Семестерийн төгсгөл ойртоод жаахан номын санд сууя гэж бодсон чинь элсэлтийн ерөнхий шалгалт(Боловсролын яамнаас их сургуульд элсэгчдээс авдаг нэгдсэн шалгалт ) авна гээд 2 өдөр сургууль хаагдчихав. Жил бүр орон даяар бүх их сургуулиуд дээр цэрэг цагдаа болсон нэлээд сүртэй юм болдог юм .
Хэр сайн өгснөөс нь хамаараад аль их сургуульд шалгалт өгөх нь тодорхой болдог болохоор нөхдүүд ч 1,2 жилийн өмнөөс хичээлээс гадуур тусгай шалгалтад бэлддэг төлбөртэй сургуулиудад амралтын өдөр, оройн цагаар яван бэлтгэлийг жин тан болгоно. Нэг хэсэг 5 цаг унтвал тэнцэхгүй, 4 цаг унтвал тэнцэнэ гэж яригддаг байсан ч шалгалтдаа өөрчлөлт оруулсны дараа арай гайгүй болсон гэгддэг. Яах гэж хүнийг ингэж зовоодгийг нь бас сайн ойлгодоггүй л юм...
Уул нь чадвартай нөхдүүдийг их сургууль руу илгээх л зорилготой байх л даа. Гэхдээ цөөн хэдэн нөхдийг эс тооцвол их сургуульд орсон хойноо тэр заагаад байгаа мундаг зүйлүүдийг нь шингээж авах сонирхолтой хүн бараг байхгүй. Харин хичээлээс гадуур зүйлд л илүү анхаарлаа хандуулна даа. Учир нь дараагийн шатанд буюу ажилд ороход шаардагдах зүйлс тэс өөр.
Ажил олгогч компаниуд тухайн оюутан хичээл ном хэр их хийсэн ,бүр ямар мэргэжилтэйг нь ч нэг их хамаарахгүй.Академик мэдлэг гэхээсээ илүү тухайн ажилд тохирох хүн мөн үү гэдгийг л илүү чухалчилдаг юм шиг. Хайж байсан хүн нь мөн байвал мэдэхгүй ч байсан сургаад л авчихна гэсэн бодлоготой. Хэдэн сая хүн дотроос ажиллах хүчээ сонгохдоо хэнийг нь ямар вэ гээд нэг нэгээр нь ялгаад сууж байх боломжгүй тул их сургуулийг яамнаас хүмүүсийг чадвараар нь сортлоод өгчихсөн бэлэн ангилал болгож л ашигладаг гэхэд хол зөрөхгүй байх.Массаар нь бодоод, сурагчид дээд хэмжээгээрээ хичээгээд хичээгээд хүрсэн түвшингээрээ л их сургуулиудад хуваарилагдан орох тул тэр сургуульд ийм түвшний нөхдүүд байж байгаа гээд дүгнэчихэж байгаа хэрэг.
Харин хувь хүмүүсийн хувьд авч үзвэл хамгийн сайн тогтолцоо гэж хэлэхэд хэцүү. Япончууд уул нь шинэ залуу үеээ илүү нээлттэй, нэг зүйлд баригдаагүй, бүтээлч сэтгэлгээтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ гээд зөндөө л ярьдаг юм.
Гэхдээ их сургуулиуд зөвхөн мэдлэгээр нь шалгаж оюутнуудаа элсүүлдэг болохоор чадсан ч чадаагүй ч сайн сургуульд орохын төлөө л хичээл хийсээр байгаад нийгмээсээ жаахан тасарчихсан, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хувь хүн талаас нь авч үзэхэд жаахан ойлгомжгүй зүгээр шалгалтын том системийн нэг эрэг шрүп л болчихсон хүмүүс цөөнгүй юм шиг...
Мэдээж эдгээр ярьсан зүйлүүд массыг хамарсан ерөнхий зүйлүүд болохоор бүгд үүнд хамаарна гэвэл өрөөсгөл болчихно л доо.Гэхдээ яах аргагүй тогтчихсон байгаа энэ систем компаниудаас өөр хэнд ашигтай вэ гэдэг бодох л зүйл болов уу.