Tuesday, September 24, 2013

Англид бодогдсон зүйлс




Лондонд өмнө нь очиж байгаагүй ч давхар автобус, улаан утасны бүхээг, Биг Бен, бөөрөнхий малгайтай цагдаа...тэгээд хатан хааны ордон гээд л 10 жилийн англи хэлний сурах бичиг дээрээс аль хэдийн мэдэх зүйлс олон болохоор нэг л танил хот шиг санагдана. 2-3 давхар тоосгон байшингууд, хуучин чулуун зам, 2 талаар нь эгнүүлж тавьсан машинууд нь мистер Бин дээр гардаг шиг л. Бараг л... Харин  цэлмэг тэнгэр, гийсэн нар, найрсаг инээн тайван алхсан хүмүүс угтсан нь Англичуудын талаарх стереотайпийг бүрэн эвдсэн зүйлс байв.

Ньютон, Шекспир, Битлз эсвэл Робингуд, Харри Поттер гээд олон алдартны эх нутаг болохоор үргэлж очиж үзэхийг хүсдэг байсан Англи орныг үзэх боломж ингэж нэг гарав. Хамгаас сонирхол татсан асуулт бол нэгэн цагт дэлхийг захирч байсан их гүрэн, орчин үеийн дэлхийг бүтээсэн, Англи хэлийг зохиосон хүмүүс өнөөдөр хэрхэн амьдарч байна вэ? гэдэг  байлаа. Богино хэдий ч хэсэг хугацаанд "жинхэнэ" Англичууд, цагаачид, жуулчид, оютнууд, Британид байдаг Монголчууд гээд өнөөгийн Англи орны хэсэг бүрийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзах зуураа энэ асуултынхаа хариултыг эрж явлаа. Их сургуулийн кампусаас пикник парк, кафе, сүм тэгээд мэдээж паб. Хотод, бас хөдөө.
Ингээд асуултынхаа хариуг эрж явах зуур доорхи 3 сэдвийн талаар бодогдсон зүйлсээ хуваалцъя.





1. Түүх, түүхээ хадгалсан байдал

Гайхалтай түүхтэй энэ орны нэг гайхалтай зүйл нь олон олон иргэний дайн, хувьсгал, дэлхийн дайнуудыг туулсан ч түүхээ маш сайн хадгалж үлдсэн явдал. Музеид ч тэр, бодитоор нь ч тэр. Хэдэн мянган жилийн түүхтэй стонехенжээс эхлээд, ромчууд ирэхдээ үлдээсэн зүйлс, загалмайтны дайны үеийн паб, 1000 жилийн өмнө баригдсан их сургууль, Шекспир Ньютоны төрөлх гэр, аж үйлдвэржилтийн  үеийн анхны уурын тэрэг, эзэнт гүрний үед дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан зүсонин содон зүйлс, 2 дайнд бөмбөгдүүлсэн анхны сүм гээд юу л бол юу, тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь гайхалтай санагдаж байв.

Гэхдээ нөгөө талаас, хэт өнгөрсөн түүхдээ хайртай, шинэ зүйл хийхдээ жаахан удаан хүмүүс шиг санагдах үе ч байв. Наад захын жишээ гэхэд, хүн амьдрахад хамаагүй илүү тав тухтай байшин барьдаг технологи гарчихаад байхад л 100-200 жилийн өмнөх байшинтайгаа зууралдаад байна гэдэг...Уул нь илүү орчин үеийн том, илүү тухтай тэгээд илүү хямд байшинд амьдрах нь хуучин байшин засаад үзээд байснаас дээр л баймаар юм.

Английг өнөөгийн Англи болгосон гол зүйл нь хуучинсаг үзэл биш харин Ньютон, Дарвин, Черчил гээд үе үеийн суутнуудынх нь шинэлэг сэтгэлгээ. Өнөө үед үеээ өнгөрөөсөн улс болон унахгүйн тулд өдий хүртэл явж ирсэн замаа эргэн нэг харах хэрэгтэй байх. Гэхдээ энэ нь хуучнаа санагалзах гэсэн үг биш юм...

Ямартаа ч түүхээ ингэж авч үлдэж чадсан, сайнтай муутай нь түүхээ мэддэг, түүхээрээ бахархдаг бусад хүмүүст тайлбарлаж мэддэг хүмүүс дунд ороход тэднийг үнэхээр хүндлэх сэтгэл төрж байв. Харин манайх дутахгүй сонирхолтой, баялаг түүхтэй хэрнээ бүгдийг нь устгасаар ирсэн, одоо ч үргэлжлүүлэн устгаж буй гэж бодохоор харьцуулаад харамсах сэтгэл ч төрж явав. Уул нь түүхээ мэдэхгүй хэрнээ хоосон онгирдог биш, сайнтай муутай нь мэдээд, түүхээ санагалздаг биш түүхээсээ суралцдаг байвал...





2. Класс, нийгмийн халамж ба боловсрол

Английн бас нэг гол онцлог гэвэл маш өгөөмөр(Европын?) нийгмийн халамжийн систем. Үнэгүй улсын эмнэлэг, сургууль, хямдхан улсын орон сууцнууд.  Дээр нь олон янзын тэтгэмжүүд. Сайн талаас нь харвал үнэхээр хүний төлөө байгуулсан нийгэм. Санхүүгийн боломжгүй, туслах дэмжих хүнгүй байлаа ч өвчин зовлон байвал эмчлүүлээд, сурч боловсроод цаашдаа хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдрах өргөн боломж нээлттэй. Улс нь иргэддээ ингэж анхаардаг болохоор дэлхийн өнцөг булан бүрээс шинэ амьдралыг эрэлхийлсэн сая сая хүмүүс Английг зорьдог байх. Үр дүнд нь цагаачид нь Англичуудаасаа олон Лондон хот. Гудамжинд, метронд ер нь хаана л бол хаана хар, шар, цагаан, бор гээд байж болох бүх өнгө, хэлбэр хэмжээний хүмүүс нэг дор янз бүрийн аялга, хэлээр ярьцгаана. Дунд ямар ч царай, хэл соёл, аялгатай байлаа ч өөрийгөө гадаад хүн гэдгээ мэдрэхгүй нь тун амар.

Гэхдээ эдгээр олон янзын хүмүүс нэг дор цуглаад бүгд эрх тэгш, ялгарах зүйлгүй амьдардаг уу гэвэл тийм биш. Угаасаа эртний язгууртан тариачнаараа тод ялгардаг классын тогтолцоотой нийгмийг нь тэгшитгэж өгөх том хувьсгал эсвэл дайны ялагдал түүхэнд нь байгаагүй болохоор одоо ч хүмүүс нь үүсэл гарлаараа ялгагдана. Хатан хаан, түүний хамаатан, язгууртан зэрэгтэн, цагаан Англи эсвэл цагаач байхаас их зүйл шалтгаалж, олдох боломж нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Цагаачийн хүү улсаа удирдана гэдэг энэ улсад бүтэшгүй зүйл.

Английн энэхүү тэгш биш нийгмийг хадгалж, улам хүчтэй болгож байдаг гол зүйл нь боловсролын систем нь.

Нэгт, хэн ч харсан адилхан хэмжүүрээр дүгнэдэг гэхээсээ зохион бичлэг, тодорхойлолт гэх мэт илүү үзэмжээр дүгнэдэг их сургуулийн элсэлтийн шалгуур. Үнэхээр гоц ухаантай л биш бол жирийн онц сурдаг цагаачийн хүүгээс нийгмийн статус өндөртэй цагаан Английн хүү Кембриж, Оксфордод тэнцэх магадлал өндөр. Ийнхүү элит классийн хүүхдүүд л элит сургуульдаа элсээд эргээд нийгмээ жолооддог элит болцгооно. Харин жирийн ардын хүү яаж ч хичээгээд жирийн ардаараа үлдэх магадлал өндөр.

Хоёрт, үнэгүй улсын сургууль ба өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын чанарын ялгаа. Эцэг эх нь хар ажил хийж, өдөр тутмын амьдралаа л залгуулдаг энэтхэг хүүгийн хувьд бусад цагаачдын хүүхдүүдийн нэгэн адил сургалт муутай үнэгүй улсын сургуульд сурахаас өөр аргагүй. Харин тэнд сайн мэдлэг олж авна гэдэг угаасаа хэцүү. Түүнд ирээдүйд сайн боловсрол эзэмшиж, престиж карьер хөөнө гэдэг тэнгэрээс од шүүрэхээс ч хэцүү. Дараагийн үеийн ажилчин анги ингэж улсын сургуульд бэлтгэгдэнэ.  Гэхдээ өмнөх үеэсээ илүү Англи хэлтэй, илүү Английн дэг жаяг, соёлыг мэддэг. Харин өндөр орлоготой цагаан Английн хүү 6 наснаасаа зангиа зүүн төлбөртэй сургуульд чанартай мэдлэг олж авч, сайн их сургуульд элсэж өндөр цалинтай ажилд орох эхний хаалга нь нээгдэнэ.

Ийм ялгаатай цикл дараагийн үед дахиад л давтагдана. Энэтхэг хүүгийн хувьд Мумбайн захд байснаасаа дээр нөхцөлд улсын үнэгүй халамжийг авч байгаа болохоор бухимдах, гомдоллох зүйл байхгүй. Гэхдээ үнэгүй зүйл гэж байдаггүй, харин алдагдсан боломж гэж байдаг...

Ер нь халамж их байнаа гэдэг нөгөө талаас үг хэлэх эрхээ боолгуулна гэсэн үг. Англичууд ч яахав, хөгжөөгүй орны хэдэн цагаачдыг хямдxан тэжээж байгаад хамаг хар ажлаа хийлгэчихдэг ухаантай улсууд юм байна. Харин Монголд тараагаад байгаа мөнгө инфляц, ашиггүй зарацуулалтаас гадна ямар үр дүн авчирч болох бол? Жишээ нь 1 бүтэн ном унших, 1 шөнө хичээл хийж суух тийм сурах эрмэлзэлгүй оюутнууд мөртлөө 70 мянгыг нэхэх, болж өгвөл үнэгүй (эсвэл маш хямд) сурах гээд байнаа гэдэг нь чанартай боловсролыг шаардах амаа таглуулж, улам л сурах боломжоо алдаж байна л гэсэн үг байх...Эрх баригчид нь мэдлэггүй хүмүүсийг доромжилсон бодлого гаргаад, үг дуугарвал нь үнэгүй зүйлээр амыг нь тагладаг тогтолцоо тогтсоны нэг том шинж нь халамжийн тогтолцоо байж ч болох юм...









3. Сүм болон шашин

Английн тосгон бүрт заавал байдаг 3 зүйлийн нэг нь сүм. (Нөгөө 2 нь паб, шуудан). Робингудын домгоос их сургуулийн кампус, хатан хаан хүртэл сүмтэй салшгүй холбоотой. Сүм болон шашны үүрэг ролийг ойлгохгүйгээр энэ улсын нийгэм, соёл, хүмүүсийг нь ойлгох гэж оролдох нь учир дутагдалтай.

Хаан нь дахиж гэрлэхийн тулд улсаараа Ромын католик сүмээс татгалзаж шинээр үүсгэсэн Английн өөрийн шашин, эсвэл пиво уудаг пааб болгочихсон сүм, бүтэнсайнд модерн байшинд рок хөгжим тоглоод дуулдаг цуглаан гэх мэт  Английн шашинд сонирхолтой зүйлүүд их. Эсвэл аль нэг өдөр сүмд цуглараад өдрин хоол идээд тоглоом тоглоно. Ямар ч шашин байхгүй. Шашинд тэгтлээ серъёз ханддаггүй юм уу гэхээр долоо хоногийн бас нэг өөр орой нэгнийдээ цуглаад библи уншиж, залбирцгаана. Дотор нь тэтгэврийн эмээ өвөөгөөс гадна Оксфорд, Кэмбрижийн боловсролтой физик, робот судалдаг докторын оюутнууд ч байна.

Ерөнхийдөө шинжлэх ухаан, улсын хөгжил, хэдэн сая хүний амийг авч одсон олон дайнуудын дараа Англичуудын бурханд итгэх суларсан гэнэ. Тэгээд яриаг нь сонсож байхад шашинд их итгэж байгаа хүмүүст нийтлэг анзаарагдсан зүйл нь амьдралд нь хэзээ нэгэн цагт тохиолдож байсан ямар нэгэн сорилт эсвэл хүнд зүйл. Ер нь хүн хэцүү зүйлтэй тулгарахаар өөртөө итгэх итгэл нь суларч, хийж чадахгүй зүйлийг нь хийж өгөх ямар нэг далдын хүчинд сүүлийн найдвараа тавьдаг бололтой. (Энэ нь магадгүй зовлон бэрхшээлийг даван туулж, амьд үлдэхэд нь тусалдаг нэгэн төрлийн өөрийгөө хамгаалах инстинкт байж болох юм) Тэгэхээр шашин гэдэг нэг ёсондоо сэтгэл санааны сул дорой байдлаа нөхөж, өөрийгөө тайвшруулж, сэтгэлийн тэнхээ олж авах нэг үр дүнтэй арга бололтой. Иймд шашин цаг үеэ даган өөрчлөгдөж, хэт туйлшралгүй тодорхой нэг хэмжээнд байж байхад буруу зүйл байхгүй юм байна гэсэн бодол төрж байв.

Харин Монголын хувьд, 90-ээд оноос хойш шашин хүчтэй дэлгэрч, ялангуяа сүүлин үед хэрээс хэтэрч мухар сүсгийн аюулд ороод байгаа гол шалтгаан нь шилжилтийн үед олон хүний амьдрал хэцүү болж, сэтгэл санааны байдал нь амар тайван биш болсонтой холбоотой болов уу. Нийгэм хямарч, хүмүүсийн сэтгэлийн тэвчээрийг шалгах болсон тул ямар нэгэн далд хүч, бурханд итгэх итгэлээр алдагдсан тайван байдлаа нөхөх хэрэгцээ үүссэн байх. Харамсалтай нь эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог гэдэг шиг үүн дээр дөрөөлөн олон хүмүүс нийгэмд хэрэгтэй баялаг бүтээх салбарт орж хөдөлмөрлөхийн оронд лам хуврага бөө болон сайн санаа гэхээсээ залилангийн  шинжтэй зүйл хийж байх шиг байна...Бас бараг л тааралдсан модондоо хадаг дарцаг даавуу уяж, хоол хүнсний зүйл цацаж байгалиа бохирдуулж байх шиг байна...


Friday, September 20, 2013

Уналтын сайн тал


Төгрөгийн ханш уналаа л гэнэ, төсвийн алдагдал ихэслээ л гэнэ, эдийн засаг уналаа л гэнэ. Гэхдээ миний бодлоор энэ бол асуудал биш, харин сайн зүйл. Учир нь иймэрхүү цочрол нь жинхэнэ хямралаа олж харахад тус болох сануулга болох болохоор.

Ер нь бол иймэрхүү түр зуурын өсөлт уналтууд нь тухайн үедээ хүнд тусч магадгүй ч урт хугацаанд бол нэг их санаа зовох зүйл биш. Бүр эвгүйтэх гээд байвал хэн нэгэн дарга сайдыг солих, эсвэл хууль дүрмээ өөрчилж засах, зээл тусламж аваад ч юм уу шийдэх арга олдож л таараа (ойрд ер нь тэгж л эхэлж л байх шиг байна). Тэгээд экспорт, гадны хөрөнгө оруулалт өөр юу байдаг юм, асуудал үүсгэх гээд байгаа зүйлүүд нь байсан байрандаа очоод эдийн засаг яваандаа тогтворжих байх. Асуудалгүй (гэж найдаж байна...).

Харин жинхэнэ санаа зовох ёстой, асуудал болгох ёстой зүйл бол бидний сэтгэхүй. Хөгжил, сайхан амьдралыг хэтэрхий амархнаар төсөөлдөг тэр сэтгэхүй. Хоосон ам, хийлсэн цээжээ өөрчилье гэж боддоггүй тэр сэтгэхүй.

Уул нь бидний араас нь очих гэж хүсээд байгаа хөгжсөн гэгддэг орнууд дотор амархан замаар явсан улс нэг ч байхгүй. Амархан л байсан бол дэлхийн 200 гаруй орноос 10 хуруунд багтах хэдхэн улс хөгжилд хүрээд, үлдсэн олонхи нь мань мэт (зарим нь арай гайгүй) шиг төөрч будилж явахгүй л байсан байх. Ер нь бол хөгжлийн түлхүүр газар доорхи баялаг, гадагш нь зардаг бараа, гаднаас оруулж ирдэг доллар ч юм уу эсвэл тогтвортой валютийн ханшийн аль нь ч биш. Тийм ч амархан биш.

Харин цэвэрлэгчээс дарга нь хүртэл хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар яс хийдэг тэр сэтгэхүй. Хэдэн сая хүн цугласан хотуудад 24/7/365 цаг баялгийг бүтээж байдаг тэр хэмнэл. Шөнө нь шоудаж, зун нь наадамлаж, хагас бүтэн сайнд зугаалга архидалтаас гадна бас тогтмол ажил өрнөж л байдаг тийм амьдралын хэв маяг. Заримдаа хөгжил, сайхан амьдралд хүрнэ гэхээсээ хэдэн үеээрээ тэрнийхээ боол нь болж хариуцлагад дөнгөлүүлсэн мэт харагддаг тийм л тогтолцооны үр дүнд хөгжсөн байдаг. (Гэхдээ бас ийм амархан ч биш, эдгээр нь хөгжлийн түлхүүр гэхээсээ хөгжилд хүрэх хамгийн наад захын зүйл гэх нь илүү оновчтой байх)

Харин 1 шөнө ширээний ард сууж хонох, 1 бүтэн ном уншиж үзээгүй  оюутнууд, өдөржин цаг нөхцөөж SNS эргүүлдэж суудаг ажилтан албан хаагчид, өмнө нь гаргасан буруу шийдвэрээ л эргэж буцаж засч суудаг бодлого боловсруулагчид хөгжилд амархан хүрнэ гэж бардам боддог тэр сэтгэхүй бол жинхэнэ хямрал. Энэ сэтгэхүйнээсээ салаагүй цагт, "Андуураад байна аа та нар, Тийм ч амархан биш шүү!" гээд сэрүүн зүүднээс нь сэрээж өгөх иймэрхүү цочрол энэ улсад үе үе хэрэгтэй байх...