Thursday, October 2, 2008

a missed chance?

there was nobody around. only trees. i kept running. now my eyes stung less as drops of rain rinsed away salty sweat. this time it was a little faster than my usual morning jog. i was running and... thinking of her.

...i saw her in the crowd. she didn't know i was there. she looked so beautiful.my heart started beating like never before.i did not know what to do.i just knew i wasn't at that place where i used to be.my feelings for her were so different... then i took a deep breath and walked through the crowd toward her. but i stopped and turned away...i guess it wasn't the best timing...

i kept running. running and wondering if chances are given or should be made...by us, someday someway...

Wednesday, October 1, 2008

One evening in Tokyo

Мягмар гариг Wall Street-ийн хувьд час өдөр нь гэлтэй, өчигдрөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж бас нэгэн хэцүүхэн өдрийг туулсан бололтой. Гэхдээ надад л мэдрэгдсэн юм алга ,харин өнөөдрөөс эхэлж буй намрын улирлын хичээл сонголтууд л амьдралын хэмнэлд маань илүү нөлөөтэй байна гэх үү дээ. Нэг хөгжилтэй нь зун амарчихаад ирсэн чинь юм бичихэд гар эвлэхээ байчихаж.Энэ улиралд xавар сонгосон хичээлүүдээ үргэлжлүүлээд авчих болохоор хичээл сонголт хийнэ гэж ядаад байх зүйл ч бараг байхгүй , блогоо ойр ойрхон бичих завтай ч , бичих зүйлтэй ч байна.

Өчигдөр нэг найз маань ахтайгаа ирээд, нисэхээс нь өмнө дэлгүүрээр орж ганц нэг авах зүйл байгаа гэхээр нь Токиод байдаг нэг мэддэг дажгүй газар луугаа дагуулж яваад. Надад ч бас авах хэрэгтэй нэг зүйл байгаад байсан ч , гэрийн ойролцоох дэлгүүрт дуусчихсан, жаахан хүлээх хэрэгтэй гээд, нэтээр хайгаад ч олдохгүй байсан юм. Ингээд нөгөө хоёрынхоо юмыг нь авж өгчихөөд хайсан зүйлийнхээ эрэлд хотын төв руу явав.

Тайфунь дуусаагүй, Токио жаахан бороотой ,баахан л шүхэр барьсан хүмүүс [надаас бусад нь] нааш цааш алхацгаана. Зонтик барьсан тийм олон хүн урьд нь бараг хараагүй байх. Магадгүй хэдэн сая. Ингээд нөгөө зүйлийнхээ эрэлд гарлаа. 35 сая хүнтэй мегаполисийн төвөөр махийсан улбар шар тэмдэг хайж баахан явав, олсонгүй. Утсаараа ганц нэг зураг дарсан шиг яваад л байв, Nike- гийн swoosh олж харсангүй. Нэг мэдсэн офисын дүүрэгт ороод ирлээ. Мананцар дунд офисын барилгуудын орой нь харагдахгүй, тэнгэрээс буугаад ирсэн гэрэлтэй баганууд шиг л харагдаж байв.Энэ цагаар ердийн худалдааны гудамжнаас ялгаатай нь энд янз бүрийн эрээн мяраан рекламны гэрэл ч үгүй, эрт офисоосоо гараад явж буй ганц нэг костюмтай ажилчдаас өөр хүнгүй , нам гүм, ерөөнхийдөө дүнсийсэн газар. Эндээс хайсан зүйлээ олохгүй нь тодорхой.

Ерөнхийдөө орой ч болов, Nike ч дүүрч, гэнэт их өлссөнөө мэдрэв. Өглөөнөөс хойш 2 будааны ороомогноос өөр юм ам руугаа хийгээгүй байсан тул жаахан юм олж идэхээр буцаад явлаа. Хоолны газрууд үүдээр нь дараалал үүсчихсэн ид ачааллаараа ажиллаж байгаа бололтой. Амраар нь нэг МАК олоод бургер кофетэй авч явахаар захиалав. Ойрд идээгүй, бас дажгүй шүү. Гэхдээ үнээ хальт нэмчихжээ. Ер нь Японд гадуур юм идэж явах бараг нүдний гэм. Гэхдээ заримдаа усыг нь уучихаад ёсыг нь дагахгүй байх бас зүгээр санагдаад байдаг юм.

Гахайн мах, каффеин хоёрын ачаар жаахан энергитэй болчихоод гэр лүүгээ зүглэхээр метронд суулаа. Оройны метро дүүрэн хүнтэй,бүгд урт ажлын өдөр нэлээд ядарсан байрын, зарим нь жаахан халаалттай. Би ч бас нэлээн яваад ядарснаа мэдэн,цүнхээ буулгаад хөл дороо тавин, нэг бариул олж зүүгдээд , нүдээ анилаа...



Monday, September 29, 2008

Some thoughts

Өглөө сэрсэн чинь бороо шивэрч байна. Хубилай хааны флотыг живүүлдэг нөгөө тайфунь гээч нь ирээд байгаа бололтой. Нүүрээ угаах үед крантнаас хүйтэн ус гоожих нь л Японд буцаад ирснийг хамгийн хүчтэй мэдрүүлэв.Бусдаар бол орчин солигдсоныг нэг их анзаарсангүй. Нөгөө л нэг байшин барилга, зам гүүр, бучигнасан олон хүний их урсгал...яг л байдгаараа.

Сая амралтаараа хариад яг одооноос амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийж ,маx яснаас бүтсэн хүн гэдгээ санан эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгов. Бас амар тайвныг мэдэрлээ.

Монголд намар дэндүү гоё байлаа. Гэхдээ жаахан уйтгартай. Амралтын өдрүүдээр гудамж талбай эзгүйрч, хөл хөдөлгөөн цөөрөөд, илч нь буурсан нар ээгээд ээгээд нэг л дулаахан биш. Хуурай салхинд хааяа нэг буртхийх шороо тоос ч хаврын эрч хүчээ алдчихсан гэлтэй нэг л эрч хүчгүй...Мод түрүүчээсээ шарлаад, хотын дээгүүр буцах гэж буй шувууд бөөн бөөнөөрөө эргэлдэнэ. Удахгүй бас энэ шувууд шиг нисээд явна гэхээр нэг л гунигтай...


Амралт дуусч , удахгүй хичээл эхэлнэ гэхээр дэндүү хурдан санагдаад нэг л итгэж өгдөггүй ээ. Унтаж босоод, өглөө хүйтэн усаар нүүрээ угаачихаад гараад гүйлээ. Гэрийн ойролцоо нэг дажгүй парк байдгийг сая л мэдэв. Энэ байрандаа нүүж ирээд хагас жил болж байгаа ч сургууль орох замаас бусад ойр орчноо огт мэдэхгүй. Хөгжим сонсонгоо, бас юм бодонгоо хөлсөө асгартал гүйлээ. Яг эмчийн зөвлөснөөр.

Сүүлийн 2 сар гэрийнхэн, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзан, цагтаа хооллож, цагтаа унтаад маш эрүүлээр амьдарлаа. Ямар ч стрессгүй. Сүүлийн 2 жилийн ачааллыг азаар залуу хүн тулдаа л даваад гарсан бололтой. Гэхдээ залуу залуу гээд өөрийгөө хайхрахгүй яваад байж болохгүй бололтой. Энэ бичлэгийг уншиж байгаа та ч бас, ялангуяа залуу хүн бол яг одооноос эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй шүү.Жишээ нь өглөө бүр гүйдэг ч юм уу.


Monday, September 15, 2008

Зуны Workshop 2008

Тал хээр нутаг үзэх гэж жуулчид хаа холоос Монголыг зорьдог байтал би гэж нөхөр хотоос ч холдолгүй байсаар зуны амралт дуусах нь бололтой. Ядаж л биеэ хөгжүүлье гэж бодоод дүүгээ дагаж хэсэг төмөр өргөсөн ч булчин суух шинж ер алга. Идээд идээд таргалдаггүй, идэхгүй байсан ч турдаггүй нэг сонин биеийн бүтэцтэй болохоор тэгдэг бололтой, үр дүн мэдэгдсэнгүй.

Гэхдээ ч пабуудад инвест хийхээс өөр (илүү) үр бүтээлтэй зүйл нэгийг ч болов хийсэн нь ЯМОX(Япон дахь Монгол Оюутны Холбоо), Японд сурдаг хэсэг оюутнуудтай хамтран хийсэн Зуны workshop сайн дурын үйл ажиллагаа байлаа.

20 гаруй хоног үргэлжилсэн уг прожектоо өчигдөр нэг юм дуусгаад бүгдээрээ салхинд гарч нэг хоног амарцгаав. Бүгд нэлээд ядарцгаасан байсан болохоор сайхан амралт болсон байх. Гэхдээ шорлог хийж идэх л хамгийн гоё байсан шүү. Идэхээс илүү хийх нь гоё гэдгийг анх удаа мэдэрсэн гэx үү дээ.

Ер нь юм хийхийн амтыг воркшопийн үеэр нэлээн мэдэрсэн гээд хэлчихвэл шал хэнхэг амьтан шиг сонсогдох байх л даа. Гэхдээ нэг зорилгын төлөө багаар ажиллах үед бие биеэсээ суралцах зүйл ихийн дээр дуусгачихаад ХИЙЧИХЛЭЭ гэдэг амтыг мэдрэх нь ганцаар байснаас улам ч хүчтэй юм шиг санагдсан.
Ер нь хүн мөнгөний төлөө ажиллах биш, тэр дундаа ямар нэгэн хүний даалгавраар ажиллах ч биш, сайн дураараа өөрийнхөө хийе гэж бодсон зүйлээ ажил хэрэг болгох үед илүү хүч гардаг юм шиг санагдлаа. Хэдийгээр үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа мэт боловч энэ үед л илүү их юм сурч, олж авдаг юм шигээ.







Friday, September 5, 2008

20080828

Гэдэс өвдөөд ойрд жаахан онцгүй байнаа. Дээр нь тэнгэр муудаад хүйтэрчихдэг нь тун тааруу. Хичээлтэй нь сургууль, ажилтай нь офис, эхнэртэй нь түрүүчээсээ хүүхэд энэ тэр гээд бүгд завгүй, амарч байгаа би гэрээ сахиад л... гэхдээ ч бас кайфтай. Юу ч хийхгүй дээшээ хараад хэвтэж байх бас кайфтай л байна. Харин хоолонд дасахгүй л жаахан асуудалтай...

За энэ ч яахав, эм уугаад л болчих асуудал. Эмээр шийдчихэж болохгүй нэг асуудал Монголын улстөр л байх шиг байна. Төрсөн өдрөө тэмдэглээд сууж байтал хуралдаж чадахгүй байсан Их хурал ч тангаргаа өргөөд, бороо ч ороод , тун дажгүй шүү гэж бодсон чинь байдаггүй ээ...монголд ардчилал сөнөсөн өдөр гэж түүхэнд бичигдэж үлдэх бололтой.

Мэдээ үзсэн бол Юу болсныг бүгд мэдэж байгаа биз дээ. Яах хэрэгтэйг хэлэх хүн харин байхгүй бололтой. Энхбаяр уу, Элбэгээ юу?






Friday, August 15, 2008

Hero

Өчигдөр орой баяр хөөрөөр дүүрэн тэврэлдээд хамтдаа дуулж байхыг нь хараад Улаанбаатарчууд маань сар гаруйхны өмнө яг энэ талбай дээрээ байлдах нь холгүй тэмцэлдэж байсан гэдэгт үнэмшсэнгүй шүү. Төрийн өндөрлөгүүдээс жирийн ажилчин хүртэл сэтгэл хөөрөл нь дээд цэгтээ хүрч бүгд халамцуухан гудамжиндаа гаран нэг нутагт ахан дүүсийн ёсоор баяр хөөрөө тэмдэглэлээ. Дэлгүүр, пабуудад нэг орой зарагдсан шампанск, пивоны хэмжээ лав рекорд тогтоосон байхаа.

Хэл амаа ололцохгүй байгаа улстөрчдийг гар гараас нь барилцуулж, Наадмаар ч ингэж баярлаагүй нийслэлчүүдийг ахан дүүс мэт нэгтгэсэн нь Түвшээгийн маань бас нэгэн том амжилт гэж хэлж болох байх. Үнэнийг хэлэхэд анх xөөрсөн, халсан олон цугласан газар риск ихтэй гэж сэжиглэж байсан ч нийслэлчүүд маань баярлаж сурсан юм байна. Залхуу , хашир 2 нийлээд гэртээ унтаад сэрсэн чинь өглөө сэрсэн чинь но гараагүй бололтой. Яг л латин америкчууд хөлбөмбөгийн аварга болчихоод партиддаг шиг цуглан тугаа намриуулж , дуулах нь дуулж , орилох нь орилж, согтох нь согтсон ч элдэв асуудалгүй дуусаад бүгд гэр гэртээ харьсанд эмнэлэг,цагдаагийхан сэтгэл дүүрэн үлдсэн байх.

Далимдуулж ПиАр сайн хийсэн сэргэлэн хэдэн улстөрчид ч сэтгэл дүүрэн үлдсэн нь лавтай. Гэхдээ шөнө дунд зарлиг гаргаж хэрэгтэй хэрэггүй тэмдэг, одон амлаж байхаар завшдаг мөнгөө нийлүүлж байгаад 1 сая$ болгоод анхны Олимпийн аваргадаа өгчихвөл ард түмэн ч завшлаа гэж уурлахгүй биз.За тэгээд эцэст нь өчигдрөөс хойш суваг болгон дээр хэт олон давтаж гаргаад байгаа Казакстаны бөхтэй хийсэн барилдааны бичлэгээс залхаад байгааг эс тооцвол зуны амралт сайхан болж байнаа...[хэдийгээр баярт мөч ч гэлээ хэт олон давтаад гаргаад байхаар...]