Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts

Tuesday, October 9, 2012

Хөгжлийн тухай миний алдаатай ойлголтууд: энгийн санааг төвөгтэйгээр тайлбарлах нь


Сайхан амьдралд хүргэх замыг хөгжил гэж бодоод дэлхийн улс орнууд хөгжлийг зорьдог байх. Нэлээн хэд хоногийн өмнө "Зарим чухал сэдэв" гэдэг нэвтрүүлгээр Баттулга, Лхагвасүрэн, сэтгүүлч Анужин 3 улс орны хөгжлийн тухай мэтгэлцээн өрнүүлж байхыг үзсэн юм. Улстөрч-бинесмэн, сэтгүүлч, зохиолч гэсэн өөр өнцгүүдээс, хэд хэдэн орнуудын жишээг танилцуулсан нэлээд өвөрмөц нэвтрүүлэг байсан ч нэг сул тал нь "хөгжил" гэдгийн тодорхойлолтыг нээлттэй орхисон явдал байв. 

1. Хөгжил гэж юу вэ? 

Яг энэ асуултад хариу олох нь гадагш явж сурах зорилгуудын маань нэг байсан тул нэвтрүүлгийн 3 юу ярих нь нэлээд сонирхолтой байв. Асуултынхаа хариултыг бүтнээр нь  хараахан олж амжаагүй ч,  хэдэн ном эргүүлж, хөгжилд хүрсэн (ядаж ойртсон) гэж тооцогддог 1-2 улсаар явж, ялгаатай хөгжилтэй өөр орнуудын хүмүүстэй ярилцаж үзэх зуур "Хөгжил гэж юу вэ?" гэдэг асуулт цааш задарч,  "Хөгжилд заавал хүрэх хэрэгтэй юу?", "Хөгжилд хүрэх нь боломжтой юу?" мэт асуултууд ч гарч ирж, хөгжлийн тухай ойлголтыг  маань арай лавшруулж өгсөн санагдана. Энэ бүх зүйлээс бодсон зүйлээ эмхэтгээд "Хөгжил" гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлвол,  "сонголттой болно" л гэсэн үг гэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ тайлбар маань хөгжил гэдэг үгнээсээ ч ойлгомжгүй болчиxсон тул арай дэлгэрэнгүй тайлбарлах гээд оролдоод үзье.

Тайлбараа одоогийн хөгжилтэй гэгддэг орнуудын товч түүхээс эхэлвэл,  "хөгжил = эдийн засгийн өсөлт" гэсэн ойлголт 1940-оод он хүртэл зонхилж байв. Өөрөөр хэлвэл юуны түрүүнд үйлдвэрлэл нэмэгдэж, орлого өсөх л гол зорилго байлаа. Харин  1960-аад оноос энэ зорилго бага багаар биелэгдээд иртэл хөгжил гэдгийг дахин бодож үзэх хэрэг гарч, "хөгжил= орлого + нийгмийн хангамж (welfare)" гэж үзэх болов. Нэг ёсондоо материаллаг зүйлс харьцангуй нэмэгдээд ирэхээр дараагийн ээлжинд боловсрол, эрүүл мэнд гэх мэт хувь хүний сайн сайхан байдлыг хангах  бусад үйлчилгээнүүдийг ч сайжруулахад анхаарах болж. Дараа нь 1980-аад оноос хөгжлийн тодорхойлолтонд  нэмэгдэж, одоо ч чухал хэвээр байгаа нэг хэмжүүр "амьдрах орчин" болов.  Энэ нь бохирдоогүй агаар ус, үйлдвэр техникийн чимээ шуугиан,  эвдэгдээгүй байгаль гэх мэт хүн амьдрах таатай орчингүйгээр хөгжил, сайхан амьдралын тухай ярих нь учир дутагдалтай гэж үзсэнийх болов уу. Эдгээр 3 дээр хамгийн сүүлд нэмэгдсэн хэмжүүр нь хүний "сэтгэлзүйн сайн сайхан байдал" буюу бий болгосон зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах гэж ойлгож болох байх. Тэгэхээр одоо хөгжлөөрөө тэргүүлэх орнуудын зорьж буй хөгжлийг тодорхойлвол:  
                 хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин + сэтгэлзүйн сайн сайхан байдал
гэж хэлж болох байх. Нэг ёсондоо, таатай орчинд сайхан нийгэм байгуулж, эд зүйлээр дутахгүй, дээр нь энэ бүгддээ сэтгэл хангалуун амьдрахыг хөгжил буюу сайхан амьдралд хүрэх зам гэж үзэж байгаа бололтой. 

Сонирхолтой нь, энэ бүх үйл явц санамсаргүйгээр ийм дарааллаар өрнөөгүйд оршино. Энэ бүхний цаана хүний хэрэгцээний мөн чанар нуугдаж байгаа болохоор хүний хэрэгцээ хэрхэн хангагдах ёстой тэр л зүй тогтолтой нягт холбоотойгоор хөгжлийн түүх өрнөсөөр ирж. Хүний хэрэгцээг олон янзаар тайлбарласан байдаг ч хамгийн энгийнээр 3 шатанд хуваавал, 1-т физиологийн хэрэгцээ (хоол хүнс г.м), 2-т аюулгүй байх хэрэгцээ (орон байр, амьдрах орчин г.м) тэгээд хамгийн дээд шатанд оюун санааны хэрэгцээ (харъяалал, хүндлэл, зорилго г.м) орно. Харин хөгжлийг үүнтэй уялдуулж тайлбарлавал хөгжлийн процесс гэдэг нь эдгээр хэрэгцээгээ хангах шат дараалласан алхамууд гэж хэлж болох юм. Тэгэхээр, дээр тайлбарласан хөгжсөн орнуудын цаг хугацааны явц дахь хөгжлийн тодорхололтын өөрчлөлтүүд нь тухайн цаг үе бүрд хүний хангахыг хүссэн хэрэгцээнүүдийн хувьслыг л харуулж байгаа хэрэг болох нь. 

2. Хөгжих хэрэгтэй юу?

Ерөнхийдөө хөгжсөн орнуудын түүхийн эхний шатанд үйлдвэрлэлийг хөгжил гэж үзэж байсан нь  эд зүйлс хомс учир хүмүүс эхний ээлжинд материаллаг хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай байсантай холбоотой. Харин тодорхой түвшинд энэ хэрэгцээ нь хангагдаад ирэхээр эрүүл энх аж төрөх аюулгүй орчны хэрэгцээ тулгамдсан асуудал нь болж ирж. Тиймээс энэ хэрэгцээгээ хангахын тулд ямар ч хамаагүй аргаар юм үйлдвэрлэж байснаа зогсоож, өөрсдийн оршин тогтнолоо аюулд оруулахгүйн тулд үйлдвэрлэлийн аргаа сайжруулж, хөгжих явцад сүйдсэн байгаль орчноо нөхөн сэргээж хамгаалахыг хөгжлийн салшгүй нэг хэсгээ болгож.  

Ийм байдлаар өмнө байсан асуудлууд ар араасаа шийдэгдэж, амьдрал сайжирч байгаа мэт харагдавч шат ахих зуур дахин шинэ шинэ асуудлууд ч гарч ирсээр. Жишээ нь, Япон гэхэд нийтээрээ амьдралын түвшин өндөртэй, тайван орчныг бий болгосон цөөхөн жишээний нэг хэрнээ хүмүүс сэтгэл хангалуун болсон уу гэвэл үгүй гэж хариулах хүн олон. Америкт ч 2 давхар хаус, 3 машинтай айлын эзэн танай Монголын жирийн малчин надаас жаргалтай байж магадгүй гэж ярьж байх жишээтэй. Үүний шалтгаан нь нэг талаас эд зүйлс элбэг болохоор материаллаг зүйлст харьцангуй сэтгэл нь ханачихсан, харин нөгөө талаас их үйлдвэрлэл, хөгжилдөө эрх чөлөөгөө боолгуулж, гэр бүл найз нөхөд өөрийн сонирхолдоо зарцуулах хувийн цаггүй болчихсон байдагтай холбоотой байх. Нэг ёсондоо материаллаг зүйлсээс таашаал авах нь багасч, харин оюуны таашаалын гачигдалд орсон байх тул  амьдралаас авах нийт таашаалын хэмжээ буурсан гэж тайлбарлаж болох юм. Ийнхүү хөгжлийн үр дүнд их ажлын стресс дарамт л үүрч явдаг, сэтгэл хангалуун бус хүмүүс ихэссэн нь хөгжлийн тодорхойлолтонд хамгийн сүүлийн хэмжүүрийг нэмэх гол шалтгаан болсон байх. Тиймээс цаашид хөгжсөн орнуудын зорилго нь зөвхөн эд баялаг, таатай амьдрах орчноос гадна хүний сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хангах тийм хөгжлийн чиглэл рүү явж байна.  
Иймэрхүү байдлаар хөжсөн орнуудын түүхийг харахаар хөгжлийн зүг чиг нь цаг хугацааны явцад улам олон зүйлийг хэмжүүрээ болгосноор илүү олон талаар сайхан амьдрал руу хөтөлж яваа санагдах ч  "Хөгжих нь зөв үү?" гэдэг асуултын хариулт дараагийн 1 асуултын хариулттай салшгүй холбоотой.

3. Хөгжиж чадах уу? 

"Хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин  + сэтгэлзүйн сайн сайхан байдал" гэдэг хамгийн сүүлийн (одоогийн) тодорхойлолтоос ерөнхийдөө хөгжлийн зорилго зөв чиглэлд орсон гэж хэлж болохоор санагдана. Одоогийн хөгжилтэй орнууд өдийг хүртэлх хугацаанд дээрх хэмжүүрүүдийн аль нэг нь дутуу байснаас болж байгалиа сүйтгэх эсвэл сэтгэлзүйн өвчлөл (амьдралаас авах таашаалгүй болох, улмаар амиа хорлолт ихсэх г.м) хөгжлийн сөрөг үр дагавруудыг амссаар ирсэн. Харин одоо хөгжиж буй орнуудын хувьд хөгжилд хүрэхийн тулд заавал өмнөх орнуудтай адилхан шатлалаар дамжиж, алдааг нь давтах шаардлагагүй гэж үздэг. Учир нь хожуу хөгжихийн нэг давуу тал нь хөгжил гэж юу болох, түүнд хүрэх замд ямар алдаа байдгийг мэдчиxсэн, тойрох арга замууд нь ч нээгдчихсэн байдаг болохоор тэр. Жишээ нь эд зүйлсийн хэрэгцээ нь тулгамдсан асуудал, эхний ээлжинд үйлдвэрлэл явуулах нь л гол хөгжлийн зорилго байгаа хэрнээ шинэлэг үйлдвэрлэлийн аргуудыг хөгжсөн орнуудаас нэвтрүүлснээр байгальд хор хөнөөл багатайгаар энэ зорилгоо биелүүлэх бололцоотой.

Харин хариу нь олдоогүй нэг төвөгтэй асуудал үлдсэн нь хөгжлийн сүүлийн хэмжүүр буюу "сэтгэлзүйн сайхан байдлыг хэрхэн шийдэх вэ?" гэдэг асуултын хариу. Үүний хариуг олох нь яагаад төвөгтэй вэ гэхээр, хөгжлийн бусад хэмжүүрүүдийг өндөр үзүүлэлттэй байлгахад шаардагдах "ажлын цаг" ба хүний оюун санааны таашаалыг өндөр байлгахад шаардагдах "хувийн цаг" 2-ийг зэрэг өсгөх амаргүй болохоор тэр. Ажлын цаг нь урт бол хувийн цаг багасч дарамтаа дийлэхгүй ийм нийгмийн золиос болж буй хүмүүс ихсэнэ. Эсрэгээрээ, хувийн цаг урт бол ажлын цаг багасч, хөжлийн түвшнээ хадгалахад хүнд болно. Японы жишээн дээр гэвэл, хувийн цаг хэт багаас болж ачааллаа дийлэхгүй стресс, сэтгэлзүйн өвчлөлд орох хүмүүс ихэсэхээс гадна ирээдүйд нийгмээ авч явах хүүхдийн төрөлт ч цөөрч, нийгэм нь цаашид оршин тогтноход хэцүү болоод байгаа. Ажлын цагаа багасгая гэхээр амсxийвэл л эдийн засаг нь нурж уначих гээд байгаа болохоор тийм боломж бас байхгүй. Ингээд 2 талаасаа шахаанд орон ямар ч сонголтгүй хүнд байдалтай л байх шиг байна. Магадгүй хүний ажлыг нь хийж өгч, амралтын цагийг нэмэгдүүлэх технологи ирээдүйд бий болж байж л өдөөгийн хөгжлийн тодорхойлолтондоо хүрэх цаг ирж магадгүй юм...Харин одоогоор эхний хэдэн хэмжүүрүүдийг өндөр түвшинд хүргэсэн ч сэтгэлзүйн сайн сайхан байдлаа дээшлүүлэх тал дээр сонголтгүй байна.

Тэгэхээр хөгжил гэдэг нь эд зүйлс, хангамж үйлчилгээ, амьдрах орчин, цагаа ч дураараа сонгох сонголттой болохыг хэлж байгаа гэж боддог юм. Хэрэв ийм сонголттой болж чадахгүй, хөгжлийнхөө боол болон аз жаргалгүй нийгэм рүү чиглэх юм бол "Xөгжих хэрэгтэй юу?" гэдэг асуудлыг дахин бодож үзэх хэрэгтэй болно байх...

Wednesday, August 29, 2012

Шинэ эхлэл: өөртөө зориулав


"Амжилт сэтгэлдээ зайтай хүнд л ирдэг."


Ингээд 20-ийн сүүлийн хагас эхэллээ. Бас 50-ийн 2 дахь хагас. Өдийг хүртэл бусдад өгөхөөсөө авах нь хамаагүй их байж. Хувиа хичээсэн ийм нөхөр аз дайрахад дандаа сайн хүмүүсээр хүрээлүүлсээр ирж. Тийм болохоор ч "авах ажил" маань өдийг хүртэл ингэж удаан үргэлжилсэн байх.

Харин үүнээс хойш, "бусдад хэр ихийг өгч чадах уу?" гэдэг сорилтийг өөртөө тавиад үзье. Учир нь цаашид дандаа өмнөх шигээ аз дайрахгүй нь тодорхой. 50-ийн 2 дахь хагаст хүн бүрийн л адил "Өгөхгүйгээр авахгүй" гэдэг амьдралын хатуу зарчмын дагуу  явах болохоор.

Ингэж орой ухаарч буй нь 2 шалтгаантай байх.
1-т, хариу нэхэлгүй өгдөг хүмүүcийн хайранд хэт ташууран, зөвхөн өөрийгөө бодоод л урагшаа явдаг байсан болохоор.
2-т, бараг л хөдлөлгүй байрандаа зогссон энэ 1 жил явж байх зуур бодох зав гардаггүй зүйлcийн талаар эргэцүүлж, ойлгодоггүй байсан зүйлүүдээ ойлгох цаг хугацааг олгосон болохоор.

Нэг талаас хүний хамгийн гялалздаг залуу насны 1 жилийг дэмий шахуу өнгөрөөсөн, нөгөө талаас олон зөрчлийг гаргаж ирж тунгаан бодуулсан 1 жил байлаа...

Өөрийгөө л бодох нь сэтгэлдээ өөрөөрөө л хязгаарлагдах хэмжээний зайг үүсгэдэг байх. Өөрөө өслөө ч хэзээд зай давчуу хэвээр. Яваандаа давчуу зайнд өөрөө ч өсөхөө больж, өөрийнхөө болохгүй гэж хичээдэг тэр дүр төрх рүү л улам дөхнө.
 Харин хүнд өгч чадаж байнаа гэдэг нь сэтгэл дотроо бусдыг ч агуулах уужуу зайтай, хувь хүн талаасаа илүү өссөнийг илтгэх шинж байх. 

Ингээд шинэ шат, шинэ зарчим, шинэ эхлэл...Гэхдээ л нэг хэсэгтээ авах нь давамгайлсан хэвээр л байна байх...Өөрчлөх зүйл, сурах зүйл олон байна даа. Хувь хүн талаасаа эргэлт хийх 1 жил болно байх гэж найдъя...


2012.08.29



Saturday, August 4, 2012

Олимп ба Монгол хүн


Олимп гэж сайхан шүү. Хүний тэсвэр тэвчээр, бие бялдар хэр өндөр түвшинд хүрч болдгийг дэлхийн шилдгүүдээс харах 4 жилд 1 тохиох боломж. Тэгээд мэдээж хамгийн сайхан нь өөрийн тамирчдаа хөгжөөн дэмжих. Баярлах хөөрөх, сандарч догдлох, уурлаж бухимдах хожил хожигдлын агшнууд...

Олимп ба SNS:

Лондон 2012-ийн нэг гол онцлог нь яалт ч үгүй SNS байна. 2008 онд Facebook, Twitter-ээр ингэж хүчтэй Олимп яригдаж байгаагүй санагдаж байна. Ерөнхийдөө гэртээ эсвэл хаа нэгэн кафе, паб-д гэр бүл, найзуудтайгаа ТВ-ийн тайлбарлагчийг сонсоод л үздэг байсан. Харин одоо тамирчид маань яаж байгааг Twitter, Facebook-ийн wall дээрээс шууд мэдэж болохоор болж. Гадаадад Монголчуудтайгаа нийлж үзэх боломж бага хүмүүсийн хувьд л ингэж нэт-ээр мэдээлэл солилцож байна уу гэхээр, Монголд байгаа хүмүүс ч мөн ялгаагүй секүнд секүндээр нь үйл явдлыг мэдээлж байна. 

Монголчууд ба гадаадууд:

Монголчууд Олимпод хэр их сонирхол хандуулдгийг энэ жил л анх мэдэрлээ. Twitter, Facebook-ийн пост-уудаас ажиглагдсан нэг зүйл гэвэл Олимпод хандаж байгаа гадаадууд, Монголчуудын сонирхлын ялгаа. Нээлтээс хойш 7 хоноход Монголчууд маш идэвхитэй Олимпийн талаар ярилцаж байхад, таньдаг 1 ч гадаад найз маань тэмцээн уралдааны талаар пост хийсэнгүй. Уул нь миний таньдаг гадаад, Монгол алиных нь дотор ч мэргэжлийн тамирчин хүн байхгүй, ихэнх нь над шиг л оюутан эсвэл саяхан төгсөөд ажиллаж байгаа жирийн хүмүүс. Миний таньдаг хүмүүс л идэвхитэй байгаад байна уу гэтэл Олимпийн tweet дээр монголчууд дэлхийд тэргүүлж байна... 

Бодит амьдрал дээр ч төстэй зүйл ажиглалаа. Өмнөх Олимпуудаар үргэлж Монголд байсан болохоор Олимп хүн бүрийн ярианы сэдэв болж, суваг болгон дээр гарах нь хэвийн зүйл гэж боддог байв. Улс дотроо байхдаа мэддэггүй зарим зүйлийг гарч байж л ойлгох анзаарах тохиолдол байдаг. Японд Олимпод тэгж массаараа хүчтэй анхаарал хандуулдаггүй юм байна. Хүнтэй уулзахад Олимп бараг л ярианы сэдэв болохгүй, train-ий дэлгэцээр Олимпийн мэдээ гарч байхад зорчигчид утсаараа оролдоод л сууж байдаг. Утсан дээрээ Олимп үзэж байна уу гээд харахаар тийм биш. Саяхан сэлэлтийн багш маань хүртэл 17 настай Японы ахлах сургуулийн сурагч Фелпсийн урд орж медаль авч гэхэд огт мэдэхгүй гайхшруулж байв... 

Дээр олон улсын математикийн олимпиадийн үеэр ч бас төстэй зүйл ажиглагдсан. Гадаад найзууд чимээгүй, харин Монгол найзууд бүгд мэдээд ярьж байв. Twitter дээр 100 хүрэхгүй хүн дагадаг, Facebook дээр ч цөөхөн найзтай болохоор миний sample бүтэн улсуудыг төлөөлүүлж дүгнэхэд хангалттай биш байх л даа. Арай олон sample-тэй хүмүүс надтай ойролцоо зүйл хэр ажигласан бол?

Амжилтын нууц:

Гадаадуудыг байя гэхэд ямар ч байсан Монголд спорт, тооны хичээлийг чухал гэж үзээд, нийтээрээ их анхаарал хандуулдаг соёл байдаг гэдгийг бүгд мэдэх байх. Манайхан ч 3 сая хүрэхгүй хүнтэй, санхүүгийн боломж муутай хэрнээ спорт, мат-ийн уралдаанд хэдэн зуун сая хүнтэй, дэлхийд тэргүүлэх баян орнуудын сайн хангамжтай хүмүүстэй өрсөлдөж, амжилт гаргаж чадаж байна. Гэхдээ үүний гол шалтгаан нь Монгол хүний онцгой чадвар гэхээсээ спорт, мат-ийг нийтээрээ үнэлж, чухал гэж үздэг соёл гэж би боддог юм.

Гол шалтгаан нь соёл гэхээр санал нийлэхгүй хүн гарах байх. Уул нь Монгол хүн тусгай чадвартай байгаасай гэж боддог л юм. Гэхдээ яагаад гэдгийг өөр өнцгөөс харвал Монгол хүний онцгой чадвар нь юу вэ гэдгийг арай ойлгомжтой тайлбарлаж болох юм шиг санагдаж байна. Доорхи 2 жишээг тайлбартаа ашиглая.

Мат-ийн хувьд амжилт гаргадаг орнууд нь заавал мөнгөний боломж, хүний тоо гэхээсээ Мат-ийг дунд сургуулиасаа нийтээрээ бараг л  шашин шиг шүтдэг хуучин Оросыг дагадаг орнууд, эсвэл хичээл их хийдэг соёлтой Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд байдаг. Харин олон хүнтэй, мөнгөтэй жишээ нь Англид тоонд сайн байх нь тийм ч cool зүйл биш болохоор мат-ийг сонирхож хичээллэх хүн харьцангуй цөөн, үр дүнд нь IMO-д ч харьцангуй өндөр амжилт гаргадаггүй гэгддэг. 

 Спортын хувьд, жишээ нь үндэсний бөхийг аваад үзье. Монголд нэг аймгийн, нэг сумын, бүр нэг голоос 3 аварга төрсөн сонин тохиолдол байдаг.  Үнэхээр тэр голын залуус бөхийн онцгой авъяастай юу гээд сонирхоод үзсэн юм. Тэгтэл, тэр нутагт нэг алдартай сүм байдаг ба олон лам банди нар цуглаж, ноцолдож өсдөг байж. Энэ нь тэр нутагт бөх дэлгэрэх суурь нь болж, улмаар аймагтаа, цаашлаад улсад том амжилт гаргасан бөхчүүдийг төрүүлсэн юм билээ. Харин сүүлийн үед бөх хөгжөөд, Наадамын бөхчүүд Улаанбаатарт бүтэн жил тасралтгүй бэлтгэл хийдэг болоод ирэхэд улсын цолтой бөх ч тэр нутгаас дахиж төрсөнгүй. 3 аварга төрсөн нутгийн хүүхдүүдэд байсан бөхийн онцгой чанар гэнэт алга болсон уу..? Сагсны хувьд ч Америк яагаад хүчтэй вэ, Сүмод Япончууд яагаад муу вэ гэдэгт иймэрхүү тайлбар хийж болно.

Аливаа улс, нутагт спорт ч бай, тоо ч бай, тухайн зүйлийг хэр олон хүн чухал гэж үзэж, сонирхож байгаа нь хөгжлийнх нь түвшинд нөлөөлж, сайн эсвэл муу байхад гол үүрэг үзүүлдэг бололтой.

 Монголчуудын жинхэнэ онцгой чадвар ба тэрийг хэрхэн ашиглах:

 Тэгэхээр Мат, Олимпийн жишээнээс харахад Монголчуудын жинхэнэ онцгой чадвар Тоо ч бай, спорт ч бай, "чухал гэж нийтээрээ сонирхож үзсэн зүйлийг хийж, ялагч байх дуртай, байж чаддаг" чадвар юм уу? Магадгүй эзэнт гүрний үед сайн байлдах нь нийгэмд өндөр үнэлэгдэж, хүн бүр шагшин магтдаг байсан болохоор олон сайн баатрууд төрж, жишээ нь байшин барьж тариа тарихыг үнэлдэг соёлтой улсуудыг эзэлж, дэлхийн түүхийг бичсэн юм болов уу? 

Ямартаа ч спортод хайртай, дунд сургуульд математикийг cool гэж үздэг соёл нь нөлөөлж цөөхүүлээ, санхүүгийн боломж муутай хэдий ч дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа нь бахархалтай хэрэг. Тиймээс Монголчууд спорт, мат-ийг үнэлдэг шигээ ажил хөдөлмөрийг чухалчилдаг нийгмийн үнэлэмжтэй болчихвол Монгол хүн бүр сайхан амьдрах цаг хол биш.

------------------
Харин одоо тийм байна уу гэвэл, үгүй. Монголчууд залхуу гэдгийг Монгол хүн бүр хүлээн зөвшөөрөх байх...Олимпийн жишээн дээрээс л харъя. Аль ч зүйлийг 2 талаас нь харж болдгийн адил спорт сонирхох ч бас сайн муу талтай. Сайныг нь дээр ярьсан, үр дүнг нь бид харж байна. Баярлаж, бахархаж байна. Харин нөгөө талаас нь харвал, спорт хэт их сонирхоод ажил хийхгүй байна гэж бас тайлбарлаж болно. Жишээ нь, 3 сая хүрэхгүй хүн 300 сая хүнтэй интернетийн эх орныг давж жиргэж байна гэдэг 
1 хүнд ноогдох медалиар 1-т бичигдлээ ч, 
1 жиргээнд ноогдох мэдалиар хамгийн сүүлд,
1 медальд ноогдох эдийн засгийн  ашигтай үйл ажиллагааны цагаар хамгийн сүүлд бичигдэнэ гэсэн үг үү?
 --------------------

Малчин ч бай, бизнесмен ч бай амжилттай хүмүүсийг харж байхад нийтлэг нэг зүйл нь хэн нэгэнд (жишээ нь төрд) өөрийгөө найддаггүй, гайхалтай хөдөлмөрч хүмүүс байдаг. Хэрвээ хөдөлмөрч байх нь дунд сургуульд мат чаддаг, олимпод медаль авдаг шиг cool зүйл гэсэн нийгмийн үнэлэмжтэй болчихвол "Нийтээрээ үнэлдэг юмыг хийж, ялагч байх дуртай, байж ч чаддаг" Монгол хүний онцгой чадвараа ашиглаж Монголчууд улсаараа сайхан амьдрах болно.

Ингэж их нуршаад юу хэлэх гэсэн бэ гэвэл, Олимп үзэхээ болиод ажлаа хий гэх гээгүй л дээ, хэхэ. Давуу сул талын аль алинаа мэдэж байх нь сул талаа нөхөж, давуу талаа хөгжүүлж, цаашид өсөхөд хэрэг болох байх гэдэг үүднээс л өөрийн бодлоо бичлээ.

Saturday, September 10, 2011

Оюутны гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд дээр нэг их мундагтаа ч биш, оюутан болохоороо л иймэрхүү мундаг сэдвүүдийг барьж авсан нь тэр.

Оюутан байхад л юунд ч хязгаарлагдахгүй ингэж дураараа загнаж болох болохоор тэр. Оюутан байхад мэдэхгүй ч байж болно. Угаасаа сурах нас болохоор. Чадахгүй, хийгээгүй байж болно. Үүнээс цааш хийх болохоор. Алдаа хийж ч болно. Угаасаа алдаад байх их зүйл байхгүй болохоор. Арзайсан үстэй ч байж болно, уранхай хувцастай ч байж болно... Ер нь мэдэхгүй, чадахгүй, байхгүй юмны чинь төлөө хэн ч чамайг гоочлохгүй. Ганц хүсэл тэмүүлэлээр дүүрэн байхад л хангалттай. Бусад хүн л тоож сонсож байвал юунд ч баригдахгүйгээр бодсоноо хэлж, боломж л олдож байвал хүссэнээ хийж болдог нас.

Харин нэгэнт амьдрал дээр гарсан бол асуудал өөр. Харагдах өнцөг өөр болно, үнэлүүлэх үнэлэмж өөрчлөгдөнө. Нийгэмдээ хэр их зүйл бүтээж, ямар хувь нэмэр оруулж буйгаараа ярих зүйлийнх нь цар хүрээ хязгаарлагдаад явчихна. Хэлэх зүйл, хийх үйлдлээс хүлээгдэх expectation өндөр, энэ бүхнийхээ төлөө хүлээх хариуцлага ч өндөр. Хийж чадахгүй байж хэрээсээ хэтэрсэн зүйлийн талаар ярьвал хүлээж авахгүй. Авдаг цалин, өмсдөг хувцсaaрaa дүгнэгдээд эхэлнэ. Алдаа гаргавал алдах зүйл их. Элдэв зүйл бодоод сууж байдаг цаг зав ч багасаад ирэх биз...Ер нь тэгээд ч ярих биш шийдэж хэрэгжүүлдэг үе.

Иймээс нэгэнт ажил дээр гарчихаар хийж болдоггүй зүйлсийг амжуулж, туршиж хийдэг нас бол оюутан нас. Энэ үе бол онол л цээжилж оюунаа сорих үе ч биш, ажилд ороход л өөрийгөө бэлтгэх шат ч биш. Эдгээр нь оюутан үеийн зорилго биш, зөвхөн нэг л хэсэг нь. Харин амьдралын талаар төсөөлж өөрийгөө тэлэх үе бол оюутан нас. Орчлон ертөнцийг, өөрийгөө таньж мэдэх нас. Элдэв зүйлээр оролдож, тунгаан бодох нас. Өнгөрсөн одоогийн юунд ч хязгаарлагдахгүй, юунд ч баригдахгүй. Зөвхөн ирээдүй л чухал. Энэ бүхний нийлбэр л оюутан насны гэрийн даалгавар.

Оюутан насандаа гэрийн даалгавраа хийлгүй амьдралд ороод ирсэн бол асуудал өөрөөр яригдана...Хийж бүтээх үедээ буцаад алдаатай алдаагүй гэрийн даалгавартайгаа зууралдаад сууж харин болохгүй.

Thursday, September 8, 2011

Clubbing in Mongolia

BRIX-д ажлын өдөр ч амралтын өдөр ч залуус дүүрэн. UB-ийн арай үнэтэй энэ газар цугласан залуус гайгүй хувцастай, өөртөө итгэлтэй. Club-ийн байдаг л дүр төрх: Залуус өөр өөрийнхөөрөө хөгжилдөцгөөнө. Гартаа юмтай, юмгүй...зогсоно, сууна, бүжиглэнэ...энэ аян дээр хэн яг юу хийхээ мэднэ.Бүгд дараагийн аянд ч бэлэн...

Эд бол азтай залуус. Онцгой цаг үед залуу нас нь таарсан болохоор тэр. Өөр аль ч generation-д тохиогоогүй маш том боломж өмнө нь байна. Нүргээ нь яг л өсгөгчийн дэргэд зогсож буй мэт мэдрэгдэж эхэлж байна. Харин залуус бэлэн үү? Өөртөө итгэлтэй юу? Гарт нь юу байна? Зогсож байна уу, сууж байна уу? Хэн яг юу хийхээ мэдэх үү? Хөгжим явж эхлэхэд ямар хөдөлгөөн хийх вэ?

Bloomberg, FT, WSJ -ээр зарлаад байгаа тэр л хөгжим явж эхлэхэд...Гэхдээ энэ аяны нэг онцлог гэвэл залуус хэр сайн хөдөлнө, хөгжим тийм хэмнэл эрч хүчтэй явна. DJ нь бүжиглэж байгаа залуусыг харж хэмнэлээ тааруулах болохор тэр.

Манжийн эрхшээлд байсан 200 гаран жил, Оросын коммунист намаар бодлогоо тодорхойлуулдаг байсан 70 аад жилд энэ боломжийг ачаад явчихаж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Тийм болохоор энэ бол онцгой цаг үе. Хэзээ ч биш, зөвхөн энэ цаг үед л нээгдэж буй том боломж. Хөлсөө асгартал бүжиглэх үе.

Харин зарласан хөгжим дуусахад юу болохыг хэн ч мэдэхгүй.Дараагийн ая ямар байх нь зөвхөн энэ аян дээр хэр бүжиглэснээс шалтгаалах болохоор тэр. Залуус бэлэн үү? Энэ аян дээр юу хийх вэ? Дараагийн аяыг ямар байлгах вэ? Дэлхийн бусад хүмүүс ч чиний хөдөлгөөнийг анхааралтай ажиглан энэ аян дээр л юу хийхээ бодоцгоож байна. Хөгжмийн хэмнэл аль хэдийн яваад эхэлсэн. Цаг маш бага байна...

Friday, March 26, 2010

A break

Бүгдийг өөрийнхөөрөө шийдэх нь биеэ дааж амьдрахын гоё хэсэг байх. Харин бүх зүйлийг ихэнх тохиолдолд өөрөө л хийхээс аргагүй тул гоё санагдахгүй үе ч бий.

Японд ирснээс хойш жил бүрийн хавар нүүдэг ажилтай. Хотоос хот дамжин, эсвэл хот дотроо. Dorm-оос dorm-руу, dorm-оос apartment, бас эсрэгээрээ. Шинэ газар, шинэ боломжийн эрэлхийлэлд, гэхдээ заримдаа зүгээр л байрны хугацаа дуусаад л тэр. Тэгээд л ачааны машинаар, автобусаар, метроны галт тэргээр, суудлын машинаар, дугуйгаар ч...

Ийнхүү шинэ зүйлийг эрэлхийлэх замд маань дайралдсан зүйлсийн нэг бол энэ блог. Эргэн тойрноо ажаад явж байхад толгойд эргэлддэг зөв буруу бодлууд дотроос уншихад ч бичихэд ч цаг гарздахгүй зүйлсийг бичихэд ч уншихад ч цаг үрэхгүй бичлэгүүдэд багтаах гэж оролдсон нь энэ. Хэр үр дүнтэй болсныг нь хэлж мэдэхгүй ч, блог оо хэсэг хугацаанд завсарлахаар шийдлээ. Ямартаа ч амьдрах хэв маягт маань их ч бага ч өөрчлөлт авчирсан Хувьсал болохоор хэсэг хугацаанд байхгүй болсноор бас нэгэн өөрчлөлтийг авчирна байх...

Энэ бүх хугацаанд бодол санааны маань Хувьсалтай цуг байсан бүгдэнд нь баярлалаа.

Tuesday, March 16, 2010

Our desire

Хүний хүсэл.
Аугаа их адал явдал, эрэлхийлэл бүтээлийг урам зоригоор тэтгэгч хүч.
Амар тайван байдал, сэтгэлийн шаналалын ч эх үүсвэр.
Хүн хүсэлдээ хөтлөгдөн элдэв зүйлийн мөрөөдөл, зорилгыг ургуулан бодож
тэрийгээ биелүүлэхийн тулд боломжгүй зүйлсийг хүртэл бүтээж орхино.
Хүрэхэд хэцүү амбиц, санаснаар болоогүй төлөвлөгөө харин хүнийг шаналгаж,
байхгүй зовлонг шиинээр үүсгэнэ.
Биелсэн хүсэл аз жаргал, биелээгүй нь харуусал гунигаар илэрч,
биелэх эсэхийг нь мэдэхгүй тохиолдолд элдэв бодол, тайван бус байдал хүнийг эзэмдэнэ.
Хүслээ хянаж сурахын тулд л хүн элдэв шашин сургааль, гүн ухааныг зохиосон ч юм билүү.
Хүний хүсэл.
Зүүдэлсэн, бодсон эсвэл мартсан аль нь ч байсан 1 минут 1 минутын л урттай. Дэлхий эргэдгээрээ эргэнэ, нар манддагаараа мандана.
Орчлон ертөнц өөрчлөгдөхгүй, хүн гэдэг хажууд нь өчүүхэн хэвээрээ.
Харин хүний хүсэлд хязгаар үгүй.
Тэр 1 минутад инээх уйлахыг чи л өөрөө мэднэ.

Tuesday, January 6, 2009

Taking a risk

Цагт 350 км хурдлах Shinkansen-ий цонхоор тас харанхуй шөнийн дунд зуралзан өнгөрөх зам зуурын гэрлээс өөр зүйл үл харагдана. Шинэ оны эхэнд шинэ зүйлийг эрэлхийлэн гэрээс гараад 3 өдөр, 2400 км ийн дараа эрсэн зүйлээ ололгүй амжилт муутайхан буцаж яваа нь энэ.Тэртээх алсад Landmark tower-ийн оройн баганан гэрэл харагдаж эхэлсэн нь гэр лүүгээ ойртсоныг илтгэнэ.

Налсан цонхноосоо хөндийрөхөд шилэн дээр ойсон кабины сандал дээр суух өөрийн тусгалаа олж харлаа. there was i smile on my face...Хайсан зүйлээ олж, хүссэн үр дүндээ хүрээгүй ч сэтгэл хангалуун байлаа.

Хүссэн зүйл талаар болсон ч гонсойх зүйлгүй буцаж явлаа. plan for the worst, hope for the best...Энэ замаар анх гарахдаа болно гэж бодсон ,оптимист байсан, гэхдээ ийм үр дүнг бас тооцож үзсэн л байсан.there was no pain.Зүрх биш тархи л байсан бололтой.but i didn't know until then... Ямартаа ч зорьсон, хийсэн, чадсангүй, болохгүй л байж.

Юу дутсаныг мэдэхгүй юм.Өнгөрсөн түүхээс болов уу? Буруу газар , буруу цагт байв уу? Эсвэл угаасаа л босохгүй байшин байв уу? Магадгүй архитекторчны төсөөлөл хэт хүчтэй байж, зураг хэт хийсвэр байж , барилгачных нь чадвар хүрэхгүй байж. Босохгүй гэдгийг нь харж чадаагүй байж. Үр дүнгээс нь хөөгөөд харахад босгох гэж хичээх хэрэггүй л байж...

Бүтэхгүй зүйлийн төлөө тэнэглэн зүтгэн хүрч чадаагүй ч харамсах зүйл гарсангүй.
Харин бүтэхгүй гээд хийгээгүй байсан бол , дараа нь илүү харамсах байсан ч байж магад. Зарим зүйлийн үр дүнг харахаас нааш хариуг нь таашгүй учраас л амьдрал үнэхээр сонирхолтой юм даа. life is all about taking a risk.  i'm still wondering whether chances are given or made by us...

Thursday, May 22, 2008

Typhoon, happiness, etc...




Өнгөрсөн 2дхын өглөө тайфунь ирээд сургуулийн хашаагаар дүүрэн хугарсан модны мөчир, хийссэн навч хөглөрүүлээд хаячихав. Хэр баргийн юманд сааталгүй цагтаа ирээд байдаг цахилгаан галт тэргүүд хүртэл зогсч нэлээд олон хүн эхний цаг дээрээ хоцрох шиг болсон. Харин даралласан 5 пар дээр нэмсэн тайфуны ачаар амралтын өдрийн темпнээсээ хялбархан салчихсан шүү. Номхон далайд үүсээд , хойш чиглэн арлыг өгсөхдөө ширүүн бороо, хүчтэй салхи авчирдаг энэхүү үзэгдэл энэ жил Кантод нэлээд эрт газардлаа гэж ярьцгааж байна лээ. Энэ долоо хоног харин овоо халах бололтой.

Дээр түүхийн нэг хичээл дээр яагаад ч юм аз жаргалын тухай яриа өрнөчихөв. Япончууд хангалуун амьдрал дунд эрүүлээр хамгийн урт удаан насалдаг хэрнээ аз жаргалын түвшин нь [санаснаас] доогуур байдаг гэсэн судалгааны талаар нэг оюутан ярьж байсныг санан,энэ талаар нетээр жаахан хайгаад бодож үзэв. Тэгсэн уул нь Английн нэг их сургуулийн профессор дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг судлаад, аливаа улс орны эрүүл мэнд, эдийн засаг,боловсролын түвшин өндөр тусам иргэд нь аз жаргалтай юу гэсэн асуултад тийм гэж хариулах хандлагатай байдгийг тогтоосон юм гэнэ. Уг судалгааг олоод үзтэл Япон 178 орноос аз жаргалын түвшнээрээ 90-д жагссан байдаг юм байна.
Дэлхийн анхны аз жаргалын газрын зураг

Ер нь улс орон байтугай хувь хүн бүрийн хувьд аз жаргалыг үнэлэх хэмжүүр адил байх албагүй тул нэг хэмжүүр тогтоож болохгүй байх л даа. Харин аз жаргал олон зүйлийн цогц учир олонхийн хувьд нийтлэг хүчин зүйлүүдийг олж тогтоож бол болох байх. Эрүүл саруул оюун ухаан , бие бялдар, эд зүйлсээр дутаахгүй байлгах тодорхой хэмжээний баялаг г.м зүйлсүүд аль орны хэн гуайн хувьд[ exception бий ч ер нь цөөн ] ч аз жаргалтай байхад нь нөлөөлөх хүчин зүйлс болох нь гарцаагүй.

Харин Амьдрал нь хангалуун болсон Япончуудын хувьд дээрх зүйлс байх л ёстой зүйлсийн нэг болж аз жаргалыг арай өөр зүйлсээс хүлээдэг болсон байж ч болох юм. Хамт олны зорилгыг өөрийн зорилгоос илүүд баримтлах ёсон дор жилийн турш амралт багатай ажлын маш завгүй урт өдрүүд, хөл хөдөлгөөн ихтэй орчин үейин стресс ихтэй амьдралын хэмнэлээс болж аз жаргалаа мэдрэх боломж нь багасдаг байж ч болох юм. Аз жаргалтай барилгачин Баяраад дан ганц тоосго өрөх биш, эхнэр хүүхэд, эцэг эх, ах дүү анд нөхөд, лааз пиво, бильярдын ширээ,Наадмын бөх, зуны амралт гээд нэлээн олон юм чухал болох нь ойлгомжтой. Магадгүй Тоёта жийп унах, эсвэл Шекспирийн Ромео Жульетийг үзчихвэл ертөнцийг харах өнцөг юмыг үзэх үзэл нь өөрчлөгдөх ч юм билүү...

За тэгээд ер нь аз жаргал гэж юу болох талаар хүн хүн янз бүрээр боддог байлгүй дээ. Уг үнэлэмж гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөхийг ч бас үгүйсгэхгүй. Заавал үнэлж дүгнээд байдаг материалист ч гэж юу байхав, зүгээр л аз жаргалтай санагдаж ч бас яагаад болохгүй гэж? 非科学的考えとは...

Дээрх судалгаа 178 орны 80 000 хүнээс авсан анкет дээр үндэслэгдсэн бөгөөд судалгааны хэмжүүрүүд төгс бол биш ч судалгаа хийгдсэн 2006 он хүртэл байсан хэмжүүрүүд дотор хамгийн сайн нь гэгдэх. Нийтэч сэтгэлгээтэй Азийн зарим орнууд, хүн ам олонтой улсуудын хувьд үр дүн сөргөөр гарсан нь нэг анхаарууштай зүйл байж магад . За юутай ч дэлхийн 178 орныг аз жаргалын түвшингээр нь жагсаахад дараах үр дүн гарчээ.

Топ 3:
#1 Дани
#2 Швецари
#3 Австри
Зарим сонирхолтой үр дүнгүүд:
#10 Канад
#23 АНУ
#26 Австрали
#35 Герман
#41 Их Британи
#50 Итали
#59 Монгол
#62 Франц
#82 Хятад
#90 Япон
#125 Энэтхэг
#167 ОХУ
Сүүлийн 3:
#176 Конго
#177 Зимбабве
#178 Бурунди

Friday, March 21, 2008

муусайн...

Глобалчлагдан, дэлхий нийтээрээ хамтран хөгжлийн төлөө, эх дэлхийгээ хайрлахын төлөө хүн төрөлхтөн нэгдэх 21 зуунд арьс , үүсэл гарлаар ялгаварлах үзэл байх ёсгүй гэгддэг ч энэ үзэл байсаар байгаа .Ер нь хойшид ч байхгүй болно гээд хэлчих хэцүү. Ойрхноос жишээ авахад муу ч сайн ч хужаа нар бол муу гэсэн утгаар муусайн хужаа нар гэж бид их ярьдаг.Улс төрчид нь хүртэл муу хужаагийн эрлийз энэ тэр гээд дуудалцаж л байдаг. Уул нь энэ үзэл урд хөрштэй холбоотой эртний дайсагнал,түрэмгийлэллийн түүхээс урган гарч ирсэн эд байх л даа. Харин одоо ихэнх тохиолдолд математик индукцээр бүгдийг нь муу гээд тогтоочих гээд байна уу гэмээр. Хятад л гэхээр нүдээ аниад шууд муу.

Хувь хүний үзэл бодол өөртөө зөв болохоор хэнийг сайн эсвэл муу гэж бодохоо өөрөө шийдэх хэрэг. Үүнийг яг ийм байх ёстой , тийм байж болохгүй гээд нэг томьёонд оруулаад тогтоочих утгагүй , боломж ч байхгүй. Гэхдээ энэ бас хэн нэгнийг муу гэж дүгнэхдээ ч бодолцох асуудал мөн гэдгийг санах хэрэгтэй болов уу. Хаа газар сайн ч хүн муу ч хүн байдаг. Монгол хүн бүр сайн гэвэл эндүүрэл. Хятад хүн бүр муу гэвэл бас л эндүүрэл.

Ер нь хэн нэгнийг , тэр байтугай улс гүрнийг ч таалахгүй байж болохгүй биш , болно. Үзэн ядсан ч болно, үзэл бодол бол эрх чөлөөтэй. Харин шударга байх хэрэгтэй, худлаа зусарч бялдууч байж болохгүй. Чи надад таалагдахгүй байна, би чамтай юм ярихгүй ээ, би бодолдоо үнэнч гэвэл болно. Чингис хаан маань ч ийм занг үнэлдэг байсныг МНТ дээрээс бид мэднэ. Харин чи надад таалагдахгүй байна, гэхдээ би чамаас ийм ч юм авмаар байна, тийм ч юм авмаар байна гэх нь зөв үү?Үнэхээр Хятад хүнд , Хятадад дургүй бол тэнд битгий оч, тэднээс битгий юм ав, битгий юм гуй. Бид тэгж чадах уу?

Хятад улс өнөөдөр яаж хөгжиж байгааг Google, Wikipedia-гаас ч мэдчихэж болно. Харин бид ямар байгаа билээ? BBC,NGC,NHK- ийн ачаар бусад хүмүүс Монгол гэхээр, "Чи сургуульдаа мориор явдаг уу" гэхээс хэтэрдэггүй шүү дээ. Арай нэг боловсролтой , түүх уншсан нь 13 зуунд баахан хүн алдаг нөхдүүд чинь Монгол байх аа гэнэ. Улаанбаатарын утаа, Хонгорын цианид, алтны уурхайн сэндийлсэн газруудаас байгальд ээлтэй нөгөө unique гэгддэг малчны соёлыг олж харахад хэцүү.

Хэлэх гэсэн санаа тойроод явчих шиг боллоо. Монголыг муу ,Хятадыг сайн гэж хэлэх гээгүй гэдэг маан нь ойлгогдож байгаа болов уу. Нэгэнт л өнөөдөр Монгол улс Хятад улсаас эдийн засгийн хараат байгаа нь үнэн. Муусайн хужаа нар гэчихээд, хогийг нь цуглуулж авчирч өөр хоорондоо солилцон хэрэглэж байхаар өөрсдөдөө ашигтай талаас нь харж, цаг минутаар хөгжиж байгаа урд хөршөөсөө хэрэгтэй зүйлийг авцгаах нь дээр гэдэг нь ойлгомжтой. Ярихад амархан, хийхэд хэцүү зүйл л байдаг байхдаа гэж...Мэргэжлийн эдийн засагч биш тул хэлж мэдэх юм алга.




Monday, August 13, 2007

Хувьсал

Gaidai(Хэлний бэлтгэл)-д байхад ямар нэгэн тэмдэглэлт өдөр ,эсвэл хичээлээс жаахан залхсан үедээ манай хэд жаахан alcohol, snack -тай тойрч сууж байгаад заримдаа (ер нь бол ихэнхдээ)нар мандтал ярьж суудаг байв. Сэдэв бол ер нь янз янз, гэхдээ ихэнхдээ хүнд талдаа. Өнгөрсөн зун л байсан юм байна, яаж байгаад ч билээ нэг ийм сэдвээр яриа өрнөсөн юм. Aгуйгаас гарах уу ,үлдэх үү ? гэж.

Хэрэв хичээж хичээж амьдардаг агуйгаасаа гарсан чинь агуйн гадна амьдрал байхгүй, доторх амьдрал нь утгагүй гэдгийг ойлгох бол яах вэ? Aгуйгаас гарах уу ,үлдэх үү ?

Яагаад утга учиргүй вэ гэдгийг ойлголгүйгээр агуйдаа үлдэн, мэдэж буй зүйлээ л утга учир болгон амьдарсан нь дээр үү? Эсвэл өөрөө өөрийгөө хуурч буйгаа аль болох эрт ойлгохын төлөө үнэнийг эрэлхийлэх нь дээр юм болов уу?

Хариулт тухайн цаг үе, орчин нөхцөл, хувь хүнээс хамаараад өөр өөр байх биз. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг болохоор өөр цаг хугацаа , орчин нөхцөлд тэр хариулт ч дахиад л өөр байх байлгүй.Бүх зүйл хувьсан өөрчлөгдөх ертөнцөд тогтмол байх нэг л зүйл нь хувсал өөрөө юм даа...

Thursday, June 28, 2007

БИД


...Хүн уулыг ч нураах хүчтэн..
(Р.Чойном)


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Зуны аялал2007 (1)болж Чиба мужийн Күжүкүри(九十九里(2) )гэдэг газар луу яваад ирлээ .
Номхон далайн эргийн дагуу орших уг газарт далай,газар,тэнгэр гурвын зааг нийлнэ. Задгай далайг дэргэдээс нь харсан маань анх удаа энэ.
Нөгөө талдаа хязгаар үгүй мэт их хар хөх ус ,ар араасаа хөөсрөн түрэн ирэх давалгаа бүр хүн гэж ямар өчүүхэн болохыг мэдрүүлнэ.Энэ орон зайд зогсох нэг хүн байсан ч үгүй ч ялгаагүй мэт санагдана.Бид-хүмүүс , юу юм бэ,энэ ертөнцийн хувьд хэр зэрэг үнэ цэнэтэй юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө...



p.s:

Сонирхоод эрдэмтдийн судалгаанаас хайж үзвэл орчин үейин хомосапиенс Homosapiens(Modern) үүссэн нь одоогоос ойролцоогоор 50000 жилийн өмнө юм гэнэ. ..Тэр цагаас хойш 2002 он хүртэл манай гариг дээр 106,456,367,669 хүн төрсөн гэсэн тооцоо байдаг юм байна.(эх сурвалж :United Nations' Determinants and Consequences of Population Trends and Population Reference Bureau estimates).]

Тэгэхээр бид 50000 жилийн дотор төрсөн 100 тэрбум хүний нэг л болж таарах нь. Тийм ч ховор нандин" байгалийн бүтээл" биш байгаа биз...
to be continued



(1)Зуны аялал2007: Анх 2003 онд зохиогдож эхэлсэн 2 өдрийн аялал .Жил болгон 2 р курсийн оюутнууд зохион байгуулдаг Монгол оюутнуудын аялал.
(2) Күжүкүри(九十九里): 99 Ри гэсэх утгатай. (1Ри=3.93км ) Чиба мужид Номхон далайн дагуу байрлах уг эрэг 66км урт үргэлжилдэг бөгөөд Японы хамгийн урт эргүүдийн нэгт тооцогддог

Ашигласан материал:
http://www.prb.org/Articles/2002/HowManyPeopleHaveEverLivedonEarth.aspx?p=1