Saturday, August 4, 2012

Олимп ба Монгол хүн


Олимп гэж сайхан шүү. Хүний тэсвэр тэвчээр, бие бялдар хэр өндөр түвшинд хүрч болдгийг дэлхийн шилдгүүдээс харах 4 жилд 1 тохиох боломж. Тэгээд мэдээж хамгийн сайхан нь өөрийн тамирчдаа хөгжөөн дэмжих. Баярлах хөөрөх, сандарч догдлох, уурлаж бухимдах хожил хожигдлын агшнууд...

Олимп ба SNS:

Лондон 2012-ийн нэг гол онцлог нь яалт ч үгүй SNS байна. 2008 онд Facebook, Twitter-ээр ингэж хүчтэй Олимп яригдаж байгаагүй санагдаж байна. Ерөнхийдөө гэртээ эсвэл хаа нэгэн кафе, паб-д гэр бүл, найзуудтайгаа ТВ-ийн тайлбарлагчийг сонсоод л үздэг байсан. Харин одоо тамирчид маань яаж байгааг Twitter, Facebook-ийн wall дээрээс шууд мэдэж болохоор болж. Гадаадад Монголчуудтайгаа нийлж үзэх боломж бага хүмүүсийн хувьд л ингэж нэт-ээр мэдээлэл солилцож байна уу гэхээр, Монголд байгаа хүмүүс ч мөн ялгаагүй секүнд секүндээр нь үйл явдлыг мэдээлж байна. 

Монголчууд ба гадаадууд:

Монголчууд Олимпод хэр их сонирхол хандуулдгийг энэ жил л анх мэдэрлээ. Twitter, Facebook-ийн пост-уудаас ажиглагдсан нэг зүйл гэвэл Олимпод хандаж байгаа гадаадууд, Монголчуудын сонирхлын ялгаа. Нээлтээс хойш 7 хоноход Монголчууд маш идэвхитэй Олимпийн талаар ярилцаж байхад, таньдаг 1 ч гадаад найз маань тэмцээн уралдааны талаар пост хийсэнгүй. Уул нь миний таньдаг гадаад, Монгол алиных нь дотор ч мэргэжлийн тамирчин хүн байхгүй, ихэнх нь над шиг л оюутан эсвэл саяхан төгсөөд ажиллаж байгаа жирийн хүмүүс. Миний таньдаг хүмүүс л идэвхитэй байгаад байна уу гэтэл Олимпийн tweet дээр монголчууд дэлхийд тэргүүлж байна... 

Бодит амьдрал дээр ч төстэй зүйл ажиглалаа. Өмнөх Олимпуудаар үргэлж Монголд байсан болохоор Олимп хүн бүрийн ярианы сэдэв болж, суваг болгон дээр гарах нь хэвийн зүйл гэж боддог байв. Улс дотроо байхдаа мэддэггүй зарим зүйлийг гарч байж л ойлгох анзаарах тохиолдол байдаг. Японд Олимпод тэгж массаараа хүчтэй анхаарал хандуулдаггүй юм байна. Хүнтэй уулзахад Олимп бараг л ярианы сэдэв болохгүй, train-ий дэлгэцээр Олимпийн мэдээ гарч байхад зорчигчид утсаараа оролдоод л сууж байдаг. Утсан дээрээ Олимп үзэж байна уу гээд харахаар тийм биш. Саяхан сэлэлтийн багш маань хүртэл 17 настай Японы ахлах сургуулийн сурагч Фелпсийн урд орж медаль авч гэхэд огт мэдэхгүй гайхшруулж байв... 

Дээр олон улсын математикийн олимпиадийн үеэр ч бас төстэй зүйл ажиглагдсан. Гадаад найзууд чимээгүй, харин Монгол найзууд бүгд мэдээд ярьж байв. Twitter дээр 100 хүрэхгүй хүн дагадаг, Facebook дээр ч цөөхөн найзтай болохоор миний sample бүтэн улсуудыг төлөөлүүлж дүгнэхэд хангалттай биш байх л даа. Арай олон sample-тэй хүмүүс надтай ойролцоо зүйл хэр ажигласан бол?

Амжилтын нууц:

Гадаадуудыг байя гэхэд ямар ч байсан Монголд спорт, тооны хичээлийг чухал гэж үзээд, нийтээрээ их анхаарал хандуулдаг соёл байдаг гэдгийг бүгд мэдэх байх. Манайхан ч 3 сая хүрэхгүй хүнтэй, санхүүгийн боломж муутай хэрнээ спорт, мат-ийн уралдаанд хэдэн зуун сая хүнтэй, дэлхийд тэргүүлэх баян орнуудын сайн хангамжтай хүмүүстэй өрсөлдөж, амжилт гаргаж чадаж байна. Гэхдээ үүний гол шалтгаан нь Монгол хүний онцгой чадвар гэхээсээ спорт, мат-ийг нийтээрээ үнэлж, чухал гэж үздэг соёл гэж би боддог юм.

Гол шалтгаан нь соёл гэхээр санал нийлэхгүй хүн гарах байх. Уул нь Монгол хүн тусгай чадвартай байгаасай гэж боддог л юм. Гэхдээ яагаад гэдгийг өөр өнцгөөс харвал Монгол хүний онцгой чадвар нь юу вэ гэдгийг арай ойлгомжтой тайлбарлаж болох юм шиг санагдаж байна. Доорхи 2 жишээг тайлбартаа ашиглая.

Мат-ийн хувьд амжилт гаргадаг орнууд нь заавал мөнгөний боломж, хүний тоо гэхээсээ Мат-ийг дунд сургуулиасаа нийтээрээ бараг л  шашин шиг шүтдэг хуучин Оросыг дагадаг орнууд, эсвэл хичээл их хийдэг соёлтой Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд байдаг. Харин олон хүнтэй, мөнгөтэй жишээ нь Англид тоонд сайн байх нь тийм ч cool зүйл биш болохоор мат-ийг сонирхож хичээллэх хүн харьцангуй цөөн, үр дүнд нь IMO-д ч харьцангуй өндөр амжилт гаргадаггүй гэгддэг. 

 Спортын хувьд, жишээ нь үндэсний бөхийг аваад үзье. Монголд нэг аймгийн, нэг сумын, бүр нэг голоос 3 аварга төрсөн сонин тохиолдол байдаг.  Үнэхээр тэр голын залуус бөхийн онцгой авъяастай юу гээд сонирхоод үзсэн юм. Тэгтэл, тэр нутагт нэг алдартай сүм байдаг ба олон лам банди нар цуглаж, ноцолдож өсдөг байж. Энэ нь тэр нутагт бөх дэлгэрэх суурь нь болж, улмаар аймагтаа, цаашлаад улсад том амжилт гаргасан бөхчүүдийг төрүүлсэн юм билээ. Харин сүүлийн үед бөх хөгжөөд, Наадамын бөхчүүд Улаанбаатарт бүтэн жил тасралтгүй бэлтгэл хийдэг болоод ирэхэд улсын цолтой бөх ч тэр нутгаас дахиж төрсөнгүй. 3 аварга төрсөн нутгийн хүүхдүүдэд байсан бөхийн онцгой чанар гэнэт алга болсон уу..? Сагсны хувьд ч Америк яагаад хүчтэй вэ, Сүмод Япончууд яагаад муу вэ гэдэгт иймэрхүү тайлбар хийж болно.

Аливаа улс, нутагт спорт ч бай, тоо ч бай, тухайн зүйлийг хэр олон хүн чухал гэж үзэж, сонирхож байгаа нь хөгжлийнх нь түвшинд нөлөөлж, сайн эсвэл муу байхад гол үүрэг үзүүлдэг бололтой.

 Монголчуудын жинхэнэ онцгой чадвар ба тэрийг хэрхэн ашиглах:

 Тэгэхээр Мат, Олимпийн жишээнээс харахад Монголчуудын жинхэнэ онцгой чадвар Тоо ч бай, спорт ч бай, "чухал гэж нийтээрээ сонирхож үзсэн зүйлийг хийж, ялагч байх дуртай, байж чаддаг" чадвар юм уу? Магадгүй эзэнт гүрний үед сайн байлдах нь нийгэмд өндөр үнэлэгдэж, хүн бүр шагшин магтдаг байсан болохоор олон сайн баатрууд төрж, жишээ нь байшин барьж тариа тарихыг үнэлдэг соёлтой улсуудыг эзэлж, дэлхийн түүхийг бичсэн юм болов уу? 

Ямартаа ч спортод хайртай, дунд сургуульд математикийг cool гэж үздэг соёл нь нөлөөлж цөөхүүлээ, санхүүгийн боломж муутай хэдий ч дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа нь бахархалтай хэрэг. Тиймээс Монголчууд спорт, мат-ийг үнэлдэг шигээ ажил хөдөлмөрийг чухалчилдаг нийгмийн үнэлэмжтэй болчихвол Монгол хүн бүр сайхан амьдрах цаг хол биш.

------------------
Харин одоо тийм байна уу гэвэл, үгүй. Монголчууд залхуу гэдгийг Монгол хүн бүр хүлээн зөвшөөрөх байх...Олимпийн жишээн дээрээс л харъя. Аль ч зүйлийг 2 талаас нь харж болдгийн адил спорт сонирхох ч бас сайн муу талтай. Сайныг нь дээр ярьсан, үр дүнг нь бид харж байна. Баярлаж, бахархаж байна. Харин нөгөө талаас нь харвал, спорт хэт их сонирхоод ажил хийхгүй байна гэж бас тайлбарлаж болно. Жишээ нь, 3 сая хүрэхгүй хүн 300 сая хүнтэй интернетийн эх орныг давж жиргэж байна гэдэг 
1 хүнд ноогдох медалиар 1-т бичигдлээ ч, 
1 жиргээнд ноогдох мэдалиар хамгийн сүүлд,
1 медальд ноогдох эдийн засгийн  ашигтай үйл ажиллагааны цагаар хамгийн сүүлд бичигдэнэ гэсэн үг үү?
 --------------------

Малчин ч бай, бизнесмен ч бай амжилттай хүмүүсийг харж байхад нийтлэг нэг зүйл нь хэн нэгэнд (жишээ нь төрд) өөрийгөө найддаггүй, гайхалтай хөдөлмөрч хүмүүс байдаг. Хэрвээ хөдөлмөрч байх нь дунд сургуульд мат чаддаг, олимпод медаль авдаг шиг cool зүйл гэсэн нийгмийн үнэлэмжтэй болчихвол "Нийтээрээ үнэлдэг юмыг хийж, ялагч байх дуртай, байж ч чаддаг" Монгол хүний онцгой чадвараа ашиглаж Монголчууд улсаараа сайхан амьдрах болно.

Ингэж их нуршаад юу хэлэх гэсэн бэ гэвэл, Олимп үзэхээ болиод ажлаа хий гэх гээгүй л дээ, хэхэ. Давуу сул талын аль алинаа мэдэж байх нь сул талаа нөхөж, давуу талаа хөгжүүлж, цаашид өсөхөд хэрэг болох байх гэдэг үүднээс л өөрийн бодлоо бичлээ.

Sunday, July 29, 2012

Olympics and Economics


Here is a quite interesting research on the link between hosting the Olympic Games and its effects on the country's economy.

"Over the past 10 Olympics, the host nation has won 54% more medals than when it was not the host nation. If medals are your preferred currency, this represents a high return on investment" says a recent research by Goldman Sachs. Otherwise, Olympics might NOT be the best business opportunity for a country. 


Full report: Goldman Sachs report

Moody's says Olympics "unlikely to boost" economy.
Moody's report

Enjoy London2012!


Friday, July 27, 2012

Жин хасав


Жин хасах ч миний хувьд айхтар хүнд ажил биш бололтой, одоохондоо.
Жор нь гэвэл:
1. бага унтаад,
2. бага идээд,
3. сэлээд байх.
2-3 цагийн нойр, 2 хоол, 30 мин сэлэлтээс өдрийнхөө эрч хүчийг аваад яваад байхад 7 хоногт 3 кг хассан байна. Хурдан жин хасахын нэг муу нь гэнэт футболканууд хүлхийж, өмд тэлээгүй унаад, бас жаахан тамиргүй болчихдог юм байна. Жин хасч тэмцээнд ордог тамирчид яаж болдог байнаа...

Гэхдээ гуалиг энэ тэр болох гэж ингэсэнгүй л дээ. Юмыг цагийг нь тулгаж хийх гээд байдаг муу зуршлаас болж судалгааныхаа явцын илтгэлийн өмнөх хэдэн өдрүүдэд өөр сонголтгүй болж үлдсэн нь энэ. Уул нь хэдэн сарын хугацаатай байсан ч үр бүтээл муутай өнгөрөөчихсөн болохоор ихэнх ажлаа deadline-ий өмнөх хэдэн өдөрт овооруулчихав. Өмнө нь болохоор цаг байгаа гээд хийх хүсэл төрөхгүй, хийх гээд суусан ч сайн төвлөрөхгүй яваад л байлаа.

Ингээд илтгэлээс 10-аад хоногийн өмнөөс л сая нэг "ухаан орж" хүссэн хүсээгүй өдөржин Excel-ээр "занималдах" болов. Уул нь яг бариад авахаар гайгүй хурдан урагшилчих юман дээр л халширч суусаар нэлээд цагийг үр бүтээлгүй өнгрөөчихснөө ойлголоо. Олдохгүй байх гэж бодож байсан дата-нуудаа ч яг хайгаад үзтэл гайгүй олдчихлоо. Нэг сонирхолтой зүйл гэвэл, Монголын тухай датаг орос хэл дээр Японы сургуулийн номын сангийн хүн бараг ашигладаггүй хэсгээс олов. Орос хэл сурч байсан маань 10 жил төгссөнөөс хойш бараг анх удаа л ингэж хэрэг нь гарав.

Ямар ч байсан хэрэгтэй дата-нуудаа бараг олчиxсон болохоор дараагийн ажил нь эмхлээд, тооцоогоо хийгээд, илтгэлээ бэлдэх. Ялангуяа дата эмхлэх хүнд биш мөртлөө ажиллагаа ихтэй хамгийн балиар "хар" ажил байв. Гайгүй хөгжимгүйгээр цаана нь гарах аргагүй санагдав. Өлсөхөөрөө хоол хоолоо идээд, ядрахаараа явж сэлчихээд л, үүр цайгаад ирэхээр хэсэг дуг хийчихээд л хөгжмөө сонсоод л хуруугаа кийборд хэдэн өдөр дискодууллаа. Бас Бразил кофенд нэлээн оров.

Ингэж ингэж илтгэл тавьхаас 2 цагин өмнө л бүx зүйлээ дуусган, 1 давтаж үзээд, тараах материалуудаа хэвлээд ерөнхийдөө бэлэн болов. Азаар бороотой байсан тул Токиогийн саун шиг бүгчим халуун арай сэрүүсч, гайгүй хоол идэх сонирхолтой болсон байлаа. Хэдэн өдөр алгассан өдрийн хоолонд орчихоод үсээ янзлаад анги руу алхав. Каффеин, бассеин 2 оор дутуу нойроо сэргээгээд яваад байсан болохоор яалт ч үгүй муухай царайтай...

Илтгэл дээр me against 3 профессор, 4 доктор, 2 мастерийн оюутан. 30 минут орчим яриад гайгүй дуусгасан ч шүүмжлүүлэх зүйл нэлээд гарав. Бага хугацаанд яаруу хийсэн маань ч яалт ч үгүй нөлөөлөв. Дутуу зүйл ч их байлаа, өөрөө огт олж хараагүй зүйл, шинэ санаанууд ч их байлаа. Багш нар аргагүй хийдэг ажил нь paper бичих болохоор нэлээн хэрэгтэй зөвлөгөөнүүд өглөө.  Явцын илтгэл болохор шууд маш сайн байснаас эхэндээ алдаатай байсан нь дээр байх л даа. Гэхдээ дараагийн илтгэлээ эртнээс сайн бэлдэж орохгүй бол...Хийх зүйл нэлээд тодорхой байсан тулдаа л энэ удаад богино хугацаанд хийж амжууллаа.

Хурд нэлээн саараад, хорвоо дэлхий slow motion-д ороод зомби царайлчихсан ч, гэхдээ цээжнээс нэг хэсэг ачаа аваад хаячихсан юм шиг арай хөнгөрчихсөн ангиас гарч ирэв...

Friday, June 29, 2012

Bye getsu25, hello iTumee!


Блог нэлээд мода-нд орж байх үед өөрөө ч бас бичмээр санагдаж блог нээх бодол төрсөн юм. Тэгээд blogger.com луу ороод яг нээх болтол blog address-ээ ч шийдээгүй, түрүүлж нүдэнд туссанаар нь 月25 (getsu25=Monday25) гээд ширээн дээрх календарийн өдрөөр нэрлэчихэж байв. Ингэж www.getsu25.blogspot.jp төрснөөс хойш 5 жил өнгөрчээ.

Тэгээд эхний хэдэн бичлэгийнхээ нэгэнд ингэж бичиж байж:
"Ер нь блог бичих болсон нь Эврика гэж орилохоор нээлт хийчихээд, эсвэл нэг их мундаг хүн болох гэж ядан хэрээсээ хэтэрсэн том том юм ярих гэснийх биш л дээ. Өөрийгөө таних, бодлоо цэгцлэхэд маань л нэлээд тус болох байх гэж бодсон юм. Бодол санаа бичлэг болон үлдэх учраас эргээд уншиж байхад тэр үейин БИ-г одоогийн БИ-тэй харьцуулах боломж ч бас нээгдэх болов уу..." Блогоосоо өөрийнхөө өөрчлөлтийг харж болох байх гээд Хувьсал гэж нэрлэсэн юм.


Түүнээс хойш янз бүрийн л сэдвээр бичиж. Дунд нь залхуутай зүйл ч бичиж, хэрэггүй тэнэг зүйл ч байна, өөрийгөө шоолохоор инээдтэй зүйлс ч байна.  Гэхдээ эргээд хааяа уншиж байхад блог маань үнэхээр өөрийнхөө бодол, үнэлэмж, мэдлэгийн хувьслыг тольдох нэг хэрэгсэл маань болсоор ирж. Өмнө нь гайxширдаг байсан олон зүйлийнхээ хариуг олчихоод эргээд харахад би хаанаас ирсэн, одоо хаана явна гэдэг баримжаа авахад маань тус болдог гэх үү дээ.

Ер нь  иймэрхүү зүйлийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр өөртөө зориулаад бичээд явж болох ч 
 бодлоо хуваалцахыг хүсч байсан болохоор блог бичсэн байх л даа. Харин бодлоо хуваалцах арга энэ хугацаанд нэлээд өөрчлөгдөж. Анхны пост-оо хийж байхад iPhone гараагүй байлаа. Одоо харин хүн бүр л smartphone-дээрээсээ Facebook, Twitter шалгадаг болж,  харин блог hot зүйл байхаа больж. Блог хандалтын тоо ч буурах хандлагатай байна, feedback ч огт ирэхээ больж.

Тийм болохоор бичихээ болихгүй ч, share хийх аргаа өөрчлөх цаг нь нэгэнт болсон санагдана. Харин яаж: Энэ чигээр нь үргэлжлүүлээд FB, Twitter лүү share хийгээд явсан нь дээр юм болов уу? Эсвэл feedback сайтайгаар нь шууд Facebook Note дээр Public Post болгосон дээр юм болов уу? --Одоохондоо хараахан шийдээгүй л байна.

Ямар ч байсан эхний өөрчлөлтөө random-оор өгсөн blog address-ээ солихоос эхэлье гэж бодлоо. Ирэх 7 хоногоос www.iTumee.blogspot.com болгож өөрчилъе гэж бодож байна. www.getsu25.blogspot.com-той 5 жил цуг байсан уншигчиддаа баярлалаа!

Tuesday, June 19, 2012

"The Dream Team" by NBA TV

 A great documentary about the greatest team in a history of team sports. This is a story about how basketball has become not just basketball.


Tuesday, June 12, 2012

WE CARE!


4 жилд 1 удаа 1 л өдөр улстөржих муугүй байх л даа, гэхдээ дэмждэг нам байхгүй болохоор даан ч чадахгүй юм...

...Багадаа уул нь сонгуульд дуртай хүүхэд байсан юм. Эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгдөг байсан маань их л сонирхолтой санагддаг байв. Хөдөө сонгууль болохоор залуучууд нь төв руу морь эсвэл унаагаар өөрсдөө очиж саналаа өгдөг, харин өндөр настнуудын саналыг тусгай  томилсон хүмүүс гэрт нь очиж авна. Эмээ маань сургуульд суугаагүй, бичиг үсэг сайн чаддаг зүйл нь биш байсан болохоор би "туслах" нь болдог байсан хэрэг л дээ. Санал авах хүмүүсийг ирэхэд сонгох нэр дэвшигчийнхээ нэрийг чихэнд хэлчихнэ. Тэгээд үлдсэн ажлыг нь надад даалгачихна. Энэ нь  9 настай жаалд тухайн үед их л сонирхолтой ажил байлаа. Уул нь насанд хүрээгүй хүүхдийг итгэмжлэх нь хууль дүрэмдээ болдог ч байсан юмуу гэж гайхдаг юм, ямартаа ч одоо эргээд бодохоор бага насны сайхан дурсамжуудын маань нэг болон үлдэж.

Харин арай том болоход улстөр, сонгууль гэх мэт зүйлд аяндаа сонирхол татагдахаа байв. 10 жилд ангийнхан, найзууд улстөр, нам энэ тэр ярихаар утгагүй санагдаад ярианд огт оролцохгүй. Товчxондоо, 16 настай пацан-уудын хэрээс хэтэрсэн зүйл, улсын ирээдүйг шийдчих болоогүй гэж бодоод math-ийн даалгавар ч юм уу, бөмбөг нүдэх гэх мэт өөрийнхөө зүйлийг хийхэд л анхаарлаа төвлөрүүлдэг байв.

Их сургуульд ороход байдал сайжирсангүй. Сонгууль гэхээр ялгаагүй л худалч намууд, хуурамч хүмүүс ялж ялагдаж, хольж солигдож байдаг, ер нь улстөр онцын ач холбогдолгүй зүйл гэдэг ойлголттой болчихсон байсан. Тэгсэн хэрнээ ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр сонгуулийн насанд хүрч, анх удаа өөрийнхөө сонгосон хүнийг дугуйлах нь сонирхолтой санагдаад ч тэр үү,саналаа өглөө. Гэтэл сонгосон дэвшигч (Жагаа!) маань ер нь өөр хүний санал авсан ч юмуу гэмээр навс ялагдаж, сонгуульд "ганц миний санал ер нь байсан байгаагүй хамаагүй юм биш үү" гэдгийг бодитоор ойлгуулав.

Тэгээд удаа ч үгүй гадагш явж сурахаар болж хилийн дээс алхлаа. Түүнээс хойш урдах хичээл, ажил, хобби гэх мэт өдөр тутам зууралддаг зүйлсдээ түүртэж явсаар дараа дараагийн сонгуулиудыг сонирхсон ч үгүй. Харин нэг л  зун шалгалтууд ойртчихсон номын санд сууж байгаад "Улаанбаатарт танк орж ирлээ" ч гэх шиг сонин мэдээ сонслоо.  Удаа ч үгүй  "7 сарын 1 болчихлоо" гээд гадаадын сонины бараг эхний нүүрэн дээрээс уншлуу даа. Түүнээс хойш ер нь гадны бүхий л том хэвлэлүүдээр  Minegolia, Pollution, Visit, Nuclear Petition гэх мэт keyword-той  Монголын тухай мэдээ байсхийгээд л гардаг болов.

Нутагтаа байхад л Монгол, Монгол гээд яриад байдаг ч гараад явахаар хэн ч мэддэггүй жижигхэн орныг маань дэлхийн нэртэй мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа аван байн байн бичээд эхлэхээр ер нь юу болоод гээд байна, юу болох гээд байна гэдэгт илүү татагддаг юм байна. Гэхдээ тэглээ гээд гэнэт улстөр, сонгуульд сонирхолтой болчихсон юм байхгүй л дээ. Сонгуулийн хувьд, сонирхол хамаагүй, зүгээр улсынхаа ирээдүйг шийдэхэд хувь нэмэр оруулах нэг үүрэг, хийх ёстой зүйл гэдэг утгаар нь илүү хүлээж авдаг болсон байх...

Товч намтар маань нэг ийм. Одоо гол ажилдаа оръё.

Уржигдар саналаа өгөх гээд Токиод байдаг ЭСЯ дээр очтол өөр хийх ажилгүй юм шиг дэмий зүйлд цагаа үрсэн "IQ муутай" 50 нөхрийн нэг болж таарлаа. Гадаадад суугаа иргэд саналаа өгөх боломжтой болсон ч
・өөрт ч ашиггүй, үр дүн ч гарахгүй зүйл,
・4 жилд 1 удаа Weekend-ээр явах ирэх цагтайгаа нийлээд  1-3 цагийн зав гаргачих хүн ч цөөхөн,
 гэдгийг IQ муугаас ч болсон уу, багад суусан "хөдөөний сэтгэхүй"-гээс ч болсон уу, ойлгоогүй байж. Бодвол хэзээ ч унтдаггүй, хэзээ ч амардаггүй дэлхийд хамгийн том эдийн засаг эргэлддэг хотод амьдарна гэдэг дэмий зүйлд 1 минут ч үрээд байх боломжгүй, ер нь амаргүй байдаг биз. Хээр талд хөл нүцгэн шилбүүрийн мод унан өсч, эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгөх өдрийг хэд хоногийн өмнөөс тоолон хүлээдэг байсан жаал ер нь яаж ч ойлгох билээ...

Ажил амралт, сургууль соёл, ар гэр хувийн амьдрал гээд өнөөдрийн аз жаргалд шууд нөлөөлөх ач холбогдол өндөр зүйлүүд өчнөөн байхад politics гэдэг маргаашийн тухай хоосон ярьдаг crap-д цагаа үрэх хэрэг ч үгүй биз. Тэртэй тэргүй саналаа өгөх механизм нь ч зөв ч юм уу буруу ч юмуу, зөв байлаа ч олигтой сонголт байгаа ч юм уу (ер нь өмнө нь байсан юм уу?), байлаа ч миний санал нөлөөлөх ч үгүй. Саналаа өглөө ч ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй. Ийм л байсан, ийм ч байх болно. Хэрэв хүн бүр ингэж бодвол.

Тийм болохоор өнөөдөр үр дүнгүй байлаа ч маргааш үр дүн гаргахын тулд бага ч гэсэн WE CARE гэдгээ өнөөдөр л харуулах нь зөв юм болов уу гэж санагдаад байгаа юм. Саяны сонгуульд оролцсон 2000 хүний санал ч, нийт оролцохоор бүртгүүлсэн 4000 хүний санал ч, шинэчэлсэн бүртгэлд хамрагдсан 30 мянган хүний санал ч, бүр дэлхийн эргэн тойронд байх 100 гаруй мянган Монгол иргэдийн бүгдийнх нь санал байлаа ч ямар нэг зүйлийг өөрчлөх үү гэвэл, магадгүй үгүй л байх л даа.

Гэхдээ 10 гаруйхан хоногийн дараа нутагтаа сонгууль өгөх бусад Монголчууд маань интернет, телевизээр хараад сууж байна, өнгөрсөн бүтэн сайн өдрийн сонгуулийн санал асуулгын үр дүнг олж харах л байх. Тэгэхээр дараа санал өгөх хүмүүст нэг юм бодогдуулах дохио, магадгүй шийдвэрт нь нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй гэж үү?  Ер нь өгсөн санал маань биднийг улстөрөөс цөхрөөсөн зүйлийг шууд өөрчлөх хүчгүй ч, үр дүн нь дараа нь санал өгөх  бусад хүмүүст ямар нэг нөлөө үзүүлэх л байх...

50 ч биш, 2000 ч биш, 30 мянга ч биш, 100 мянга ч биш, 2 сая хүн WE CARE гээд 4 жилд 1 удаа амралтын өдрийн 2 цагаа зориулвал ирээдүйг ч биш, одоог ч өөрчлөх боломжтой гэж бодогдох юм. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй л байх л даа. Соёлтой газар боловсрогдоод боловсрогдоод бас л 9 настай хөдөөний жаалын сэтгэхүйдээ хөтлөгдөөд байх шиг байна би...

Wednesday, June 6, 2012

Michael Sandel: The Lost Art of Democratic Debate




Speaker Introduction:
Michael Sandel is considered as one of the most interesting political philosophers, and one of the most  popular teachers in the World today. Prof. Sandel is best known for his legendary Harvard undergraduate course "Justice",  which has enrolled over 15, 000 students, and is the first Harvard course to be made freely available online (www.JusticeHarvard.org) and on public television. (According to Harvard University Department of Government)