Sunday, March 25, 2018

Баярлалаа, Соронзон багш!

Тѳрѳлх сургуулийнхаа 25 жилийн ойгоор Соронзон багшдаа очиж баяр хүргэлээ. "Орос 3" гэдэг бренд энэ гавшгай хүнтэй салшгүй холбоотой. Дайчин монгол эмэгтэй, жинхэнэ тѳмѳр хатагтай!
Соронзон захирал сайхан ааштай хүн бол огт биш. Бүгд мэднэ дээ. Багш, сурагч, хичээлийн эрхлэгч, үйлчлэгч цэвэрлэгч, гадаад дотоод хэнийг ч ялгахгүй зад загнаад хаячихна. Оросыг нь оросоор нь, Монголыг нь монголоор, заримдаа 2 хэл холиод ёстой нэг хяргаж ѳгнѳ. Олон хүний дэргэд байна энэ тэр хамаагүй. Та ингэж загнуулахаас ичихгүй бол би ингээд загнаад ѳгье л гэнэ. Онц сурлагатан, муу сурлагатан гэж ялгаагүй. Ерѳнхийлѳгч, сайд, гишүүд, нэртэй бизнесменүүд, олны танил хүмүүсийн хүүхдүүд ч цѳѳнгүй сурдаг байсан, ер нь загнуулж үзээгүй хүн байхгүй дээ. Хүмүүжил, сахилга батын асуудал бол No1.
Нэг удаа ѳглѳѳ хичээлээс хоцортол их завсарлагаанаар Линейка (бүх сурагчид жагсаад сахилга батын талаар хэлэлцдэг цуглаан) дээр дуудаж гаргаж ирээд, "Тѳмѳнцэнгэл гэдэг энэ нийгмийн шаарыг та нар хар! Цагтаа ирж чадахгүйгээс болж самбар луу тѳвлѳрѳх ёстой анхаарлыг чинь хаалга руу сарниулж байна" гээд зад загнуулж билээ. Шилжилтийн насны хүүд Орос 3-ын алдарт царайлаг охидын нүдэн дээр ингэж хэлүүлэх хэцүү ч, "Цаг барих шиг наад захын, энгийн зүйлийг хийж чадахгүй юм бол илүү чухал зүйлийг яаж чадах вэ" гэдгийг яс маханд шингэтэл ойлгуулсан даа...
Мэдээж дандаа загнахгүй л дээ, магтах үе ч бий. Оюутан болоод Орос, Японы засгийн газрын 100% -ийн тэтгэлэгтэй хоёр ч хѳтѳлбѳрт тэнцэж, гадагшаа явж сурахаар болоход "Загнаад байсны учрыг одоо ойлгож байгаа биз дээ?" гэсэн харцаар угтаж билээ.
Соронзон багш ер нь бол "Би энэ сургуульд коммунизмаа тогтооно. Хүсэхгүй бол гараарай! 800 хүүхдийн багтаамж аль хэдийн хэтэрчихсэн байгаа тул -- пожалуйста!" л гэж ярьдаг хүн. Сургууль дотор цэвэрхэн байлгах үүднээс бүгд чехлы буюу улавч ѳмсѳнѳ. Улавчаа угаасан эсэхийг тогтмол шалгана...Овог нэр, анги, цээж зургаа наасан визитка буюу мандат шиг зүйл энгэртээ зүүнэ. Байхгүй, мартсан бол бас л асуудалд орно. Болохгүй зүйлсийн жагсаалт бол маш урт: үсээ будуулах, салбадай шиг хувцаслах, бохь зажлах, дураараа мейк-ап хийх, ном хавтасгүй байх, эцэг эхийн хурал таслах...гээд лист бол үргэлжлээд л байна.
Ялангуяа хэрэг тарьдаг нѳхдүүд (нѳгѳѳ анги бүрт байдаг usual suspects) алхаа гишгээ бүрээ цэгнэж явахгүй бол дуудагдах, тэгээд мэдээж хяргуулах риск маш ѳндѳр. Харин босстой тааралгүй зѳвхѳн Максим Муратович (хичээлийн эрлэгч)-т турсгаа хуулуулаад ѳнгѳрвѳл "азтай" хэрэг болно.
Мѳн их цэвэрлэгээг сурагчдаар ѳѳрсдѳѳр нь тогтмол хийлгэнэ, сэтгэлээсээ хийж байгаа эсэхийг "Наад зураасаа ингээд арчаач ээ!!! гээд л ѳѳрѳѳ биечлэн явж шалгана. Тэгээд мэдээж "Удирдлагын шалгалт" буюу АКР бол нэлээн олон хүний зүрхийг лүк лүк хийлгэж, нүдийг нь бүлтэлзүүлнэ -- гэнэт орж ирээд самбар 2 хуваан А, Б гэж бичээд, дэвтрийн гол цаас гарга, эсвэл монгол бичгээр хурдан уншлага шалгана гэвэл тэгээд баларч байгаа нь тэр...Таракан шиг буюу "жоомны мѳр шиг" муухай бичвэл хэрэгтэн болж, загнуулах магадлал баталгаатай 200%.
За тэгээд үрлэн сумтай буу эсвэл үзүүртэй мэс авчирвал -- сургуулиас шууд хѳѳгдѳнѳ. Зодоон хийвэл -- хѳѳгдѳнѳ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байвал -- мэдээж шууд хѳѳгдѳнѳ. Заавал гоц авъяастай хүмүүсийг анхнаас нь цуглуулдаггүй ч, хэрэв 9 тѳгсѳхдѳѳ стандарт шалгалтаар улаан шугамны дор орвол-- бас л хѳѳгдѳнѳ. Гэх мэт, гэх мэт -- дүрэм бол маш хатуу. Хамгийн гол нь хэрэгждэг. Нэг удаа гүйж байгаа хүүхдэд дэгээ тавьж, хүүхдийн гар хугарсан хэрэг гарахад маргааш нь дэгээ тавих үйлдэл нь автоматаар сургуулиас хѳѳгдѳх шийтгэлтэй болсон. Коридороор гүйх эрхээ ч бүгд хасуулсан санагдаж байна. Лав л дахиж ийм хэрэг гараагүй...
Энэ бүхний эцэст тѳгсѳлтийн үдэшлэг-парти сургуулийн урлагийн заланд болж, орой 9 цагт билүү, гадаа гэгээ тасраагүй байхад эцэг эхчүүд нь ирж гарын үсэг зураад хүүхдүүдээ авч харьснаар хонхны баяр маань ѳндѳрлѳж байв...
Ѳнѳѳдѳр болсон сургуулийн маань 25 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд зориулж тѳрийн 3 ѳндѳрлѳг, нийслэлийн удирдлага, боловсролын сайдаас мэндчилгээ ирүүлсэн нь 3 удаагийн улсын тэргүүний сургуулийг босгож ирсэн Соронзон багшийн гавъяаг бүгд үнэлсэн хэрэг. Ѳѳрѳѳ орос сургууль тѳгссѳн хүн учраас гадаад хэргийн сайд биечлэн ирж мэндчилгээ дэвшүүлэхдээ: "90-ээд онд Монгол оронд боловсролын салбар тэр чигээрээ унаж байсан тэр хүнд хэцүү үед энэ хүн сѳрж гарсан юм аа!" гэдгийг онцолж байсан.
Одоо заримдаа таньдаг хүмүүс хүүхдээ Орос 3-т оруулбал ямар вэ гэж их асуудаг. "Лермонтов, Достоевский, Толстой-ийн бүтээлүүдийг эх хэлээр нь уншдаг болно, дээр нь Соронзон багшаас ёс суртахуун, сахилга батын маш сайн хичээлд суралцана даа" л гэж хариулдаг.
"Манай тѳгсѳгчид" гээд л багш маань ѳѳрийн хүмүүжүүлж ѳсгѳсѳн шавь нараараа маш их бахархаж ярих дуртай. Шавь нар нь ч багштаа талархан хүндэтгэж, сургуулиараа их бахархдаг. Цаашид ч олон олон шавь нарынхаа сурагч насны алтан дурсамжуудыг бүтээж, хүүхэд наснаас нь сайн дисциплинд сургаж, амьдралын зорилго, мѳрѳѳдѳлд нь хѳтлѳх биз ээ. Соронзон багшийн маань амьдралаа зориулсан, тѳрѳлх сургууль Орос 3 маань ийм л газар даа... 
(Ивент тарахад 3000 хүн залнаас гарах гэж чихцэлдэх шахцалдах зүйл мэдээж гарахгүй. Максим Муратович тайзан дээрээс микрофоноор тэр эгнээ суу бос, жагс алх гээд коммандлаад явчихна. Гүйцээ!)

Saturday, March 10, 2018

Mart 8

1. 18-р зууны Орос эмэгтэй бэлэвсрээд ердѳѳ 3-6 сарын дараа дахин гэрлэдэг байсан. Хүнд хѳдѳлмѳр ихтэй тариачны нийгэмд эмэгтэй хүн ганцаар амьдрах аргагүй тул уй гашуугаа хурдан дараад дахин нѳхѳрт гарахаас ѳѳр сонголтгүй байв. Эрх чѳлѳѳний орон гэгддэг Америкт ѳнѳѳдѳр 2 гэр бүл тутмын 1 нь салдаг. Тэнд гэрлэснээс хойш ердѳѳ 2 жилийн дараа салалт хамгийн ихээр ѳрнѳнѳ. 21-р зууны Америк эмэгтэйчүүд ажил орлоготой, санхүүгийн хувьд бие даасан тул эр хүнгүй бол амьдрах аргагүй гэсэн ойлголт байхгүй. Иймд бал сарууд дуусч, дурлалын гормон сарнихад олон эмэгтэй бѳгж зүүсэн шийдвэрээ эргэж хардаг. Нийгмийн халамжийн тогтолцоо нь хамгийн сайн гэгддэг Скандинавын баян орнуудад болохоор гэрлэлт багасч, харин салалт хурдтай ѳсч буй. Бельгид гэхэд салалт 70% байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Хүүхэд ѳсгѳх зардлыг улс хариуцаж, ажилгүй байсан ч тэтгэмж ѳндѳр тул салж нийлэх шийдвэр гаргахад мѳнгѳ санхүүгийн асуудал бодох шаардлагагүй. Товчхондоо, гэр бүлд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг цаг үе, эдийн засгаа дагаад ихээхэн ѳѳрчлѳгдѳж байна.
2. Түүхийг сѳхѳѳд харвал эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил хийх, нийтийн албанд томилогдох, тэр бүү хий л хүчин тѳгѳлдѳр гэрээ хийх, хууль ёсоор эд хѳрѳнгѳ ѳѳрийн нэр дээр эзэмших ч эрхгүй цаг үе олон улс оронд байсан. Сургуульд зѳвхѳн эрэгтэй хүүхдээ л явуулдаг, сонгуульд ч зѳвхѳн эрчүүд л санал ѳгѳх нь хэвийн үзэгдэл байв. Харин ѳнѳѳдѳр ихэнх хѳгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшигчдийн олонхи нь эмэгтэй болсон. Эмэгтэй шилдэг эрдэмтэн судлаач, Нобелийн шагналтнууд ч ар араасаа тѳрѳх болов. S&P 500 топ компаниуд дунд удирдах зѳвлѳлдѳѳ олон эмэгтэй гишүүнтэй компаниудын ашигт ажиллагаа (ROE) нь бусдаасаа илүү ѳндѳр байна. Алибаба г.м. инновацийн лидерүүд ч эмэгтэй ажилтнууд хэр чухлыг онцлох болж, "Love of Q" ѳндѳртэй учир ирээдүйд машин (AI) хийж чадахгүй ажлыг эмэгтэйчүүд л хийнэ гэж Жэк Ма ярьж буй. Эсрэгээрээ, эдийн засагт хүн амын тэн хагасыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдээ үр дүнтэй оролцуулж чадаагүй улс орнуудын хѳгжил удааширч, ухарч байна. Улс тѳрд Англи, Герман гээд олон их гүрнүүдийн хувьд эмэгтэй лидертэй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Товчхондоо, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, гүйцэтгэх үүрэг роль цаг үе, эдийн засгаа дагаад ихээхэн ѳѳрчлѳгдѳж байна.
3. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мэдээж физиологийн хувьд, психологийн хувьд хоорондоо ѳѳр. Гэхдээ адилхан биш гэдэг нь аль нэг нь илүү дээр, эсвэл дор гэсэн үг биш. Хэн хэн нь ѳѳрийн давуу талтай, мѳн сул талтай. Тэгэхээр ялгаагаа хүлээн зѳвшѳѳрѳх, бие биенээ хүндлэх, зѳв ойлголцох, тэгээд хэрхэн сул талаа харилцан нѳхѳх вэ гэдэг л чухал болов уу. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс илүү сайн гэр бүл, илүү сайн ажлын орчин, илүү сайхан нийгмийг хамтраад бүтээх боломжтой. Энэ уул нь "ѳвѳл болохоор хүйтэрдэг" гэдэг шиг мэдээжийн зүйл. Гэхдээ үл ойлголцол, хүйсээр ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зѳрчил, хүчирхийлэл, шударга бус явдлууд аль ч улс оронд байсаар байгаа. Иймд хэдийгээр Оросоос гаралтай гэгддэг Март8-ыг тэмдэглэдэг болсноос хойш олон оронд эмэгтэйчүүд маш их прогрессийг хийж чадсан ч, цаашид хийгдэх ёстой зүйлс ч маш олон бий. Товчхондоо, 300 жилийн ѳмнѳх Орос эмэгтэй шиг юуг ч тэвчээд ѳнгѳрдѳг цаг үе ѳнгѳрсѳн ч, "Март 8 = торт & вино эсвэл цэцэг & бэлэг" болгоод л ёслоод ѳнгѳрдѳг цаг үе ч хараахан биш юм.
Бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ѳдрийн мэндийг хүргэе!

Saturday, September 23, 2017

Боловсрол хэрэгтэй юу, хэрэггүй юу?

Боловсрол--хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг асуулт. Хүн боловсролгүй байсан ч болно л доо. Агаар ус, нойр хоол шиг амьдрахад зайлшгүй зүйл бол биш.
Боловсролыг би трактор шиг л багаж зэвсэг гэж ойлгодог. Тэгэхээр хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийн хариулт амархан гараад ирнэ. Хүн ѳвсийг гараараа зулгаасан ч болно, эсвэл трактороор хадсан ч болно. Трактортой бол мэдээж бүтээмжтэй буюу хурдан байх нь ойлгомжтой.
Боловсрол миний бодлоор 2 зүйлээс бүрдэнэ. Нэгт, мэдлэг. Мал аж ахуй, уран зураг, барилга архитектур, спорт, банк санхүү гээд юуны ч талаар байж болно. Онол амьдралд хэрэггүй гэдэг хүмүүс бол хэзээ ямар мэдлэгийг ашиглахаа мэдэхгүй болохоороо л тэгж ярьдаг. Харин зѳв үед нь зѳв мэдлэгийг ашиглах чадварыг бол туршлага гэж ойлгож байгаа. Цаг хугацааны явцад олон дахин туршиж, алдаж оносноор үүнийг сурдаг. Хоёрт, ёс зүй. Юу хийж болно, эсвэл болохгүй гэдгийг зааглах хэм хэмжээ гэсэн үг. Трактортой байлаа гээд түүгээрээ ѳвс хадах уу, эсвэл хүн дайрах уу гэдэг 2 ѳѳр сонголт.
Тэгэхээр, ямар нэг зүйлийн талаар нарийн мэдлэгтэй, дээр нь зѳв тѳлѳвшсѳн хүнийг боловсорсон буюу боловсролтой хүн гэх болов уу. Энэ 2 шинжийг агуулаагүйг нь орчин үед орк, дээр үед бол варвар гэдэг байсан.
Энд тэгвэл сургууль, диплом хаана нь яаж багтах вэ? Зукерберг шиг дипломгүй ч боловсролтой хүмүүс байна. Эсрэгээрээ, диплом ѳрѳѳд тавьчихсан ч боловсроогүй хүмүүс ч бас бий. Мэдээж чанартай диплом бол боловсролын илэрхийлэл болно.
Ер нь бүтээмжтэй хүмүүсийг олноор бэлтгэж, хѳгжлийг хурдасгахын тулд улс орнууд боловсролын тогтолцоог бий болгосон гэхэд буруудахгүй байх. Ѳнѳѳдѳр цэцэрлэгээс их сургууль хүртэлх дамжлага нь сайн орнууд ѳндѳр хѳгжилтэй байна. Тийм биш нь ядуу буурай байна.
Иймд сайн "трактор"-той байхын тулд, бусдаас хоцрохгүйн тулд, цаашлаад улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хадгалахын тулд тѳр засгууд боловсролд хѳрѳнгѳ оруулж буй. Хүмүүжил сайтай, ѳндѳр мэдлэгтэй иргэдийг бэлдсэнээр улс орны мѳнгѳ олох чадвар дээшилж, цэрэг арми нь ч хүчирхэг байх боломжтой.
Боловсролын талаар ярьж байхад соёлыг бас орхиж болохгүй. Хүн сургууль дээр сэрүүн байх хугацааныхаа 20% орчмыг л ѳнгѳрѳѳж буй. Амралтын ѳдрүүд үүнд орохгүй. Тэгэхээр боловсролын нэг чухал хэсэг хүмүүжил, ёс зүйг гэртээ эцэг эхтэйгээ эсвэл гадуур найз нѳхѳд болон бусад хүмүүстэй байхдаа олж авдаг. Яг адилхан сургуульд явдаг ч, ѳѳр шашинтай 2 гудамжны хүмүүс ялгаатай "трактор" унаж байгааг харуулсан судалгаанууд байдаг. Тэгэхээр хүүхдээ сайн сургуульд оруулчихлаа, ингээд болоо гэж бодож байвал нэлээд том эндүүрэл юм.
Сургуульд орох хүртэл аль хэдийн тухайн хүний 60-80% нь ямар үнэлэмжтэй хүмүүстэй цуг ѳссѳнѳѳс хамаараад тогтчихдог. "Хүн болох багаасаа" гэж ярьдаг монголчууд ч энэхүү зүй тогтлыг эртнээс мэддэг байсан.
Эцэст нь, мартаж болохгүй нэг чухал зүйл бол боловсрол ба аз жаргал ямар холбоотой вэ гэдэд асуулт. "Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л энэ насны жаргал гэлтэй" гэдэг Чойномын үг алдаатай юм. Практик дээр "тэнэгийн дотор уужуу" гэдэг ардын үг нь илүү үнэн байдаг. Боловсролтой болсноор хүний ухаан нэмэгддэг байлаа гэвэл, аз жаргал харин нэмэгддэггүй.
Харин ч хүчтэй трактортой болох тусам ѳндѳр уул руу мацах хүсэл тѳрж, тэр нь ихэнхдээ боломжгүй зүйл байх нь ч бий. Эйнштэйн хүртэл "Tоо ойлгохгүй байна гэж санаа зовсны хэрэггүй, надад математиктай холбоотой бүр ч хүнд асуудлууд бий" гэсэн удаатай. Тэгэхээр, эрдэм сурахын хэрээр улам холын одыг шүүрэхийг хүсч, санасандаа хүрэх улам хэцүү болно гэсэн үг. Чадахгүй бол мэдээж хаппи байхгүй. Хог түүж яваа хүн амьдралын тѳлѳѳ ѳдѳр тутам зүтгэж байхад MIT, Чикаго-ийн оюутнууд хамгийн ихээр амиа хорлож байгаа нь үүний нэг баталгаа...
Тэгэхээр, эхний асуултандаа эргээд оръё--боловсрол хэрэгтэй юу, хэрэггүй юу?

Tuesday, July 26, 2016

50 наснаас цаашхи амьдралдаа аз жаргалтай байхын тулд 30 насандаа юу хийх вэ?

Хийсэн судалгаануудтай маань холбоотойгоор нэг хүн “Би 30 настайдаа  юу хийвэл 50 наснаас цаашхи амьдрал маань сайхан байх вэ?” гэж саяхан надаас асуусан юм. 1500 гаруй өндөр настай Америкчуудаас амьдралын ухааныг нь мэдэх зорилгоор яг ингэж асууж судалгаа хийсэн болохоор энэ миний дуртай асуулт байв. Ахмадууд ч энэ сэдвээр зөвлөгөө өгөхөөс татгалзаагүй юм.
Аз жаргалтай амьдраад 90-ээд насандаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс, эсвэл амьдрал нь санаснаар нь болоогүй учир юун дээр алдаж болохгүйг анхааруулахыг хүссэн хүмүүс 20-40 насныханд зороиулж дараах нийтлэг 3 зөвлөгөөг өгч байв. Заримдаа бариан дээрээс юмс хэрхэн харагддагийг мэдэж авах нь гараан дээр байгаа хүнд тун хэрэгтэй зүйл байдаг:
1. Дотроо сэтгэл ханамжтай байх карьер сонго
Бараг бүх ахмад настнууд өгсөн нэг зөвлөгөө гэвэл энэ: Дуртай ажлаа хайж ол. Арай бага мөнгө олдог ч, дуртай зүйлээ хийх нь дургүй ажилдаа зүтгээд амралтын өдрүүдээр л амьдралыг мэдэрч насыг барахаас хамаагүй дээр гэж тэд хэлсэн юм.
Жишээ нь, Вилли Брэдфилд 83 настай. Ахлах сургуулийн дасгалжуулагч байсан бөгөөд эрүүл бөгөөд эрч хүчтэй нэгэн. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр:   
Би ажилдаа үнэхээр дуртай байсан. Тиймдээ ч өөрөө авъяастай, чамайг аз жаргалтай байлгадаг тийм зүйлээ л хий гэх нь миний залуу хүмүүст хэлж чадах хамгийн гол зөвлөгөө. Аливаа ажилд зөвхөн мөнгө олох нь хамгийн гол зорилго байх ёсгүй. Би ажилдаа хайртай байсан учраас л хийдэг байсан. Өөрөө үнэхээр дуртай, өдөр бүр ажилдаа явахыг хүсдэг тийм мэргэжлээр ажиллах нь хамгийн чухал.
2. За гэж хэл
Өөрийн ажлыг байж болох хамгийн явцуу байдлаар ойлгодог, “жижиг сэтгэ” гэдэг үгийг уриа болгосон нэгэнтэй хүн бүр л таарсан байх. Өөрсдийн нүхэнд нуугдаж, офисийн ханаараа хамгаалуулсан тийм хүмүүс өөрийгөө эвдэх дургуй байдаг. Ийм арга барил бол том алдаа юм. Ажил дээрээ чи сорилт гарч ирэх болгонд шүүрч авч, аль болох за гэж хэлэх хэрэгтэй. Боломж хаалгыг нь тогшиход үүдээ нээгээгүй явдал бол ажлын талаар харамсдаг зүйлс дунд хамгийн их дурдагдсан нь байв.
79 настай Жое Шлутер дараах сургамжийг надад ярьж өгсөн юм. Их хямралын үеийн олон хүүхдүүдийн нэгэн адилаар тэр ядуу амьдралаас гараагаа эхэлсэн байв. Аав нь хивсний үйлдвэрт ажилладаг бөгөөд ахлах сургууль ч төгсөөгүй нэгэн байж. Гэхдээ Жое өөрөө сайн хичээсний үр дүнд амжилттай инженер,энтрепренер болсон юм. Тэрээр:
Үгүй гэх үнэхээр хөдлөшгүй шалтгаан л байхгүй бол За гэж хэлэх нь эргээд ач тусaa авчирдаг гэдэг нь миний амьдралаас сурсан хичээл юм. Би ажил дээрээ “Үгүй” гэдэггүй байв. Би зөвшөөрдөг байлаа. Энэ нь үргэлж сайхан байгаагүй ч, заримдаа сонирхолтой зүйлд хөтөлдөг. Хэрэв чи “Үгүй. Би үүнийг чадахгүй” эсвэл “Би үүнийг хийхийг хүсэхгүй гэдэг хүмүүсийн нэг бол амьдрал чамд санал болгох олон сайхан зүйлийг алдаж байгаа хэрэг. Амьдрал бол адал явдал, өгөөжийг нь үзэхийн тулд эхлээд За гэж хэлэх хэрэгтэй.
Хөгшин насандаа амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун хүмүүс залуудаа хийсэн ямар нэг шийдвэрийг онцгойлж дурддаг. Хэдийгээр урд байгаа замаараа явах нь эрсдэл багатай, илүү эвтэйхэн байсан тул Үгүй гэмээр байсан ч, боломж гарч ирэхэд нь тэд За гэж хэлсэн нь ач тусаа өгсөн байдаг.
3. Emotional Intelligence бусад бүх чадварыг давна
Хэрэв чи хөгширсон хойноо өөрийн амьдарсан амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл одооноос харилцааны чадвараа билүүдэх хэрэгтэй. Судалгаа авахдаа ярилцсан хөгшчүүл хэдэн зуун төрлийн өөр мэргэжил, ажилтай хүмүүс байв. Ямар хүн амжилтанд хүрч, ямар нь унадгийг тэд маш олон удаа харцгаасан.
Маш ялгаатай ийм үр дүн тэгвэл яагаад гардаг вэ? Ямар ч ухаантай, авъяастай хүн бусадтай харилцах чадвартай байж л амжилтанд хүрдэг гэж тэд хэлсэн юм.
Дэлхийн 2-р дайнд явж байхдаа харилцааны чадвар, бусдыг ойлгож хүндлэх чадвар хэр чухал вэ гэдгийг олон хүн ойлгосон байв. Жишээ нь, 93 настай Лэри Тайс надад ингэж хэлсэн юм:
Би дайнд явахад Вермонт гэдэг хөдөөний суурингаас ирсэн залуу хүү байв. Гэр бүл маань сууриндаа нэртэй, хүндлэгддэг байлаа. Гэтэл би усан цэрэгт ортол жирийн нэг банди болов. Тэнд л би бусадтай ойлголцож, учраа олж сурсан. Энэ бол хожим амьдралд маань хамгийн их хэрэг болсон хичээл байв. Усан онгоцон дээр байхад чи хүнтэй эв зүйгээ олдог байх ёстой—өөр сонголт байхгүй.
Ер нь хүмүүс намайг мэхлээгүй л бол би тэдэнд сайхан ханддаг. Ажил дээр ч бас ийм л байх хэрэгтэй. Нээлттэй байгаад цуг ажилладаг хүмүүстэйгээ ойлголц.
Ерөнхийдөө, ажлынхаа хүрээнээс халиад, бусадтай сайн харилцаа тогтооход ижил хүч зарцуул гэдэг нь ахмад настнуудын өгсөн нийтлэг зөвлөгөө байв. Харин энэ зарчмыг баримтлаагүй хүмүүс нь харамсч явдгаа хэлсэн юм. 
Эдгээр энгийн зүйлс бол 50 болон түүнээс цаашхи насны амьдралыг чинь илүү сэтгэл ханамжтай болгоход туслах болно. Амьдралд уулзсан ахмад настнуудаас энэ асуултыг асуувал тэд ч бас чамд гайхалтай хариултыг хэлж өгнө байхаа.


Saturday, November 7, 2015

Сингапурт хийсэн тэмдэглэл: Оршин тогтнохын тулд онц байхаас ѳѳр аргагүй




Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж байхыг бие организм маань шаардах мэт санагдана. Ажил хийх нь битгий хэл хоол идэх хүсэл ч төрөхгүй учир тропикийн бүсийн ийм цаг агаартай халуун орнууд ихэнхдээ ядуу буурай байдагт гайхах зүйл гарсангүй. Харин энэ зүй тогтлыг ганцаар эвдэн зѳгнѳлт кинон дээр гарсан ч болохоор ирээдүйн гэмээр энэ хотыг ямар тусгай хүмүүс нь босгочихов гэдэг гайхшрал ѳѳрийн эрхгүй тѳрнө…

Сингапур одоогоос яг 50 жилийн өмнө тусгаар тогтносон улс болоход анхны ерөнхий сайд Ли Кван Ю телевизийн өмнө уйлж байлаа. Гэхдээ энэ нь баярын нулимс биш байв. Хэдийгээр II дайны дараа Английн колончлогчид буцаж, Японы түрэмгийлэгчид явсан ч хүнсний дутагдал, орон байрны асуудал, үймээн самуун гэх мэт үй олон асуудал дунд хоцорсон сингапурчуудын ирээдүй тун бүрхэг байв. Тэр үед Сингапур хэн нэгний эх орон гэхээсээ тал талаас олон янзын хүн цугласан зочид буудал шиг л газар байж. Манай нэг сумаас бага хэмжээтэй энэ жижигхэн аралд байгалийн баялаг битгий хэл ундны ус ч байсангүй. Иймд цаашдын оршин тогтнолынх нь сүүлийн найдвар болсон Малайзтай нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтэн “хүчээр” тусгаар улс болоход Ли Кван Ю ярилцлагаа түр зогсоогоод гашуун нулимсаа арчиж байв.
(Сонирхуулахад: Malaya + Singapore =Malaysia. Хэдийгээр Сингапур Малайзаас хөөгдөж гарсан ч si 2 үсэг нь нэрэнд нь хадгалагдаж үлджээ).

Харин тэр цагаас хойш хятад, малай, энэтхэг, араб тэргүүтэй үндэстнүүд нийлэн дэлхийд тэргүүлэх инновацийн эдийн засагтай энэ улсыг бүтээн босгоод, өнөөдөр америк япончуудаас ч хангалуун амьдарцгааж байна. Тэд нэг хүнд ногдох ДНБ-ээ 110 дахин өсгөж $500-аас $55,000 болгохдоо нийгэм болон хүрээлэн буй орчны асуудлаа ч орхигдуулаагүй учир орчин үеийн хамгийн шилдэг хөгжлийн жишээ болжээ. Сингапурчуудын амьдралын түвшин хэр өндөрт хүрээ вэ гэдэг нь F1-ийн уралдааны зам болгож ч ашигладаг угаачихсан юм шиг цэвэрхэн гудамжаар нь давхилдах шинэ загварын Ауди, Бенцүүдийг харахад л ямар ч статистик тооноос илүү ойлгогдоно. Иргэдийнх нь 90% хувьдаа орон сууцтай болсон нь хөгжсөн орнууд дунд ч хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд маш сайн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоотой сингапурчууд дундаж наслалтаараа (эрэгтэй 81, эмэгтэй 85) дэлхийд дээгүүрт орно. Хотод байгааг мартуулмаар паркуудтай, борооны усыг цуглуулж нойлоо урсгаж, нарны гэрлийг хуримтлуулж шөнө нь гэрэлтүүлгээ хийдэг дэлхийд байхгүй цэвэрхэн ногоон энэ газарт бохирдол зөвхөн гаднаас л хийсч ирнэ (Намайг байх үед Индонезээс ирсэн түймрийн утаа гол асуудал болж байсан).

Сингапур олон улсын бизнесийн нэг гол зангилаа төв болсны ачаар иргэд нь ийнхүү ажиллах, амьдрах, амрах нөхцөл нь дээд зэргээр бүрдсэн хѳгжилд хүрэх зам нь нээгджээ. Дэлхийд #4 санхүүгийн төв болсон энэ хотод 120 гаруй банк байдгаас ердөө 5 нь л ѳѳрийнх нь дотоодын банк. Хотын төвийн тэнгэр баганадсан шилэн барилгуудад нь 7000 мультинационал компани цугласнаас 60% нь Азийн бүсийн төв офисоо байрлуулж. Сүүлийн 3 жил дарааллан ранкаараа олон улсад #1 гэгдэж буй Чанги нисэх буудалд гадна дотны 100 гаруй агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж, дэлхийн 300 хотын хооронд 50 сая гаруй зорчигчийг зөөнө. Зах нь харагдахгүй далайг хөлөг онгоцоор дүүргэсэн (ажил амралтын аль ч өдөр 1000 гаруй онгоц зогсож байдаг) боомт нь дэлхийн 120 гаруй оронтой холбогдож, ачааллаараа зөвхөн Шанхайн дараа л орно. Үнэтэй пиво (пинт нь $10 орчим), ѳндѳр торгуультай ( $350-aaс л эхэлнэ) бѳгѳѳд бохь зардагггүй, ТВ-ээр Sex and the City хориотой энэ хотыг үзэхээр жилд 15 гаруй сая жуулчин ирж гудамж талбай, зочид буудал, хоолны газруудад нь очер үүсгэнэ. Хэдийгээр Ром шиг түүхтэй, Нью-Йорк шиг алдартай, Токио шиг үйлчилгээтэй биш ч жилд татдаг жуулчдын тоогороо тэднийг гүйцэж дэлхийд #4-т орсон нь Сингапур хэр гайхалтай вэ гэдгийн бас нэг баталгаа болно.

Хэдийгээр дэлхийн газрын зураг дээрээс хялбархан олчихооргүй ганцхан цэг тѳдий ч Сингапур яагаад дэлхийн санхүү, бизнес, тээвэр, аялал жуулчлалын төв болсон бэ гэдэг сонин. Дэлхийн далайн тээврийн 40% нь дайрч өнгөрдөг газарзүйн оновчтой байрлал нь тусалсан гэдэг тайлбар хамгийн түгээмэл байдаг. Англичуудын ѳвлүүлж үлдээсэн хуулийн сайн тогтолцоо, татварын таатай орчин бизнест чухал эерэг нѳлѳѳтэй байсан гэж үзэх нь ч бий. Эсвэл анхнаасаа ойр орчмын арал, улсуудаас худалдаа арилжаа эрхэлдэг арай овсгоотой сэргэлэн, хөдөлмөрч хүмүүс энд цугласан нь амжилтын түлхүүр болсон гэх. Ил тод засаглал, хэдэн арван жилийн турш тууштай явуулсан тогтвортой бодлого нь бусдын хүрч чадаагүй оргилд хүргэсэн гэх тайлбар ч олон.

Тэгвэл сингапурчууд яг ижилхэн байрлал, тѳстэй түүхтэй хөршүүдээсээ 10-30 дахин хангалуун амьдралд хүрсэн нь яг юуны ач вэ? Мѳн сайн засаглал зөв бодлогоор явж ирсэн бусад хөгжсөн орнуудын ч атаархлыг төрүүлэхээр амьдралын түвшинтэй болсныг хэрхэн тайлбарлах вэ? Үнэмшилтэй сонсогдох эдгээр тайлбаруудын аль нь ч энэ 2 асуултанд бүрэн хариулт болж чадахгүй. Харин хэл соёл, угсаа гарал, шашин шүтлэгээрээ ялгаатай олон янзын хүн цугласан ч Сингапурт хаанаас ирсэн хэн бэ гэхээсээ "юу чаддаг"-ийг нь хамгийн ихээр үнэлдэг нь бусдын чадаагүй өндөр амжилтад хүрсэн гол нууц нь юм.

Сайдуудын боловсрол, өөр аль ч улсад байхгүй өндөр цалингаас нь харахад л Сингапурт чадвар хэрхэн үнэлэгддэг нь мэдрэгдэнэ. Манай гаригийн өнцөг булан бүрээс цугласан шилдгүүд дундаас шалгарч гарч ирэхгүй л бол салбартаа дэлхийд тэргүүлэх гадна дотны компаниудын офист нь багтаж шингэх орон зай мэдээж олдохгүй. Хөгжсөн орнууд дундаа хамгийн ѳндѳрт тооцогддог орлогын тэгш бус байдал нь хүртэл нэг талаар эдийн засгаа чирч явах чадвартай хүмүүс нь өсөлтийн үр шимийг хамгийн ихээр хүртдэгтэй нь холбоотой. Хѳдѳлмѳрийн хѳлсний доод хэмжээ гэж байдаггүй энэ оронд чадваргүй бол ажил хийгээд ч цалин авахгүй байж болно гэсэн үг. Гэхдээ авилгагүй төр, бизнес эрхлэх боломжоор дэлхийд тэргүүлдэг энэ улсад чадвартай хүмүүс нь шударгаар баяжих нь ч нээлттэй тул 6 гэр бүлийн 1 нь бэлэн мөнгөөр долларын саятан болжээ (хэрэв үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасыг оруулвал үүнээс ч их). Тийм ч болохоор Феррари Ламборгини г.м үнэтэй машины нягтралаар Сингапур дэлхийд тэргүүлдэг нь ч чадвар яаж үнэлэгдэж, хэмжигддэгийнх нь бас нэг илэрхийлэл болов уу.

Угаасаа газраа ухаад баялаг гарахгүй Сингапурт тархиа ухаад баялаг бүтээх чадвар л цаашид оршин тогтнох үндэс нь болох тул юу юунаас илүүд үзэхээс ч өөр аргагүй. Нийт нутгийн 20% нь хиймэл арал энэ орныхон далай тэнгисийг ч газар болгон хувиргаж байхгүй боломжийг ч бий болгоцгооно. Уртаашаа 25 км арлынх нь нѳгѳѳ захад хүрэхэд заавал нисэх шаардлагагүй байтал Singapore Airlines үнэ цэнээрээ дэлхийд #2-т орох агаарын тээврийн компани болсон нь сингапурчуудын тархиа ажиллуулсны л үр дүн. Газрын тос гарах нь бүү хэл ундны усаа Малайзаас зөөдөг улс дэлхийд эхний 3-т орох нефть боловсруулах төв болсон нь мөн л адил шалтгаантай. 5.5 сая хүнтэй хязгаарлагдмал зах зээлтэй ч дэлхийн бизнесийн төв болсон хамгийн нѳлѳѳтэй хотуудын нэг болж чадсан нь ч мөн л сингапурчуудын толгойны чадварыг л харуулж буй хэрэг.

Ингэж байгаа боломжоо бүрэн ашиглаж, сул талаа ч шинэ боломжоор нѳхѳх оюуны чадвар дээр тогтдог эдийн засгийг авч явах хүмүүсийг боловсролгүйгээр бүтээх аргагүй. Тийм ч учраас Сингапурын дунд сургуулийн сурагчид нь дэлхийд шилдэгт тооцогдож, их сургуулиуд нь ранкаараа урагшилсаар байгаа нь санамсаргүй зүйл огт биш:

  • OECD-ийн дунд сургуулийн сурагчдын математик, шинжлэх ухааны тестийн ранк 2015: Сингапур #1, Финлянд #6, Америк #28 Орос #34
  • QS дэлхийн их сургуулиудын ранк 2015:  National University of Singapore Азид #1, Дэлхийд #12 жагсаж байгаа бол  Nanyang Technological University Азид #2, Дэлхийд #13-т жагсаж байна


Ийнхүү Сингапурын талаар яриа дэлгэхэд “дэлхий”, “тэргүүлэх” гэдэг 2 үгийг ашиглахгүйгээр ганц ѳгүүлбэр бичихэд ч хүндрэлтэй. "Маш их ѳрсѳлдѳѳнтэй энэ дэлхийд Сингапур оршин тогтнохын тулд ямар байх хэрэгтэйг ганц үгэнд багтаавал ОНЦ байх" гэж Ли Кван Ю хэлсэн нь ѳнѳѳдѳр аль хэдийнээ биеллээ олжээ. Ер нь ямар ч ашигтай байрлал, сайн хууль, таатай тууштай бодлого, овсгоо сэргэлэн зан байгаад сингапурчууд ѳѳрсдѳѳ “онц” байгаагүй бол англичуудыг анх угтсан загасчны тосгоныг зөгнөлт кинон дээр гардаг шиг өнөөгийн хот болгон хувиргаж чадна гэж үү?

Харин монгол хүн уушиг царцаам хүйтэн ѳвѳлтэй газарт ирээдүйн юм шиг хотыг бүтээхийг хүсвэл сингапурчууд шиг өөрт байхгүй боломжийг ч бий болгох оюуны онц чадвартай байх ёстой. Ингэж чадахгүй байлаа гэхэд ядаж нүүрсний утаа эсвэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэггүй хотод амьдрахын тулд монгол хүн ямар байх хэрэгтэй юм бол гэдэг бодол ѳѳрийн эрхгүй тѳрж байлаа...

Tuesday, May 19, 2015

Эдийн засгийг энгийнээр

Блогоо шинэчлээгүй их уджээ. Хувийн болон хувьсгалын амьдралд маань сайн муу олон л зүйл болж ѳнгѳрлѳѳ... Энэ хугацаанд бичихээ болиогүй ч, ѳѳрийн амьдрал гэхээсээ нийгэм, амьдарч буй орчинтой маань холбоотой сэдвүүд их байсан тул  SNS-ээр хүмүүстэй хуваалцаж, санал бодлоо солилцож байлаа...

Монголдоо ирээд багагүй хугацаа ч ѳнгѳрсѳн байна. Хүүхэд эсвэл оюутан байх үетэйгээ харьцуулахад Монголын нийгмийг сурсан мэргэжил, ажиллаж буй салбарынхаа ѳнцгѳѳс бас нэлээн харж,  бодогдсон зүйлсээ олон нийттэй хуваалцах хүсэл их байлаа. Энэхүү хүсэл маань ч биелэх боломж олдож, www.trends.mn дээр Эдийн засгийг энгийнээр гэдэг ѳѳрийн нийтлэлийн булантай боллоо. Монголын эдийн засгийн ѳнѳѳгийн асуудлуудыг эдийн засагч биш мэргэжилтэй хүнд зориулан тайлбарлахыг оролдсон нийтлэлүүд оруулахыг зорьж байгаа юм.

Мэргэжлийн нийтлэлч/сэтгүүлч биш ч, олон сайн editor-уудтай болохоор ганцаараа бичнсэнээс гайгүй чанартай нийтлэлүүд гарч, уншигчид санаснаас хамаагүй сайнаар хүлээж авч байгаа нь улам их бичих мотив тѳрүүлээд байгаа. Гэхдээ зѳвхѳн мэддэг зүйлээ судалгаан дээр үндэслэн товч тодорхой & хялбараар, хѳндлѳнгийн байр суурьнаас тайлбарлахыг (энэ нь Монголд дутагдаж байгаа нэг том орон зай?) зорьж бичсээр чѳлѳѳтэй ингэж бичих гэсэн нэг л биеэ барьдаг болсон санагдана...

Бичих сонирхол маань зѳвхѳн эдийн засаг, улс орны хѳгжил гэсэн сэдвээр хязгаарлагдахгүй, ѳѳр зүйлсийн талаар ч чѳлѳѳтэй бичихэд блог маань ч сайхан боломж тул цаашид ч аль болох идэвхитэй үргэлжлүүлэх тѳлѳвѳлгѳѳтэй байна...


Saturday, April 19, 2014

"Эх хэлгүй өсвөр үе"

"Эх хэлгүй өсвөр үе" гэдэг сэдвээр үндэсний телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт Монгол хэлний багш, доктор, профессор голдуу хүмүүс оролцож байхыг үзтэл дунд нь суугаад ярианд нь орох юмсан гээд нэлээн хэл загатналаа. Мэргэжлийн, туршлагтай хүмүүс хэрнээ л асуудлынхаа голыг олоогүй, нотолгоо тоо баримтгүй, цээжний пан-гаар голдуу гөрөөд байсан болохоор ер нь логик сэтгэлгээ муутай, шинжлэн дүгнэх чадвар султай хүмүүс хэлний салбар луу орчихдог юм болов уу ч гэж бодогдов...


Сэдвээс нь харахад ч ойлгомжтой болов уу, нэвтрүүлэгт оролцож буй хүмүүс ерөнхийдөө "одооны хүүхдүүд Монгол хэлээ мэдэхээ байлаа" гэдэгт санаа зовж явдгаа ярин, түүний шалтгаан, шийдэх аргын талаар хэлэлцүүлэг хийж байв. Харин тэдний яриад байгаа доорхи 3 гол зүйлтэй огт санал нийлсэнгүй.


Алдаа 1. Эх хэлгүй өсвөр үеийн шалтгаан: "Бага наснаасаа гадаад хэл үзээд эх хэлээ мэдэхгүй байна. Гадаад хэлийг 12 наснаас хойш үзэх хэрэгтэй."


Үүнтэй санал нийлэхийн тулд, (1)-т, Монгол хүүхдүүдийн дийлэнх хувь нь 12 наснаас эрт гадаад хэл үздэг, (2)-т, 12 наснаас эрт гадаад хэл үзвэл эх хэлээ муу сурдаг гэдэг 2 зүйлд итгэх хэрэг гарна. Харин энэ 2 маш эргэлзээтэй.


Нэгт, тэгж санаа зовохоор олон хүүхэд эх хэлээ марттал гадаад хэлийг заалгаад байгаа нь юу л бол, 5% хүрэх үү?

Хоёрт, 12 наснаас эрт өөр хэл сурахын сөрөг талуудын талаар ямар ч судалгаа нотолгоо дэлгэсэнгүй. Харин Монгол хэл бол амны хөндийг сайн хөгжүүлдэг хэл, бага насандаа өөр хэл сурахаар энэ боломжоо алддаг гэсэн нотолгоогүй, хагас тайлбар хийдэг юм байна. "Хэлийг багадаа сурах нь хурдан байдаг болохоор 2 хэлийг шингээж авахад асуудалгүй. Гадаад хэл сурснаас болж эх хэлээ сурахгүй байна гэх зүйлгүй" гэсэн хандлага байдаг гэж нэг эгч ярихад, --бид тэгж бодохгүй байна гэв. "Бид дэлхий нарыг биш, харин нар дэлхийг тойрдог гэж боддог, гүйцээ! " л гэж байна.


Бага наснаасаа гадаад оронд амьдарчихсан зарим хүмүүсийн хувьд тийм асуудал байдаг ч, эх орондоо амьдарч байгаа хүмүүс "гадаад хэл сурснаас болоод эх хэлээ мэдэхгүй байна" гэх нь зүгээр л алдаа.


2. Эх хэлгүй өсвөр үеийн шийдэл: "Уншихгүй бол болохгүй."

Тэгвэл бичиг үсэг дэлгэрээгүй, олонхи нь уншиж чаддаггүй байх үеийн Монголчууд эх хэлээ мэддэггүй байсан хэрэг үү? гэсэн асуулт гарч ирнэ...


Тэгээд бүгд бичиг үсэгтэй, дээр нь бүгд уншдаг болсон цагаас л эхлэн Монголчууд эх хэлээ мэддэг болно гэж бодоод байгаа энэ хүмүүсийн зөвлөгөөгөөр бол эх хэлээ сайн сурах гол арга нь классик зохиолууд унших юм гэнэ...


Сайн зүйл гаргахын тулд сайн зүйл оруулах хэрэгтэй болохоор уншихыг эсэргүүцэхгүй ч, хүүхдүүд өөрийн онцлог сонирхолдоо илүү таарсан зүйл уншаад, нийгэм, амьдралын тухай философи шахуу болсон байдаг хүнд хүнд классик бүтээлүүдийг ойлгохоор болсон цагтаа л уншвал илүү дээр санагддаг...


Уул нь бол эх орондоо төрж өссөн хүүхдүүд эх хэлээ хангалттай мэдэж байгаа, харин мэдсэнээ хэрхэн ашиглаж чадаж байна вэ? гэдэг бол өөр асуудал.


Алдаа 3. Сэдэв нь өөрөө: "Эх хэлгүй Монголын өсвөр үе"

Сэдвийн нэр ч яахав, олон хүний анхаарлыг татах гэсэн сэтгүүлчийн арга заль байх. Харин эх хэлээ мэдэхгүй байна гэж яг ямар асуудлыг хэлж байгааг мэргэжлийнхэн нь тодорхойлж чадалгүй мэтгэлцээн өрнүүлсэн нь асуудлын шалтгаан, шийдлийг зөв олж тогтооход хүндрэлтэй болгоод, дээрх шиг төөрсөн зүйлс ярихад хүргэсэн санагдана.


Уул нь асуудлыг жаахан задлаад үзвэл хэлийг мэдэхгүй байх нэг хэрэг, харилцааны арга хэрэгсэл гэдэг утгаар нь ашиглаж чадахгүй байх бас нэг өөр хэрэг гэдэг нь харагдана. Хэрэв бичиж чадахгүй байвал бичих арга техникт суралцаагүйнх, ярьж чадахгүй байна гэдэг ярих арга техникт суралцаагүйнх, харин эх хэлээ мэдэхгүй байна гэсэн үг бол биш.


Эцэст нь миний бодол: "Мэдэхгүй байгаа хэрэг биш, мэддэг зүйлсээ сайн ашиглаж чадахгүй байгаа хэрэг."


Хэл судлалын мэргэжилтэн энэ тэр биш ч нэгэнт ийм сэдэв эхлүүлснийх, энэ талаар бодож явдаг зүйлсээ бичмээр санагдав. Ер нь олонхи Монголчууд Монгол хэлийг эрдэмтэн шиг судалж, уран илтгэгч шиг ярьж, мэргэжлийн нийтлэлч, зохиолч шиг бичдэггүй ч (тийм боломж, шаардлага ч байхгүй) хангалттай түвшинд мэдэж байгаа, асуудалгүй гэж боддог. Харин ашиглалтын тал дээр сайжруулах зүйлс их бий гэж боддог.


Жишээ нь, бичихийн хувьд, зөв бичих дүрмийн алдаатай бичих нь орос сургуулийнхны л онцлог байх гэж бодож байтал монгол сургууль төгссөн оюутнуудын бие даалтын ажлыг "галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг" гээд уншдаггүй багштай их сургуульд тааралдаж байв. Харин ярианы хувьд гэвэл, асуусан асуулт ойлгодоггүй өөдөөс өөр зүйл яриад байдаг, ярьж байгаа зүйл нь дэл сул үгээр дүүрэн, логикгүй эсвэл үсчиж хадуураад хэлэх гэсэн зүйл нь ойлгомжгүй хүмүүс түгээмэл байдаг. Ярьж бичих ажил мэргэжил нь болсон сэтгүүлчид хүртэл зөв бичих дүрмийн алдаанаас эхлээд иймэрхүү алдаа гаргах нь бараг л ердийн үзэгдэл...


Ер нь дунд сургуульд бичих, ярих арга барил олигтой заадаггүй, үсэг дүрэм төдий заагаад л Монгол хэлний хичээл бараг болчихдог, харин их сургуульд нь дунд сургуульд заах ёстой зүйлийг энд заахгүй гээд Монгол хэлтэй холбоотой зүйлийг алгасчихдаг, ажил дээр гараад бүр мартагддаг нь эргээд ярьж бичихдээ дээрх алдаанууд их гаргадаг хүмүүс олон байдаг шалтгаан болдог байх. Уул нь элдэв чамин янзын баялаг үг хэллэг хэрэглэхээсээ, өөрийнхөө үгээр санаагаа эмх цэгцтэй бичиж, ярих чадварыг багаас нь эхлэн эзэмшүүлээд, цаашид нь улам хөгжүүлэн шат шатанд нь харилцааны үр дүнтэй арга барилуудыг эзэмшүүлээд явбал эх хэлээ мэдэхгүй байна энэ тэр гэсэн иймэрхүү харалган дүгнэлтүүд гарахгүй л болов уу...