Tuesday, October 9, 2012

Хөгжлийн тухай миний алдаатай ойлголтууд: энгийн санааг төвөгтэйгээр тайлбарлах нь


Сайхан амьдралд хүргэх замыг хөгжил гэж бодоод дэлхийн улс орнууд хөгжлийг зорьдог байх. Нэлээн хэд хоногийн өмнө "Зарим чухал сэдэв" гэдэг нэвтрүүлгээр Баттулга, Лхагвасүрэн, сэтгүүлч Анужин 3 улс орны хөгжлийн тухай мэтгэлцээн өрнүүлж байхыг үзсэн юм. Улстөрч-бинесмэн, сэтгүүлч, зохиолч гэсэн өөр өнцгүүдээс, хэд хэдэн орнуудын жишээг танилцуулсан нэлээд өвөрмөц нэвтрүүлэг байсан ч нэг сул тал нь "хөгжил" гэдгийн тодорхойлолтыг нээлттэй орхисон явдал байв. 

1. Хөгжил гэж юу вэ? 

Яг энэ асуултад хариу олох нь гадагш явж сурах зорилгуудын маань нэг байсан тул нэвтрүүлгийн 3 юу ярих нь нэлээд сонирхолтой байв. Асуултынхаа хариултыг бүтнээр нь  хараахан олж амжаагүй ч,  хэдэн ном эргүүлж, хөгжилд хүрсэн (ядаж ойртсон) гэж тооцогддог 1-2 улсаар явж, ялгаатай хөгжилтэй өөр орнуудын хүмүүстэй ярилцаж үзэх зуур "Хөгжил гэж юу вэ?" гэдэг асуулт цааш задарч,  "Хөгжилд заавал хүрэх хэрэгтэй юу?", "Хөгжилд хүрэх нь боломжтой юу?" мэт асуултууд ч гарч ирж, хөгжлийн тухай ойлголтыг  маань арай лавшруулж өгсөн санагдана. Энэ бүх зүйлээс бодсон зүйлээ эмхэтгээд "Хөгжил" гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлвол,  "сонголттой болно" л гэсэн үг гэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ тайлбар маань хөгжил гэдэг үгнээсээ ч ойлгомжгүй болчиxсон тул арай дэлгэрэнгүй тайлбарлах гээд оролдоод үзье.

Тайлбараа одоогийн хөгжилтэй гэгддэг орнуудын товч түүхээс эхэлвэл,  "хөгжил = эдийн засгийн өсөлт" гэсэн ойлголт 1940-оод он хүртэл зонхилж байв. Өөрөөр хэлвэл юуны түрүүнд үйлдвэрлэл нэмэгдэж, орлого өсөх л гол зорилго байлаа. Харин  1960-аад оноос энэ зорилго бага багаар биелэгдээд иртэл хөгжил гэдгийг дахин бодож үзэх хэрэг гарч, "хөгжил= орлого + нийгмийн хангамж (welfare)" гэж үзэх болов. Нэг ёсондоо материаллаг зүйлс харьцангуй нэмэгдээд ирэхээр дараагийн ээлжинд боловсрол, эрүүл мэнд гэх мэт хувь хүний сайн сайхан байдлыг хангах  бусад үйлчилгээнүүдийг ч сайжруулахад анхаарах болж. Дараа нь 1980-аад оноос хөгжлийн тодорхойлолтонд  нэмэгдэж, одоо ч чухал хэвээр байгаа нэг хэмжүүр "амьдрах орчин" болов.  Энэ нь бохирдоогүй агаар ус, үйлдвэр техникийн чимээ шуугиан,  эвдэгдээгүй байгаль гэх мэт хүн амьдрах таатай орчингүйгээр хөгжил, сайхан амьдралын тухай ярих нь учир дутагдалтай гэж үзсэнийх болов уу. Эдгээр 3 дээр хамгийн сүүлд нэмэгдсэн хэмжүүр нь хүний "сэтгэлзүйн сайн сайхан байдал" буюу бий болгосон зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах гэж ойлгож болох байх. Тэгэхээр одоо хөгжлөөрөө тэргүүлэх орнуудын зорьж буй хөгжлийг тодорхойлвол:  
                 хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин + сэтгэлзүйн сайн сайхан байдал
гэж хэлж болох байх. Нэг ёсондоо, таатай орчинд сайхан нийгэм байгуулж, эд зүйлээр дутахгүй, дээр нь энэ бүгддээ сэтгэл хангалуун амьдрахыг хөгжил буюу сайхан амьдралд хүрэх зам гэж үзэж байгаа бололтой. 

Сонирхолтой нь, энэ бүх үйл явц санамсаргүйгээр ийм дарааллаар өрнөөгүйд оршино. Энэ бүхний цаана хүний хэрэгцээний мөн чанар нуугдаж байгаа болохоор хүний хэрэгцээ хэрхэн хангагдах ёстой тэр л зүй тогтолтой нягт холбоотойгоор хөгжлийн түүх өрнөсөөр ирж. Хүний хэрэгцээг олон янзаар тайлбарласан байдаг ч хамгийн энгийнээр 3 шатанд хуваавал, 1-т физиологийн хэрэгцээ (хоол хүнс г.м), 2-т аюулгүй байх хэрэгцээ (орон байр, амьдрах орчин г.м) тэгээд хамгийн дээд шатанд оюун санааны хэрэгцээ (харъяалал, хүндлэл, зорилго г.м) орно. Харин хөгжлийг үүнтэй уялдуулж тайлбарлавал хөгжлийн процесс гэдэг нь эдгээр хэрэгцээгээ хангах шат дараалласан алхамууд гэж хэлж болох юм. Тэгэхээр, дээр тайлбарласан хөгжсөн орнуудын цаг хугацааны явц дахь хөгжлийн тодорхололтын өөрчлөлтүүд нь тухайн цаг үе бүрд хүний хангахыг хүссэн хэрэгцээнүүдийн хувьслыг л харуулж байгаа хэрэг болох нь. 

2. Хөгжих хэрэгтэй юу?

Ерөнхийдөө хөгжсөн орнуудын түүхийн эхний шатанд үйлдвэрлэлийг хөгжил гэж үзэж байсан нь  эд зүйлс хомс учир хүмүүс эхний ээлжинд материаллаг хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай байсантай холбоотой. Харин тодорхой түвшинд энэ хэрэгцээ нь хангагдаад ирэхээр эрүүл энх аж төрөх аюулгүй орчны хэрэгцээ тулгамдсан асуудал нь болж ирж. Тиймээс энэ хэрэгцээгээ хангахын тулд ямар ч хамаагүй аргаар юм үйлдвэрлэж байснаа зогсоож, өөрсдийн оршин тогтнолоо аюулд оруулахгүйн тулд үйлдвэрлэлийн аргаа сайжруулж, хөгжих явцад сүйдсэн байгаль орчноо нөхөн сэргээж хамгаалахыг хөгжлийн салшгүй нэг хэсгээ болгож.  

Ийм байдлаар өмнө байсан асуудлууд ар араасаа шийдэгдэж, амьдрал сайжирч байгаа мэт харагдавч шат ахих зуур дахин шинэ шинэ асуудлууд ч гарч ирсээр. Жишээ нь, Япон гэхэд нийтээрээ амьдралын түвшин өндөртэй, тайван орчныг бий болгосон цөөхөн жишээний нэг хэрнээ хүмүүс сэтгэл хангалуун болсон уу гэвэл үгүй гэж хариулах хүн олон. Америкт ч 2 давхар хаус, 3 машинтай айлын эзэн танай Монголын жирийн малчин надаас жаргалтай байж магадгүй гэж ярьж байх жишээтэй. Үүний шалтгаан нь нэг талаас эд зүйлс элбэг болохоор материаллаг зүйлст харьцангуй сэтгэл нь ханачихсан, харин нөгөө талаас их үйлдвэрлэл, хөгжилдөө эрх чөлөөгөө боолгуулж, гэр бүл найз нөхөд өөрийн сонирхолдоо зарцуулах хувийн цаггүй болчихсон байдагтай холбоотой байх. Нэг ёсондоо материаллаг зүйлсээс таашаал авах нь багасч, харин оюуны таашаалын гачигдалд орсон байх тул  амьдралаас авах нийт таашаалын хэмжээ буурсан гэж тайлбарлаж болох юм. Ийнхүү хөгжлийн үр дүнд их ажлын стресс дарамт л үүрч явдаг, сэтгэл хангалуун бус хүмүүс ихэссэн нь хөгжлийн тодорхойлолтонд хамгийн сүүлийн хэмжүүрийг нэмэх гол шалтгаан болсон байх. Тиймээс цаашид хөгжсөн орнуудын зорилго нь зөвхөн эд баялаг, таатай амьдрах орчноос гадна хүний сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хангах тийм хөгжлийн чиглэл рүү явж байна.  
Иймэрхүү байдлаар хөжсөн орнуудын түүхийг харахаар хөгжлийн зүг чиг нь цаг хугацааны явцад улам олон зүйлийг хэмжүүрээ болгосноор илүү олон талаар сайхан амьдрал руу хөтөлж яваа санагдах ч  "Хөгжих нь зөв үү?" гэдэг асуултын хариулт дараагийн 1 асуултын хариулттай салшгүй холбоотой.

3. Хөгжиж чадах уу? 

"Хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин  + сэтгэлзүйн сайн сайхан байдал" гэдэг хамгийн сүүлийн (одоогийн) тодорхойлолтоос ерөнхийдөө хөгжлийн зорилго зөв чиглэлд орсон гэж хэлж болохоор санагдана. Одоогийн хөгжилтэй орнууд өдийг хүртэлх хугацаанд дээрх хэмжүүрүүдийн аль нэг нь дутуу байснаас болж байгалиа сүйтгэх эсвэл сэтгэлзүйн өвчлөл (амьдралаас авах таашаалгүй болох, улмаар амиа хорлолт ихсэх г.м) хөгжлийн сөрөг үр дагавруудыг амссаар ирсэн. Харин одоо хөгжиж буй орнуудын хувьд хөгжилд хүрэхийн тулд заавал өмнөх орнуудтай адилхан шатлалаар дамжиж, алдааг нь давтах шаардлагагүй гэж үздэг. Учир нь хожуу хөгжихийн нэг давуу тал нь хөгжил гэж юу болох, түүнд хүрэх замд ямар алдаа байдгийг мэдчиxсэн, тойрох арга замууд нь ч нээгдчихсэн байдаг болохоор тэр. Жишээ нь эд зүйлсийн хэрэгцээ нь тулгамдсан асуудал, эхний ээлжинд үйлдвэрлэл явуулах нь л гол хөгжлийн зорилго байгаа хэрнээ шинэлэг үйлдвэрлэлийн аргуудыг хөгжсөн орнуудаас нэвтрүүлснээр байгальд хор хөнөөл багатайгаар энэ зорилгоо биелүүлэх бололцоотой.

Харин хариу нь олдоогүй нэг төвөгтэй асуудал үлдсэн нь хөгжлийн сүүлийн хэмжүүр буюу "сэтгэлзүйн сайхан байдлыг хэрхэн шийдэх вэ?" гэдэг асуултын хариу. Үүний хариуг олох нь яагаад төвөгтэй вэ гэхээр, хөгжлийн бусад хэмжүүрүүдийг өндөр үзүүлэлттэй байлгахад шаардагдах "ажлын цаг" ба хүний оюун санааны таашаалыг өндөр байлгахад шаардагдах "хувийн цаг" 2-ийг зэрэг өсгөх амаргүй болохоор тэр. Ажлын цаг нь урт бол хувийн цаг багасч дарамтаа дийлэхгүй ийм нийгмийн золиос болж буй хүмүүс ихсэнэ. Эсрэгээрээ, хувийн цаг урт бол ажлын цаг багасч, хөжлийн түвшнээ хадгалахад хүнд болно. Японы жишээн дээр гэвэл, хувийн цаг хэт багаас болж ачааллаа дийлэхгүй стресс, сэтгэлзүйн өвчлөлд орох хүмүүс ихэсэхээс гадна ирээдүйд нийгмээ авч явах хүүхдийн төрөлт ч цөөрч, нийгэм нь цаашид оршин тогтноход хэцүү болоод байгаа. Ажлын цагаа багасгая гэхээр амсxийвэл л эдийн засаг нь нурж уначих гээд байгаа болохоор тийм боломж бас байхгүй. Ингээд 2 талаасаа шахаанд орон ямар ч сонголтгүй хүнд байдалтай л байх шиг байна. Магадгүй хүний ажлыг нь хийж өгч, амралтын цагийг нэмэгдүүлэх технологи ирээдүйд бий болж байж л өдөөгийн хөгжлийн тодорхойлолтондоо хүрэх цаг ирж магадгүй юм...Харин одоогоор эхний хэдэн хэмжүүрүүдийг өндөр түвшинд хүргэсэн ч сэтгэлзүйн сайн сайхан байдлаа дээшлүүлэх тал дээр сонголтгүй байна.

Тэгэхээр хөгжил гэдэг нь эд зүйлс, хангамж үйлчилгээ, амьдрах орчин, цагаа ч дураараа сонгох сонголттой болохыг хэлж байгаа гэж боддог юм. Хэрэв ийм сонголттой болж чадахгүй, хөгжлийнхөө боол болон аз жаргалгүй нийгэм рүү чиглэх юм бол "Xөгжих хэрэгтэй юу?" гэдэг асуудлыг дахин бодож үзэх хэрэгтэй болно байх...