Showing posts with label оюутан амьдрал. Show all posts
Showing posts with label оюутан амьдрал. Show all posts

Friday, July 27, 2012

Жин хасав


Жин хасах ч миний хувьд айхтар хүнд ажил биш бололтой, одоохондоо.
Жор нь гэвэл:
1. бага унтаад,
2. бага идээд,
3. сэлээд байх.
2-3 цагийн нойр, 2 хоол, 30 мин сэлэлтээс өдрийнхөө эрч хүчийг аваад яваад байхад 7 хоногт 3 кг хассан байна. Хурдан жин хасахын нэг муу нь гэнэт футболканууд хүлхийж, өмд тэлээгүй унаад, бас жаахан тамиргүй болчихдог юм байна. Жин хасч тэмцээнд ордог тамирчид яаж болдог байнаа...

Гэхдээ гуалиг энэ тэр болох гэж ингэсэнгүй л дээ. Юмыг цагийг нь тулгаж хийх гээд байдаг муу зуршлаас болж судалгааныхаа явцын илтгэлийн өмнөх хэдэн өдрүүдэд өөр сонголтгүй болж үлдсэн нь энэ. Уул нь хэдэн сарын хугацаатай байсан ч үр бүтээл муутай өнгөрөөчихсөн болохоор ихэнх ажлаа deadline-ий өмнөх хэдэн өдөрт овооруулчихав. Өмнө нь болохоор цаг байгаа гээд хийх хүсэл төрөхгүй, хийх гээд суусан ч сайн төвлөрөхгүй яваад л байлаа.

Ингээд илтгэлээс 10-аад хоногийн өмнөөс л сая нэг "ухаан орж" хүссэн хүсээгүй өдөржин Excel-ээр "занималдах" болов. Уул нь яг бариад авахаар гайгүй хурдан урагшилчих юман дээр л халширч суусаар нэлээд цагийг үр бүтээлгүй өнгрөөчихснөө ойлголоо. Олдохгүй байх гэж бодож байсан дата-нуудаа ч яг хайгаад үзтэл гайгүй олдчихлоо. Нэг сонирхолтой зүйл гэвэл, Монголын тухай датаг орос хэл дээр Японы сургуулийн номын сангийн хүн бараг ашигладаггүй хэсгээс олов. Орос хэл сурч байсан маань 10 жил төгссөнөөс хойш бараг анх удаа л ингэж хэрэг нь гарав.

Ямар ч байсан хэрэгтэй дата-нуудаа бараг олчиxсон болохоор дараагийн ажил нь эмхлээд, тооцоогоо хийгээд, илтгэлээ бэлдэх. Ялангуяа дата эмхлэх хүнд биш мөртлөө ажиллагаа ихтэй хамгийн балиар "хар" ажил байв. Гайгүй хөгжимгүйгээр цаана нь гарах аргагүй санагдав. Өлсөхөөрөө хоол хоолоо идээд, ядрахаараа явж сэлчихээд л, үүр цайгаад ирэхээр хэсэг дуг хийчихээд л хөгжмөө сонсоод л хуруугаа кийборд хэдэн өдөр дискодууллаа. Бас Бразил кофенд нэлээн оров.

Ингэж ингэж илтгэл тавьхаас 2 цагин өмнө л бүx зүйлээ дуусган, 1 давтаж үзээд, тараах материалуудаа хэвлээд ерөнхийдөө бэлэн болов. Азаар бороотой байсан тул Токиогийн саун шиг бүгчим халуун арай сэрүүсч, гайгүй хоол идэх сонирхолтой болсон байлаа. Хэдэн өдөр алгассан өдрийн хоолонд орчихоод үсээ янзлаад анги руу алхав. Каффеин, бассеин 2 оор дутуу нойроо сэргээгээд яваад байсан болохоор яалт ч үгүй муухай царайтай...

Илтгэл дээр me against 3 профессор, 4 доктор, 2 мастерийн оюутан. 30 минут орчим яриад гайгүй дуусгасан ч шүүмжлүүлэх зүйл нэлээд гарав. Бага хугацаанд яаруу хийсэн маань ч яалт ч үгүй нөлөөлөв. Дутуу зүйл ч их байлаа, өөрөө огт олж хараагүй зүйл, шинэ санаанууд ч их байлаа. Багш нар аргагүй хийдэг ажил нь paper бичих болохоор нэлээн хэрэгтэй зөвлөгөөнүүд өглөө.  Явцын илтгэл болохор шууд маш сайн байснаас эхэндээ алдаатай байсан нь дээр байх л даа. Гэхдээ дараагийн илтгэлээ эртнээс сайн бэлдэж орохгүй бол...Хийх зүйл нэлээд тодорхой байсан тулдаа л энэ удаад богино хугацаанд хийж амжууллаа.

Хурд нэлээн саараад, хорвоо дэлхий slow motion-д ороод зомби царайлчихсан ч, гэхдээ цээжнээс нэг хэсэг ачаа аваад хаячихсан юм шиг арай хөнгөрчихсөн ангиас гарч ирэв...

Wednesday, November 10, 2010

a day of a senior student

Сүүлийн 3 өдрийн нарийг эс тооцвол Токиод сэрүү ороод, бээлийгүй бол өглөө оройдоо дугуйн дээр гар даарахаар болчихлоо. Унасан навчис аль хэдийн хатаад, дугуйн дор орон шаржигнах нь намар дуусч буйг илтгэнэ.10 мин жийгээд, хотын төв рүү 20 мин train, тэндээ хурдан train луу солиод дахин 25 мин. Ёкохамад буугаад автобус, түгжээ гайгүй бол 15 мин. Тэгээд 5 мин алхахад кампустаа ирнэ.Гэхдээ зам хөндлөн гарахдаа авирдаг шатаар биш(багш нар шиг), гэрэл харж байгаад гүйгээд гарчихсан(оютнууд шиг) тохиолдолд. Дээгүүр үү доогуур уу, эсвэл хэр хурдан алхах зэрэг нь хичээлд хоцорч очих эсэхтэй бараг л хамаагүй. Учир нь анх 9:12 ийн train -д л амжиж суугаагүй бол тэртээ тэргүй хоцорно гэсэн үг.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад нэг сайн зүйл гэвэл хичээл дээр нойр хүрэх нь арай гайгүй. Магадгүй эхний цагт очих гэж 6:20 д босохоо больчихсон болохоор тэр байх. Лав л хуулийн хичээл илүү сонирхолтой болсноос бол биш. Өглөө идсэн 2 зүсэм талх үд гэхэд аль хэдийн шингэчихсэн байх тул байн байн цагаа харсаар хонх дууугармагц кафетериа руу яарна. Сүүлийн 15 мин бол нэлээн удаан өнгөрнө...

Семестер эхлээд бараг 2 сар болчихсон болохоор кампуст бучигнах нь гайгүй болчихсон ч кафетериад бол байдал арай өөр. Азаар кампусын нөгөө захад байдаг хэрнээ л түрүүлээд ирчихдэг байсан инженерийнхэн тэндээ хоолонд ордог сайн газартай болчихоод, энд нэг их урт дараалал үүсэхээ больчихсон нь сайн хэрэг. Костюмтай хэд нь л 3 ийхан гэвэл үлдсэн шар бор үстэй нь 1,2 ийхон голдуу. Зарим нэг багш нар, grad school бололтой нөхдүүд цөөхөн хэд харагдана. 4 ийхөн бол угаасаа сургууль дээр үзэгдэхээ болиод удаж байгаа.Манай семинарийхан гэхэд л тал нь огт ирэхгүй, зарим нэгийг нь 2 сараас хойш тоотой харсан. Кредит нь ч гүйцээд, ажил нь ч шийдэгдчихсэн болохоор тэтгэвэрт гартлаа дахиж олдохгүй ийм амралтыг хаа нэг тийш аяллаар явах ч юмуу хамгийн сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг эрмэлздэг байх. Диплом гэж нэг үлгэр бичих ажил л сүүлийн нэг ачаа болно.

Семинараа тарчихаад кампуст нэг ирснийх, номын сан ч юм уу pc lab руу орохоор 20С аас дээш халаадаггүй танхимд гадуур хувцастай суугаад ч нэг л хүйтэн. Угаасаа 4 цаг гээд л гадаа харанхүй болчихдог болохоор сургууль дээр өнжчихсөн юм шиг санагдах тул бээрч сууж байхаар гараад, ирсэн замаараа буцаад гэрийн зүг.

Bus-нд аз таарвал сандал олдоно, train-д бол Токио хүртэл тэр талаар санаа зовох зүйлгүй (орой Токио чиглэлийн train бараг л хүнгүй). 7-р цаг тартал хичээлд суугаагүй болохоор цонх налаад унтахаас арай дээр зүйл хийж болохоор толгой арай ажиллагаатай. Харин Токио оос цааш ийм luxury бараг л олдохгүй ч (Өглөөтэй ижилхэн нь нэлээн чихэлдэнэ, ялгаатай нь salaryman ууд ихэнх нь халамцуу. ) бас найдвар бий. Удахгүй буух хүнийг зөв таагаад урд нь очоод зогсчихвол суучих магадлалтай.
Буугаад зогсоолоос дугуйгаа аван жийсээр 80км ийн дараа гэртээ эргээд ирнэ...




Saturday, October 9, 2010

a long semester

Токио руу нүүв, гэрийхэн ирэв. Сакура, борооны улирал, 35С + Японы зуны бүгчим халуун өдрүүд, тайфунь...Ханиад ч хүрэв, хоолой ч өвдөв. Алийг нь ч анзааралгүй ширээний ард суусаар нэг л мэдэхэд хэдэн сарыг ардаа орхичихож. Сургуулиа төгсөх ч дөхөөд, ирээдүйн карьер тулгамдсан асуудал болсноор үүнийг шийдэхэд л хамаг анхаарал, эрч хүчээ зарцуулсан нь энэ. Бусад бүх зүйлийг 2-т. no blog, no facebook, even no birthday party. Нэг зүйлийг маш их хүсээд, тэрнийхээ төлөө морь мал мэт зүтгээд, эцэст нь хүрч чадахгүй унах гашуун амтыг дахин мэдрэхийг хүссэнгүй...

Энэ хугацаанд бичлэгийг маань хүлээж байсан байх гэж найдаж байна.

...Дүнгээ сайжруулав scholarship-ээ сунгав, мэргэжлээ бүрмөсөн солин, өөр салбарын хичээлүүдийг А-аас нь эхлэв, уналт амжилтын emotional roller coaster-оор хэдэн долоо хоног давхисны эцэст it's done. Not well done, but it's done. Багш, найзууд, гэрийхэн гээд олон хүний дэмжлэг, номын санд өнгөрүүлсэн цагууд, шөнө дунд асаалттай гэрлийн нийлбэрт ямар ч байсан зорьсон grad school-ийнхээ нэгэнд элсэхээр боллоо.

Хамгийн завгүй өнгөрсөн нэг семестэр ингэж нэг дуусч, 5 хоногийн "зуны амралтаа" enjoy хийсний дараа шинэ семестэр эхлэв. Авахгүй айсаар байгаад сүүлийн нэг семестэрт "хадгалж" үлдсэн нэг хуулийн хичээлийг эс тооцвол энэ энэ улиралд санаа амар байж болох байх. Гэхдээ ч хийх зүйл их байнаа: Илч нь буусан намрын шаргал наранд ээн, өнгөө сольсон модны навчис дунд дуртай улирлаа enjoy хийх. Evening jogs, gym, bball бас дээр нь сэлж бас гулгаж сурах resolution. Хамгийн чухал нь зүрх тархи хоёрын голоор байгаа нэг зүйлийг шийдэх...guess all i need is time.

Thursday, December 17, 2009

About job hunting

Японд хамгийн сайн толгойнууд нь Токиогийн Их сургуулийн хуулийн факультет төгсөөд, аль нэг Яаманд ордог гэхэд болно. Харин үлдсэн оюутнуудын хувьд их сургуульд аль болох бага хичээл хийгээд, аль нэг компаниас offer авахад л хамаг хүчээ зарцуулна. Ажилд ороход хэрэг болж магадгүй ямар нэг qualification exam, TOEIC,Web Test, career advice ээс өөр төрлийн сурах бичиг онгойлгохыг ер нь бол цээрлэнэ. Ялангуяа нийгмийн ухааны оюутнуудад энэ үзэгдэл бүр их хамааралтай. Гэхдээ багш or судлаач болно гээд ном уншаад сууж байдаг зузаан нүдний шилтэй оюутан аль ч сургуулийн хоосон номын сангийн аль нэг буланд бий.

Ажил хайх process 3 курсийн зунаас эхлэх ба, 4 курсын эхэнд буюу төгсөхөөс 1 жилийн өмнө ихэнх оюутнуудын ажлын байр нь шийдэгдчихсэн байдаг. Ингэж эрт offer өгөөд, төгсөөд л "маргааш өглөөнөөс нь шууд ажиллуулах" нь компаниудын 70-аад онд эдийн засаг 2 оронтой тоогоор өсч байсан үеийн ажиллах хүчний хомсдлоос үүдэлтэй гэгддэг. Потенциал сайтай хүмүүсийг компаниудад алдчихгүйн тулд бусад газрууд ч recruiting process-ээ эрт эхлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн.

Оюутан компанид ороод арай ч "шууд ажил хийхгүй", эхний 2-3 жил "цалинтай сургалтанд" сууж, их сургуульд сураагүй зүйлсээ нөхөж авна. Уран зохиол, компьютерийн мэргэжлээр төгссөн 2 оюутан тасгууд дамжин хэд хэдэн rotation хийгдсэний эцэст маркетингийн тасагт цуг хуваарилагдаад бизнесийн хичээлүүдэд цуг суугаад, яваандаа OJT-ээр мэргэжилтэн болох жишээтэй. Тэгээд сард 170 цаг илүү цагаар ажилладаг (өдөрт 7цаг) жинхэнэ Япон corporate life эхэлнэ.

Япон компаниуд ч, Японд бизнесээ явуулдаг барууны компаниуд ч сургалтын систем, OJT- дээ их ач холбогдол өгөөд, оютан их сургуульд юу сурсныг нэг их тоохгүй. Нэг компанид насаараа ажиллах тул, их сургуульд ойлгосон ойлгоогүй онолтой нь холбоотой гэхээсээ тухайн хүний онцлогт таарсан ажлыг оноохыг Япон компаниуд чухалчилна. Харин барууны компаниуд ажлын байрны diversity буюу "дан эдийн засаг сурсан 10 хүн цуглаад юм хийснээс, 10 өөр background-ийн хүн цуглуулвал илүү шинэлэг сайн санаа гарч ирнэ" гэж тайлбарлана. Тэгэээр оютан юм сурсан ч бай сураагүй ч бай, компаний сургалтын системд өөрийгөө бүрэн даатгаж болно гэсэн үг.

Гэхдээ орох хүртэл бас нэлээн зүйл бий. Recruiting process компаний хувьд ч, оюутны хувьд ч маш их цаг, мөнгө зарцуулсан ажил болох ба доорх 4 дараалалтай.
1. Web entry / Тайлбар лекцүүд
2. Application/ Web test
3. Групп ярилцлага/ Ганцаарчилсан ярилцлага
4. Offer
Оюутан эхлээд үсээ тайруулан хараар будуулаад(typical оюутан урт шар, эсвэл бор үстэй байх нь их), навсгар хувцаснаасаа салан хар костюм пиджак, цүнх, гутал хэдэн ээлжийн цамц, зангиа олж авна. Тэгээд дунджаар 70 аад компанид Home Page ээр нь бүртгүүлээд, компаний тайлбар лекцүүдэд (campus event, reception, joint event etc)нь оролцоод, 20-30 таалагдсан газраа apply хийгээд, 10-15 газар ярилцлаганд орон, 1-5 газраас ажлын санал авна. Тэгээд 1 газрыг сонгосноор, хагас жил гаруй хугацаанд үргэлжлэх job hunting дуусна. Энэ хугацаа л оюутан насны хамгийн хүнд, хамгийн чухал үе байх ба хамгийн их зүйлийг (ажил, шинэ танилууд, networking, even a date) олж авдаг гэхэд болно. Нэгэнт төгсөөд ажиллах газар нь шийдэгдсэн бол, сүүлийн хэдэн сар барааг нь хараагүй сургууль дээрээ очоод, GPA нь сургууль төгсөхөд шаардлагатай 2.0 хүрч байвал дипломын ажлын талаар бодож эхэлнэ.

Thursday, July 30, 2009

Semester ends

Факультетэд 5 улирал сурснаас энэ улирал ерөнхийдөө хамгийн хүнд нь байлаа. Хичээлийн хувьд ч, хичээлээс гадуур ч. Хэдэн good movie үзэх ч завгүй нөхөр явсаар нэг мэдэхэд л улирал дуусчихдаг юм байна. Гийсэн гийгээгүй олон юмтай зууралдаад аль алийг нь болтол хийлгүй өнгөрчих шиг боллоо харин. Ямартаа ч нэлээд зүйлийн ард гарч, амралтын үнэрийг мэдрэх муугүй байна шүү.

Гэр ч сургуулиас холдоод, мэргэжлийн хичээлүүд ч нэмэгдээд нэлээд онцлог семестер байлаа энэ удаа. Харин шалгалтууд ойртлоо ч гэж сандарсангүй, дууслаа ч гэж нэг их хөөрсөнгүй, болчих байлгүй гэж явж байгаад л дуусгачихав. Ер нь freshman байсан үетэй харьцуулахад нэлээд өөрчлөлтүүд гарсныг анзаарав. Нэг typical япон оюутны дүр төрхтэй нэлээд төстэй student life руул хэвийгээд яваад байх шиг байна гэх үү дээ. Дараа энэ талаар нэг бичнээ...Одоо харин хотоос холхон яваад battery-гаа нэг сайн цэнэглэх л...

Tuesday, May 12, 2009

One story

Tuesday was not easy. It always isn't.

Энэ семестерт үндсэн земи эхэлчихээд өмнөхтэй адил group discussion хэлбэрээр биш, багаараа case дээр ажиллаад илтгэл тавьдаг хэлбэрт шилжээд, номоо уншаад л ирэхэд болчихдог байснаасасаа арай ажиллагаа ихтэй болоод ирэв...

Энэ долоо хоногт анхныхаа presentation тавих ёстой ч саяхан GW болж өнгөрсөн болохоор олигтой бэлдсэн ч гүй. Багийхан ч энэ удаад аргалаад өнгөрчих сонирхолтой, өнгөрсөн долоо хоногт хальт цугларч case-ээ ярилцаад ярих хэсгээ хувааж аван,presentation-ий өмнөх өдөр нь slide-аа бэлдэж, lunchtime-аар handout-оо принтлээд л ерөнхийдөө болчихов.

Манай presentation яг 2 дугаар курсийхэн земи-гээ сонгох гээд guidance-аа барин семинаруудаар тойроод явж буй үетэй давхцсаныг мэдээд өглөө гэрээс гарахын өмнө ярих агуулгаа хальт эмхэтгэснээс өөр зүйл сайн бэлдээгүй байсан болохоор жаахан pressure мэдрэгдээд явчихав...

Цаг ч болов, projector-оо ч асаав. Земи-гийхэн, багш, дээр нь анги дүүрэн "туршлага судлаачид"... Нөгөө 2 ч яахав, төрөлх хэл нь болохоор яаж ийж байгаад нэг юм яриад болчихов. Миний хувьд бэлтгэл дутуу болохоор мэдээж хэд хэд гацав...Гэхдээ гайгүй ээ.

Everything went fine. It always does.

10 жилд байхын л самбарын өмнө асуугдахаас зайлсхийдэг type-ийн нөхөр байсан ч энэ удаад сүүлийн нэг жил олон нийтийн ажилд "гүйсний" үр дүн гарсан байж магадгүй...

земи-тэй холбоотой өмнөх бичлэг: земи гэж юу вэ?
Seminar

Wednesday, February 11, 2009

Chocolate

Жаахан ханиад хүрчихээд хамрын дусаалга, салфетка халаасандаа байнга байлгадаг болов. Хайрцаг шоколад ч бас аль нэг карманд үргэлж бэлэн. Ханиадтай ч хамаагүй л дээ. Тархины үйл ажиллагаанд сайн, ШУ-аар батлагдсан зүйл гэж земигийн багш яриад байдаг болохоор(Ер нь бол мань эр өөрөө идэх дуртай юм шиг байгаа юм хэхэ) л хэрэг болж юуны магад гээд шалгалтын term-д баахан шоколадтай найзлав. Надад нөлөө нь тэгж хүчтэй мэдэгдсэн юм алга, багшийн хувьд шалгалтанд шоколад барьж орсоор докторын зэрэг хүртэл явчихсан гээд байгаа...

Маргааш Accounting-ийн сүүлийн шалгалтаа өгөөд удаан хүлээсэн амралт эхлэх гээд байдаг...Ойрд болж буй гайхалтай цэлмэг өдрүүдийг "шоколадтай" шалгалтуудын ачаар мэдэрсэнгүй өнгөрөөж , номын сангийн цонхоор л гадагш харан "санаа алдахаас" хэтэрсэнгүй.

Одоо уул нь жаахан л үлдлээ.

Өмнө нь нэг сэргээгээд харчихъя гээд суусан чинь нэг л урагшилж өгдөггүй ээ. Ханиаднаас болов уу, эсвэл "бензин" дуусчихав уу, хийх сонирхол ч төрдөггүй, хүчлээд ч явдаггүй. Уул нь ч эртнээс бэлдсэн л дээ, гэхдээ л やばい... Өглөө оройноос сэргэлэн гээд эртхэн унтдаг ч юм бил үү. Нэг хайрцаг шоколад тооны машинтайгаа бариад л орно доо...

Tuesday, January 27, 2009

Learning is everywhere

Анх интернетэд орж үзэж байх үеийн л нөгөө Yahoo хэвээрээ байгаад байсан одоо л нэг шинэ дизайнтай бол байх шиг байна. Зүгээр шинэ ч биш , бас дажгүй шүү.

Бас нэг дажгүй юм болох нь гэж бодож байсан зүйл харин худлаа болж байх шиг байна. 1 сард цас ихтэй байна гэсэн байдаггүй шүү. Бороо л хэдэн өдөр орсноос хэтэрсэнгүй. Хүйтэн гэхэд хүйтэн биш, дулаан гэхэд дулаан биш сонирхолтой л цаг агаар зонхилон , цас биш цаасаар л их бөмбөгдүүлэх болж байх шиг байна.

Учир нь энэ долоо хоногт улирлын сүүлийн хичээлүүд ороод, ирэх долоо хоногоос шалгалт...
Сонирхоод хэрэгтэй хэрэггүй баахан хичээл авчихаад хийлгүй нэлээн явчихсан тул ойрд номын сан хавьцаа эргэлдэн баахан шинэ мэдлэг олж авдаг "ажилтай" болов . Наана нь хэрэв амжихгүй (хийгээгүй) бол шалгалтан дээр ч мэдлэг олж авах үе байдаг тул ямартаа ч юм сурахгүй нь гэж санаа зовох зүйл гарахгүй бололтой...

Шалгалтаас гадна хэлтэй амтай болгон л санхүүгийн хямралын талаар ярьдаг болсоор нэлээд удлаа. Үүнтэй ч холбогдоод тэр үү , The World Is Curved гэдэг ном бүх л ранк уудаар бестселлер болон, нэлээд эрэлттэй байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө хит болж байсан The World Is Flat өнөөгийн дэлхийн эдийн засгийн(олон улсын харилцаа) зүй тогтлыг тайлбарлаж байсан бол уг номонд өнөөгийн дэлхийд тогтсон байгаа санхүүгийн систем хэрхэн ажилладаг талаар бичсэн юм байна.


Заавал санхүү эдийн засгийн чиглэлийнхэн гэлтгүй хэн бүхэн нэг гүйлгээд харчихад илүүдэхгүй, ер нь эргэн тойронд юу болоод , ямархуу хорвоо ерөнцөд амьдраад байгааг илүү багцаалахад туслах л эд бололтой.
p.s: Билл Клинтон уг номыг санхүүгийн хямралын талаар унших топ 3 номны нэгэнд оруулсан гэнэ.

Thursday, June 12, 2008

Seminar

Өчигдөр өглөөний бороог эс тооцвол,ойрд нар гийгээд, борооны улирал эхэлсэн шинж ер нь алга. Дандаа иймэрхүү байдаг бол борооны улиралд хамгийн дуртай болчихоор л байна. Нар мишээсэн энэ хэдэн өдрүүдэд земи сонголт эхэлчихээд 2-ынхны хүрээнд аль багшийн земи "гоё" вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болов.

Земи буюу цөөн хүнтэй ангид (ойролцоогоор 10-15) явагддаг семинарын хичээл нь Японы их сургуулийн сургалтын системийн(нийгмийн ухаан) нэг гол онцлог гэж хэлж болно.Оюутнууд мэргэжлийнхээ онолыг гүнзгий судлахаас гадна багаар ажиллах чадвар, илтгэх чадвар, бичгийн чадвар зэргийг земи-гээс олж авдаг ба ямар земи-д юу хийсэн нь төгсөөд ажилд ороход ч, цааш сурахад ч үзсэн хичээлүүд дотроос нь хамгийн их нөлөөтэй байдаг. Элсэх үед нь л мэргэших салбар нь факультет, тэнхимээрээ тодорхой болчихсон байдаг ч мэргэжлээсээ өөр земи сонгох боломжтой байдаг тул семинар нь оюутнуудад илүү өргөн боломжийг олгодог.

Ерөнхийдөө 3 дугаар курстээ ороод үндсэн земи-нь эхэлдэг ч зарим сургуулийн бизнесийн факультетүүд basic seminar хэлбэртэй арай эрт эхлэх явдал байдаг. Оюутнууд эхний 1,2 курсдээ лекц хичээлүүдээр(100-400 хүнтэй) ерөнхий эрдэм, мэргэжлийн суурь мэдлэг олж авсны дараа сонирхсон чиглэлээрээ нэг багшийг удирдагчаа болгон сонгоод, семинарт нь суун, мэргэших салбартаа илүү төвлөрч судалгаа хийн, төгсөлтийн ажлаа тэр багшаараа удирдуулдаг. Хичээлийн хэлбэр нь мэргэжлийн онцлог, сонгосон багшаасаа хамаардаг ч group discussion, багийн судалгаа, team presentation хэлбэртэй явагдах нь олон. Мөн кампусаас гадуур study tour болон хааяа земи-гээрээ нийлж номикай (парти), өвөл зуны амралтаар богино хугацааны аялал хийх ба багш нь ч цуг оролцдог.

Хууль, санхүүгийн чиглэлийн нарийн мэргэжлээс бусад нийгмийн ухааны оюутнуудын хувьд ажилд ороход нь их сургуулийн мэргэжил нь бараг хамаардаггүй болохоор хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэж бодохоосоо илүү алдартай ,хичээлээ сонирхолтой заадаг багшийг харж семинараа сонгоx хандлага ажиглагддаг. Земи сонголтын үеэр сургуулиас гаргасан танилцуулга guidance-аа барин тайлбар лекцүүд, земи-ний хичээлүүд дээр нь сууж үзэж байгаад л өөртөө таалагдсаныг сонгочихдог. Мөн дээд курсийхнээсээ сонгосон земи-нийх нь онцлог гэх мэт сонголт хийхэд нь тус болох хэрэгтэй мэдээллийг олж авна.

Гэхдээ хэдийгээр сонгоно гэж ярьж байгаа ч алдартай семинаруудад олон оюутнууд бүртгүүлдэг болохоор жаахан өрсөлдөөн ихтэй, хүссэн хүн бүр орох боломжгүй байдаг байдаг болохоор багш тухайн оютны GPA, ярилцлагын шалгалтын дүнг харж байгаад хэнийг элсүүлэхээ шийднэ.