Friday, April 11, 2008

Hologram

Анх хараад үнэхээр сонин санагдаж байсан зүйлүүдийн нэг болох Hologram буюу нэгэн төрлийн 3 хэмжээст зургийн талаар танилцуулья. Оптик сайн мэддэг бол энэхүү физикийн гайхамшгийн талаар сонссон байж магад.
Лазер ашиглан аливаа биетийн хэмжээ,дүрс, байршил, гадаргуу гэх мэт мэдээллийг бичсэн бичлэгийг Hologram гэдэг ба дээр нь гэрэл тусгахаар өнөөх биет нүдний өмнө яг бодитоор байгаа мэтээр харагдуулдаг "ид шидтэй" юм.

Холограмыг хийхийн тулд эхлээд тусч буй лазерийн нэг туяаг оптикийн аргаар 2 цацрагт хуваагаад, нэгийг нь бичих хальсны гадаргууг бүхэлд нь бүрхэж байхаар( диаметрийг нь ихэсгэдэг), харин нөгөө цацрагийг хуулбарлах гэж буй биетийн гадаргууг бүрхэж байхаар тусгадаг гэнэ. Ингэх үед өнөөх биет дээр туссан цацраг биетийн хэмжээ, байршил ,гадаргуу гэх мэт мэдээллүүдийг шингээж авдаг бол, нөгөө цацраг шингээсэн мэдээллүүдийг хальсан дээр бичдэг байна. Эцэст нь мэдээлэл бичигдсэн хальс руу гэрэл тусгахаар анхны биетийн 3 хэмжээст зургийг харуулдаг. Нэг ёсондоо 2 хэмжээст хавтан руу харахаар дотор нь 3 хэмжээст ертөнц харагдана гэсэн үг .Дэлхий дээрх хамгийн том Холографийн цуглуулга MIT -д байдаг ба дотор нь ойртоод дурангаар нь харахаар сансар харагддаг телескоп, тойроод үзэхээр нүд нь дагаж хараад инээдэг хүний толгой гэх мэт сонирхолтой бүтээлүүд их байдаг юм байна лээ. Дараагийн бичлэгтээ уг цуглуулгыг сонирхож явахдаа авсан зургуудаасaa сонирхуулнаа.

Thursday, April 3, 2008

Visit to Sloan Business School

New England-д манай Host-ийнх Cambridge city-тэй ойрхон байсан юм. Кэмбрижийн их сургуулийн нэрээр нэрлэгдсэн уг жижигхэн хот Harvard University, Massachusetts Institute of Technology(MIT)-ийн кампус байдаг болохоор их алдартай.

Оюутан хүн болохоор Америк их сургууль ямар байдгийг үзэхээр дэлхийд нэг номер гэгдэх Харвардын хуулийн сургууль дээр лекцэнд сууж үзсэн юм. Гэтэл итали акценттай багшийн яриаг сайн ойлгоогүйн дээр ер нь мэргэжилтэйгээ холбоотой яриа сонссон нь дээр гэсэн бодол л төрсөн гэх үү дээ.

Ингээд цааш хайсан ч менежментий лекц Harvard business school дээр олж чадсангүй. Харин азаар MIT Sloan Business School дээр нэг лекцэнд суух шанс олдсон юм. Гэхдээ менежмент гэхээсээ илүү эдийн засагтай ойрхон лекц байсан л даа. Принстоны их сургуулийн нэг багш мөнгөний онолын талаар Америк, Европын нөхцөлд тохируулан нэгэн загвар боловсруулчихаад нийтэд танилцуулж байлаа. SBS -ийн мастер, докторын оюутнууд ,MIT ийн багш нар голдуу сууж байх шиг харагдсан. Лекц гэхээсээ илүү харилцан яриа хэлбэртэй явагдаж байсан нь харин таалагдсан шүү.Ер нь Америк оюутнууд нь ч , багш нар нь ч хичээл дээр их чөлөөтэй байдаг юм билээ.

Урьд нь эдийн засгийн талаар жаахан уншиж байсан ч graduate, хэт дээд түвшний зүйл яриад байсан тул хэлний чадвар, суурь мэдлэгийн түвшин хангалтгүй надад хуулийн лекцнээс нэг их сайн ойлгогдоогүй л дээ. Мундаг багш нарын ном хаялцахыг харах л илүү сонин байсан гэхэд болох байх.

Уул нь MIT нийгмийн салбараасаа илүү байгалийн салбараар илүү алдартай ,дэлхийд #1 инженерийн сургууль гэгддэг юм билээ. Aнглиар ярьдаг хамгийн IQ сайтай оюутан, багш нар тэнд цугладаг гэх үү дээ.MIT шиг 72 Нобелийн шагнал авсан улс орон ч цөөхөн бий. Хэрвээ IQ хүрээд шалгалтыг нь давчихдаг юм бол жилд төлдөг +$30000 ийн талаар санаа зоволтгүй гэсэн байх шүү. Тэгэхгүй ч байсан олон нийтэд уншдаг сүүлийн үейин судалгаа шинжилгээний талаарх лекцүүдэд суун , веб сайтнаас нь өмнөхөн хэрэглэж байсан 1800 орчим төрлийн undergraduate, graduate програмуудынх нь бүтэн семестерийн хичээлүүд, лекцүүдийг ашиглах боломжтой. Сонирхвол http://ocw.mit.edu/OcwWeb/web/home/home/index.htm руу орж үзээрэй.



Friday, March 21, 2008

Ойрд нүүж суугаад жаахан завгүй байсан тул блогоороо бараг орсонгүй. Бусад хүмүүс ч нүүж суусан юм байлгүй , блогоор маань цөөхөн орсон бололтой. Хаврын амралт дуусч, гэр сургуулийн хооронд голдуу үргэлжлэх нэгэн хэвийн амьдрал ч эхэллээ дээ.

Нэг мэдсэн Японд ирсээр яг 2 жил болчихжээ. Цаг хугацаа ч хурдан юм аа. 10 жил, их сургуулийн найзууд сургуулиа төгсөөд ажил төрөлтэй, зарим амжуулдаг гарууд нь эхнэр хүүхэдтэй ч болж байгаа сурагтай. Анх ирээд өдөрт хэдэн сая хүн дамжин өнгөрөх метроны буудлууд дээр үнэхээр толгой эргэн, гял цал байшин барилга,бужигнасан олон хүн үзээд их л сонин санагддаг байж билээ.
Одоо ч нэгэнт дасч, зарим үед жаахан залхах тийшээ хандаад, хааяа би man of big city биш юмаа гэж бодогдох үе ч гардаг юм. Нэг голын эрэг дээр ч юмуу , хээр талд тэнгэр хараад , шувуудын жиргээ сонсоод хэвтэж байх л... кайфтай. Жаахан залхуу хүний л зан байх даа....

муусайн...

Глобалчлагдан, дэлхий нийтээрээ хамтран хөгжлийн төлөө, эх дэлхийгээ хайрлахын төлөө хүн төрөлхтөн нэгдэх 21 зуунд арьс , үүсэл гарлаар ялгаварлах үзэл байх ёсгүй гэгддэг ч энэ үзэл байсаар байгаа .Ер нь хойшид ч байхгүй болно гээд хэлчих хэцүү. Ойрхноос жишээ авахад муу ч сайн ч хужаа нар бол муу гэсэн утгаар муусайн хужаа нар гэж бид их ярьдаг.Улс төрчид нь хүртэл муу хужаагийн эрлийз энэ тэр гээд дуудалцаж л байдаг. Уул нь энэ үзэл урд хөрштэй холбоотой эртний дайсагнал,түрэмгийлэллийн түүхээс урган гарч ирсэн эд байх л даа. Харин одоо ихэнх тохиолдолд математик индукцээр бүгдийг нь муу гээд тогтоочих гээд байна уу гэмээр. Хятад л гэхээр нүдээ аниад шууд муу.

Хувь хүний үзэл бодол өөртөө зөв болохоор хэнийг сайн эсвэл муу гэж бодохоо өөрөө шийдэх хэрэг. Үүнийг яг ийм байх ёстой , тийм байж болохгүй гээд нэг томьёонд оруулаад тогтоочих утгагүй , боломж ч байхгүй. Гэхдээ энэ бас хэн нэгнийг муу гэж дүгнэхдээ ч бодолцох асуудал мөн гэдгийг санах хэрэгтэй болов уу. Хаа газар сайн ч хүн муу ч хүн байдаг. Монгол хүн бүр сайн гэвэл эндүүрэл. Хятад хүн бүр муу гэвэл бас л эндүүрэл.

Ер нь хэн нэгнийг , тэр байтугай улс гүрнийг ч таалахгүй байж болохгүй биш , болно. Үзэн ядсан ч болно, үзэл бодол бол эрх чөлөөтэй. Харин шударга байх хэрэгтэй, худлаа зусарч бялдууч байж болохгүй. Чи надад таалагдахгүй байна, би чамтай юм ярихгүй ээ, би бодолдоо үнэнч гэвэл болно. Чингис хаан маань ч ийм занг үнэлдэг байсныг МНТ дээрээс бид мэднэ. Харин чи надад таалагдахгүй байна, гэхдээ би чамаас ийм ч юм авмаар байна, тийм ч юм авмаар байна гэх нь зөв үү?Үнэхээр Хятад хүнд , Хятадад дургүй бол тэнд битгий оч, тэднээс битгий юм ав, битгий юм гуй. Бид тэгж чадах уу?

Хятад улс өнөөдөр яаж хөгжиж байгааг Google, Wikipedia-гаас ч мэдчихэж болно. Харин бид ямар байгаа билээ? BBC,NGC,NHK- ийн ачаар бусад хүмүүс Монгол гэхээр, "Чи сургуульдаа мориор явдаг уу" гэхээс хэтэрдэггүй шүү дээ. Арай нэг боловсролтой , түүх уншсан нь 13 зуунд баахан хүн алдаг нөхдүүд чинь Монгол байх аа гэнэ. Улаанбаатарын утаа, Хонгорын цианид, алтны уурхайн сэндийлсэн газруудаас байгальд ээлтэй нөгөө unique гэгддэг малчны соёлыг олж харахад хэцүү.

Хэлэх гэсэн санаа тойроод явчих шиг боллоо. Монголыг муу ,Хятадыг сайн гэж хэлэх гээгүй гэдэг маан нь ойлгогдож байгаа болов уу. Нэгэнт л өнөөдөр Монгол улс Хятад улсаас эдийн засгийн хараат байгаа нь үнэн. Муусайн хужаа нар гэчихээд, хогийг нь цуглуулж авчирч өөр хоорондоо солилцон хэрэглэж байхаар өөрсдөдөө ашигтай талаас нь харж, цаг минутаар хөгжиж байгаа урд хөршөөсөө хэрэгтэй зүйлийг авцгаах нь дээр гэдэг нь ойлгомжтой. Ярихад амархан, хийхэд хэцүү зүйл л байдаг байхдаа гэж...Мэргэжлийн эдийн засагч биш тул хэлж мэдэх юм алга.




Thursday, March 20, 2008

Tibets...us

Өнгөрсөн 7 хоногт Бостоны төв цэцэрлэгийн хажууд туг лоозон барьсан хүмүүс Free Tibet, China out of Tibet! хэмээн дуу нэгтэй хашхиран жагсаал хийж байхтай таарсан юм. Дараа нь мэдээнээс Төвдөд болж буй Хятадын түрэмгийллийн эсрэг дүрвэн гарсан Төвдүүд болон тэднийг дэмжэгчид дэлхий даяар эсэргүүцлээ илэрхийлж байгааг мэдсэн.Олон жил коммунист засаглалын дарамтанд байсан тэд Бээжингийн Олимпийн өмнө үнэхээр цагаа олж дуугаа илэрхийлж буй хэрэг шүү.

Далай лам төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцдэггүй, харин автономийг л эрэлхийлдэг, 2 үндэстний салан тусгаарлалт биш хамтын ажиллагаа нь Төвдийн эдийн засаг, Хятадын үндэсний эв нэгдэлд чухал гэдгийг дахин дахин онцолдог. Төвдүүдийн удирдагч маань энэ удаагийн бослогыг эхлэхийг уриалаагүй, болихыг ч уриалахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Харин тодорхой шийдэлд хүрнэ гэвэл БНХАУ-ын удирдлагуудтай уулзана гэдгээ өчигдрийн мэдэгдэлдээ хэлсэн байгаа.

Мэдээллийн агентлагууд Төвдөд болж буй үймээнийг Тянь ан миний талбайн үйл явдлаас хойш Хятадад болж буй том ноцтой асуудал хэмээн мэдээлж байгаа. Coca Cola ,McDonalds ,Samsung гэх мэт Олимпийн түншүүд болон зарим нэг улсын удирдагчид үүссэн байдлыг зөөлрүүлэхийг Хятадыг"уурлуулчихгүйгээр" ятгаж буй хэдий ч Олимп энх тайвны үйл ажиллагаа гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдол ихтэй том бизнес тул бизнесийн ашгаа Төвд шиг жижиг үндэстний эрх ашгаас дээгүүр тавихгүй гэх газаргүй.

Бусад улс орнууд Хятадын түрэмгийллийг буруушааж байгаа хэдий ч улс төр , спортыг хутгахгүй гэсэн нэрийн дор тууштай алхам хийхгүй л байна. Олимпийн бамбар аялдгаараа аялаад Бээжинд очих бололтой. Эрх чөлөөний эцэг, энд тэнд очиж энхийг сахиулах дуртай Америк хүртэл ерөнхийлөгчийн сонгуульдаа хэт төвлөрсөн үү, эдийн засгийн хямралдаа жаахан паникт орсон уу , Хятадын засгийн газрыг Далай ламтай очиж уулз гэхээс өөр дорвитой юм хэлсэнгүй.

Ямар хүчирхэг хөрштэйгээ манайхан ойлгосон байлгүй дээ, эсвэл бас хэдэн гишүүд нь сонгууль нь ойртчихоод энд тэнд хоосон амлаад завгүй давхилдаж байна уу? Муугаар бодоод цаг цагаар хүчирхэг болж буй өмнөд хөрш маань жаахан зүггүйтмээр санагдлаа гэхэд мань хэд эрх ашгаа Налайхад босгосон морь унасан хүний гялгар цагаан хөшөөнд л найддаг байх даа.



Trip to New England

Хаврын амралтаараа сургуулийнхаа Coop language study program-аар New England яваад ирэв. Шалгалтын стрессээ тайлах гэж байна гээд шөнө кино үзсээр өдөр шөнө солигдчихсон байсан тул очоод цагийн зөрүү нэг их мэдэр сэнгүй нь сайн хэрэг боллоо.

Цагийн зөрүүнээс авахуулаад дассан зүйлсээс ялгаатай сайн, муу зүйлсийг өөр соёл дунд их мэдэрдэг. Төрөлх соёлоос өөр соёл дунд амьдарч үзсэн хэдий ч , дахин өөр нэг соёлыг мэдрэх завшаан олдсон аялал боллоо.



Өөрийн байсан газар болох Massachusetts мужийн төв Boston хотын товч танилцуулгаар аяллын тэмдэглэлээ эхэлье. Америкийн тусгаар тогтнолын эх нутаг болсон энэ хот NY,LA,Chicago гэх мэт бусад том хотуудтай харьцуулахад хүн цөөтэй, жижиг ч, New England-ийн санхүү эдийн засгийн төв юм байна. Боловсролоороо алдартай тул "Америкийн Афин" ч гэгддэг.

Хээл хахууль нэлээн ихтэй газар гэсэн яриа дуулсан.Америкийн түүхэн дэх хамгийн өртөг ихтэй барилга байгууламжийн ажил болох "Big Dig" 14 миллиард долларын төсвөөр боссон ч ихэнх мөнгө нь эрх мэдэлтнүүдийн гараар орсон гэдэг юм билээ. Чанар муутай материалаар барьснаас болж байгууламжийн хэсэг нуран, хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан гэнэ.
Эндхийн хүмүүс арьсны үзэлтэй ихтэй , нэлээн консерватив гэгддэг ба баруун урд эрэг шиг латин америкууд ихтэй биш ч метронд заримдаа испаниар зарлал явагддаг юм билээ. Ирландуудыг гадуурхах үзэл бас их хүчтэй байсан гэж байсан . Хүмүүсийн талаар бас нэгэн зүйл гэвэл зөвхөн Бостон ч биш, ер нь Америкчууд энгийн , гоёж гооддоггүй, харилцахад хялбар санагдсан.

Бостон хот Celtics, Patriots, RedSox мэтийн хүчтэй спортын багуудаараа алдартай. Яагаад хэтэрхий лаг ийм багууд зөвхөн нэг хотод цугларчихдаг байнаа гэж гайхамаар.Мөн дэлхийн хамгий алдартай гүйлтийн тэмцээн болох "Бостоны Марафон" жил бүрийн 4 сард зохион байгуулагддаг юм гэнэ лээ.
Бостон яг далайн эрэг дээр болохоор чийг ихтэй, өвөлдөө жинэдүү, хүйтэвтэр юм билээ.Даарсандаа ч тэр үү, гадуур хүн бүр нэг нэг халуун кофе ,цай барьчихсан явах нь анх их содон харагдаж байсан.
Хувцсаа тохируулж чадалгүй очооод их даарсан хэдий ч шинэ юм үзсэний зэрэгцээ хамт байсан,уулзсан хүмүүс их найрсаг сайхан байсан тул Бостон дахь амьдрал тун дажгүй санагдлаа.

Sunday, March 16, 2008

Angels and Demons

The Da Vinci Code номоороо Dan Brown IQ сайтай зохиолч гэдгээ харуулчихсан. Мань эр баримтыг уран зөгнөлдөө чадварлаг хавсруулахын зэрэгцээ зохиолынхоо үйл явдлыг санаанд оромгүйгээр өрнүүлэн, үнэхээр ухаантай бичдэг болохоор номнууд нь маш сонирхолтой болдог юм. Өмнө нь дурдаж байсан Digital Fortress ч бас салахын аргагүй сонирхолтой ном байсан.

Харин Angels and Demons гэх энэ ном нэг их таалагдсангүй.The Da Vinci Code-ийн гол баатар Robert Langdon ий бас нэгэн адал явдлын тухай зохиол юм.Их сэтгэж бичих гэж хэт зүтгээд жаахан нуршуу болчихсоны дээр гол баатрууд нь яачихсан юм гэмээр сонин алдаанууд гаргаад, нэг их ухаалаг зохиогдоогүй санагдлаа .Сонирхолтой болохыг нь хүлээж уншсаар байтал талдаа орчихсон тул, талыг нь уншчихаад хаячихалтай нь биш гээд арай гэж дуусгалаа. Төгсгөл хэсэг нь арай дээр болсон байна лээ.