Wednesday, June 25, 2008

Нэг жил

Блог бичээд яг нэг жил болчихжээ. цаг хугацаа хурдан юмаа...kk. Энэ хугацаанд хамт байсан уншигч найз нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.Та бүхний хандалт урам хайрлаж, цааш бичих мотив маань болдог юм шүү.

Өмнө нь тэмдэглэлийн дэвтэр ч хөтөлдөггүй байж байгаад гэнэт блог бичих болсон шалтгаанаа өөрөө ч сайн санадаггүй ээ. Гэнэт "зохиолч" болоход маань блог бичдэг найз нөхдийн нөлөө их байсан болов уу. Яг нэг жилийн өмнө Google account-аараа блог нээчихээд нэр өгч мэддэггүй, эргэн тойрноо хараад сууж байсан чинь календарь дээр 25月( 25 getsu ) гээд биччихсэн байсныг хараад getsu25 гээд үүсгэсэн өдрийнхөө гариг өдрийг блог ID талбарт нь оруулснаар www.getsu25.blogspot.com төрсөн түүхтэй. Xэрэгтэй хэрэггүй зүйл сараачиж хүний болон өөрийн үнэт цагийг хороож буй зорилго ч бас яг үнэнийг хэлэхэд тодорхойгүй гэхэд болох байх. Бета хувилбараа upgrade хийж чадахгүй байгаа шалтгаанууд маань энэ юм. Хэдийгээр ашиггүй(ашиг багатай?) байж болох ч харамссан удаа байхгүй, харин ч найзуудтайгаа санал бодлоо хуваалцаx нэгэн шинэ арга олсондоо баяртай байдаг шүү.

Энэ хугацаанд бичсэн бичлэгүүдээ эргээд хааяа харж байхад оюун бодлынхоо хувьсал өөрчлөлтийг олж харах шиг болдог юм. Хорвоо ертөнцөд бүх зүйл хувьсан өөрчлөгдөхөд тогтмол үлддэг ганц л зүйл нь хувьсал өөрөө байдаг.Оюун бодлынхоо хувьслыг харуулагч блогоо ХУВьСАЛ гэж нэрлэсэн шалтгаан нь ийм. Хувьсгал хийчихээр идея ч биш, хувийн асуудал, тогоо шанаганы яриа ч биш хувьсан өөрчлөгдөх бодлуудын эмхэтгэл болсон блогт маань цаашид ч тухлан саатаж байгаарай.

Ингээд хамаг "нууцаа" дэлгэчихээсээ өмнө эхний жилийн сүүлийн бичлэгээ өндөрлөе. Энэ нэг жилийг тоогоор илэрхийлвэл:

2960 өөр IP address-ээс
өдөрт дунджаар 13.3 хүн
блог руу маань орж нийт
68 бичлэгийг 4857 удаа уншиж 125 сэтгэгдэл үлдээжээ.

"Ид шидэнд" итгэв

Хичээвэл бүгдийг хийж болно гэсэн утгатай Impossible is nothing гээд нэг СМ байдаг даа. Харин аливаа нэг зүйлийн үр дүн өөрөөс хамаараагүй тохиолдолд ямар нэг гайхахамшигт зүйл тохиолдоосой гээд хүлээхээс өөр аргагүй байдаг.

Заримдаа тэгвэл гайхамшиг бас байдаг гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Токио хавийн оюутнуудтай далайн эрэг яваxдаа харлаа. 2 дугаар курсын оюутнууд жил бүр нийлж зохиодог аялал л даа. Очих амралтын газар , автобус, хүний захиалга зэргийг нэлээд урьдчилж хийх шаардлагатай байдаг тул аяллын үеэр цаг агаар ямар байх талаар мэдэх аргагүй байдаг юм. Борооны улирал тул бороо бараг л орно , гэхдээ аз дайраасай гээд аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдээр дайруулан хийхээр товлочихсон байв. Тэгсэн өмнө нь "хэрэггүй үед" нар гарж гарчихаад , яг явах болсон чинь бороо орох магадлал 2 өдөр 90% тай гэдэг байгаа!!! Ер нь бол хувингаар цутгана л гэсэн үг л дээ. Цаг нь тулсан тул аяллыг хойшлуулах ямар ч боломжгүй байв.

Ингээд яалт ч гүй цугладгаараа цуглаад , явдгаараа явлаа.Бороо ч орно гэснээрээ орлоо.Бүр зад орсон гээч. Харин нэг гайхалтай зүйл тоxиолдсон нь юу вэ гэвэл бороо орохдоо автобусаар явж байх үе, орой харанхуй болоод байшиндаа орчихсон үеээр таараад яг далай руу явах, хоол хийж идэх гэх мэт "чухал" үед өмнө нь захиалаад зогсоочихсон юм шиг орсонгүй. 2 дахь өдрийн өглөө гийсэн нарыг хараад тийм тэнгэрээс шөнөжин бороо цутгасан гэхэд итгэмээргүй санагдсан шүү. Гайхамшиг тохиолддог юм билээ.

Харин ганц онцгүй нь далайн ус нэлээд хүйтэн, давалгаа ширүүн байсан. Усанд шидүүлж нороод солих хувцасгүй байснаас Монголд өвөл даарч үзээгүйгээрээ даарсан шүү. Тэгж даарсан тохиолдол лав санагдахгүй байгаа юм . Харин ханиад ч хүрээгүй, хатгаа ч аваагүй гарсан нь аз ч гэмээр ,эсвэл бас гайхамшиг ч юм уу хэхэ.

Аялалд оролцогчид хэр сэтгэл хангалуун буцсаныг хэлж мэдэхгүй ч буцахдаа автобусанд нам унтаж байсныг нь харахад ямар ч байсан нэлээд(магадгүй ойрд ядраагүйгээр, бас ойрд ядрахгүйгээр ) ядарсан гэдэг нь харагдаж байсан. Гэхдээ сэтгэл дундуур буцсан хүн гараагүй болов уу.

Ид шидийн талаар ярих гэж байгаад хадуураад явчихлаа. Эцэст нь нэг ажиглагдсан зүйл гэвэл зарим монголчуудад байдаг мурих гэдэг их муу зан энд ирээд ч засраагүй байх юм. Бусад нөхөддөө хүндрэл учруулахыг огт тоолгүйгээр,явна явна гэж автобус, байр хоолоо захиалуулчихаад яг явах өглөө нь хэлсэн амнаасаа буцан нэлээн хэдэн нөхөр мурьсан шүү.Бас нэг нөхөр хойноос өөрөө явж ирчихээд мөнгөө төлөхгүй гээд"... ийм юм болох гэж байгааг мэдээгүй , би гадаа хоночихьё, хоол ч идэхгүй ..."гээд тас гүрийчихдэг юм даа. Уул нь хоншоортэй эр хүн шиг л баки залуу харагдсан байдаггүй...Ийм тохиолдолд хэрэгжүүлэх бизнес этикийн хичээлийг менежментийн лекцээр лав сурахгүй юм билээ.



Tuesday, June 24, 2008

Салаа зам буюу 3 баатрын түүх

Нэг ийм түүх ярьж өгье гэж бодлоо:

Эрт урьдын цагт найз гурван баатар эр байж гэнэ. Гурвуулаа зэвсгийн эрдмээрээ улс орондоо манлайлах баатрууд байсан хэдий ч 3 дахь баатар яагаад ч юм эхний 2- ынхоо хэмжээнд хүрдэггүй байв. Эхний 2 баатар нь олон тулаанд ур чадвараараа гайхагдан гавьяа байгуулж алдрын оргилд хүрсний эцэст шинэ зүйл эрэлхийлэн харь нутагт оджээ. Эхний баатар карьераа шинээр эхэлж аж ахуй сонирхож, урлагт цагаазарцуулах болсон бөгөөд өмнөх шигээ биш ч тодорхой амжилт олж гэнэ. Харин 2 дахь баатар зэвсгийн эрдмээ дээшлүүлэхээр явсан ч, үзэсгэлэнт гүнжээ даган тосгонд очин, амар тайван аж төрөх болов. 3 дахь баатар ч мөн алсыг зорьсон бөгөөд xайсаар яваад хосгүй чадвартай багшид шавь оржээ. Тэрээр ур чадвар нь дээшилсээр зэвсгийн эрдмээрээ дэлхийд нэртэй баатар эр болж гэнэ. 3 баатар сонгосон замаараа яван их зүйлийг олжээ. Салаа зам хаана хүрч, хаана огтолцохыг хэн ч үл мэднэ. Гагцxүү маш их зүйл өөрчилснийг бүгд мэдэж байлаа...



Thursday, June 12, 2008

Seminar

Өчигдөр өглөөний бороог эс тооцвол,ойрд нар гийгээд, борооны улирал эхэлсэн шинж ер нь алга. Дандаа иймэрхүү байдаг бол борооны улиралд хамгийн дуртай болчихоор л байна. Нар мишээсэн энэ хэдэн өдрүүдэд земи сонголт эхэлчихээд 2-ынхны хүрээнд аль багшийн земи "гоё" вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болов.

Земи буюу цөөн хүнтэй ангид (ойролцоогоор 10-15) явагддаг семинарын хичээл нь Японы их сургуулийн сургалтын системийн(нийгмийн ухаан) нэг гол онцлог гэж хэлж болно.Оюутнууд мэргэжлийнхээ онолыг гүнзгий судлахаас гадна багаар ажиллах чадвар, илтгэх чадвар, бичгийн чадвар зэргийг земи-гээс олж авдаг ба ямар земи-д юу хийсэн нь төгсөөд ажилд ороход ч, цааш сурахад ч үзсэн хичээлүүд дотроос нь хамгийн их нөлөөтэй байдаг. Элсэх үед нь л мэргэших салбар нь факультет, тэнхимээрээ тодорхой болчихсон байдаг ч мэргэжлээсээ өөр земи сонгох боломжтой байдаг тул семинар нь оюутнуудад илүү өргөн боломжийг олгодог.

Ерөнхийдөө 3 дугаар курстээ ороод үндсэн земи-нь эхэлдэг ч зарим сургуулийн бизнесийн факультетүүд basic seminar хэлбэртэй арай эрт эхлэх явдал байдаг. Оюутнууд эхний 1,2 курсдээ лекц хичээлүүдээр(100-400 хүнтэй) ерөнхий эрдэм, мэргэжлийн суурь мэдлэг олж авсны дараа сонирхсон чиглэлээрээ нэг багшийг удирдагчаа болгон сонгоод, семинарт нь суун, мэргэших салбартаа илүү төвлөрч судалгаа хийн, төгсөлтийн ажлаа тэр багшаараа удирдуулдаг. Хичээлийн хэлбэр нь мэргэжлийн онцлог, сонгосон багшаасаа хамаардаг ч group discussion, багийн судалгаа, team presentation хэлбэртэй явагдах нь олон. Мөн кампусаас гадуур study tour болон хааяа земи-гээрээ нийлж номикай (парти), өвөл зуны амралтаар богино хугацааны аялал хийх ба багш нь ч цуг оролцдог.

Хууль, санхүүгийн чиглэлийн нарийн мэргэжлээс бусад нийгмийн ухааны оюутнуудын хувьд ажилд ороход нь их сургуулийн мэргэжил нь бараг хамаардаггүй болохоор хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэж бодохоосоо илүү алдартай ,хичээлээ сонирхолтой заадаг багшийг харж семинараа сонгоx хандлага ажиглагддаг. Земи сонголтын үеэр сургуулиас гаргасан танилцуулга guidance-аа барин тайлбар лекцүүд, земи-ний хичээлүүд дээр нь сууж үзэж байгаад л өөртөө таалагдсаныг сонгочихдог. Мөн дээд курсийхнээсээ сонгосон земи-нийх нь онцлог гэх мэт сонголт хийхэд нь тус болох хэрэгтэй мэдээллийг олж авна.

Гэхдээ хэдийгээр сонгоно гэж ярьж байгаа ч алдартай семинаруудад олон оюутнууд бүртгүүлдэг болохоор жаахан өрсөлдөөн ихтэй, хүссэн хүн бүр орох боломжгүй байдаг байдаг болохоор багш тухайн оютны GPA, ярилцлагын шалгалтын дүнг харж байгаад хэнийг элсүүлэхээ шийднэ.

Thursday, June 5, 2008

Judgement day

"Анхны хайр"-ынхаа талаар блогтоо бичихээ мартчихаж гээл үү. Маргааш хүсэн хүлээсэн Finals эхэллээ гэж. BBall-ийн түүхэн дэх хамгийн агуу 2 баг эртний уламжлалаа сэргээн тунаж үлдлээ. Enjoy !!!

www.justin.tv

www.mogulus.com

Tuesday, June 3, 2008

"Нээлт"

Энд тэнд элбэг байж л байдаг ч үнэт зүйл болгон нандигнадаг нь гайхалтай. Хичнээн дуртай хэдий ч өөртөө зориулаад авчихдаггүй нь хачирхмаар... Хэн нэгэн бүсгүйд, зүгээр л нэг өөдрөг өдрийн бэлэг болгож цэцэг өгвөл... магадгүй насан туршдаа марталгүй санаж явах дурсамжтай агшин нь болж ч болох. Эмэгтэйчүүд ээ гэж...

Хэдийгээр 80 насыг зооглон хорвоогийн сонин хачныг дуусгасан ч маргааш үхнэ гэвэл дахиж 1 өдөр өгөөч гэж бурхнаас гуйх биз. Хэн ч байсан хорвоог элээсэн өвгөний 1 өдрөөс 20 настай залуугийн 1 өдрөөр амьдрахыг илүүд тооцохгүй гэж үү? Гэтэл ийм үнэтэй өдрүүдийг бөөн бөөнөөр нь урсгасаар...Залуу насаа гэж...

Баялаг ховордох тусам үнэ цэнэ нь өсдөг гэсэн эдийн засгийн хуулийг "зөрчсөн" 2 жишээг бодоод олчвоо гэж...