Showing posts with label Шүүмж. Show all posts
Showing posts with label Шүүмж. Show all posts

Monday, February 24, 2020

Хулгана жил

Ингээд нэгэн шинэ жаран эхэллээ. Сонирхолтой тохиолдол. Энэ жилийн цагаан сараар
вирусын эрсдэлээс сэргийлэхийн тулд бүгд гэр гэртээ байж, цахим золголт хийхийг уриалж буй.
Миний хувьд энэ жил аав ээж дээрээ ч очихгүй, айл ч хэсэхгүй. Нэг ном, нийт 194 хуудас
материал редакторлох ажилтай. Битүүний ѳдрѳѳс эхлээд нухаад л сууж байна.
Үлдсэн амралтын ѳдрүүдэд цаг нэмж гарвал кино үзэх, бага зэрэг унших бас бичих тѳлѳвлѳгѳѳтэй. 

Ер нь ѳдѳр бүрийг сайн ѳдѳр, зүг бүрийг сайн зүг гэж боддог учир шинийн нэгэн,
мѳр зүг чиг гаргах, засал ном уншуулахад тѳдийлѳн ач холбогдол ѳгдѳггүй.
Оюутан байхаас л 1-2 сар бол номын санд сул суудал олддоггүй шалгалтын галзуу үе байсан.
Цагаан сар гэж сатаарч тансаглах цаг нэг их байгаагүй. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй,
харин шалгалтандаа бол сайн дүн авдаг байсан. Одоо бол ѳглѳѳний нар луу хараад,
байгаа зүйлдээ талархаад, дотны хүмүүсээ санаад, цаашид хичээх зүйлээ бодчиход л болдог.
Шинийн нэгэн гэлтгүй ѳглѳѳ бүр хийдэг зүйл тул энэ ѳдѳр ч ялгаагүй. Харин заавал
сонин дээр заасан геометрийн ѳнцѳг гаргаж алхах, мэдэхгүй маань таринаа үсэглэн 21 уншиж, цаас урж тасдаад ийш тийш нь шидэх шаардлага байхгүй. Хогоо бол гаргаад тавьчихсан. 

Уул нь хүн тархиндаа, зүрх сэтгэлдээ зүг чигээ олоогүй бол махан биеэ ямар ч уул овоон дээр
аваачаад, ямар ч ургах нарыг хараад, хэдэн ч маань тарни уншуулаад хийморь сүлд нь
сайжрахгүй л болов уу. Буддийн сургаaлиуд ч, сэтгэлзүйн шинжлэх ухаан ч тэр, ямар нэг далдын
хүч биш, харин хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ л аварна гээд байгаа. Монголд нэг шүүмжлүүштэй зүйл нь
цагаан сар хэт агуулгыг нь ойлгоогүй маань тарнид итгэсэн, хэт материалист, хэт консюмерист,
хэт дүр эсгэсэн баяр болчихсон санагддаг. Утга учрыг нь ойлгоогүй засал номууд хийлгэнэ,
ѳмсѳхгүй хувцсаар гоёно, идэхгүй хоолоор ширээ дүүргэнэ, хэрэггүй бэлэг солилцоно, агуулгагүй
яриа ѳрнүүлнэ. Яг үнэндээ золгосон нь ч, золгуулсан нь ч эцэж ядраад, хэн нь ч таатай мэдрэмжтэй
үлдэх нь бага ч юм шиг. Санхүүгийн хувьд ч үр ашиггүй. Яг утга учир нь юунд вэ?

Гэхдээ бусад хүнийг judge хийхгүй. Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв байх. 




Saturday, April 19, 2014

"Эх хэлгүй өсвөр үе"

"Эх хэлгүй өсвөр үе" гэдэг сэдвээр үндэсний телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт Монгол хэлний багш, доктор, профессор голдуу хүмүүс оролцож байхыг үзтэл дунд нь суугаад ярианд нь орох юмсан гээд нэлээн хэл загатналаа. Мэргэжлийн, туршлагтай хүмүүс хэрнээ л асуудлынхаа голыг олоогүй, нотолгоо тоо баримтгүй, цээжний пан-гаар голдуу гөрөөд байсан болохоор ер нь логик сэтгэлгээ муутай, шинжлэн дүгнэх чадвар султай хүмүүс хэлний салбар луу орчихдог юм болов уу ч гэж бодогдов...


Сэдвээс нь харахад ч ойлгомжтой болов уу, нэвтрүүлэгт оролцож буй хүмүүс ерөнхийдөө "одооны хүүхдүүд Монгол хэлээ мэдэхээ байлаа" гэдэгт санаа зовж явдгаа ярин, түүний шалтгаан, шийдэх аргын талаар хэлэлцүүлэг хийж байв. Харин тэдний яриад байгаа доорхи 3 гол зүйлтэй огт санал нийлсэнгүй.


Алдаа 1. Эх хэлгүй өсвөр үеийн шалтгаан: "Бага наснаасаа гадаад хэл үзээд эх хэлээ мэдэхгүй байна. Гадаад хэлийг 12 наснаас хойш үзэх хэрэгтэй."


Үүнтэй санал нийлэхийн тулд, (1)-т, Монгол хүүхдүүдийн дийлэнх хувь нь 12 наснаас эрт гадаад хэл үздэг, (2)-т, 12 наснаас эрт гадаад хэл үзвэл эх хэлээ муу сурдаг гэдэг 2 зүйлд итгэх хэрэг гарна. Харин энэ 2 маш эргэлзээтэй.


Нэгт, тэгж санаа зовохоор олон хүүхэд эх хэлээ марттал гадаад хэлийг заалгаад байгаа нь юу л бол, 5% хүрэх үү?

Хоёрт, 12 наснаас эрт өөр хэл сурахын сөрөг талуудын талаар ямар ч судалгаа нотолгоо дэлгэсэнгүй. Харин Монгол хэл бол амны хөндийг сайн хөгжүүлдэг хэл, бага насандаа өөр хэл сурахаар энэ боломжоо алддаг гэсэн нотолгоогүй, хагас тайлбар хийдэг юм байна. "Хэлийг багадаа сурах нь хурдан байдаг болохоор 2 хэлийг шингээж авахад асуудалгүй. Гадаад хэл сурснаас болж эх хэлээ сурахгүй байна гэх зүйлгүй" гэсэн хандлага байдаг гэж нэг эгч ярихад, --бид тэгж бодохгүй байна гэв. "Бид дэлхий нарыг биш, харин нар дэлхийг тойрдог гэж боддог, гүйцээ! " л гэж байна.


Бага наснаасаа гадаад оронд амьдарчихсан зарим хүмүүсийн хувьд тийм асуудал байдаг ч, эх орондоо амьдарч байгаа хүмүүс "гадаад хэл сурснаас болоод эх хэлээ мэдэхгүй байна" гэх нь зүгээр л алдаа.


2. Эх хэлгүй өсвөр үеийн шийдэл: "Уншихгүй бол болохгүй."

Тэгвэл бичиг үсэг дэлгэрээгүй, олонхи нь уншиж чаддаггүй байх үеийн Монголчууд эх хэлээ мэддэггүй байсан хэрэг үү? гэсэн асуулт гарч ирнэ...


Тэгээд бүгд бичиг үсэгтэй, дээр нь бүгд уншдаг болсон цагаас л эхлэн Монголчууд эх хэлээ мэддэг болно гэж бодоод байгаа энэ хүмүүсийн зөвлөгөөгөөр бол эх хэлээ сайн сурах гол арга нь классик зохиолууд унших юм гэнэ...


Сайн зүйл гаргахын тулд сайн зүйл оруулах хэрэгтэй болохоор уншихыг эсэргүүцэхгүй ч, хүүхдүүд өөрийн онцлог сонирхолдоо илүү таарсан зүйл уншаад, нийгэм, амьдралын тухай философи шахуу болсон байдаг хүнд хүнд классик бүтээлүүдийг ойлгохоор болсон цагтаа л уншвал илүү дээр санагддаг...


Уул нь бол эх орондоо төрж өссөн хүүхдүүд эх хэлээ хангалттай мэдэж байгаа, харин мэдсэнээ хэрхэн ашиглаж чадаж байна вэ? гэдэг бол өөр асуудал.


Алдаа 3. Сэдэв нь өөрөө: "Эх хэлгүй Монголын өсвөр үе"

Сэдвийн нэр ч яахав, олон хүний анхаарлыг татах гэсэн сэтгүүлчийн арга заль байх. Харин эх хэлээ мэдэхгүй байна гэж яг ямар асуудлыг хэлж байгааг мэргэжлийнхэн нь тодорхойлж чадалгүй мэтгэлцээн өрнүүлсэн нь асуудлын шалтгаан, шийдлийг зөв олж тогтооход хүндрэлтэй болгоод, дээрх шиг төөрсөн зүйлс ярихад хүргэсэн санагдана.


Уул нь асуудлыг жаахан задлаад үзвэл хэлийг мэдэхгүй байх нэг хэрэг, харилцааны арга хэрэгсэл гэдэг утгаар нь ашиглаж чадахгүй байх бас нэг өөр хэрэг гэдэг нь харагдана. Хэрэв бичиж чадахгүй байвал бичих арга техникт суралцаагүйнх, ярьж чадахгүй байна гэдэг ярих арга техникт суралцаагүйнх, харин эх хэлээ мэдэхгүй байна гэсэн үг бол биш.


Эцэст нь миний бодол: "Мэдэхгүй байгаа хэрэг биш, мэддэг зүйлсээ сайн ашиглаж чадахгүй байгаа хэрэг."


Хэл судлалын мэргэжилтэн энэ тэр биш ч нэгэнт ийм сэдэв эхлүүлснийх, энэ талаар бодож явдаг зүйлсээ бичмээр санагдав. Ер нь олонхи Монголчууд Монгол хэлийг эрдэмтэн шиг судалж, уран илтгэгч шиг ярьж, мэргэжлийн нийтлэлч, зохиолч шиг бичдэггүй ч (тийм боломж, шаардлага ч байхгүй) хангалттай түвшинд мэдэж байгаа, асуудалгүй гэж боддог. Харин ашиглалтын тал дээр сайжруулах зүйлс их бий гэж боддог.


Жишээ нь, бичихийн хувьд, зөв бичих дүрмийн алдаатай бичих нь орос сургуулийнхны л онцлог байх гэж бодож байтал монгол сургууль төгссөн оюутнуудын бие даалтын ажлыг "галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг" гээд уншдаггүй багштай их сургуульд тааралдаж байв. Харин ярианы хувьд гэвэл, асуусан асуулт ойлгодоггүй өөдөөс өөр зүйл яриад байдаг, ярьж байгаа зүйл нь дэл сул үгээр дүүрэн, логикгүй эсвэл үсчиж хадуураад хэлэх гэсэн зүйл нь ойлгомжгүй хүмүүс түгээмэл байдаг. Ярьж бичих ажил мэргэжил нь болсон сэтгүүлчид хүртэл зөв бичих дүрмийн алдаанаас эхлээд иймэрхүү алдаа гаргах нь бараг л ердийн үзэгдэл...


Ер нь дунд сургуульд бичих, ярих арга барил олигтой заадаггүй, үсэг дүрэм төдий заагаад л Монгол хэлний хичээл бараг болчихдог, харин их сургуульд нь дунд сургуульд заах ёстой зүйлийг энд заахгүй гээд Монгол хэлтэй холбоотой зүйлийг алгасчихдаг, ажил дээр гараад бүр мартагддаг нь эргээд ярьж бичихдээ дээрх алдаанууд их гаргадаг хүмүүс олон байдаг шалтгаан болдог байх. Уул нь элдэв чамин янзын баялаг үг хэллэг хэрэглэхээсээ, өөрийнхөө үгээр санаагаа эмх цэгцтэй бичиж, ярих чадварыг багаас нь эхлэн эзэмшүүлээд, цаашид нь улам хөгжүүлэн шат шатанд нь харилцааны үр дүнтэй арга барилуудыг эзэмшүүлээд явбал эх хэлээ мэдэхгүй байна энэ тэр гэсэн иймэрхүү харалган дүгнэлтүүд гарахгүй л болов уу...

Sunday, November 17, 2013

Хорвоо дэлхий уудам, ярих юм их байна--өөрчлөлт!



Ерөнхийлөгч маань "том төрийг ухаалаг төр болгоно" гээд бужигнуулж өгсөн бололтой. Төрд хамтран зүтгэгчдээ амралтын өдрөөр нь "оффис"-тоо дуудаж авчраад өөдөөсөө харуулан эгнүүлж суулгаж байгаад л "чадваргүй, үүргээ ойлгодоггүй, хяналтгүй, хуучнаасаа салаагүй, ашиг хонжоо хайгчид, дарлагчид" гэх мэт шүүмжилж өгч. Нөгөөдүүл нь ч нийтээрээ алга ташаад л...Санал нийлсэн? эсвэл чихээ бөглөчихсөн? Тэгээд энэ бүх асуудлыг шийдэхийн тулд хийх ёстой зүйлсийн талаар олон л санаа дэвшүүлж, мэдээж гоё гоё. Магадгүй хэт олон.

Ямартаа ч гарцаагүй өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн бололтой. Гэхдээ ингээд өөрчлөгдөх үү гэдэг...

Ярианд суусан хүмүүс дунд ингэж 1 дор тийм олон зүйлийг хүлээж авах нь хэд вэ, байлаа ч 1-дэхд ажилдаа очиход хуучин тогтолцоо шинэчлэгдэнэ гэдэг юу л бол... (Оронд нь өнөөдөр амарч өнжсөн бол ирэх 7 хоногт ажилдаа арай эрч хүчтэй очих байсан?). Эсвэл угаасаа асуудлыг шийдэхээсээ шоу хийх нь илүү чухал уу? ТВ-ээр ингээд сенсаци болгон үзүүлж байгаа нь хэлбэрдэлт биш, харин ирж амжаагүй бусад коллегүүдээ гэртээ үзэг гэснийх байлгүй дээ...

Шийдэх шийдэхгүй нь ч дүүрч, өөрчлөлт хэрэгтэй гэдгийг олж тогтоосон нь хамгийн чухал. Тэгэхээр "өөрчлөгдөх шаардлагатай энэ тогтолцоог ер нь хэн тогтоочихов оо?" гэдэг асуулт дагаад гарч ирнэ. Мөн үнэхээр өөрчлөлт хийгдэхийн тулд энэ тогтолцоог бүтээн босгосон хүмүүс нь өөрчлөгдөхгүйгээр өөрчлөлт бий болох уу гэдэг. Харин тэдгээр хүмүүс өөрчлөгдөж чадах уу? Эсвэл солигдох шаардлагатай юу?

Уул нь "коммунистууд" энэ тэр гэж эхлээд муулуулдаг өмнөх үеийн удирдагчид "өөрчлөлт хэрэгтэй болжээ" гэх үед "зөв" гээд дараа үеийнхэндээ байраа тавьж өгч байсан. Харин өөрчлөхөөр гарч ирсэн хүмүүс 20 гаран жил удирдсны эцэст бүтэхгүй тогтолцоог бий болгочихоод "өөрчлөлт хийх цаг нь болжээ" гэдэг дүгнэлтэнд албан ёсоор хүрлээ. Гэхдээ байраа тавьж өгнө ч гэж байхгүй байх л даа...

Гэсэн ч өөрчлөлтийн тухай ярьж байна гэдэг ярихгүй байхаас дээр. Харин олон зүйлийг хийнэ гэж гоё ярих, эсвэл ТВ-ээр сенсаци болгохын оронд 1 ч гэсэн зүйлийг хийчихээд үр дүнг нь тайлагнадаг бол өөрчлөлт бодитоор бас илүү хурдан ирэх байх.

-----------------------------------------------------------------

Санаа дэвшүүлэнгээ шүүмжил гэдэг, эцэст нь том төрийг ухаалаг төр болгох талаар өөрийн бодлоо хэлвэл, нэг их олоз зүйл биш доорхи 3 зүйлийг л хамгийн түрүүнд хийвэл болчих юм шиг санагдаж байна. (энэ их сонин өгүүлбэр болчихлоо kk)

1. Төрийн албан хаагч болох шалгуур өндөр, цалин өндөр болгох.

Энэ нь чадваргүй хүмүүс төрд найраагаар ордгийг зогсоож , харин чадвартай хүмүүс мөнгөнд санаа зоволгүйгээр шударгаар ажлаа хийх нөхцөл болох байх. Цалин нь амьдралд нь хүрэхгүй болохоор эрх мэдлээ ашиглаж амьжиргаагаа залгуулах, чадваргүй хүмүүс эрх мэдэлд хүрэх гэж төрд найраагаар орох гэх мэт үзэгдлүүдийг үндсэнд нь арилгахад шалгуур, цалин 2 нэлээд чухал байх.

(Хөгжсөн орнуудын жишгээр бол төрийн албан хаагчийн шалгалт нь шилдэг сургуулийн толгойтой оюутнууд нь л давж гардаг маш өндөр босготой байдаг. Дээр нь төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмж нь xувийн секторын дунджаас өндөр байдаг болохоор сайн хүмүүс ч цалинг асуудал болгохгүй төрийн албанд үргжэлжлүүлэн зүтгэх нөхцөл болдог.)

2. Улстөр, мэргэжлийн ажлыг ялгаж салгах.
Эрх баригч нам солигдоод л байгууллагаараа өөрчлөгддөг эсвэл АН МАН аараа талцаад ажлаа хийдэггүй биш, зөвхөн улстөрийн албан тушаалтнууд нь солигдоод мэргэжилтнүүд нь санаа зовох юмгүй урдах юмаа хийгээд явдаг болох.

3. Эдийн засагтаа нэмэр болохгүй гэхэд гай болдоггүй байх.
Төр нь баарны ажиллах цагаас эхлээд төмөр зам, Оюутолгойн хөрөнгө оруулалт хүртэл оролцохгүй юм байхгүй, тэгээд ихэнхдээ буруу зүйл хийгээд тэрийгээ эргэж засах гэж мунгинах хооронд цаг хугацаа, мөнгө, боломжууд алддаг байдлыг зогсоох.

Зөв үү?

Friday, September 20, 2013

Уналтын сайн тал


Төгрөгийн ханш уналаа л гэнэ, төсвийн алдагдал ихэслээ л гэнэ, эдийн засаг уналаа л гэнэ. Гэхдээ миний бодлоор энэ бол асуудал биш, харин сайн зүйл. Учир нь иймэрхүү цочрол нь жинхэнэ хямралаа олж харахад тус болох сануулга болох болохоор.

Ер нь бол иймэрхүү түр зуурын өсөлт уналтууд нь тухайн үедээ хүнд тусч магадгүй ч урт хугацаанд бол нэг их санаа зовох зүйл биш. Бүр эвгүйтэх гээд байвал хэн нэгэн дарга сайдыг солих, эсвэл хууль дүрмээ өөрчилж засах, зээл тусламж аваад ч юм уу шийдэх арга олдож л таараа (ойрд ер нь тэгж л эхэлж л байх шиг байна). Тэгээд экспорт, гадны хөрөнгө оруулалт өөр юу байдаг юм, асуудал үүсгэх гээд байгаа зүйлүүд нь байсан байрандаа очоод эдийн засаг яваандаа тогтворжих байх. Асуудалгүй (гэж найдаж байна...).

Харин жинхэнэ санаа зовох ёстой, асуудал болгох ёстой зүйл бол бидний сэтгэхүй. Хөгжил, сайхан амьдралыг хэтэрхий амархнаар төсөөлдөг тэр сэтгэхүй. Хоосон ам, хийлсэн цээжээ өөрчилье гэж боддоггүй тэр сэтгэхүй.

Уул нь бидний араас нь очих гэж хүсээд байгаа хөгжсөн гэгддэг орнууд дотор амархан замаар явсан улс нэг ч байхгүй. Амархан л байсан бол дэлхийн 200 гаруй орноос 10 хуруунд багтах хэдхэн улс хөгжилд хүрээд, үлдсэн олонхи нь мань мэт (зарим нь арай гайгүй) шиг төөрч будилж явахгүй л байсан байх. Ер нь бол хөгжлийн түлхүүр газар доорхи баялаг, гадагш нь зардаг бараа, гаднаас оруулж ирдэг доллар ч юм уу эсвэл тогтвортой валютийн ханшийн аль нь ч биш. Тийм ч амархан биш.

Харин цэвэрлэгчээс дарга нь хүртэл хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар яс хийдэг тэр сэтгэхүй. Хэдэн сая хүн цугласан хотуудад 24/7/365 цаг баялгийг бүтээж байдаг тэр хэмнэл. Шөнө нь шоудаж, зун нь наадамлаж, хагас бүтэн сайнд зугаалга архидалтаас гадна бас тогтмол ажил өрнөж л байдаг тийм амьдралын хэв маяг. Заримдаа хөгжил, сайхан амьдралд хүрнэ гэхээсээ хэдэн үеээрээ тэрнийхээ боол нь болж хариуцлагад дөнгөлүүлсэн мэт харагддаг тийм л тогтолцооны үр дүнд хөгжсөн байдаг. (Гэхдээ бас ийм амархан ч биш, эдгээр нь хөгжлийн түлхүүр гэхээсээ хөгжилд хүрэх хамгийн наад захын зүйл гэх нь илүү оновчтой байх)

Харин 1 шөнө ширээний ард сууж хонох, 1 бүтэн ном уншиж үзээгүй  оюутнууд, өдөржин цаг нөхцөөж SNS эргүүлдэж суудаг ажилтан албан хаагчид, өмнө нь гаргасан буруу шийдвэрээ л эргэж буцаж засч суудаг бодлого боловсруулагчид хөгжилд амархан хүрнэ гэж бардам боддог тэр сэтгэхүй бол жинхэнэ хямрал. Энэ сэтгэхүйнээсээ салаагүй цагт, "Андуураад байна аа та нар, Тийм ч амархан биш шүү!" гээд сэрүүн зүүднээс нь сэрээж өгөх иймэрхүү цочрол энэ улсад үе үе хэрэгтэй байх...

Tuesday, June 12, 2012

WE CARE!


4 жилд 1 удаа 1 л өдөр улстөржих муугүй байх л даа, гэхдээ дэмждэг нам байхгүй болохоор даан ч чадахгүй юм...

...Багадаа уул нь сонгуульд дуртай хүүхэд байсан юм. Эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгдөг байсан маань их л сонирхолтой санагддаг байв. Хөдөө сонгууль болохоор залуучууд нь төв руу морь эсвэл унаагаар өөрсдөө очиж саналаа өгдөг, харин өндөр настнуудын саналыг тусгай  томилсон хүмүүс гэрт нь очиж авна. Эмээ маань сургуульд суугаагүй, бичиг үсэг сайн чаддаг зүйл нь биш байсан болохоор би "туслах" нь болдог байсан хэрэг л дээ. Санал авах хүмүүсийг ирэхэд сонгох нэр дэвшигчийнхээ нэрийг чихэнд хэлчихнэ. Тэгээд үлдсэн ажлыг нь надад даалгачихна. Энэ нь  9 настай жаалд тухайн үед их л сонирхолтой ажил байлаа. Уул нь насанд хүрээгүй хүүхдийг итгэмжлэх нь хууль дүрэмдээ болдог ч байсан юмуу гэж гайхдаг юм, ямартаа ч одоо эргээд бодохоор бага насны сайхан дурсамжуудын маань нэг болон үлдэж.

Харин арай том болоход улстөр, сонгууль гэх мэт зүйлд аяндаа сонирхол татагдахаа байв. 10 жилд ангийнхан, найзууд улстөр, нам энэ тэр ярихаар утгагүй санагдаад ярианд огт оролцохгүй. Товчxондоо, 16 настай пацан-уудын хэрээс хэтэрсэн зүйл, улсын ирээдүйг шийдчих болоогүй гэж бодоод math-ийн даалгавар ч юм уу, бөмбөг нүдэх гэх мэт өөрийнхөө зүйлийг хийхэд л анхаарлаа төвлөрүүлдэг байв.

Их сургуульд ороход байдал сайжирсангүй. Сонгууль гэхээр ялгаагүй л худалч намууд, хуурамч хүмүүс ялж ялагдаж, хольж солигдож байдаг, ер нь улстөр онцын ач холбогдолгүй зүйл гэдэг ойлголттой болчихсон байсан. Тэгсэн хэрнээ ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр сонгуулийн насанд хүрч, анх удаа өөрийнхөө сонгосон хүнийг дугуйлах нь сонирхолтой санагдаад ч тэр үү,саналаа өглөө. Гэтэл сонгосон дэвшигч (Жагаа!) маань ер нь өөр хүний санал авсан ч юмуу гэмээр навс ялагдаж, сонгуульд "ганц миний санал ер нь байсан байгаагүй хамаагүй юм биш үү" гэдгийг бодитоор ойлгуулав.

Тэгээд удаа ч үгүй гадагш явж сурахаар болж хилийн дээс алхлаа. Түүнээс хойш урдах хичээл, ажил, хобби гэх мэт өдөр тутам зууралддаг зүйлсдээ түүртэж явсаар дараа дараагийн сонгуулиудыг сонирхсон ч үгүй. Харин нэг л  зун шалгалтууд ойртчихсон номын санд сууж байгаад "Улаанбаатарт танк орж ирлээ" ч гэх шиг сонин мэдээ сонслоо.  Удаа ч үгүй  "7 сарын 1 болчихлоо" гээд гадаадын сонины бараг эхний нүүрэн дээрээс уншлуу даа. Түүнээс хойш ер нь гадны бүхий л том хэвлэлүүдээр  Minegolia, Pollution, Visit, Nuclear Petition гэх мэт keyword-той  Монголын тухай мэдээ байсхийгээд л гардаг болов.

Нутагтаа байхад л Монгол, Монгол гээд яриад байдаг ч гараад явахаар хэн ч мэддэггүй жижигхэн орныг маань дэлхийн нэртэй мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа аван байн байн бичээд эхлэхээр ер нь юу болоод гээд байна, юу болох гээд байна гэдэгт илүү татагддаг юм байна. Гэхдээ тэглээ гээд гэнэт улстөр, сонгуульд сонирхолтой болчихсон юм байхгүй л дээ. Сонгуулийн хувьд, сонирхол хамаагүй, зүгээр улсынхаа ирээдүйг шийдэхэд хувь нэмэр оруулах нэг үүрэг, хийх ёстой зүйл гэдэг утгаар нь илүү хүлээж авдаг болсон байх...

Товч намтар маань нэг ийм. Одоо гол ажилдаа оръё.

Уржигдар саналаа өгөх гээд Токиод байдаг ЭСЯ дээр очтол өөр хийх ажилгүй юм шиг дэмий зүйлд цагаа үрсэн "IQ муутай" 50 нөхрийн нэг болж таарлаа. Гадаадад суугаа иргэд саналаа өгөх боломжтой болсон ч
・өөрт ч ашиггүй, үр дүн ч гарахгүй зүйл,
・4 жилд 1 удаа Weekend-ээр явах ирэх цагтайгаа нийлээд  1-3 цагийн зав гаргачих хүн ч цөөхөн,
 гэдгийг IQ муугаас ч болсон уу, багад суусан "хөдөөний сэтгэхүй"-гээс ч болсон уу, ойлгоогүй байж. Бодвол хэзээ ч унтдаггүй, хэзээ ч амардаггүй дэлхийд хамгийн том эдийн засаг эргэлддэг хотод амьдарна гэдэг дэмий зүйлд 1 минут ч үрээд байх боломжгүй, ер нь амаргүй байдаг биз. Хээр талд хөл нүцгэн шилбүүрийн мод унан өсч, эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгөх өдрийг хэд хоногийн өмнөөс тоолон хүлээдэг байсан жаал ер нь яаж ч ойлгох билээ...

Ажил амралт, сургууль соёл, ар гэр хувийн амьдрал гээд өнөөдрийн аз жаргалд шууд нөлөөлөх ач холбогдол өндөр зүйлүүд өчнөөн байхад politics гэдэг маргаашийн тухай хоосон ярьдаг crap-д цагаа үрэх хэрэг ч үгүй биз. Тэртэй тэргүй саналаа өгөх механизм нь ч зөв ч юм уу буруу ч юмуу, зөв байлаа ч олигтой сонголт байгаа ч юм уу (ер нь өмнө нь байсан юм уу?), байлаа ч миний санал нөлөөлөх ч үгүй. Саналаа өглөө ч ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй. Ийм л байсан, ийм ч байх болно. Хэрэв хүн бүр ингэж бодвол.

Тийм болохоор өнөөдөр үр дүнгүй байлаа ч маргааш үр дүн гаргахын тулд бага ч гэсэн WE CARE гэдгээ өнөөдөр л харуулах нь зөв юм болов уу гэж санагдаад байгаа юм. Саяны сонгуульд оролцсон 2000 хүний санал ч, нийт оролцохоор бүртгүүлсэн 4000 хүний санал ч, шинэчэлсэн бүртгэлд хамрагдсан 30 мянган хүний санал ч, бүр дэлхийн эргэн тойронд байх 100 гаруй мянган Монгол иргэдийн бүгдийнх нь санал байлаа ч ямар нэг зүйлийг өөрчлөх үү гэвэл, магадгүй үгүй л байх л даа.

Гэхдээ 10 гаруйхан хоногийн дараа нутагтаа сонгууль өгөх бусад Монголчууд маань интернет, телевизээр хараад сууж байна, өнгөрсөн бүтэн сайн өдрийн сонгуулийн санал асуулгын үр дүнг олж харах л байх. Тэгэхээр дараа санал өгөх хүмүүст нэг юм бодогдуулах дохио, магадгүй шийдвэрт нь нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй гэж үү?  Ер нь өгсөн санал маань биднийг улстөрөөс цөхрөөсөн зүйлийг шууд өөрчлөх хүчгүй ч, үр дүн нь дараа нь санал өгөх  бусад хүмүүст ямар нэг нөлөө үзүүлэх л байх...

50 ч биш, 2000 ч биш, 30 мянга ч биш, 100 мянга ч биш, 2 сая хүн WE CARE гээд 4 жилд 1 удаа амралтын өдрийн 2 цагаа зориулвал ирээдүйг ч биш, одоог ч өөрчлөх боломжтой гэж бодогдох юм. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй л байх л даа. Соёлтой газар боловсрогдоод боловсрогдоод бас л 9 настай хөдөөний жаалын сэтгэхүйдээ хөтлөгдөөд байх шиг байна би...

Thursday, September 8, 2011

Оюутнууд ба Японы ирээдүй

Shibuya. Оройн 9 цаг. Хөл хөдөлгөөн дүүрэн. Tokyo Drift, Lost in Translation-ы зарим scene дээр гардаг дүр төрх: анивчин солигдох рекламны гэрлүүд, дэлгүүрүүдийн хөгжим, зочин хайсан уушийн газрын ажилчдын орилох чанга дуу...Гэхдээ тэнд буцалж буй мэт эрч хүчийг мэдрүүлэх хамгийн гол зүйл нь сүүлийн загвараар гоён өөртөө итгэлтэй алхах залуус. Хажуугаар холхих мянга мянган хүний дунд зогсоод тал тал тийш хараад нэг үзээрэй...

Shibuya-д алхахад Япон эрч хүчээр дүүрэн залуусын орон мэт санагдана. Хүүхэд цөөрөөд, хөгшчүүл нь ихсээд, өсөлт нь удаашраад зах зээл нь агшиж, үйлдвэрүүд нь ч бизнесүүд ч гадагш гарах болсон хөгжлийнхөө оргилоос бууж яваа хөгшин орон гэсэн сэтгэгдэл яагаад ч төрөхгүй. Хаашаа л харна бөөн эрч хүч.

Энэ их эрч хүч их сургуулиудын кампуст ч бас байдаг байсан бол Япон орон ирээдүйнхээ талаар санаа зовох зүйлгүй байх байсан байх.

Гэтэл 127 сая хүнтэй энэ орны сор нь болсон оюутан залуусаас өндөр хүсэл тэмүүлэл, эрч хүчийг олж харах хэцүү. Лекц дээрээ унтана, хичээл дээрээ идэвхигүй. Цагийн ажил, клуб дугуйлангаар ихэнх цагаа нөхцөөнө. Мэдээж ийм зүйлсээс ч сурах зүйл бий л дээ. Гэхдээ хамгийн гол нь ирээдүйд том амбиц байхгүй. Төгсөөд аль нэг байр сууриа олсон тогтвортой том компанид ороод тэндээ насыг барах л ирээдүйн зорилго нь гэлтэй. Тэгээд тэр газраа олох гэж ид гялалздаг оюутан насныхаа бараг л бүтэн 1 жилийг зарцуулна.

Японы том фирмүүд хэдэн арав, зуун мянган ажилчинтай нүсэр пирамид бас efficient bureaucracy.
Тэд хүнийг яг л цагийн хуваарьтай ажлын машин болгоно. Төгс робот болгон хувиргахад амбицгүй оюутнууд ч яг тохирдог. Хэлсэн зүйлсийг яг таг ном ёсоор нь гүйцэтгэдэг, хийх зүйлээ боловсруулах чадварууд хэр байна гэх мэт роботод хэрэгтэй чадваруудыг нь шалгаж байгаад авчихна. Тэгээд сургана, тэгээд л ажилдаа...Ихэнх хүний хувьд пирамидын дороос эхлээд талд нь очоогүй байхад амьдрал нь дуусаа.

Эдгээр том фирмүүд улсынхаа эдийн засгаа хөдөлгөгч гол хөдөлгүүр нь болсоор ирсэн л дээ. Гэхдээ тэд дэлхийг өөрчлөгч innovator гэхээсээ илүү нэг зүйлийг удаан нухацтай, нямбай хийдэг Япон хүний чанарын илрэл болж цаг хугацааны явцад тус тусын салбартаа дэлхийд тэргүүлэгчид болж гарч ирсэн байх нь олон. Та бидний сайн мэдэх үйлдвэрлэгчид Toyota, Sony...бүгд л тийм. Үйлчилгээний салбарт ч төстэй зүйл ажиглагдана. Lehman shock-оос үүдэлтэй хямралд Японы санхүүгийн байгууллагууд харьцангуй бага хохирол амссан нь ч санамсаргүй тохиолдол биш...

Харин одоо эдгээр фирмүүд ирээдүйд өрсөлдөх чадвартаа санаа зовцгоож байна. Дэлхийд тэргүүлэх байр сууриа ч түрүүчээсээ алдаж эхлээд байна. Япон улс ирээдүйдээ санаа зовж байна. Энэ нь заавал муу гэсэн үг биш л дээ. Сул талаа олж харан шийдэх аргыг хайж буй нь сайн хэрэг.

Гэхдээ гарах гарц харагдахгүй л байна. Их сургуулиудын кампуст байдаг эрч хүчийг сэлбэхгүйгээр...

Wednesday, February 24, 2010

The World is Flat


Глобалчлал гэхээр NYTimes-ийн нийтлэлч Фридманы The World is Flat санаанд орох байх.

Дэлхийн олон орноос "халуун цэг" дээрээс нь бодит байдлыг сурвалжилж, янз бүрийн салбарын том жижиг компаниудын CEO, менежерүүдтэй хийсэн яриа, тэдний комментүүдыг эвлүүлж ярих Фридманы гайхалтай хүүрнэх чадвар номыг үнэхээр сонирхолтой болгоно.
Тэгээд мэдээж хамгийн чухал нь маш sexy нэрний сонголт--The World is Flat.

The World is Flat уншихад нүд нээлгэсэн ном шиг санагдаж магадгүй ч бас НО-нуудтай. Ном зах зээл дээр өндөр үнэлэгдсэн хэрнээ, академик хүрээнд нэлээд шүүмжлэгддэг. Шалтгаан нь topic (globalization)-ий талаарх судлаачдын хийсэн ажлуудтай танилцалгүй бичигдсэнтэй нь холбоотой. Ялангуяа эдийн засагчдын шүүмжлэлд (жишээ нь) нэлээд өртсөн байдаг. (The World is Flat? гэдэг ном хүртэл гарсан )

Фридманаас хавьгүй дээр санаанууд гаргасан эдийн засагчдын бүтээлүүд хэвлэгдэхээрээ төдийлөн масс уншигчдад үнэлэгддэггүйд эдийн засагчид нэлээд бухимддаг байх л даа. ( ер нь яаж ч бодсон сонирхолтой бичих аргыг сэтгүүлч хүн ямар нэг Ph.D-ээс илүү мэдэх нь тодорхой )

Ном нэлээд Америк төвтэй бичигдсэн ба (Глобалчлалын тухай бүх л номнуудын адил) , BRIC-ээр төлөөлүүлээд (ихэвчлэн Хятад, Энэтхэг) хөгжиж буй орнуудад компьютер, интернет г.м технологийн хувьслаас хойш юу болоод байгааг голдуу supply chain талаас нь тоймлон харуулдаг. Фридман ингэхдээ Microsoft, Google, Аpple г.м tech giant-ууд, Dell шиг үйлдвэрлэгч, Amazon, IBM, UPS мэтийн service лидерүүдээс гадна, Энэтхэг дэх outsourcing копаниуд болон Cambodia-ийн нэг жижиг компани, эсвэл гэртээ сууж байгаа нэг танил нь тэр supply chain-ий бүтцэд хэрхэн багтаж, энэ бүхэн нийлээд дэлхийг дамжсан нэг том сүлжээ хэрхэн бий болж байгааг нэлээд ойлгомжтой тайлбарлана. Монголын IT-ийнхан ч энэ сүлжээнд орохоор зөвлөгөө хайж байгаа талаар номонд гардаг (1 л өгүүлбэр).

Фридман Unflat world буюу дээрх сүлжээнд орж амжаагүй орнууд болон, глобалчлалын нэг том саад болох улс төрийн асуудлуудыг ч орхиогүй ба ерөнхийдөө Африк, Арабын хэдэн орнуудаар төлөөлүүлээд бичсэн байдаг. Мөн энэ зууны нэг том асуудал болох дэлхийн дулаарлын (энэ талаар Hot, Flat and Crowded номондоо илүү дэлгэрэнгүй бичсэн) талаар ч марталгүй бичсэн ба, уул нь нэлээд цогц бүтээл хийхээр зорьсон санагдах байх.

Хэдийгээр номон дахь бүх мэдээ, тоо баримт үнэн ч, өнөөгийн байдлыг тайлбарлахдаа зарим нэг мэдэх ёстой зүйлсийг орхигдуулсан(жишээ нь боловсролын талаар) эсвэл зарим нэг дэвшүүлсэн санаанууд дотор нь эрдэмтдийн (эдийн засагчдын) нүдээр харахад "болоогүй" зүйлс нэлээд байгаатай холбоотой. Өөрөөр хэлвэл Фридманы зогсоосон давхруудад л "лифт зогсож", зогссон тэр давхруудаас л уншигчид "байшингийн доторхыг" хараад байна гэсэн үг. (Тэгээд Bill Gates гм хүмүүсийн яриа ороод ирэхээр Фридманд итгэж эхэлнэ.)

Иймд The World is Flat-ийг сонирхолтой experience болгож уншихад гэмгүй ч, глобалчлалын талаар юу уншихаа шийдээгүй бол өмнөх гаргасан жагсаалт дахь бусад номоос сонголт хийсэн нь дээр.


PS:
Фридманы 1999 онд хэвлүүлсэн The Lexus and Olive Tree тэр үедээ глобалчлалын талаар шинэлэг асууудлууд дэвшүүлсэн бүтээл байсан.
Тэр асуудлуудаа цааш дэлгэрүүлэх гэсэн оролдого нь The World is Flat гэдгээ
номныхоо сүүлд тэмдэглэсэн байдаг. Хэрэв унших бол 2007 онд хэвлэгдсэн хамгийн сүүлийн хувилбар The World is Flat 3.0 нь recommended.
(2004 онд original, 2005 онд updated and expanded хувилбар нь гарсан. )

Sunday, January 18, 2009

Filters

Семестерийн төгсгөл ойртоод жаахан номын санд сууя гэж бодсон чинь элсэлтийн ерөнхий шалгалт(Боловсролын яамнаас их сургуульд элсэгчдээс авдаг нэгдсэн шалгалт ) авна гээд 2 өдөр сургууль хаагдчихав. Жил бүр орон даяар бүх их сургуулиуд дээр цэрэг цагдаа болсон нэлээд сүртэй юм болдог юм .

Хэр сайн өгснөөс нь хамаараад аль их сургуульд шалгалт өгөх нь тодорхой болдог болохоор нөхдүүд ч 1,2 жилийн өмнөөс хичээлээс гадуур тусгай шалгалтад бэлддэг төлбөртэй сургуулиудад амралтын өдөр, оройн цагаар яван бэлтгэлийг жин тан болгоно. Нэг хэсэг 5 цаг унтвал тэнцэхгүй, 4 цаг унтвал тэнцэнэ гэж яригддаг байсан ч шалгалтдаа өөрчлөлт оруулсны дараа арай гайгүй болсон гэгддэг. Яах гэж хүнийг ингэж зовоодгийг нь бас сайн ойлгодоггүй л юм...

Уул нь чадвартай нөхдүүдийг их сургууль руу илгээх л зорилготой байх л даа. Гэхдээ цөөн хэдэн нөхдийг эс тооцвол их сургуульд орсон хойноо тэр заагаад байгаа мундаг зүйлүүдийг нь шингээж авах сонирхолтой хүн бараг байхгүй. Харин хичээлээс гадуур зүйлд л илүү анхаарлаа хандуулна даа. Учир нь дараагийн шатанд буюу ажилд ороход шаардагдах зүйлс тэс өөр.

Ажил олгогч компаниуд тухайн оюутан хичээл ном хэр их хийсэн ,бүр ямар мэргэжилтэйг нь ч нэг их хамаарахгүй.Академик мэдлэг гэхээсээ илүү тухайн ажилд тохирох хүн мөн үү гэдгийг л илүү чухалчилдаг юм шиг. Хайж байсан хүн нь мөн байвал мэдэхгүй ч байсан сургаад л авчихна гэсэн бодлоготой. Хэдэн сая хүн дотроос ажиллах хүчээ сонгохдоо хэнийг нь ямар вэ гээд нэг нэгээр нь ялгаад сууж байх боломжгүй тул их сургуулийг яамнаас хүмүүсийг чадвараар нь сортлоод өгчихсөн бэлэн ангилал болгож л ашигладаг гэхэд хол зөрөхгүй байх.Массаар нь бодоод, сурагчид дээд хэмжээгээрээ хичээгээд хичээгээд хүрсэн түвшингээрээ л их сургуулиудад хуваарилагдан орох тул тэр сургуульд ийм түвшний нөхдүүд байж байгаа гээд дүгнэчихэж байгаа хэрэг.

Харин хувь хүмүүсийн хувьд авч үзвэл хамгийн сайн тогтолцоо гэж хэлэхэд хэцүү. Япончууд уул нь шинэ залуу үеээ илүү нээлттэй, нэг зүйлд баригдаагүй, бүтээлч сэтгэлгээтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ гээд зөндөө л ярьдаг юм.
Гэхдээ их сургуулиуд зөвхөн мэдлэгээр нь шалгаж оюутнуудаа элсүүлдэг болохоор чадсан ч чадаагүй ч сайн сургуульд орохын төлөө л хичээл хийсээр байгаад нийгмээсээ жаахан тасарчихсан, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хувь хүн талаас нь авч үзэхэд жаахан ойлгомжгүй зүгээр шалгалтын том системийн нэг эрэг шрүп л болчихсон хүмүүс цөөнгүй юм шиг...

Мэдээж эдгээр ярьсан зүйлүүд массыг хамарсан ерөнхий зүйлүүд болохоор бүгд үүнд хамаарна гэвэл өрөөсгөл болчихно л доо.Гэхдээ яах аргагүй тогтчихсон байгаа энэ систем компаниудаас өөр хэнд ашигтай вэ гэдэг бодох л зүйл болов уу.

Friday, July 11, 2008

Үр дүн???

Чийгтэй агаар, хурц нарны ачаар саунд сууж байгаа мэт санагдуулах Японы бүгчим халуун зун байх суух газар олдохгүй бэрх. Удахгүй эхний семестерийн шалгалтууд эхлэх гэж байгааг илтгэн сул суудлууд нь цөөрсөн сургуулийн номын санд ч Кёото Протоколийн С02-ийн ялгаруулалтыг 6% аар багасгах зорилтыг биелүүлэхэд хүчин зүтгэх үүднээс эрчим хүчээ хэмнээд том том air conditoner-аа "зохих ёс"-оор нь ажиллуулахгүй...

Энэ хооронд Монголд иргэний дайн шахуу юм болж, Дэлхийд Oil shock 3 эхэлж өнгөрсөн жил $70 байсан 1 барэл нефть удахгүй 200$ хүрэх юм байх. Толгойтой болгон санаа зовж , Монголд 4 хоног онц байдал заралж, Хоккайдод ИХ 8 ийн удирдагчид 3 хоног хуралдаад , олигтой үр дүнгүй нам жим болох шиг боллоо.

4 жил хуримтлагдсан гэх нөгөө их ард түмний бухимдлыг 4 өдөрт МҮТВ "угаагаад" амархаан арилгачихав. Эсвэл ямартаа ч Наадам өнгөрөхийг хүлээсэн бололотой... Дулаарлаас болж сөнөх гэж буй дэлхий, АНУ-ын хямралаас болж уналтад орсон дэлхийн эдийн засаг, нефтээс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гээд мундаг асуудлууд шийдэх гээд цугласан ИХ8 ийн лидерүүд $600 саяаар 3 хоног "шоу"-даад тарав. Эдийн засгийн асуудлуудаас ч болсон уу , СО2-г багасгах дунд хугацааны зорилт тогтоох ажил болон Хятад , Энэтхэгийг "панаалдах" ажлыг чадсангүй, Фукуда "шившиг" болов. 6 сарын дараах АНУ-ын сонгууль өнгөрөхийг хүлээсэн ч байж магад...

Монголд ардчилал устаад, бензингүй болоод хөгжсөн орнууд дампуураад, хоолгүй болоод хөгжиж буй орнууд ... дулаарлаас болоод дэлхий ...
Ядахдаа Кёото Протоколийн зорилтыг нь хангах гээд номын сандаа халууцаад л сууж байхаас...Гэхдээ л том том дэлгүүрүүдийн задгай хөргөгчнүүдийг битүүл гэж хэлэхийн оронд сургуулийнхаа номын санг "халааж" байдаг манай захирал ч гэж захирал...


Tuesday, May 13, 2008

5月病

"5 сарын өвчнөөр" өвчлөгсөд энэ жил надаас авхуулаад нэлээд олон байх шиг. Голден вийкийн цуврал амралтуудын ачаар ойрын хэд хоног эхний цагууд дээр ирц бараг л тал хүртлээ цөөрөн, азаар харин үдийн завсарлагаанаар сургуулийн кафетериудад үүсдэг урт дараалал багасчихаж. Уул нь шинээр элсэгчдэд л хүчтэй нөлөөлдөг гэгддэг энэ "өвчин" хөгшин залүүгүй хэн хүнд халдварлаж, хаврын амралт, сакураны улирлаас ангижраад шинэ семестерийн хичээлүүддээ бүртүүлэн овоо нэг оюутан төрхөндөө орох гэж ядаж байсан сэтгэл санааг назгайруулаад хаячихдаг бололтой. Ойрд нэг тогтож суугаад юм хийх сонирхол бүр төрсөнгүй ээ.

Ер нь борооны улирлын өмнөх 5 сарын нартай хэдэн өдрүүдэд ч гэлтгүй Японд иймэрхүү назгай байдал оюутны амьдралд нэлээд их юм шиг. "Амьдралд тохиох зуны амралт" гэж нэрлэгдэх оюутан цагт л "гараа дээшээ өргөөд дураараа цэнгэ" зарчим мода-нд орчихдог бололтой. Цаашид мэргэших семинар сонгоход тус болох зорилгоор зохиогддог дээд курсын оюутнууд өөрсд өөрсдийн семинарынхаа онцлогийг тайлбарладаг танилцуулганы үеээр хэр их уухаар явдаг, хөөрхөн охидууд хэр олонтой гээд юун яасан мэргэжлийн хичээлийн танилцуулга болдог байгаа. Гэхдээ номын санд байнга сууж байдаг хичээлийн маньякууд байдаг ч xичээл хүндтэй байгалийнхан , эсвэл нэг түвшин тогтоох шалгалтанд бэлдэх гээд гэгээртлээ сууж байгаа гарууд л ихэнх хувийг нь эзэлчихдэг юм шиг ээ. Нийгмийн оюутнуудын олонхынх нь хувьд бол цагийн ажил, клуб дугуйлан, шоу, лекцэн дээр зүүрмэглэсэн цагийг нэмэхэд хичээл хийсэн цагаас нь хавьгүй даваад явчих байх. Би ч гэсэн назгай байдлаасаа гарч мэргэжлийн хичээлүүдээ хүндрэхээс нь өмнө хоцрогдлоо нөхөхгүй бол шалгалтын өмнө уйлах хэрэг гарч магадгүй нь...

Monday, September 10, 2007

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт

Хуучин нийгэм шинээр солигдож, хувьсгал гарсны дараа хардалт сэрдэлт, баривчилгаа цагдалгаа, тэр ч бүү хэл алан хядлага явагддаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай хувьсгалуудын нэг Францийн 1789 оны хувьсгалын дараа "Reign of Terror" гэгдэх аймшигт хядлагын үе эхэлж 10 сарын дотор 40000 орчим хүнийг хороосон байдаг. 1917 онд Орост гарсан 2 хувьсгал амжилтанд хүрч шинэ нийгмийг байгуулж чадсан ч харамсалтай нь Францийн түүх дахин давтагдсан . Нацистудын эсрэг эх орны дайн эхлэх үед л "эсэргүү" гээд устгачихсан цэргийн зүтгэлтүүдээ их үгүйлсэн гэдэг.

Манай улс ч энэ гашуун түүхийг тойрсонгүй, дайраад л ирж. Өнөөдрөөс яг 70 жилийн өмнө хэдэн мянган(36000 орчим) хүний амийг авч одсон, гол төлөв тэр үейин сэхээтнүүд рүү чиглэсэн Их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрч байжээ. "Эсэргүүний" гэх тодотгол зүүж явсан тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд, цаашилбал монгол улсын хөгжил дэвшилд энэ нь ямар их гай зовлон, хор хохирол авчирсан бол...Цөөхөн хүн амтай монгол оронд бараг л хүн бүрийн төрөл төрөгсдөөс энэ эмгэнэлт явдлын золиос болсон хүн бий гэж хэлж болохоор.

Өдгөө энэ нэгэн түүхийн хуудас болон үлдэж, жил бүрийн 9 сарын 10 өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарлаж хэлмэгдэгсдийн музей, хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр ач нартай уулзаж, хүндэтгэл үзүүлдэг болжээ. Нэгэнт болсон зүйлийг өөрчлөх аргагүй ч ийм түүх байсан юм шүү гэж үейин үед санаж явахад л гол учир утга нь байгаа гэх . Харамсалтай нь сонгууль ойртчихоод ч тэр үү хүндэтгэлийн арга хэмжээ гэхээсээ илүү улс төрийн шоу болгочихсон мэт харагдах юм.

Өнөөгийн соёлт нийгэмд арай ч хэдэн мянгаар нь хомроголон устгах тийм явдал гарахгүй гэдэгт итгэнэ. Гэхдээ хэлбэр нь өөр л болохоос одоо ч гэсэн Монголд хэлмэгдүүлэлт байсаар байх шиг. Төрийн байгууллагуудад нам, үзэл бодлоор ялгаварлах үзэл нэвт шингээстэй . Аль нэг нам, сайд солигдох тоолонд л зөвхөн улс төрийн албан тушаалтан ч биш, ажлаа хийж яваа жирийн албан хаагчид ч "хэлмэгдэж" орхидог нь жирийн үзэгдэл.

Бодит байдал дээр ажлаа мэддэггүй бас хийдэггүй дарга нараас(тэд ихэнхдээ мэргэжлийн бус,хэн нэгэн албан тушаалтны томилгооны хүн байх) илүү байгууллагын арын албыг залгуулж явдаг хүмүүс бол мэргэжилтэн, жирийн албан хаагчид гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Өөрийнхөө алдаа дутагдлаас болж бус,эрх баригч намд харъяалагддаггүй учраас , хэн нэгэн дарга сайдын хамсаатан биш учраас ажилд орж чадахгүй байх ,орсон ч хавчигдах,гадуурхагдах, явдлыг нэг ёсны орчин цагийн сэхээтнүүдийн эсрэг үйл ажиллагаа гэлтэй.

Нэгэнт болоод өнгөрсөн зүйлүүд, яахав болоод л өнгөрч.Харин намаар талцах энэ үзэл ,үзэл бодлоор ялгаварлан хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй эл үзэгдэл буюу орчин цагийн хэлмэгдүүлэлт дуусах цаг хурдан ирээсэй. Хэлмэгдүүлэлт аль нэг хэлбэрээр эрт ,эдүгээн алинд ч заавал оршин тогтнох ёстой гэж үү.

Sunday, August 26, 2007

Ан ав буюу хийморь

Чоно их тэнгэрлэг амьтан гэж яригддаг. Ижил хийморьтой хүнд харагдаж, илүү хийморьтой хүнд алагддаг гэдэг.Энэ бол нэлээд эрт дээр үеээс амнаас ам дамжин яригдсаар ирсэн яриа болов уу. Нум саадгаа агсан, хурдан хүлгээ хөлөглөн унаад уул модоор хэсэн хөвчийн эзнийг хайж олон амь өрссөн тулаан хийн ялан гарах нь монгол эрийн хийморийг харуулж буй хэрэг гэсэн үг байх л даа.
Гэвч цаг үе өөрчлөгджээ. Саадаг,нумны оронд дурантай буу, дэлтэй хүлгийн оронд Япон
жийп "гараад ирж".Аль ч цаг үед тогтмол байдаг ганц л зүйл бол хувьсал өөрчлөлт болохоор шинжлэх ухааны ололт, техникийн дэвшилд тулгуурлан хүний эргэн тойрон дахь багаж хэрэгслүүд балар эртнийхтэй харьцуулшгүй "мундаг" болжээ. Харин "монгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт л өөрчлөгдөлгүйгээр үлдсэн мэт.
Яс махнаас бүтсэн амтьтныг эцэх цуцахыг мэдэхгүй төмөр хүлгийн цонхноос татдаг буугаар хэд хэд буудаж байж сая нэг онох нь хэр их авьяас шаардсан ажил юм бол доо.Өөрөө хийж үзээгүй ч (хийх ч үгүй) ТВ-ээр харахнээ хүн болгоны хийж чадахааргүй хэцүү ажил мэт санагддаггүй юм. Тэгтэл өөрийн хийморьтой мундагаа гайхан хангайн сайхан амьтныг хэдэн арваар нь буудан алах нь хэр зөв юм бол доо.
"Mонгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт өөрчлөгдөх ёстой мэт санагдана.