болох уг номондоо Андерсон хүмүүсийг улс орныхоо төлөө гэсэн нэрийн дор амьдарч бас үхэж, аллага хийхэд ч хүргэдэг тэр хүч юу юм бэ? Хэзээ ч очихгүй газарт байгаа хэзээ ч уулзалдахгүй хүмүүс бие биенийгээ эх орон хэмээх нэг гэр бүлд харъяалагддаг ахан дүүс хэмээн бодож явдаг шалтгаан нь юу юм бэ? гэх мэт эх оронч үзлийн цөм болсон асуултуудыг хөндөн, хүн төрөлхтөний түүхэн дэх национализмын үүсэл ба тархалтын талаар түүхэн болон философийн талаас нь тайлбарлан , сонирхолтой таамаглал дэвшүүлсэн байна. Тэрээр улс гэдэг нь ижилхэн хэл соёл, угсаа гарал , шашин шүтлэг гэх мэт тодорхой нийгмийн нөхцөл байдлаар тодорхойлогдон гарч ирсэн зүйл биш харин бидний сэтгэхүйнээс урган гарч ирсэн бүтээгдэхүүн хэмээн тайлбарласан нь гол онцлох санаа нь болжээ.

Улс, эх орон гэж юу болох талаар гүн ухааны төвөгтэй хичээл шиг юм ярихын оронд эхлээд нэг асуултанд хариулах гээд үзье.

-Ер нь бидний хийсвэр сэтгэлгээ хэр хүчтэй юм бэ?
Маш хүчтэй.

Сэтгэн бодох чадвар нь хамгийн сайн хөгжсөн амьтад болох хүмүүс бид цаг хугацааны явцад ямагт шинэ зүйлийг сэдэж,бий болгож байдаг.Үүнийгээ хөгжил дэвшил гэж нэрлэдэг. Хөгжлийнхөө явцад хүн төрөлхтөн хийсвэр сэтгэлгээнийхээ дагавар бүтээгдэхүүн болсон маш олон зүйлсийг бүтээсэн. Пикассогийн этгээд зурагнуудаас авахуулаад 10 жилийн тооны хичээлийн сэдвүүд , энэ блог тавигддаг вэб сайт гээд бүгд л хүний хийсвэр сэтгэлгээний дагавар бүтээгдэхүүнүүд. Улс эх орон ч мөн ялгаагүй сансарт нисдэг пуужин шиг л хүний сэтгэлгээнээс урган гарч ирсэн , хөгжлийнхөө нэг шатан дээр бид өөрсдөө зохиочихсон зүйл...Дараагийн шатанд яг л пянз тоглуулдаг хөгжим шиг бидний амьдралаас балран алга болохыг үгүйсгэхгүй. Дэлхий хавтгайрснаар улс гүрнүүдийн эрин үе өнгөрч, мультикорпорациудын зуун ч дуусч хувь хүмүүсийн өрсөлдөөн ноёрхох цаг ирсэн гэж нэг алдартай нөхөр хэлсэн байдаг.* Глобальчлалын эрин үед улс гүрнүүдийн хилээс халин тив дамжин хэрэн хэсэх пүүс компаниуд, хувь хүмүүс ердийн үзэгдэл болж байгаа нь үүний нэг бодит жишээ болох биз...

* Thomas L.Friedman

Monday, November 24, 2008

Layla

Англи хэлний багшийнхаа нөлөөнд автаж баахан рок сонсож үзэв. dra-ra ra ra-raa...
Найзынхаа эхнэрт дурласан нэгэн залуу хөгжмөөр өөрийн мэдрэмжээ илэрхийлсэн нь рок хөгжмийг төлөөлөх хайрын дуунуудын нэг болжээ.Тэр дуу 2004 онд Rolling Stones сэтгүүлээс нэрлэсэн Бүх цаг үеийн шилдэг 500 дуунд багтан ,27д жагссан гэнэ. Үнэхээр гайхалтай авъяастай залуу байсан нь гарцаагүй...

Хэрэв рок , ер нь хөгжим сонирхдог бол гарчигнаас л домогт Eric Clapton-ы түүх гэдгийг амархан таасан байх. Тэрээр найз George Harrison-ы(Битлзийн) эхнэр Pattie Boyd-д дурлачихаад энэхүү дуугаа зохиосон гэдэг. Layla гэж нэрлэх болсон нь нэг найз нь түүнд хайрт бүсгүй нь өөр хүнтэй суух болсноос болж галзуурдаг нэгэн залуугийн тухай өгүүлдэг Layla and Majnun хэмээх эртний Персийн зохиолыг ярьж өгснөөс үүдэлтэй.

Eric Clapton өөрөө Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчны нэг / #4 / ба The Immortals буюу Rокнроллын бүх цаг үеийн шилдэг 100 алдартны тоонд ордог/#53/ юм.

Ингээд Layla:
Acoustic Live:


Unplugged:


Electric live:

Sunday, November 16, 2008

East vs West

Дүү маань Монгол харих замдаа манайхаар дайраад явав. 2 өдөр Токиогоор дагуулж яваад , 1 өдөр сургууль дээрээ нэт-д суулгаад, 1 өдөр гэртээ түгжээд маргааш нь онгоцны буудал руу метронд суулгаад явуулчихав.Амт муутай хоол 2 удаа хийж өгснийг эс тооцвол тийм ч сайн host байгаагүй байх... Японд ирж байгаа нь анх удаа болохоор мань эр нэлээд шинэ зүйл харсан биз. Гэхдээ Shinjuku-д байдаг өндөр барилгууд,Shibuya-гийн шар үстэй нүцгэн охидыг ч биш, сүүлийн train-ээр харьдаг халамцуу ажилчдын армийг хараад толгой сэгсэрч байсан.Магадгүй ажил л бүх амьдрал нь болчихдог ийм амьдралын хэв маяг барууны стандартаас шал өөр санагдсан байх л даа.

Япон эрчүүд 2 гэрлэдэг гэсэн хошигнол байдаг. Эхлээд ажилладаг компанитайгаа, дараа нь эхнэртэйгээ. Ажлын цаг нь дэлхийд бараг л хамгийн урт. Оройтож тараад бизнесийн түншүүд, хамтрагчдаа нэг газар оруулж дайлна, ууна, ажлаа ярина.Бас л ажлынх нь нэг хэсэг болчихсон гэхээр. Компаниас зардлыг нь даачихна. Орох газар нь ч элбэг. Зөвхөн Япон ч биш ер нь Азид бол ийм ёс маш түгээмэл, нэг ёсны Азийн нэг соёл гэхэд болохоор. Тэгээд шөнө дуусгачихаад хариад унтана...

Барууныхан бол ажил, хувийн амьдрал хоёроо тус тусад нь яг цав салгана. Ажил тарлаа л бол гэр лүүгээ марш. Гэр бүлтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгээ цагаа өнгөрүүлнэ. Manhattan-ий хамгийн завгүй хүмүүс ч хүртэл хувийн амьдралтай байдгийг Sex and the City-г үзсэн бол анзаарсан байх. Токиогийн Roppongi, Ginza-д байдаг Япон ажилчдын ордог шөнөжин ажилладаг хэдэн мянган газрууд шиг тийм газар бүхэл бүтэн New York даяар 10 хуруунд багтам цөөн гэж нэг багш маань ярьж байсан. Strip club, disco bar-наас өөр шөнөжин ажилладаг газар тэнд байх ч үгүй, байгаад ч хэрэггүй.Ажил тарлаа л бол 100% хувийн амьдрал.

Магадгүй City that never sleeps жинхэнэ утгаараа Токио байж ч магад.Барууныхан шөнө шоудаж байгаа ажилчдыг хараад гайхдаг юм гэсэн.Харин миний нэг гайхсан зүйл гэвэл саяхан семинарын хичээл дээр маань ирж яриа хийсэн Microsoft Japan-ий дэд захирлын яриа байлаа. Юу гэхээр , Япон цагаан цамцтай ажилчдын бүтээмж барууны цагаан цамцат ажилчдын 70% л байдаг гэнэ. Тэгж их ажиллачихаад , тийм бага? Нэг сайн мэдээ нь IT ийн дэвшил дээр тулгуурлан Япон ажилчдын бүтээмжийг нь сайжруулахын тулд Microsoft нэлээд хичээж байгаа гэсэн...

In pieces

Thursday, November 6, 2008

Changes

Шинэ долоо хоног, шинэ сар, шинэ цас, шинэ ерөнхийлөгч, шинэ ажил...бүх юм шинэ. Бараг л...

Японд энэ долоо хоногт анхны цас оров. 2 дахь өдөр орсон цас жил бүрийн дунджаас 8 өдрөөр хоцорсон юм гэнэ. Хойд нутгаар орсон болохоор хараагүй л дээ. Манай энд бүр орохгүй ч байж магад, аз таарвал хальт будраад өнгөрвөл л их юм .Гэхдээ газарт буугаад л бараг хайлчихна...

Дэлхийд эдийн засгийн хямрал үргэлжилсээр.10 дугаар сард үнэт цаасны зах зээл дээрx алдагдал $5.8 триллионд хүрч, 30 хоногт хамгийн их мөнгө салхинд хийсгэсэн шинэ рекордоо тогтоож гэнэ. WOW!!! 1 өдөрт л 30 Монгол улс алга болоод байвал...

Америкт өөрчлөлт хэрэгтэй гэж хэвлэлээр бичих юм.Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч л Бушийн засаглалд МкКэйний авчрах нэг шинэ зүйл байсан гэх. 2 жил үргэлжилсэн нүсэр кампанит ажлынхаа сүүлийн орой She has gone home гэж хэлэхэд нь Обамагийн хацар дээгүүр нь нулимс урсаж байгаа харагдсан. Эмээ нь дахиад 2 өдөр тэссэн бол Цагаан ордны анхны африк гаралтай захирагч болсон ач хүүтэйгээ баярт мөчийг нь хуваалцах байлаа...

Надад өөрчлөлт авчирч магадгүй гэж бодоод энэ долоо хоногоос олон нийтийн ажил ажилд идэвхитэй оролцож байхаар болов. Сайн дурын байгууллагын удирдах зөвлөлд орох гэж сонгуульд хүртэл хүч үзлээ. Гэхдээ 11 суудлын төлөө 11 хүн л өрсөлдсөн тул тийм ч хэцүү байсангүй ээ...