Монголд 10 жил амьдарсан гадаад найз Говь руу анх удаа яваад, "ам нь ангайгаад" ирж. Угаасаа тэгдэг юм билээ, 28 насандаа анх удаа очиж үзээд миний ч "ам ангайсан". Монголын Говь гайхалтай шүү.
Элс, ѳѳр юу байна? гэж асууж магад. Ѳѳр юу ч байх хэрэггүй ээ. Гол утга учир нь тэрэндээ оршдог санагдсан. Хаашаа ч яарахаа болиод, эмх замбараагүй олон бодол аяндаа цэгцэрчихнэ. Бүрэн тайвшралыг олно. Ѳѳр хаана ингэж чадах билээ?
Говьд очоод, Говийн амьтдыг анзаараарай. Цаанаасаа л их тайван. Угаасаа яарлаа гээд хаа ч хүрэх билээ, хайран эрч хүч, энергээ л хий дэмий үрэхийн нэмэр. Ийм байгаль, цаг уурт олон мянган жил амьдарсан ухаалаг хувьслын үр дүн, амьтад маш сайн мэдэж байгаа биз.
Хаана нь очих вэ гэж үү? Говийн хаана ч хамаагүй очоод 3 хоноход аяндаа л тиймэрхүү болно. Яаруу завгүй амьдралтай газраас ирсэн жуулчид очоод уйлдаг газар шүү дээ!
Тэгвэл хэзээ очих вэ? -- энэ хамгийн хэцүү асуулт. Хэт эрт очвол гоо сайхныг нь ойлгохгүй, харин оройтвол талархана, гэхдээ харамсана...