Wednesday, February 26, 2020

Creativity

Creativity буюу бүтээлч сэтгэхүй гэж юу вэ? Урьд нь хэний ч чадаагүй, дэлхийг ѳѳрчлѳх шинэ зүйл хийхийн тулд эхлээд одоо байгаа зүйлийг нэвт мэддэг, чаддаг болох хэрэгтэй гэж байна. Тэгж байж дараачийн түвшний зүйлийг хийж чадна. Харин юу ч мэдэхгүй ч нэг гоц авъяастан гэнэт гарч ирээд хэний ч хараагүй шинэ ѳнцгѳѳс хардаггүй (The Lateral Thinking: Creativity by Step by Step номноос).
Нэг жишээ гэхэд П.Пикассо гэнэт агаараас бууж ирээд 5 настай хүүхдийн чадахаар мэт санагдах, гэхдээ хэний ч санаагүй зургийг зураагүй. Кубизмээс ѳмнѳ тэр аль хэдийн мундаг зураач байсан. И.Ньютон "Би аваргуудын мѳрѳн дээр зогссон учраас хэний ч хараагүй холыг харсан юм" гэж хэлсэн удаатай. Энэ нь M.Gladwell-ийн ямар ч зүйлийг 10 мянган цаг сайн "нухвал" мэргэжилтэн болно гэдэг "10 мянган цагийн дүрэм"-тэй нийцтэй үр дүн шиг санагдав. Түүнчлэн, Битлз ч тэр, Б.Гэйтс тэр, яагаад дэлхийг ѳѳрчилж чадсан бэ гэхээр, тэд хѳгжмийг, програмчлалыг нэвт мэддэг чаддаг болчихсон байсан, бусад хүн хийж эхлэхээс ѳмнѳ аль хэдийн 10 мянган цагаа гүйцээчихсэн байсан учраас хийсэн зүйлээ түрүүлж дараагийн түвшинд хүргэсэн байдаг. М.Жордан ч хамгийн их цагийг дасгал сургуулилт, бэлтгэлд зарцуулчихсан учраас сагсан бѳмбѳгийг дараачийн түвшинд хүргэсэн байдаг.
Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хэрэв чухал зүйл хийхийг хүсвэл илүү ихийг сурах хэрэгтэй, ѳмнѳх үеийнхний чадсан болон чадаагүй зүйлийг мэдэх хэрэгтэй гэсэн үг

Tuesday, February 25, 2020

MJ on KB

In the game of basketball, in life.. – Kobe left nothing in the tank. He left it all on the floor... 

Kobe was my dear friend. He was like a little brother. You know all of us have brothers and sisters, little brothers, little sisters, who for whatever reason always tend to get in your stuff, your closet, your shoes, everything. It was a nuisance – if I can say that word – but that nuisance turned into love over a period of time. Just because the admiration that they have for you as big brothers or big sisters, the questions in wanting to know every little detail about life that they were about to embark on….

This kid had passion like you would never know. It's an amazing thing about passion. If you love something, if you have a strong passion for something, you would go to the extreme to try to understand or try to get it…

He knows how to get to you in a way that affects you personally, even though he's being a pain in the ass. But you have a sense of love for him and the way that he can bring out the best in you….I admired him because his passion, you rarely see someone who is looking and trying to improve each and every day, not just in sports, but as a parent, as a husband. 

Kobe gave every last ounce of himself to whatever he was doing, After basketball, he showed a creative side to himself that I didn't think any of us knew he had. In retirement, he seemed so happy. He found new passions. And he continued to give back, as a coach, in his community. More importantly, he was an amazing dad, amazing husband, who dedicated himself to his family and who loved his daughters with all his heart. Kobe never left anything on the court. And I think that's what he would want for us to do.

No one knows how much time we have. That's why we must live in the moment, we must enjoy the moment, we must reach and see and spend as much time as we can with our families and friends and the people that we absolutely love. To live in the moment means to enjoy each and every one that we come in contact with. 
When Kobe Bryant died, a piece of me died. And as I look in this arena and across the globe, a piece of you died, or else you wouldn't be here. Those are the memories that we have to live with and we learn from. 

I promise you from this day forward, I will live with the memories of knowing that I had a little brother and I tried to help in every way I could.

Please, rest in peace little brother. 


2.24 - Celebration of life - Gigi Bryant #2 & Kobe Bryant #24. RIP




Йога

Сүүлийн 15 жилд ханз цээжлэх, судалгаа хийх, дата анализ, унших & бичих гээд багагүй хугацааг ширээний ард сууж ѳнгѳрүүлж. Ачаалалтай үед ѳдѳрт 18 цаг+, ихэвчлэн ѳдѳрт дунджаар 12 цаг. Үүний золиос нь -- нүдний шил, хүзүү нурууны хѳшилт. Техник шиг эд ангиа амархан сольчих аргагүй тул биенийхээ элэгдлийг бага байлгах нэг арга олсон нь йога. Ѳдѳрт 10 орчим минут байхад л хангалттай. Энэ их дажгүй дасгал:



Monday, February 24, 2020

Цагаан сарын бас нэг бодол

Бас нэг шүүмжлэх сэдэв. Гэхдээ эерэг шүүмжлэл.

Цагаан сараар гэртээ бай гээд байхад маскгүй дэлгүүр захаар хэсч яваа хүмүүсийн зураг сошиалаар нэг тарав. Мѳн тэтгэврийн зээл авахаар банкинд очерлож буй хѳгшчүүлийн зураг ч сенсаци болов. Үүнийг хараад бухимдсан зарим нь тэднийг үхэр малаар нь хүртэл дуудаж байна. Нэг талд хѳлийн хорио цээр тогтоон, аюултай вирусаас сэргийлэх арга хэмжээг авч, бүгд болгоомжилж байхад нѳгѳѳ талд олон нийтийн газар ингэж бѳѳнѳѳрѳѳ цугларч байгаа нь ухамсаргүй, зохисгүй харагдсан нь мэдээж. Гэхдээ уурлахаасаа ѳмнѳ сэтгэлзүйн талаар нэг бодож үзье.
Хүн ѳѳрт муу зүйл тохиолдохгүй, аз дайрна гэж итгэдэг. Энэ сэтгэхүйн алдааг мэргэжлийн хэллэгээр "optimism bias" гэнэ. Түүнчлэн хүн муу зүйл тохиолдвол бурууг бусдад тохож, харин сайн зүйл тохиолдвол гавъяаг ѳѳрт наалдуулах хандлагатай байдаг. Энэ сэтгэхүйн алдааг "self-serving bias" гэдэг. Аль аль нь хүний эволюцийн явцад хѳгжсѳн чухал сэтгэхүй юм. Учир нь хэдийгээр ийм итгэл үнэмшил заавал үнэн байх албагүй ч сэтгэл санааг тайван байлгахад тусалдаг. Хэрэв эдгээр чадвар байгаагүй бол үргэлж ямар нэгэн аюул эрсдэлд ѳртчихвий гэж санаа зовно, үргэлж ѳѳрийгѳѳ буруутгаж амьдарна гэсэн үг. Харин монгол хүний хувьд энэ 2 сэтгэхүйн алдаа нэлээд сайн хѳгжсѳн байж магадгүй. Тиймдээ ч тайван амгалан народ.
Нэг жишээ гэхэд дэлхий даяар корона вирус хурдтай тархаж буй энэ үед цагаан сарын бэлтгэл гээд банкинд очерлож, дэлгүүр зах хэсч ѳѳрсдийгѳѳ болон бусдыг эрсдэлд оруулж буй энэ олон хүн "ѳѳрт муу зүйл тохиолдохгүй" гэсэн сэтгэхүйн алдаанд хѳтлѳгдсѳн хэрэг болов уу. Түүнээс депресст ороогүй эрүүл хүн үхье гэж бодохгүй. Муугаар бодоод олон хүн цугларсан газар ямар нэг эрсдэл гарвал дараа нь мэдээж сайн зохицуулаагүй тѳр засгийн л буруу болж таарна. Харин гэртээ сууж аюулгүй үлдсэн хүмүүс ухаалаг үйлдэл хийсэндээ баярлана. Иймд эрсдэлээс сэргийлэх зохицуулалтыг хийхдээ магадгүй хэт ѳѳдрѳг гэх үү, эсвэл хэнэггүй тоомжиргүй гэх үү үйлдэлд хѳтѳлж буй "optimism bias" болон "self-serving bias"-ийг тооцож хүмүүсийн үйл хѳдлѳл, инсентивт нь нѳлѳѳлѳх нь чухал гэсэн үг.
Түүнчлэн, ер нь монголчууд аливаа зүйлийг тѳлѳвлѳдѳггүй, цагийг нь тулгадаг, хариуцлага сахилга батгүй гэдгийг шинийн нэгний ѳмнѳхѳн зээл хѳѳцѳлдѳж яваа эсвэл дэлгүүр зах хэсч яваа зарим иргэд харуулаад байгаа хэрэг биш. Сахилга хариуцлагын асуудал бол гадныхантай хамтарч ажилладаг том компаниудад ч, тѳр засгийн түвшинд цѳѳнгүй тохиолддог зүйл. Дээрх дүр зураг монголчууд бидний "ѳнѳѳдрѳѳрѳѳ амьдардаг, ѳнѳѳдѳртѳѳ хаппи" байдаг сэтгэхүй тодорхой хэмжээнд ѳѳрчлѳгдѳх шаардлагатай гэдгийг харуулсан нэг л жишээ болж байна.
Иймд, монголчууд аа, бие биенээ үхэр малаар нь битгий дуудаж бай. Хүн бол иррациональ амьтан. Хувиа хичээсэн үйлдлүүдийнх нь нийлбэр нийгэмдээ тусгүй үр дүнд хүргэх нь аль ч газар түгээмэл. Санхүүгийн зах зээл дээр ч "үл үзэгдэх гар" үргэлж ажилладаггүй, market failure бий болдог. Үүний сүүлийн нэг жишээ бол 2008-09 оны дэлхийн хямрал. Тэгэхээр ухаалаг, оновчтой зохицуулалт л шаардлагатай. Нийгмийнхээ ёс суртахууны түвшинд таарсан сайн дүрэмтэй, дүрмүүд нь хэрэгждэг улс орнууд л ѳндѳр хѳгжилтэй байдаг нь санамсаргүй хэрэг биш. Харин нийгмийн ёс суртахуун сайжраад ирэхээр зарим дүрмийг заавал бичиж мѳрдүүлэх шаардлагагүй болдог.

Хулгана жил

Ингээд нэгэн шинэ жаран эхэллээ. Сонирхолтой тохиолдол. Энэ жилийн цагаан сараар
вирусын эрсдэлээс сэргийлэхийн тулд бүгд гэр гэртээ байж, цахим золголт хийхийг уриалж буй.
Миний хувьд энэ жил аав ээж дээрээ ч очихгүй, айл ч хэсэхгүй. Нэг ном, нийт 194 хуудас
материал редакторлох ажилтай. Битүүний ѳдрѳѳс эхлээд нухаад л сууж байна.
Үлдсэн амралтын ѳдрүүдэд цаг нэмж гарвал кино үзэх, бага зэрэг унших бас бичих тѳлѳвлѳгѳѳтэй. 

Ер нь ѳдѳр бүрийг сайн ѳдѳр, зүг бүрийг сайн зүг гэж боддог учир шинийн нэгэн,
мѳр зүг чиг гаргах, засал ном уншуулахад тѳдийлѳн ач холбогдол ѳгдѳггүй.
Оюутан байхаас л 1-2 сар бол номын санд сул суудал олддоггүй шалгалтын галзуу үе байсан.
Цагаан сар гэж сатаарч тансаглах цаг нэг их байгаагүй. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй,
харин шалгалтандаа бол сайн дүн авдаг байсан. Одоо бол ѳглѳѳний нар луу хараад,
байгаа зүйлдээ талархаад, дотны хүмүүсээ санаад, цаашид хичээх зүйлээ бодчиход л болдог.
Шинийн нэгэн гэлтгүй ѳглѳѳ бүр хийдэг зүйл тул энэ ѳдѳр ч ялгаагүй. Харин заавал
сонин дээр заасан геометрийн ѳнцѳг гаргаж алхах, мэдэхгүй маань таринаа үсэглэн 21 уншиж, цаас урж тасдаад ийш тийш нь шидэх шаардлага байхгүй. Хогоо бол гаргаад тавьчихсан. 

Уул нь хүн тархиндаа, зүрх сэтгэлдээ зүг чигээ олоогүй бол махан биеэ ямар ч уул овоон дээр
аваачаад, ямар ч ургах нарыг хараад, хэдэн ч маань тарни уншуулаад хийморь сүлд нь
сайжрахгүй л болов уу. Буддийн сургаaлиуд ч, сэтгэлзүйн шинжлэх ухаан ч тэр, ямар нэг далдын
хүч биш, харин хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ л аварна гээд байгаа. Монголд нэг шүүмжлүүштэй зүйл нь
цагаан сар хэт агуулгыг нь ойлгоогүй маань тарнид итгэсэн, хэт материалист, хэт консюмерист,
хэт дүр эсгэсэн баяр болчихсон санагддаг. Утга учрыг нь ойлгоогүй засал номууд хийлгэнэ,
ѳмсѳхгүй хувцсаар гоёно, идэхгүй хоолоор ширээ дүүргэнэ, хэрэггүй бэлэг солилцоно, агуулгагүй
яриа ѳрнүүлнэ. Яг үнэндээ золгосон нь ч, золгуулсан нь ч эцэж ядраад, хэн нь ч таатай мэдрэмжтэй
үлдэх нь бага ч юм шиг. Санхүүгийн хувьд ч үр ашиггүй. Яг утга учир нь юунд вэ?

Гэхдээ бусад хүнийг judge хийхгүй. Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв байх. 




Wednesday, February 19, 2020

Эмэгтэй тархи

Эмэгтэй хүн ѳдѳрт 20 мянган үг ярьдаг бол эрэгтэй хүн 7 мянган үг ярьдаг. Хэлтэй холбоотой тархины хэсэгт нь эмэгтэй хүнд 11% их нейрон байдаг, санах ойтой холбоотой хэсэг нь эрэгтэй тархинаас илүү том, мѳн хүний эмоцийг таних хэсэг нь бас илүү том байдаг байна. Ѳѳрѳѳр хэлбэл, хэл ярианы чадвар, EQ, дурсамж хадгалах чадвар нь эмэгтэй хүнд байгалиас ѳндѳр заяагджээ.
Гэхдээ ураг бүрэлдээд эхний 8 долоо хоног хүртэл эрэгтэй болон эмэгтэй тархинд ялгаа байдаггүй байна. Харин тестесторон (эрэгтэй гормон) нэмэгдсэнээр тархины хѳгжилд гол ялгаа үүсч эхэлдэг. Ингэснээр эрэгтэй тархинд харилцааны чадвартай холбоотой тархины эсүүд гэхээсээ, илүү аггрессив шинж чанартай холбоотой эсүүд хѳгжиж эхэлдэг. Улмаар эхээс тѳрѳх үед эмэгтэй хүүхэд хүний царайг таних, хоолой сонсох чадвар нь аль хэдийн ѳндѳр болсон байдаг. Эмэгтэй хүүхэд тѳрѳѳд эхний 3 сард бусад хүний нүд рүү харилцан харах чадвар нь 400% нэмэгддэг бол энэ хугацаанд эрэгтэй хүүхдийнх ѳѳрчлѳгддѳггүй байна. Эмэгтэй хүүхэд түрүүлж хэлд ордог гол шалтгаан үүнтэй холбоотой. Эмэгтэй хүүхэд ээжийнхээ стрессийг ч илүү мэдэрдэг байна.
Хүн ѳсвѳр насанд хүрэхэд тархинд ялгардаг эстроген (тааламжтай мэдрэмж), кортизол (стресс), окситоцин (хайр), допамин (сэтгэл ханамж) гормонуудын ялгарал эрэгтэй болон эмэгтэй хүнд харилцан адилгүй байдаг. Үүнээс болоод ѳсвѳр насны охид хоорондоо хов жив ярилцах, нууцаа хуваалцах, хувцас болон үсний засалтаа ѳѳрчилж турших гэх зэрэг бусадтай харилцах, холбогдоход чиглэсэн үйлдлүүдэд илүү татагддаг байна. Эдгээр үйлдэл нь стрессийг бууруулж, таатай мэдрэмжийг тѳрүүлнэ. Харин ѳсвѳр насандаа найзтайгаа муудалцах гм харилцаатай холбоотой таагүй зүйлс охидод илүү хүнд тусдаг. Яагаад?
Физиологийн хувьд энэ үед эмэгтэй хүн жирэмслэж, хүүхэд тѳрүүлэх боломжтой болдог. Энэ үед аливаа аюул тохиолдоход эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг тулалдах эсвэл зугтах (fight or flight) боломж бага. Иймд бусдын тусламж дэмжлэг маш чухал учраас хүмүүстэй харилцаа сайтай байх, ѳѳрт туслах дотны найз, харилцаа холбоо чухал. Олон зуун мянган жилийн турш амьд үлдэх инстинктээс үүдээд эмэгтэй хүний тархи ийнхүү ялгаатай хѳгжжээ.
Харин энэ үед эрэгтэй гормоны нѳлѳѳгѳѳр ѳсвѳр насны хѳвгүүд эсрэгээрээ илүү зожиг болно. Бусдаас хамааралгүй бие даасан байх, хэний ч үгэнд орохгүй байх нь тэднийг хүчтэй санагдуулж, илүү таатай санагдах болно. Энэ үед математик, физик, компьютер гэх мэт ганцаараа тѳвлѳрч суухад тохиромжтой зүйлст эрэгтэй хүүхэд илүү амжилт олох магадлал нэмэгддэг. Түүнээс логик чадварын хувьд энэ үед эрэгтэй болон эмэгтэй тархи ижилхэн чадвартай байдаг.
(The Female Brain номноос)

Thursday, February 6, 2020

Блогоо үргэлжлүүлье

Блогоо үргэлжлүүлэхээр шийдлээ. Бичих дуртай учраас ѳнгѳрсѳн хугацаанд тасралтгүй бичсэн. Нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээл зэрэг сэдвээр тѳвлѳрч, олон нийтэд чиглэсэн нийтлэлүүд бичиж байв.

1. trends.mn дээрх постууд
http://www.trends.mn/profile/206

2.facebook дээрх Simpleconomics page
https://www.facebook.com/Simpleconomics/

3.twitter дээр Simplenomics
https://twitter.com/Tumen_Tsengel

Эдгээр постууд ѳѳрийн ажил мэргэжил, уншсан судалсан зүйлс дээрээ тулгуурлаад бусдад үнэ цэнэтэй мэдээлэл хүргэх, нийгмийн санхүүгийн мэдлэг боловсролд бага ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэлтэй маань холбоотой байв.

Харин хувийн блог маань чимээгүй байлаа.

Гэхдээ иймэрхүү "том" сэдвүүдээс гадна эргээд өөртөө төвлөрсөн, ойлгосон, мэдэрсэн зүйлсээ хуваалцах нь чухал санагдлаа. Эргээд өөрөө уншихад ч зүгээр юм. Энэ хугацаанд мэдээж олон ч зүйл болж өнгөрч, ухаарсан зүйлс ч багагүй. Нийтлэлүүд шиг урт аналитик пост гэхээсээ, товч энгийн бичвэрүүд байх болов уу. Бараг амралтын зорилготой.

Түүнчлэн, сүүлийн үед сэтгэлзүйн талаар нэлээд сонирхож уншиж байгаа. Энэ сэдвээр ч постууд хааяа бичиж байна байх.

Wednesday, February 5, 2020

Баярлалаа Коби!

Амьдрал хугацаатай, цаг хугацаа хязгаартай бѳгѳѳд үнэ цэнэтэй гэдгийг Коби бүгдэд мэдрүүллээ. 2015 онд зодог тайлах үед нь бичиж байсан нийтлэлээ дахин хуваалцъя.
“Ямар нэг зүйлд сайн байх эсэх нь чиний өөрийн сонголт. Гэхдээ дагалдах золиосыг нь ч цуг сонгохгүйгээр шилдэг болох аргагүй”
Коби Брайнт
Хэрэв сагсан бөмбөгийн бурхан “Дуртай нэг өдрөө Коби Брайнт болж үзмээр байгаа нь энд жагс” гэвэл нэлээн урт дараалал үүсэх биз. Захиалгаар хийлгэсэн брэндийн костюм өмсөөд, “офис” руугаа нисдэг тэргээр явдаг өдөр нь байвал янзтай л байх. Тэгээд очиход хамтрагч нь Shaq, боссын оронд Зен Мастер, төвөгтэй харилцагч үйлчлүүлэгч биш харин Жэк Николсон тэргүүтэй фэнүүд угтана...
Хэрэв ийм боломж олдвол Яо Мин эсвэл Двайт Ховардын дээгүүр тохох ч юм уу, гурваас 12 удаа хийн NBA-ийн рекорд тогтоох ямар байдгийг үзэх...эсвэл Торонтогийн эсрэг 81 оноо байсан ч муугүй сонголт. Тэгээд талбай дээр гишгэсэн минут тутамдаа $10 мянга давсан цалин, дээр нь мэдээж өөрийн нэрийн шинэ пүүз гэхээр тун дажгүй.
Харин мистер Брайнтийн ТВ-ээр гардаггүй, хоосон заланд ганцаараа хийдэг зүйлсийг нь хий гэвэл мэргэжлийнхэн ч шантрах байх. “Өөртэй нь харьцуулагддаг залуу одууд дунд Коби л зохих ёсоор хөдөлмөрлөдөг нь” гэж агуу Жордан хэлсэн удаатай. Цээж нь шатаж амандаа цус амтагдтал гүйх, талбайн байрлал бүрээс хэдэн зуу шидэх, нэг хөдөлгөөнийг төгс болтол ахин дахин давтах, мөстэй усанд ясаа янгинатал суух нь Кобигийн амьдралынх нь хэв маяг гэгддэг. Бэлтгэлээ хэрхэн хийж, тоглолтын бичлэгүүд эсвэл хоолны дэглэмдээ яаж анхаардгаараа Коби шилдгүүд дундаа ч онцгойрдог байв.
Өнөөдөр Айверсон, Ти-Мак, Винсанити гээд Кобигийн нэг үеийн өрсөлдөгчид нь аль хэдийн үзэгчдийн суудал эсвэл сэлгээнд сууцгааж. Оронд нь Кёрри, Леброн, Дюрант гээд дараа үеийн залуус лигийн шинэ нүүр царай болцгоожээ. Коби л ганцаараа өөрийнх нь тоглолтыг үзэж өссөн эдгээр залуустай цуг талбай дээр үлдсэн нь нэгийг хэлнэ. Ид үедээ гэмтэл багатай байсан нь том аз ч, цаг хугацааг сөрж зогсоод 20 жилийн турш өндөр түвшинд тоглосон нь түүний хөдөлмөрч зантай салшгүй холбоотой.
Хөлд орсон цагаасаа л Мейжик, Жорданы тоглолтыг үзээд хөдөлгөөн болгоныг нь дууриах гэж оролдож эхэлсэн Кобигийн хувьд тэдэн шиг агуу тоглогч болох нь нэлээн эртнээс тодорхой болсон мѳрѳѳдѳл байв. Тиймдээ ч дунд сургуульд байхдаа “сагсан бѳмбѳг бол амьдрал нь” гэдгийг нэгэнт ойлгосон байжээ. Үеийнхэн нь ирээдүйд хэн болох талаар бодит төлөвлөгөө битгий хэл төсөөлөл ч үгүй байхад ахлах сургуулийн сурагч Коби ѳглѳѳ бүр 5 цагт босоод бэлтгэлдээ явдаг байсан гэдэг.
Кобигийн зорилгыг ийнхүү маш тодорхой болгож, түүнийхээ төлөө шургуу зүтгэх тэвчээрийг өгдөг тэнгэрт тулсан амбиц нь гэхдээ заримдаа  яг л 2 иртэй хутга шиг үйлчлэх үе ч байв.
Rookie жилдээ плэйофийн тоглолтын төгсгөлд 3 дарааллан эйрболдсон ч дахиад нэг шидэх зориг зүрх Кобигийн л цээжинд багтна (4 дэх шидэлт нь мөн цагиргаа онолгүй хожигдсноор Лейкерс тэр жил плейфоос хасагдаж байсан). Жордантай анх уулзаад “Хоёулаа тогловол би хожно” гэдэг үг зѳвхѳн Кобигийн амнаас л гарч байв (Жордантай уулзсан фэнүүд яг л бурхны өмнө очсон мэт болж, Буллзийн хамтрагчид нь чөлөөтэй харьцаж чаддаггүй, харин эсрэг багийнхан нүд рүү нь эгцэлж харахаасаа айдаг байсан гэдэг).
Тиймдээ ч хэтэрхий онгироо бардам, бусдыг ойлгодоггүй, сайн лидер сайн хамтрагч биш гэж шүүмжлүүлэх тохиолдол Кобид нэлээд гардаг байв. Shaq-ийг 3 хамгаалагч нийлээд зогсоож дийлдэггүй байсан ид үед нь “залхуу” гэж хэрэлдээд 1 багт таарахгүй салж байлаа. Байн байн үгэнд нь орохгүй тоглолтыг ганцаараа шийдэх гэж зүтгэдэг залуу Мамбаг “дасгалжуулах аргагүй” гэж Фил Жексон бичиж байв. Сүпермен хочит Ховардад хүртэл Кобигийн өндөр амбиц дарамттай санагдаад нь Лейкерсийг орхиж явсан гэдэг.
Ямартаа ч Кобигийн гоц авъяасан дээр маш тодорхой зорилго, бусдаас онцгой өөрийгөө дайчлах чадвар нэмэгдэхэд  гялалзсан амжилт эрт ирсэн байдаг.
Дунд сургуульдаа тэрээр холбогчоос төв хүртэлх бүх байрлалд ээлжилж тоглоод багаа мужийнхаа аварга болгож, ингэхдээ агуу Чемберлений тогтоосон онооны рекордыг эвдэж байв. 18 ч хүрээгүй байхдаа коллежийг алгасан шууд NBA-д орон лигийн түүхэнд хамгийн залуу тоглогч болов. Мэргэжлийн карьер нь слэм данкийн хамгийн залуу аварга, бүх оддын тоглолтын түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч гэх мэт амжилтаар дүүрэн эхэлж. Тэгээд NBA-ийн аварга, онооны лидер, финал улирал болон All star-ын MVP, Олимпийн алт гэх мэт өдийг хүртэл цуглуулсан шагналууд нь түүнийг манай гаригийн хамгийн танигдсан сүпер одуудын нэг болгожээ. 
Харин сүүлийн 2-3 жил Коби болон фэнүүдийн хувьд хүндхэн цаг үе байлаа. Удаа дараагийн гэмтлүүд түүнийг жил дарааллан улирлын дундаас талбайг орхиход хүргэж байв. 20 улирал, 30 мянга давсан оноо, баргийн тамирчны карьерт цэг тавьдаг хүнд гэмтлүүдийн дараа NBA-ийн 5 удаагийн аварга маань яг л 300 мянга давхисан Феррари шиг болжээ.
Иймд энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар болсон нь санамсаргүй зүйл биш байв. Хурд хүч, тэсрэлтийн цогц үзүүлбэр болсон урьдны тоглолт нь Кобигоос нэгэнт гарахаа больж, 6 дахь бѳгжний мѳрѳѳдѳл ч биелэх боломж хаагджээ. Гэлээ ч үзэн ядагчид нь ч, хөгжөөн дэмжигчид нь ч ялгаагүй талбай дээр бүтээсэн гайхамшгуудынх нь төлөө Кобид өнөөдөр талархлаа илэрхийлцгээж байна.  Харин Коби анхны хайр, хамгийн сайн найз, амбицаа биелүүлэх талбар, амар тайвныг авчирдаг зүйл нь ч болсон сагсан бөмбөгөө орхихоор хэн болох бол..?
Анхнаасаа л онооны машин болохоор бүтээгдсэн түүний хувьд сагсны талбайгаар л ертөнц төсөөлөгдөж, аваргын бөгжөөр л бүх зүйл хэмжигддэг байсан гэхэд болно. Амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх дөхсөн шүүх хурал хүртэл 2004 оны финалд хожигдсон сэтгэлзүйтэй нь ихээхэн холбоотой.
Итали Америкийн хооронд нүүдэллэж өнгөрсөн Кобигийн хүүхэд насанд сагсны бөмбөг л шинэ орчинд орох тоолонд өөрийгөө илэрхийлж, бусадтай ойлголцох хэл нь болдог байв. Насанд хүрсэн хойно нь ч хэцүү зүйлтэй тулгарах үед нь сагсны талбай л оюун бодлоо цэгцлэх орон зай нь болдог байлаа.
Коби талбайд гараад өрсөлдөгчөө ганцхан хатгалтаар устгадаг хурдан хөдөлгөөнтэй анчин могойн дүрд орон хүйтэн цустай алуурчны сэтгэлзүйтэй болох үедээ ирээдүй өнгөрсний аль алийг огоорно. Ийнхүү Black mamba болонгуут гэрлэлтээсээ болж эцэг эхтэйгээ тасалсан харьцаа, хүүхэд нь зулбасан гашуун зовлон гэх мэт хувийн амьдралын хүнд асуудлууд нь ч мартагддаг байв. Тэрхүү зоонд бодит амьдрал замхарч харин замд нь таарсан бүхэн түүний золиос болно. Талбайн нэг талд эсрэг багийн хамгийн шилдэг тоглогчийг хөдөлгөхгүй барьж, нөгөө талд очихоороо зогсоох аргагүй машин ингэж төрдөг байв. Харин өнөөдрөөс эхлэн энэ бүхэн түүх болон үлдэж, “Сагсан бѳмбѳг=Коби” байсан нэг үе ингээд төгсч байна.
Хэдийгээр одоо Кобид гэр бүл, алдар хүнд, эд хөрөнгө гээд бүх зүйл байгаа ч сагсан бөмбөггүйгээр амьдрал нь ямар байхыг төсөөлөх хэцүү. Харин фэнүүдийн хувьд Кобигүй NBA хэзээ ч урьдынх шигээ санагдахгүй байх. Ордон дүүргэх 20 мянган үзэгчийн шуугиулж эсвэл чимээгүй болгох чадалтай Мамбагийн шоунуудыг ч, шөрмөсөө тасалчихсан хэрнээ шүдээ зуун алхаж ирээд торгуулийн 2-оо хийдэг дайчин занг нь ч тэд санагалзсаар л байх болов уу.
------------------
Бүтээсэн бүхний чинь тѳлѳѳ, үлдээсэн дурсамжуудын чинь тѳлѳѳ,  баярлалаа Коби!