Ѳглѳѳ тааваараа сэрнэ. Тааваараа гэдэг нь, сайн унтсан тохиолдолд 7am. 10-11 хүртэл унтчихдаг залуу нас ѳнгѳрсний шинж байх. Шѳнѳ 3-т сэрчихгүй 6 цаг тасралтгүй нам унтах нь том тансаглал болох цаг үе ирдэг л юм байна...
Сэрээд хэсэг дэмий утсаа оролдоод, босч шүршүүрт орж сэргээд, хэсэг хичээлээ хийж байгаад кампусын зүг жийнэ. Дугуйгаар 20 мин орчим. Бороогүй бол тун азтай ѳдѳр. Гэхдээ үргэлж бороогүй Оксфорд гэж ч юу байх вэ? Заримдаа ѳмд нэвт нороод очно. Дээгүүр ус нэвтэрдэггүй цувтай, гутал мѳн асуудалгүй. Харин ѳмдѳѳ очоод солих уу, эсвэл ус нэвтэрдэггүй шийдэл олох уу гэдгээ 1 сарын дараа ч олоогүй л явна...
Ямартаа ч эргээд оюутан боллоо. Японд анх их сургуульд ороод блогоо нээснээ санаж байна. Ер нь сурах хугацаанд шинэ содон зүйл их тул бичээд явах ч урамтай. Харин тѳгсѳѳд ажиллах хугацаандаа тѳдийлѳн бичсэнгүй. Ажлаа яриад хүнд сонихролтой ч биш, мѳн ярьж болохгүй зүйл ч их.
Энэ удаа харин Англид оюутан болж ирлээ. Оюутны кампуст эргээд ирэх сонирхолтой бас сорилт дүүрэн л байна. Эхний ээлжинд нүүх суух, цагийн зѳрүү, шинэ соёл, эргээд академик амьдрал, тэгээд мэдээж Английн цаг агаар. Бие, оюун санаанд дараалсан ачаалалал, дараалсан шокууд ирнэ. Мѳн Монголдоо үлдээгээд ирсэн хайртай бүхэн, зүрх сэтгэлд ч бас уяатай.
Нэг их хѳгширсѳндѳѳ ч биш, энэ бүх шинэ ѳѳрчлѳлтүүд нойронд ч бас нѳлѳѳлж байгаа байх. Ямартаа ч даваад гарна даа гэсэн бодлоор ѳглѳѳ болгон бороотойд ч, нартай салхитай д ч дугуйгаа жийсээр...