Хуучин нийгэм шинээр солигдож, хувьсгал гарсны дараа хардалт сэрдэлт, баривчилгаа цагдалгаа, тэр ч бүү хэл алан хядлага явагддаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай хувьсгалуудын нэг Францийн 1789 оны хувьсгалын дараа "Reign of Terror" гэгдэх аймшигт хядлагын үе эхэлж 10 сарын дотор 40000 орчим хүнийг хороосон байдаг. 1917 онд Орост гарсан 2 хувьсгал амжилтанд хүрч шинэ нийгмийг байгуулж чадсан ч харамсалтай нь Францийн түүх дахин давтагдсан . Нацистудын эсрэг эх орны дайн эхлэх үед л "эсэргүү" гээд устгачихсан цэргийн зүтгэлтүүдээ их үгүйлсэн гэдэг.
Манай улс ч энэ гашуун түүхийг тойрсонгүй, дайраад л ирж. Өнөөдрөөс яг 70 жилийн өмнө хэдэн мянган(36000 орчим) хүний амийг авч одсон, гол төлөв тэр үейин сэхээтнүүд рүү чиглэсэн Их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрч байжээ. "Эсэргүүний" гэх тодотгол зүүж явсан тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд, цаашилбал монгол улсын хөгжил дэвшилд энэ нь ямар их гай зовлон, хор хохирол авчирсан бол...Цөөхөн хүн амтай монгол оронд бараг л хүн бүрийн төрөл төрөгсдөөс энэ эмгэнэлт явдлын золиос болсон хүн бий гэж хэлж болохоор.
Өдгөө энэ нэгэн түүхийн хуудас болон үлдэж, жил бүрийн 9 сарын 10 өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарлаж хэлмэгдэгсдийн музей, хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр ач нартай уулзаж, хүндэтгэл үзүүлдэг болжээ. Нэгэнт болсон зүйлийг өөрчлөх аргагүй ч ийм түүх байсан юм шүү гэж үейин үед санаж явахад л гол учир утга нь байгаа гэх . Харамсалтай нь сонгууль ойртчихоод ч тэр үү хүндэтгэлийн арга хэмжээ гэхээсээ илүү улс төрийн шоу болгочихсон мэт харагдах юм.
Өнөөгийн соёлт нийгэмд арай ч хэдэн мянгаар нь хомроголон устгах тийм явдал гарахгүй гэдэгт итгэнэ. Гэхдээ хэлбэр нь өөр л болохоос одоо ч гэсэн Монголд хэлмэгдүүлэлт байсаар байх шиг. Төрийн байгууллагуудад нам, үзэл бодлоор ялгаварлах үзэл нэвт шингээстэй . Аль нэг нам, сайд солигдох тоолонд л зөвхөн улс төрийн албан тушаалтан ч биш, ажлаа хийж яваа жирийн албан хаагчид ч "хэлмэгдэж" орхидог нь жирийн үзэгдэл.
Бодит байдал дээр ажлаа мэддэггүй бас хийдэггүй дарга нараас(тэд ихэнхдээ мэргэжлийн бус,хэн нэгэн албан тушаалтны томилгооны хүн байх) илүү байгууллагын арын албыг залгуулж явдаг хүмүүс бол мэргэжилтэн, жирийн албан хаагчид гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Өөрийнхөө алдаа дутагдлаас болж бус,эрх баригч намд харъяалагддаггүй учраас , хэн нэгэн дарга сайдын хамсаатан биш учраас ажилд орж чадахгүй байх ,орсон ч хавчигдах,гадуурхагдах, явдлыг нэг ёсны орчин цагийн сэхээтнүүдийн эсрэг үйл ажиллагаа гэлтэй.
Нэгэнт болоод өнгөрсөн зүйлүүд, яахав болоод л өнгөрч.Харин намаар талцах энэ үзэл ,үзэл бодлоор ялгаварлан хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй эл үзэгдэл буюу орчин цагийн хэлмэгдүүлэлт дуусах цаг хурдан ирээсэй. Хэлмэгдүүлэлт аль нэг хэлбэрээр эрт ,эдүгээн алинд ч заавал оршин тогтнох ёстой гэж үү.
1 comment:
Рекомендую прочитать "Архипелаг Гулаг" Солжeницына...
Post a Comment