21 он сорилт ихтэй, хүнд жил байв. Физиологи, психологи аль аль талаасаа. Ѳдийг хүртэл бүтээсэн "би"-г олон талаас ѳѳрчилж, "identity" гэдэг зүйлээ эргэн харсан нэг жил байлаа.
Оны эхэнд тархины мэс засал. Технологи хѳгжил эмчийн ур чадварын ачаар 2 хоноод л босоод алхав, 7 хоноод ажилдаа марш. Гэхдээ эргээд 100% болтол хугацаа шаарддаг юм байна. Тархиа ачааллуулахгүй гээд 2021 онд унших, бичихээс холдов. Үргэлж шинэ мэдлэг олж авах эрмэлзэл, бичиж ѳѳрийгѳѳ илэрхийлэх хэрэгцээгээ ч нэг хэсэг хязгаарлахаас ѳѳр аргагүйд хүрлээ. Ковид 19-ийн харьцнагуй зогсонги үе таарсан нь магадгүй аз болов.
Ѳвѳл, хаврын карантинаар 10 кг нэмэв. Оюутан байхаасаа фит байгаад сурсан тул илүү жинд дасахгүй юм байна лээ. Толинд хараад ѳѳртѳѳ таалагдах их чухал мэдрэмж санагдсан. Дээр нь хувцасны шкафаа бүхлээр нь шинэчлэлтэй биш, илүү жин илүү зардалтай. Эхний ээлжинд диет хийв, ѳдѳр бүр 2-3 цаг алхав. 45 хоногт 5кг хассан. Хоолоо хэвийн болгоод хѳдѳлгѳѳнѳѳ нэмээд дахиад 3кг хассаад жиндээ орсон. Хѳдѳлж болж байхад калори шатаачих амархан, харин ходоодоо захирна гэдэг үнэхээр том сорилт, сахилга байт байдаг юм байна.
Сагсаа хаяв. Мэс засал, гэмтлээс болоод гүйж харайх, контакт спортоос хэсэг хол байх хэрэгтэй болсов. Сагсгүйгээр ѳѳрийгѳѳ тѳсѳѳлдѳггүй байсан үе бий ч одоо би ѳѳрчлѳгджээ. Фитнессийг ч хаяв. Ѳѳртѳѳ таалагдах бие галбираа яаж бүтээх билээ гэдэг асуулт. Шийдэл нь сэлэлт байв. Сүүлийн хагас жилд 7 хоногт 4-5 сэллээ. Уншиж бичихээ больсон тул ийм цаг ч хангалттай байв. Гэхдээ ачааллаа ихдүүлсэн бололтой, бага зэргийн гэмтэл. Аль ч спортын салшгүй нэг хэсэг юм даа.
Нуруугаа гэмтээв. Олон жил буруу суусных. Диск нь суусан байж. Хѳдѳлгѳѳнгүй удаад булчин нь суларсан, 10кг нэмээд ачаалал ихэссэн үед нь гараад гүйтэл 7 дахь хоног дээрээ татчихав. Дискний шингэн нь урсаад мэдрэлээ цочоосноор нурууны булчинд спазм ѳгѳѳд 3 хоног нам хѳдѳлгѳѳнгүй болдог юм байна. Шийдэл нь дискэнд ачаалал багатай зѳв суух. Учир нь хүн зогсоход дискэн дээр 100% ачаалал ирнэ, суухад 150%, буруу суухад 200%-аас дээш. Тэгээд мэдээж дасгал хѳдѳлгѳѳн, нурууны булчин чанга үед бүх ачаалал дискэнд дээр ирэхгүй. Биеийн гол тулгуур нуруу асуудалтай үед эрх чѳлѳѳг мэдрүүлэх зүйлгүй, гүйж харайхгүй байна гэдэг амаргүй.
Ажлаа солив. Нэг хэсэг хийдэг ажил маань миний хувь хүнийг тодорхойлох зүйл шиг болсон байв. Багагүй эрч хүч, цаг заваа ч зориулсан, их зүйл ч сурсан, чухал туршлага ч хуримтлуулсан. Ингээд ажлаа солиход нэг хэсэгтээ identity маань ѳѳр болчихсон юм шиг, би хэн бэ гэдэг асуулттай тулгарав. Энэ үед юунаас эрч хүч авах, ямар амжилтаас сэтгэл ханамж авдгаа илүү таниж мэдсэн санагдана.
Нойрны асуудалтай тулгарав. Инсомниа гэдэг зүйлтэй хааяа учирдаг ч хэдэн 7 хоног, сар үргэлжилсэн нойргүйдэлтэй учирч үзсэнгүй. Эмээр шийдэхгүй гээд бясалгалд хүртэл явж үзэв. Үнэхээр хүнд асуудал байдаг юм байна лээ. Магадгүй тархинаас, магадгүй стрессээс болсон байх. Цаг хугацааны явцад шийдэгдэв.
Ковид-ийн давалгаанд ѳртѳв. 2 вакцинтай ч Дельта тусав, 2 вакцинтай тулдаа хѳнгѳн туссан. 3 хоног ядарч хэвтээд л болсон. Эм уугаагүй, C витамин уусан. Шингэн халуун зүйл сайн уусан. Бие жаахан зарайсан, хоолой ѳвдсѳн, хуурай ханиалгасан. Дараа нь 1 сар орчим жаахан ядарсан. Эдгээд 2 долоо хоноод бассейндаа явтал хэвийн үеийнхээ 50% сэлж байв. Бараг 2 жил айсан энэ вирусын халдварыг нэгэнт аваад, тусаад эдгэчихээр харин санаа амарчдаг, айдасгүй болчихдог санагдсан. Гэхдээ хѳнгѳн байсан ч тусаад дэмий, хамгаалах аргуудаа сайн хэрэглэх нь зүйтэй.
Эцэст нь харилцааны асуудлууд ч тойрсонгүй...Энэ их урт түүх.
Пандемикийн үе хүн бүрт л амаргүй цаг байсан байх. 2021 оны хувьд надад олон сорилт тулгарсан жил байлаа. Гэхдээ энэ бүх сорилтын ард гарснаар олон зүйлийг ухаарсан гэж найдах, мѳн ѳѳрийгѳѳ шинээр бүтээсэн жил байв.