Wednesday, June 3, 2020

Ухаан ба аз жаргал



Ухаантай хүн аз жаргалтай амьдарч чадахгүй бол ухаантай байхын хэрэг юу вэ? Хүний амьдрал хязгаартай, тэрхүү цаг хугацааг харуусал гунигтай өнгөрөөх бол ухаантай байхын хэрэг юу вэ гэдэг чухал асуулт. Мэдээж “ухаан” гэж юу вэ, “аз жаргал”-ыг юугаар хэмжих вэ гэдэг төвөгтэй зүйлс. Энэ талаар ямар судалгаа байдгийг сонирхож үзлээ. 


Ухаантай шийдвэр зовлонгоос сэргийлэх үү?

IQ өндөртэй хүмүүс дунджаар амьдралд илүү сэтгэл хангалуун байдгийг цөөнгүй судалгааны үр дүн харуулдаг байна.


Оюуны чадавхи өндөртэй хүмүүс ихэвчлэн дундаж хүнээс илүү боловсролтой улмаар санхүүгийн хувьд илүү амжилттай, аливаа зүйлийг тунгаан боддог иймд аливаа эрсдэлд илүү бэлтгэлтэй тул жаргал их биш гэхэд ядаж зовлон бага байх боломжтой бололтой. Ямартаа ч сайн бодож гаргасан шийдвэрүүд харилцаа, карьер санхүү гээд амьдралын олон талбарт асуудал, зовлонд унагах эрсдэлээс сэргийлнэ гэж үзвэл толгой дотроо сайн процессортой байвал мэдээж тустай байж болох. Гэхдээ тэнэг шийдвэрүүдээс зайлсхийж, зовлонгоос сэргийлснээр жаргалтай байх албагүй. 

Оюун ухаан аз жаргалд хүргэх үү?

“Интеллект өндөртэй хүмүүс аз жаргалтай байхыг би маш ховор харсан” гэж нэг нэртэй зохиолч хэлсэн удаатай. Ер нь оюуны чадавхи өндөртэй хүмүүсийг харж байхад дараах 3 зүйл нийтлэг ажиглагддаг санагддаг. 

  1. Аливаа зүйлийг 2 талаас харах нь түгээмэл. Сайн зүйлээс ч эрсдэлийг хайж олж харна гэдэг тийм ч жаргалтай зүйл биш болов уу. 
  2. Илүү амбицтай байх нь түгээмэл. Өндөр чадвартай хүмүүс өндөр харайхыг хүсдэг ч, өндөр зорилго тавих тусам биелэхгүй байх, унах магадлал нэмэгдэнэ. Энэ мэдээж аз жаргалд сайнгүй.
  3. Потенциаль өндөртэй хүмүүс багаасаа л бусдаас өөр байдаг. Натур нь бусдаас ялгаатай тул хүний ая эв олох, олонд тааруулж амьдрах нь амаргүй.
Хэдийгээр ухаантай хүмүүс тэнэг шийдвэр бага гаргаж, олон зовлонг тойрох боломжтой байж болох ч 1) аливаа зүйлийг байгаагаас нь сайнаар хардаг өөдрөг хүмүүстэй харьцуулахад, 2) ирээдүйн амбиц чухал биш, одоогоороо амьдардаг эсвэл 3) бусад хүмүүстэй нийцэл/харилцаа сайтай хүмүүстэй харьцуулахад аз жаргал багатай байх боломжтой.   



Суут ухаан, онцгой авъяас хараал уу ерөөл үү?

Тархины аль нэг хэсэг нь жирийн хүнээс хэд дахин хөгжилтэй байх нь бурхан/байгалиас заяасан бэлэг үү, эсвэл хараал уу? Гоц авъяастай хүүхдүүд бие сул, депресст илүү өртөмтгий байх нь түгээмэл. Чикаго, MIT гээд нэртэй сургуулиудын оюутнуудын дунд амиа хорлолтоор тэргүүлдэг. Суут ухаантнуудын хувийн амьдрал гунигтай түүхээр дүүрэн. Тэд пессимист байх нь түгээмэл, жирийн хүний хувьд том амжилт тэдний хувьд уналт байж болно, тэд тэвчихэд хэцүү ааш авиртай ганцаардмал байх нь цөөнгүй.

Тэд хосгүй зургийг зурна, хөгжмийг туурвина, математикийн тэгшитгэлийг бодно, сансар огторгуйн нууцыг тайлна. Орчин үеийн амьдрал, шинжлэх ухаан технологийн хөгжил, соёл урлаг иймэрхүү суутнуудгүйгээр өнөөгийн түвшинд хүрэх аргагүй. Түүхээс харахад Ван Гог, Бетховен, Ньютон, Эйнштэйний хувь нэмэр чухал байсан ч, тэд аз жаргалтай амьдрах эсэх нь сонин байгааүй. Гений хүмүүс аль нэг чиглэлээр хүн төрөлхтний хөгжлийг нэг алхам урагшлуулах хэрэгсэл л байж гэж хүртэл бодогдохоор тохиолдлууд маш их.

Юу хийх хэрэгтэй вэ?

Тархины аль нэг хэсэг өндөр чадвартай байх нь ухаан гэсэн үг биш. Энэ бол зүгээр л нэг төрлийн авъяас. Магадгүй байгалиас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг. Харин тухайн хүндээ хараал мэт байх нь ч бий. Тэгвэл ухаантай хүн юу хийх хэрэгтэй вэ? Хугацаатай амьдрал, хязгаартай цаг хугацааг хэрхэн үнэ цэнэтэй, аз жаргалтай өнгөрөөхөө мэдэхгүй бол ухаантай гэсэн үг биш болов уу. Иймд аз жаргал гэж ерөнхий тохиолдолд юу байдаг вэ, яг чиний хувьд юу вэ, түүнд хэрхэн хүрэх вэ гэдгийг нухацтай бодох нь чухал. 





Friday, May 22, 2020

David Rubenstein, Keynote Speaker | Wharton MBA for Executives Philadelp...







Хавар болгоны нэг онцгой үйл явдал бол их сургуулиудын төгсөлтийн баяр санагддаг. Шинэ төгсөгчдөд нэртэй хүмүүсийн зөвлөгөө, хэлэх үгийг хүргэдэг commencement speech-үүдийг одоо ч сонсох дуртай. Энэ жил өглөө орой зам дээр түгжрэх үедээ D.Rubinstein-ий ярилцлагуудыг их сонссон болохоор түүний Wharton Executive MBA нарт тавьсан илтгэлийг нөхөж сонсов. Түүний ярилцлагын стилээс сурах зүйл их санагддаг -- маш энгийн, бас хөгжилтэй байдлаар ярьдаг нь ямар ч сэдвийг мэдэхгүй хүнд ч ойлгомжтой, хүртээлтэй болгодог. CEO нар энд тэнд очоод илтгэл тавихаар залыг унтуулаад байхаар нь ийм форматыг зориуд боловсруулсан гэдэг. Илтгэл нь ч бас ярилцлагын формат шигээ сонсоход төвөггүй, чих рүү урсаад орно. Энэ их чухал чадвар.



Илтгэлийн агуулга:

1) Карьер солих тухай

2) MBA & Мөнгөний тухай

3) Филантропын тухай

4) Байнга уншиж байх тухай

Wednesday, May 20, 2020

How to Achieve Your Most Ambitious Goals | Stephen Duneier | TEDxTucson



Том зорилгыг биелүүлэх амархан арга:

1) Гүйцэтгэж болохуйц жижиг ажлуудад хуваах,

2) Ажлын тѳлѳвлѳѳгѳѳ/хуваарь зохиох

3) Хуваариа мѳрдѳх



Saturday, May 9, 2020

5.9

2015 оны зун Байгаль нуурын ойролцоо нэг тосгонд энэ зургийг дарсан санагдаж байна.
Оросын аль ч зах хязгаарын ямар ч жижигхэн суурин, тосгон бүрт байдаг нэг зүйл бол энэ --Дайнаас хэзээ ч эргэж ирээгүй залуусынхаа нэрсийг тодоор сийлж бичээд, дээр нь мѳнхийн гал, эсвэл гашуудаж байгаа эхийн хѳшѳѳ.
Үнэхээр ч 2-р дайнд Орос шиг их хохирол амсч, их зовлон үзсэн орон үгүй. Дэлхий даяар энэ дайнд нийт 60 сая орчим хүн амь үрэгдсэнээс, 20 сая нь oрос хүн байсан. Герман тэгэхэд 7-8 сая хүнээ алдсан байдаг.
Энэ дайныг дэлхий нийт "2-р дайн" гэдэг нэрээр л ихэвчлэн мэддэг. Ихэнх хүний хувьд киноноос үздэг үлгэр домог шиг л, амьдралаас нь хол зүйл.
Харин хүн амынхаа 1/4-ийг дайнд алдсан Орос орны хувьд бол ѳѳр мэдрэмж, ѳѳр дурсамж. Оросын ард түмний хуьвд энэ бол зүгээр нэг "2 дугаар" дайн байгаагүй, харин "Аугаа их Эх орны дайн" гэж нэрлэгддэг дайн байсан. Хүүгээ эсвэл охиноо, эр нѳхрѳѳ, эцэг эх, найз нѳхрѳѳ алдсан орос хүний хувьд энэ дайн давтагдашгүй, дугаарлашгүй, эдгэшгүй гүн шарх үлдээсэн гашуун түүх байсан.
"Ухрах газар үгүй, ард чинь Москва байна" гээд цээжээрээ эх орноо хамгаалсан учир дайны хохирол ч маш их байж. Дайн эхлэхэд бэлтгэл дутуу байсан Орос цэргүүд водка шот татаад пулеметны ѳѳдѳѳс дундаа 1 буу бариад ар араасаа гүйгээд гардаг байсан гэдэг. Яг л Jude Law-ийн тоглосон мэргэн бууч Василий Зайцевийн тухай Enemy at the Gates кинон дээр гардаг шиг.
Тосгоны тариачин эрс ч энд тэнд хүрз сэрээгээ бариад автомат, танкаар зэвсэглэсэн Германуудын эсрэг партизаны тулаан ѳрнүүлж байв.
Ёроолгүй мэт их зовлонгийн эсрэг мятрашгүй тэмцсэний эцэст 1945 оны 5 сарын 9-нд буюу ялалтын ѳдѳр тохиоход Орос оронд баяраа тэмдэглэх водка олдохгүй, хамгийн ховор нандин бараа болсон гэдэг.
Харин ѳнѳѳдѳр үндэсний баяр болсон энэ ѳдрийг Оросын ард түмэн огт ѳѳрѳѳр тэмдэглэдэг. Водка уухгүй. Дайныг нүдээрээ үзсэн ахмадууд дээрээ очиж золгоно. Тосгон суурин бүрт байх дурсгалын хѳшѳѳнд цэцэг тавина.
Хѳшѳѳн дээр нэрийг нь мѳнхѳлж сийлсэн тэдгээр залуус байгаагүй бол Орос орон тѳдийгүй, улс орон харгалзахгүй fb-ээр найз болоод бие биедээ like дардаг ѳнѳѳгийн дэлхий ертѳнц, хэдэн тэрбум хүний хувь заяа одоогийнхоос огт ѳѳр байх байсан ч байж болох...

Tuesday, April 7, 2020

The Science of Well Being

Карантины үеэр "The Science of Well-Being" гэх Йелийн их сургуулийн 317 жилийн түүхэн дэх хамгийн алдартай энэ хичээлийг Coursera дээр авч байгаа (үнэгүй). Ѳдѳр тутамдаа хэрхэн сэтгэл хангалуун байх, аз жаргалын тухай энэхүү хичээл дээр заавал гэрийн даалгавар хийх шаардлагагүй, видео бичлэг нь товч, их амар санагдсан. Ер нь карантины үеэр нийгэм, хүмүүсийн сэтгэлзүйг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээ олон улс оронд дутмаг байгаа нь асуудлуудыг ар араасаа дагуулж буй. Зайнаас ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж муу стресс ихтэй, гэртээ түгжигдсэн хосуудын хувьд салалт ихэсч, элдэв тѳрлийн донтолт хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд ч нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллээр цацаж байна. Ер нь сошиал медиа, интернетээр хаашаа л харна, ѳвчилсѳн нас барсан хүний статистик байнга хараад суух нь ч таатай зүйл биш. Пандемиктай холбоотой стресс дээрээ нэмээд "инфодемик"-ийн стресст нэмж автах нь мэдээж сайнгүй. Карантины үеэр Шекспир шиг нэг зохиол (King Lean) бичиж, Ньютон шиг нээлт (татах хүчний хууль) хийдэггүй юмаа гэхэд эгэл жирийн хүмүүс ядаж ѳѳр ѳѳрсдийнхѳѳ сэтгэл санааг тогтвортой байлгах нь чухал болов уу. Үүнд энэ хичээл туслах байх.