Friday, November 2, 2012

Ikkyousai (кампус фестиваль)


Япон дахь оюутны амьдралын 1 том event нь кампус фестиваль буюу Япон маягийн мини-наадам. Энэ үеэр хичээл амарч, оюутнууд хичээлээс гадуур хийдэг клуб, дугуйлангаараа нийлэн
 урлагийн үзүүлбэр, миссийн тэмцээн, төрөл бүрийн хоол хийх гэх мэт олон үйл ажиллагаа зохиодог. Сургуулийн ойр хавийн оршин суугчид болон гаднаас олон хүн ирж сонирхдог болохоор  кампус дахь уур амьсгал жирийн үеийнхээсээ нэлээн өөр болсон байдаг. Сургуулийн маань фестиваль өнөөдрөөс эхэлж 3 өдөр үргэлжилж, ойролцоогоор 200, 000 хүн ирэх байх. Энэ жил ч Монгол оюутнуудаараа нийлж үндэсний хоолоо хийж зарна. Өмнөх жилүүдэд олсон ашгаа сайн үйлст хандивлаж байсан gogo.mn  мэдээн дээр гарч:

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
"Бид Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" Төрийн Бус Байгууллагын (ТББ) хандивын үйл ажиллагааны тухай мэдээлж байсан билээ.

Дэлхий даяар оршин сууж буй Монгол залуусын санаачлагаар байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд орон зайн сургалтын талбайг байгуулж, Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ- ийн Сэхээн амьдруулах тасагт 3 монитор бэлэглэх зэрэг сайн санааны ажлыг зохион байгуулсан билээ. Харин энэ удаа тус ТББ-аас ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт дутагдаж буй тоног төхөөрөмжийг авч өгөх хандивын ажлыг 10 сарын 20-оос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 1 сар хүрэхгүй хугацаанд 3.892.200 төгрөг болон 361 ам.доллар цугларжээ.

Залуусын зориг санаачлагаар хийгдэж буй зуу зуун нялхасын амь насыг аврах энэхүү үйлсийг дэмжин дэлхийн олон оронд сууж буй хувь хүн болон хамт олон хандив өргөжээ. Тэдний нэг нь Япон улсын Хитоцубаши Их Сургуулийн оюутан залуус юм. 11-р сарын 4-өөс 6-ны өдрүүдэд болсон "Иккёосай" хэмээх наадамд тус сургуулийн болон Япон улсад ажиллаж амьдарч буй 30 гаруй залуус маань Монгол үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын дор хамтран ажиллажээ. Тэд энэ наадмын үеэр Монгол үндэсний хоол болох хуушуураа хийж худалдан, олсон ашиг болох 120.000 иен буюу 2 сая төгрөгийг хандивласан байна. Дашрамд дурдахад Хитоцубаши Их Сургуулийн залуус өнгөрсөн онд ч гэсэн цаг заваа харамгүй гарган оролцож 100.000 иенийг хандивлан, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын ЭХЭМҮТ Сэхээн амьдруулах тасагт монитор авах үйлсэд ихээхэн хувь нэмэр болсон билээ.

Ийнхүү сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр тус ТББ-ын зохион байгуулж буй 3 дахь удаагийн хандивын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч энэхүү төслийн эхний шат болох 25.6 сая төгрөгийн өртөг бүхий ХБНГУ-ийн Draeger фирмийн инкубаторын хөрөнгийг босгоход ойролцоогоор 21 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. 

Тиймээс уншигч Та бүхнийг ч гэсэн Монгол нялхасын эрүүл мэндийг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд нэгдэн, өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Хандивыг Голомт Банкны 1105039384 тоот данс, мөн тус ТББ-ын вэб хаяг болох www.saveinfants.mn -ийн Paypal-аар хүлээн авч байгаа ажээ. Мөн төсөл болон хандивын явцын талаар Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ийн www.facebook.com/saveinfantswww.saveinfants.mn хаягуудаар тогтмол мэдээлж байгаа юм байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай! "
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

source:  www.gogo.mn



Tuesday, October 9, 2012

Хөгжлийн тухай миний алдаатай ойлголтууд: энгийн санааг төвөгтэйгээр тайлбарлах нь


Сайхан амьдралд хүргэх замыг хөгжил гэж бодоод дэлхийн улс орнууд хөгжлийг зорьдог байх. Нэлээн хэд хоногийн өмнө "Зарим чухал сэдэв" гэдэг нэвтрүүлгээр Баттулга, Лхагвасүрэн, сэтгүүлч Анужин 3 улс орны хөгжлийн тухай мэтгэлцээн өрнүүлж байхыг үзсэн юм. Улстөрч-бинесмэн, сэтгүүлч, зохиолч гэсэн өөр өнцгүүдээс, хэд хэдэн орнуудын жишээг танилцуулсан нэлээд өвөрмөц нэвтрүүлэг байсан ч нэг сул тал нь "хөгжил" гэдгийн тодорхойлолтыг нээлттэй орхисон явдал байв. 

1. Хөгжил гэж юу вэ? 

Яг энэ асуултад хариу олох нь гадагш явж сурах зорилгуудын маань нэг байсан тул нэвтрүүлгийн 3 юу ярих нь нэлээд сонирхолтой байв. Асуултынхаа хариултыг бүтнээр нь  хараахан олж амжаагүй ч,  хэдэн ном эргүүлж, хөгжилд хүрсэн (ядаж ойртсон) гэж тооцогддог 1-2 улсаар явж, ялгаатай хөгжилтэй өөр орнуудын хүмүүстэй ярилцаж үзэх зуур "Хөгжил гэж юу вэ?" гэдэг асуулт цааш задарч,  "Хөгжилд заавал хүрэх хэрэгтэй юу?", "Хөгжилд хүрэх нь боломжтой юу?" мэт асуултууд ч гарч ирж, хөгжлийн тухай ойлголтыг  маань арай лавшруулж өгсөн санагдана. Энэ бүх зүйлээс бодсон зүйлээ эмхэтгээд "Хөгжил" гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлвол,  "сонголттой болно" л гэсэн үг гэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ тайлбар маань хөгжил гэдэг үгнээсээ ч ойлгомжгүй болчиxсон тул арай дэлгэрэнгүй тайлбарлах гээд оролдоод үзье.

Тайлбараа одоогийн хөгжилтэй гэгддэг орнуудын товч түүхээс эхэлвэл,  "хөгжил = эдийн засгийн өсөлт" гэсэн ойлголт 1940-оод он хүртэл зонхилж байв. Өөрөөр хэлвэл юуны түрүүнд үйлдвэрлэл нэмэгдэж, орлого өсөх л гол зорилго байлаа. Харин  1960-аад оноос энэ зорилго бага багаар биелэгдээд иртэл хөгжил гэдгийг дахин бодож үзэх хэрэг гарч, "хөгжил= орлого + нийгмийн хангамж (welfare)" гэж үзэх болов. Нэг ёсондоо материаллаг зүйлс харьцангуй нэмэгдээд ирэхээр дараагийн ээлжинд боловсрол, эрүүл мэнд гэх мэт хувь хүний сайн сайхан байдлыг хангах  бусад үйлчилгээнүүдийг ч сайжруулахад анхаарах болж. Дараа нь 1980-аад оноос хөгжлийн тодорхойлолтонд  нэмэгдэж, одоо ч чухал хэвээр байгаа нэг хэмжүүр "амьдрах орчин" болов.  Энэ нь бохирдоогүй агаар ус, үйлдвэр техникийн чимээ шуугиан,  эвдэгдээгүй байгаль гэх мэт хүн амьдрах таатай орчингүйгээр хөгжил, сайхан амьдралын тухай ярих нь учир дутагдалтай гэж үзсэнийх болов уу. Эдгээр 3 дээр хамгийн сүүлд нэмэгдсэн хэмжүүр нь хүний "сэтгэлзүйн сайн сайхан байдал" буюу бий болгосон зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах гэж ойлгож болох байх. Тэгэхээр одоо хөгжлөөрөө тэргүүлэх орнуудын зорьж буй хөгжлийг тодорхойлвол:  
                 хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин + сэтгэлзүйн сайн сайхан байдал
гэж хэлж болох байх. Нэг ёсондоо, таатай орчинд сайхан нийгэм байгуулж, эд зүйлээр дутахгүй, дээр нь энэ бүгддээ сэтгэл хангалуун амьдрахыг хөгжил буюу сайхан амьдралд хүрэх зам гэж үзэж байгаа бололтой. 

Сонирхолтой нь, энэ бүх үйл явц санамсаргүйгээр ийм дарааллаар өрнөөгүйд оршино. Энэ бүхний цаана хүний хэрэгцээний мөн чанар нуугдаж байгаа болохоор хүний хэрэгцээ хэрхэн хангагдах ёстой тэр л зүй тогтолтой нягт холбоотойгоор хөгжлийн түүх өрнөсөөр ирж. Хүний хэрэгцээг олон янзаар тайлбарласан байдаг ч хамгийн энгийнээр 3 шатанд хуваавал, 1-т физиологийн хэрэгцээ (хоол хүнс г.м), 2-т аюулгүй байх хэрэгцээ (орон байр, амьдрах орчин г.м) тэгээд хамгийн дээд шатанд оюун санааны хэрэгцээ (харъяалал, хүндлэл, зорилго г.м) орно. Харин хөгжлийг үүнтэй уялдуулж тайлбарлавал хөгжлийн процесс гэдэг нь эдгээр хэрэгцээгээ хангах шат дараалласан алхамууд гэж хэлж болох юм. Тэгэхээр, дээр тайлбарласан хөгжсөн орнуудын цаг хугацааны явц дахь хөгжлийн тодорхололтын өөрчлөлтүүд нь тухайн цаг үе бүрд хүний хангахыг хүссэн хэрэгцээнүүдийн хувьслыг л харуулж байгаа хэрэг болох нь. 

2. Хөгжих хэрэгтэй юу?

Ерөнхийдөө хөгжсөн орнуудын түүхийн эхний шатанд үйлдвэрлэлийг хөгжил гэж үзэж байсан нь  эд зүйлс хомс учир хүмүүс эхний ээлжинд материаллаг хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай байсантай холбоотой. Харин тодорхой түвшинд энэ хэрэгцээ нь хангагдаад ирэхээр эрүүл энх аж төрөх аюулгүй орчны хэрэгцээ тулгамдсан асуудал нь болж ирж. Тиймээс энэ хэрэгцээгээ хангахын тулд ямар ч хамаагүй аргаар юм үйлдвэрлэж байснаа зогсоож, өөрсдийн оршин тогтнолоо аюулд оруулахгүйн тулд үйлдвэрлэлийн аргаа сайжруулж, хөгжих явцад сүйдсэн байгаль орчноо нөхөн сэргээж хамгаалахыг хөгжлийн салшгүй нэг хэсгээ болгож.  

Ийм байдлаар өмнө байсан асуудлууд ар араасаа шийдэгдэж, амьдрал сайжирч байгаа мэт харагдавч шат ахих зуур дахин шинэ шинэ асуудлууд ч гарч ирсээр. Жишээ нь, Япон гэхэд нийтээрээ амьдралын түвшин өндөртэй, тайван орчныг бий болгосон цөөхөн жишээний нэг хэрнээ хүмүүс сэтгэл хангалуун болсон уу гэвэл үгүй гэж хариулах хүн олон. Америкт ч 2 давхар хаус, 3 машинтай айлын эзэн танай Монголын жирийн малчин надаас жаргалтай байж магадгүй гэж ярьж байх жишээтэй. Үүний шалтгаан нь нэг талаас эд зүйлс элбэг болохоор материаллаг зүйлст харьцангуй сэтгэл нь ханачихсан, харин нөгөө талаас их үйлдвэрлэл, хөгжилдөө эрх чөлөөгөө боолгуулж, гэр бүл найз нөхөд өөрийн сонирхолдоо зарцуулах хувийн цаггүй болчихсон байдагтай холбоотой байх. Нэг ёсондоо материаллаг зүйлсээс таашаал авах нь багасч, харин оюуны таашаалын гачигдалд орсон байх тул  амьдралаас авах нийт таашаалын хэмжээ буурсан гэж тайлбарлаж болох юм. Ийнхүү хөгжлийн үр дүнд их ажлын стресс дарамт л үүрч явдаг, сэтгэл хангалуун бус хүмүүс ихэссэн нь хөгжлийн тодорхойлолтонд хамгийн сүүлийн хэмжүүрийг нэмэх гол шалтгаан болсон байх. Тиймээс цаашид хөгжсөн орнуудын зорилго нь зөвхөн эд баялаг, таатай амьдрах орчноос гадна хүний сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хангах тийм хөгжлийн чиглэл рүү явж байна.  
Иймэрхүү байдлаар хөжсөн орнуудын түүхийг харахаар хөгжлийн зүг чиг нь цаг хугацааны явцад улам олон зүйлийг хэмжүүрээ болгосноор илүү олон талаар сайхан амьдрал руу хөтөлж яваа санагдах ч  "Хөгжих нь зөв үү?" гэдэг асуултын хариулт дараагийн 1 асуултын хариулттай салшгүй холбоотой.

3. Хөгжиж чадах уу? 

"Хөгжил = үйлдвэрлэл + нийгмийн хангамж + байгаль/ амьдрах орчин  + сэтгэлзүйн сайн сайхан байдал" гэдэг хамгийн сүүлийн (одоогийн) тодорхойлолтоос ерөнхийдөө хөгжлийн зорилго зөв чиглэлд орсон гэж хэлж болохоор санагдана. Одоогийн хөгжилтэй орнууд өдийг хүртэлх хугацаанд дээрх хэмжүүрүүдийн аль нэг нь дутуу байснаас болж байгалиа сүйтгэх эсвэл сэтгэлзүйн өвчлөл (амьдралаас авах таашаалгүй болох, улмаар амиа хорлолт ихсэх г.м) хөгжлийн сөрөг үр дагавруудыг амссаар ирсэн. Харин одоо хөгжиж буй орнуудын хувьд хөгжилд хүрэхийн тулд заавал өмнөх орнуудтай адилхан шатлалаар дамжиж, алдааг нь давтах шаардлагагүй гэж үздэг. Учир нь хожуу хөгжихийн нэг давуу тал нь хөгжил гэж юу болох, түүнд хүрэх замд ямар алдаа байдгийг мэдчиxсэн, тойрох арга замууд нь ч нээгдчихсэн байдаг болохоор тэр. Жишээ нь эд зүйлсийн хэрэгцээ нь тулгамдсан асуудал, эхний ээлжинд үйлдвэрлэл явуулах нь л гол хөгжлийн зорилго байгаа хэрнээ шинэлэг үйлдвэрлэлийн аргуудыг хөгжсөн орнуудаас нэвтрүүлснээр байгальд хор хөнөөл багатайгаар энэ зорилгоо биелүүлэх бололцоотой.

Харин хариу нь олдоогүй нэг төвөгтэй асуудал үлдсэн нь хөгжлийн сүүлийн хэмжүүр буюу "сэтгэлзүйн сайхан байдлыг хэрхэн шийдэх вэ?" гэдэг асуултын хариу. Үүний хариуг олох нь яагаад төвөгтэй вэ гэхээр, хөгжлийн бусад хэмжүүрүүдийг өндөр үзүүлэлттэй байлгахад шаардагдах "ажлын цаг" ба хүний оюун санааны таашаалыг өндөр байлгахад шаардагдах "хувийн цаг" 2-ийг зэрэг өсгөх амаргүй болохоор тэр. Ажлын цаг нь урт бол хувийн цаг багасч дарамтаа дийлэхгүй ийм нийгмийн золиос болж буй хүмүүс ихсэнэ. Эсрэгээрээ, хувийн цаг урт бол ажлын цаг багасч, хөжлийн түвшнээ хадгалахад хүнд болно. Японы жишээн дээр гэвэл, хувийн цаг хэт багаас болж ачааллаа дийлэхгүй стресс, сэтгэлзүйн өвчлөлд орох хүмүүс ихэсэхээс гадна ирээдүйд нийгмээ авч явах хүүхдийн төрөлт ч цөөрч, нийгэм нь цаашид оршин тогтноход хэцүү болоод байгаа. Ажлын цагаа багасгая гэхээр амсxийвэл л эдийн засаг нь нурж уначих гээд байгаа болохоор тийм боломж бас байхгүй. Ингээд 2 талаасаа шахаанд орон ямар ч сонголтгүй хүнд байдалтай л байх шиг байна. Магадгүй хүний ажлыг нь хийж өгч, амралтын цагийг нэмэгдүүлэх технологи ирээдүйд бий болж байж л өдөөгийн хөгжлийн тодорхойлолтондоо хүрэх цаг ирж магадгүй юм...Харин одоогоор эхний хэдэн хэмжүүрүүдийг өндөр түвшинд хүргэсэн ч сэтгэлзүйн сайн сайхан байдлаа дээшлүүлэх тал дээр сонголтгүй байна.

Тэгэхээр хөгжил гэдэг нь эд зүйлс, хангамж үйлчилгээ, амьдрах орчин, цагаа ч дураараа сонгох сонголттой болохыг хэлж байгаа гэж боддог юм. Хэрэв ийм сонголттой болж чадахгүй, хөгжлийнхөө боол болон аз жаргалгүй нийгэм рүү чиглэх юм бол "Xөгжих хэрэгтэй юу?" гэдэг асуудлыг дахин бодож үзэх хэрэгтэй болно байх...

Tuesday, September 4, 2012

Wednesday, August 29, 2012

Шинэ эхлэл: өөртөө зориулав


"Амжилт сэтгэлдээ зайтай хүнд л ирдэг."


Ингээд 20-ийн сүүлийн хагас эхэллээ. Бас 50-ийн 2 дахь хагас. Өдийг хүртэл бусдад өгөхөөсөө авах нь хамаагүй их байж. Хувиа хичээсэн ийм нөхөр аз дайрахад дандаа сайн хүмүүсээр хүрээлүүлсээр ирж. Тийм болохоор ч "авах ажил" маань өдийг хүртэл ингэж удаан үргэлжилсэн байх.

Харин үүнээс хойш, "бусдад хэр ихийг өгч чадах уу?" гэдэг сорилтийг өөртөө тавиад үзье. Учир нь цаашид дандаа өмнөх шигээ аз дайрахгүй нь тодорхой. 50-ийн 2 дахь хагаст хүн бүрийн л адил "Өгөхгүйгээр авахгүй" гэдэг амьдралын хатуу зарчмын дагуу  явах болохоор.

Ингэж орой ухаарч буй нь 2 шалтгаантай байх.
1-т, хариу нэхэлгүй өгдөг хүмүүcийн хайранд хэт ташууран, зөвхөн өөрийгөө бодоод л урагшаа явдаг байсан болохоор.
2-т, бараг л хөдлөлгүй байрандаа зогссон энэ 1 жил явж байх зуур бодох зав гардаггүй зүйлcийн талаар эргэцүүлж, ойлгодоггүй байсан зүйлүүдээ ойлгох цаг хугацааг олгосон болохоор.

Нэг талаас хүний хамгийн гялалздаг залуу насны 1 жилийг дэмий шахуу өнгөрөөсөн, нөгөө талаас олон зөрчлийг гаргаж ирж тунгаан бодуулсан 1 жил байлаа...

Өөрийгөө л бодох нь сэтгэлдээ өөрөөрөө л хязгаарлагдах хэмжээний зайг үүсгэдэг байх. Өөрөө өслөө ч хэзээд зай давчуу хэвээр. Яваандаа давчуу зайнд өөрөө ч өсөхөө больж, өөрийнхөө болохгүй гэж хичээдэг тэр дүр төрх рүү л улам дөхнө.
 Харин хүнд өгч чадаж байнаа гэдэг нь сэтгэл дотроо бусдыг ч агуулах уужуу зайтай, хувь хүн талаасаа илүү өссөнийг илтгэх шинж байх. 

Ингээд шинэ шат, шинэ зарчим, шинэ эхлэл...Гэхдээ л нэг хэсэгтээ авах нь давамгайлсан хэвээр л байна байх...Өөрчлөх зүйл, сурах зүйл олон байна даа. Хувь хүн талаасаа эргэлт хийх 1 жил болно байх гэж найдъя...


2012.08.29



Saturday, August 18, 2012