Tuesday, March 31, 2020

V, U, L эсвэл I уу? Эсвэл огт ѳѳр зүйл үү?


Дэлхийн эдийн засагт коронавирусын үзүүлж буй нөлөөтэй холбоотой дараах 4 зүйлийг хэлж болохоор байна:
1) Эдийн засгийн үзүүлэлтүүд унаж байгаа ч энэ нь “нормал хямрал” биш, харин “механик зогсолт”
Сүүлийн 10 жил дэлхийн эдийн засгийн ѳсѳлтийн 1/3-ийг дангаараа бий болгосон Хятадын эдийн засаг 1978 оны шинэчлэлээс хойшхи хамгийн бага ѳсѳлттэй, дэлхийн гол эдийн засгууд болох Америкт 120 гаруй сар, Японд 80 гаруй сар үргэлжилж түүхэн рекорд тогтоосон тэлэлтийн мѳчлѳг дуусч, Европын гол эдийн засгууд агших нь тодорхой болоод буй. 2020 оны эхэнд хийгдэж байсан Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэрх ѳѳдрѳг тѳсѳѳллүүд замхарч, Хятад коронавирусын нѳлѳѳгѳѳр эдийн засгийн индикаторууд өнгөрсөн 2-р сард 30-40% унасан бол Америкийн эдийн засаг ирэх 2-р улиралд 20% агшина гэж Голдман Сакс төсөөллөө зарласан. Европт одоо карантин ид үргэлжилж эдийн засгийн үйл ажиллагаа эрчимтэй хумигдаж байна. Дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд 1929 оны Их хямрал, 2008-09 оны санхүүгийн хямралын үеэс ч хурдтай унаж буй бөгөөд, том дайнуудын үед ч эдийн засагт ийм хэмжээний "бүрэн зогсолт" тохиож байгаагүй. Юун V эсвэл U хэлбэртэй сэргэлт, харин I хэлбэртэй чѳлѳѳт уналт биш үү гэх эдийн засагчид ч байна (мэдээж Dr.Doom буюу N.Roubini). Дэлхийн эдийн засаг агшиж, хямрал руу орох эрсдэл байгааг харьцангуй консерватив гэдэг Валютын сангийн шинэ тэргүүн хүртэл мэдэгдээд байгаа. Гэхдээ статистик үзүүлэлтүүд ийнхүү муудаж байгаа нь эдийн засаг хямарснаас болж биш, харин вирусаас сэргийлэхийн тулд карантин тогтоож эдийн засгийг "хүчээр царцаасан" арга хэмжээний үр дүнд гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, карантины үед хүмүүс гэрийн хорионд орсноор олон улс оронд худалдан авалт багасч, үйлдвэр үйлчилгээний газрууд хаагдсанаар бизнес хумигдсаныг л эдгээр статистикууд харуулж байна. Ѳѳрѳѳр хэлбэл, асуудлын шалтгаан болсон вирус хяналтанд ороход эргээд сэргэх боломжтой тоонууд гэсэн үг.
2) Карантин эдийн засгийг хамгаалах гол арга боловч эдийн засагт зайлшгүй өвдөлт мэдрүүлнэ
Нормал эдийн засгийн хямралын үед зах зээлд мөнгө нийлүүлэхэд хүмүүс шинэ ТВ, машин, байр худалдаж авахаар компаниудын орлого нэмэгдээд эдийн засаг сэргэдэг. Харин вирусаас болж эрэлт нийлүүлэлт 2 талд карантины хязгаарлалттай, “эдийн засгийн бус шок”-той ийм үед хямралыг эмчилдэг энэ энгийн арга үр дүн багатай. Харин асуудлын гол шалтгаан болсон вирусыг тархаахгүй байх, хяналтанд оруулах нь л эдийн засгийг коронавирусаас хамгаалах сайн арга зам болно. Олон хүн халдварт ѳвчтэй үед эдийн засгийн талаар ярих аргагүй. Вирусыг зогсоох вакцингүй, дархлааг дэмжихээс өөр эмчилгээгүй энэ үед хамгийн сайн арга нь вирустай хүнийг эрүүл хүнээс тусгаарлах буюу карантин л болж таарч байна. Энэ нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлаж борлуулалт, цалин орлогыг бууруулж аж ахуйн нэгжүүд болон иргэдэд “санхүүгийн өвдөлт” мэдрүүлж буй. Гэхдээ “мөнгө үү, эсвэл эрүүл мэнд үү?” гэдэг нь толгой гашилгах сонголт биш бөгөөд, хэрэв вирус хүн амын дунд ѳргѳн тархвал эдийн засагт хавьгүй илүү зардалтай. Тухайлбал, 14-р зуунаас хойш 100 мянган хүнээс дээш хүний аминд хүрсэн 12 пандемикийг авч үзвэл ажиллах хүчний эрүүл мэнд, улмаар эдийн засагт үзүүлсэн хохирол нь 40 жил хүртэл хугацаанд үргэлжилсэн тохиолдол ч бий. Мѳн дэлхий даяар 50 сая хүнийг үхэлд хүргэсэн 1918-20 оны Испани ханиадны үеэр тусгаарлах арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн хотууд пандемикийн дараа эргээд эдийн засаг нь хурдтай сэргэсэн байдаг.
3) Макро эдийн засгийн бодлого вирусыг эмчлэхгүй ч “санхүүд мэдрэгдэх өвчнийг” зөөллөхөд анхаарч, харин вирусын дараа эдийн засгийг тэлэх орон зайтай үлдэх нь чухал
Дэлхий даяар хурдтай тархаж буй вирустай тэмцэх тулааны эхний фронт нь мэдээж эрүүл мэндийн салбар. Харин макро эдийн засгийн бодлогоор вирусыг дарах боломжгүй ч, эхний ээлжинд эрүүл мэндийн салбарыг дэмжих, мѳн эдийн засагт, хүмүүсийн санхүүд мэдрэгдэх өвчнийг зөөллөхөд дэмжлэг үзүүлэх боломжтой. Нэн тэргүүнд вирусыг оношлох, эмчлэхэд шаардлагатай хүн хүч, эм тариа, багаж хэрэгсэл, эмнэлэг орон байранд шаардлагатай санхүүжилт хангалттай байх нь вирустай тэмцэх тулаан амжилтанд хүрэх үндэс болно. Үүнтэй зэрэгцээд вирусын эдийн засагт үзүүлэх шокын нѳлѳѳнѳѳс стратегийн чухал салбарууд, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн санхүүг хамгаалах нь чухал. Иймэрхүү гэнэтийн шок нь бизнес эрхлэгчид аливаа эрсдэлд бэлтгэлтэй эсэхийг шалгах том шалгуур болно, гэтэл санхүүгийн нѳѳц хязгаарлагдмал үед улс орны бодлого тодорхойлогчид ирээдүйн эдийн засагт хамгийн чухал салбараа авч үлдэх зайлшгүй сонголтыг хийхэд хүргэнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, жирийн үед ѳвдѳлт мэдрүүлж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах тул хийхэд хэцүү бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх цаг нь одоо гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл улс орны ирээдүйд үнэ цэнэ багатай бизнесийг хувь заяанд нь даатгаахаас ѳѳр аргагүй, ирээдүйн хѳгжлийн тулгуур болох бизнесүүдийг бол авч үлдэх шаардлагатай гэсэн үг. Харин саарсан эдийн засгийн үйл ажиллагааг тэлэх оролдлого бол вирусыг хяналтанд оруулсны дараах асуудал юм. Учир нь эдийн засагт “механик зогсолт” үүсгэсэн карантины үед ердийн үеийн эдийн засгийн зүй тогтол, түүнд нөлөөлөх төсөв мөнгөний бодлогын механизм бүрэн ажиллахгүй. Хэрэв эдийн засгийг тэлэх зорилгоор хэрэглээг нэмэгдүүлье гэвэл гэртээ сууж байгаа худалдан авагчийг “хаалттай дэлгүүр хэс” гэхтэй ялгаагүй. Харин бизнесийг тэлэх нь гэртээ тусгаарлагдсан ажилтныг “гарч ажил хий” гэдэгтэй ижил болно. Аль ч тохиолдолд эдийн засгийн статистик тоог өсгөх зорилгоор карантины үр дүнг бууруулж, вирусын эрсдэлийг нэмж ѳвчлѳлийн статистикийг нэмнэ гэсэн үг. Мөнгө санхүүгийн нөөц ямар ч улсад хязгаартай тул үр ашигтай, оновчтой зарцуулах нь чухал бөгөөд карантины үеийн санхүүгийн өвдөлтийг зөөллөөд, харин вирус хяналтанд орсны дараа “газаа гишгэж” эдийн засгийг хурдлуулахад шаардлагатай нөөцөө хадгалах нь чухал.
4) L хэлбэртэй уналтын эрсдэл бий юу?
Америкийг авч үзвэл 1918 оны Испани ханиад (АНУ-д 675 мянган нас баралт), 1958 оны Хонг-Конг ханиад (АНУ-д 116 мянган нас баралт), 1968 оны Азийн ханиад (АНУ-д 100 мянган нас баралт) гэх мэт сүүлийн 100 жилд тохиолдсон томоохон халдварт өвчнүүдийн үед эдийн засаг нь V хэлбэртэй сэргэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) огцом агшаад, эргээд хурдтай сэргэсэн байдаг. Коронавирусын үед ч шийдвэртэй арга хэмжээг авч чадвал 2 сарын дотор вирусыг хяналтандаа оруулж, эдийн засаг эргээд сэргэж болохыг Хятадын жишээ харуулж байна -- үйлдвэрлэлийн салбар нь 3-р сард 90% орчим хэвийн үйл ажиллагаандаа орсон. Гэхдээ дэлхий даяар өвчлөл хурдтай тархсан өнөөгийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн суурь эмзэг байдалд вирусын шок нөлөөлбөл дараагийн том хямралын эрсдэл бий. Дэлхийн эдийн засгийн хямралын тухай яриа ѳѳрѳѳ шинэ сэдэв биш бөгөөд “худалдааны маргаан дараагийн хямралыг өдөөхвий", эсвэл "өгөөжийн муруйн хөмрөлт" хямралын дохио биш үү гэсэн болгоомжлол сүүлийн 2 жилд эдийн засагчдын дунд яригдсаар ирсэн. Хөгжсөн орнуудын хувьд хувийн секторын өр, хѳрѳнгийн захын уналт гол эрсдэл гэж нэрлэгдэж байсан бол хөгжиж буй орнуудын хувьд гадаад өр, хөрөнгийн урсгалын гадагшлах урсгал эмзэг байдал гэж нэрлэгдэж байв. Маш тодорхой эрсдэлүүд 2018 оноос хойш яригдсан учраас дэлхийн улс орнууд, ялангуяа гол эдийн засгууд энэ удаагийн шокын нөлөөг зөөлрүүлэх бодлогыг урьд өмнө байгаагүй хурдаар, том дүнтэй хэмжээгээр авч хэрэгжүүлж байгаа нь онцлог болж байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тѳв болох Америк гэхэд 2008-09 оны хямралаас том сургамж авч, ѳмнѳ нь 80 долоо хоног зарцуулж $787 тэрбумын тѳсѳв баталж байсан бол энэ удаа 3 долоо хоногт $2.2 триллионы тѳсѳв батлаад буй. Тэгш бус байдал дэлхий даяар асуудал болсон энэ үед эдийн засгийн аливаа хямрал нь нийгмийн эмзэг бүлэгт маш хүндээр тусч, нийгмийн тогтвортой байдалд ч эрсдэл учруулж болзошгүй учраас онцгой энэ цаг үед бодлого боловсруулагчид “whatever it takes” буюу “зайлшгүй бүх зүйлийг хийнэ” гэдэг менталитеттай байгаа нь сайн хэрэг юм.

Эцэст нь, вирусын цикл эрт орой нэгэн цагт дуусахад дэлхийн эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сонирхолтой асуулт болж байна. Ямартаа ч хүмүүсийн ажиллах, амьдрах сэтгэхүйд том өөрчлөлт орно байх. Тэр нь байгаль орчинд, нийгмийн тогтвортой байдалд ээлтэй өөрчлөлт байж чадах уу гэдэг том асуулт юм. Учир нь ѳдийг хүртэл явж ирсэн дэлхийн эдийн засгийн хѳгжлийн зам нэг бол баян хоосны ялгааг гүнзгийрүүлсээр эцэстээ том хувьсгал дайнд хүргэх, эсвэл эх дэлхийгээ сүйтгэж хэн ч амьдрах аргагүй байдалд хүргэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулсаар ирсэн.

No comments: