Friday, August 3, 2007

Бернар (орчуулга)

Хорвоод байх өдрүүд маань цөөхөн үлджээ.
Хэзээ ч билээ, тэнгисийн ойролцоох Альпид, Антибийн(1) зэргэлдээх нутагт байхдаа Бернарын талаар бичсэн маань санагдаж байна.
- Бернарыг атга элс аван миний цонх руу цацах үед би бөх гэгч нь унтаж байлаа...
Мопассаны(2) "Усан дээр" ингэж эхэлж,"Бель Ами" 1888 оны 4 сарын 6 нд Антибийн боомтоос хөдлөхийн өмнө Бернар түүнийг ингэж сэрээсэн юм.
-Би цонхоо нээхэд шөнийн дур булаам сэрүү нүүр, цээж, сэтгэл рүү нэвтэрнэ. Цэнхэртэж эхэлж буй тунгалаг тэнгэр цоглог оддын гялбаагаар мэлтэлзэнэ...

-Цаг агаар сайхан байна, ноёнтоон.
- Харин салхи?
-Эргээс,ноёнтоон.

Хагас цагийн дараа л гэхэд тэд аль хэдийн тэнгист байв.Тэнгэрийн хаяа цайрч, Сахиусан тэнгэрийн тохойн цаадах алсад Ниццийн(3) гэрэл ,улам цаана Вильфраншийн(4) эргэлдэгч гэрэлт цамхаг харагдана.Бараа нь хараахан үзэгдэх болоогүй уулсын зүгээс үе үе хуурай хүйтэн агаар энэ хүртэл сэнгэнэн , цасаар хучигдсан нь холоос мэдрэгдэнэ ...
-Биднийг боомтоос хөдлөх тэр даруйд даруулт хөлөг амилан хөгжиж, хурдаа нэмэн хөнгөн жижиг долгион дээгүүр бүжиж гарлаа...Өдөр болж, одод бөхөв...Ниццийн дээгүүрх алсын тэнгэрт Дээд Альпийн цасан оргилууд ямар нэгэн өвөрмөц ягаан дөлөөр туяаран асна...
-Нар мандахыг харан баясах гэж жолоогоо Бернарт шилжүүллээ.
Хүч орох сэвэлзүүр салхи биднийг чичирхийлэх долгион дээгүүр хөөж байлаа.Xаа нэгтээ алсаас Angelus хэмээн дуугарах хонхны дууг би сонслоо...Хүмүүс нойрсож,харин дэлхий сэрж байдаг өглөөний энэ сэргэг,цэнгэг цагт би хэчнээн дуртай гээч! Орчлонгийн мэндэлж буй биет амьдрал -далд нууц нь бидний үүрдийн их шаналгаа болж байдаг тэр л амьдралын хэсэг бүрдэл бүгдийг сорон амьсгална, залгина, харна...
-Бернар туранхай,шалмаг, эмх цэгцтэй,цэвэр цэмцгэр байдлыг онцгой баримталдаг, хянуур бөгөөд сэрэмжтэй .Тэр цэвэр ариун сэтгэлтэй шударга хүн бөгөөд гойд сайн далайчин...
Бернарын тухай Мопассан ийн өгүүлжээ.Харин Бернар өөрийнхөө тухай ингэж хэлжээ:
-Би сайн далайчин байсан гэж бодож байна. Je crois bien que j`étais un bon marin.
Тэр үхэхдээ ингэж хэлжээ.1888 оны 4 сарын 6нд "Бель Ами"г хөлөглөн гарсан нөгөө л Антибдаа үхэхийнхээ өмнө хэлсэн түүний сүүлчийн үгс энэ байсан юм.
Бернарыг таалал төгсөхийн өмнөхөн нь харсан нэг хүн :
-Парис руу Бланш эмч рүү явах гайт тэр мөч хүртлээ Бернар олон жилийн турш аугаа их зохиолчтой салалгүйгээр тэнгис дэх хэсүүч амдралыг нь хуваалцсан даа гэж ярьсан юм.
-Бернар өөрийн Антибдаа таалал төгссөн юм. Гэхдээ би саяхан л түүнийг "Бель Ами " байнга зогсож байдаг байсан Антибийн жижиг боомтын нарлаг зогсоол дээр харсан сан.
Бернар өндөр нуруутай, хуурайшсан золбоолог царай нь далайн давсанд хатууран ширүүссэн байх бөгөөд барагтай бол яриа өрнүүлэхгүй.Гэхдээ Мопассаны тухай дурдах төдийд л даруй түүний цэнхэр нүд сэргэх бөгөөд түүний тухай хэрхэн ярьдаг байсан гээч! заавал сонсох хэрэгтэй байлаа.
-Одоо тэр үүрд чимээгүй болжээ. Түүний сүүлчийн үг бол:"Би сайн далайчин байсан гэж бодож байна"
Тэр энэ үгээ яг яаж хэлснийг нь би амьдаар төсөөлж байна. Тэр энэ үгээ итгэлтэйгээр , бахархалтайгаар хэлээд хөгширч хатсан хар гараараа загалмайлан залбирсан:
- Je crois bien que j`étais un bon marin.
Энэ үгээрээ тэр юу илэрхийлэхийг хүсээ вэ?Сайн далайчин байж хорвоо дээр амьдарснаараа анддаа тус хүргэсэн гэдгээ мэдэрсэн баяр хөөрийг үү? Үгүй ээ: бурхан хүн болгонд амьдралтай нь цуг ямар нэгэн авьяас билгийг заяан түүнийгээ газар булахгүй байх ариун үүргийг бид бүрт даалгадаг гэдэг зүйлийг л. Яах гэж, юуны учир?Бид үүнийг мэдэхгүй. Гэхдээ бидний хувьд ойлгогдошгүй энэ ертөнцөд бүгдээрээ заавал ямар нэгэн утга учиртай оршиж, энэ ертөнцөд бүх зүйлийг "сайхан" байлгахад чиглэсэн ямар нэгэн дээд тэнгэрээс заяасан зорилготой байх ёстой бөгөөд бурхны энэ зорилгыг хичээнгүйлэн биелүүлэх нь ямагт бидний түүний өмнөх гавьяат үйл байх болно, тийм ч учир баяр баясгалан ч, бахархал ч байх болно гэдгийг л мэдэх хэрэгтэй. Харин Бернар үүнийг мэддэг байсан, мэдэрдэг байсан. Тэр бүх амьдралынхаа турш бурхны түүнд ноогдуулсан даруухан үүргийг хичээнгүйлэн, нэр төртэй, үнэнчээр биелүүлж , айсандаа биш ухамсарласандаа түүнд зүтгэдэг байв. Иймд тэр сүүлчийн мөчүүддээ хэлсэн тэр зүйлээ хэрхэн хэлэхгүй байх юм ? "Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай,танд болон хүмүүст би ингэж хэлж зүрхэлнэ: Би сайн далайчин байсан гэж бодож байна"
-Хаа нэгтээ задгай тэнгист салхи салхилж буйг илтгэдэг гэнэт тулгарах урсгал ч , өрнө зүгт мистраль(5) салхилж буйг илэрхийлэх Эстерелийн(6) дээгүүрх үүлс ч ,ер нь тэнгист юм болгон Бернарыг зүгээр байлгадагггүй байв гэж Мопассан бичжээ. ..Тэрээр цэвэр байдлыг онгоцон дээр аль нэгэн зэс хэсэгт нэг дусал ус ч байхыг зөвшөөрдөггүй тийм хэмжээнд мөрдүүлнэ...Тэр дусал усыг Бернар тэр дор нь арчлаа гээд хажуугийн андад нь ямар л тус болов гэж? Гэхдээ л тэр арчдаг байв. Яах гэж, юуны учир?
Харин бурхан л өөрөө бүх зүйл "сайхан" байхад дуртай шүү дээ. Тэр өөрөө бүтээлүүд нь "бүр ч сайхан" байгааг харан баясаж байдаг. Бернар үхэхдээ хэлсэн шиг тиймэрхүү зүйлийг уран бүтээлчийн хувьд би ч бас сүүлийн өдрүүддээ хэлэх эрхтэй мэт санагдана.

1952

Иван Бунин





(1)Антиб- Францийн зүүн урд нутагт, Газар дундын тэнгисийн эрэгт байрлах хот
(2)Мопассан(Guy de Maupassant) -Францийн нэрт зохиолч
(3)Ницц-Францийн зүүн урд нутагт,Газар дундын тэнгисийн эрэгт байрлах боомт хот
(4)Вильфранш-Францийн зүүн урд нутагт,Газар дундын тэнгисийн эрэгт байрлах боомт хот
(5)мистрал -Францийн өмнөд эргээр өвөл, хавар салхилдаг хойд зүгийн хүйтэн,хүчтэй салхи
(6)Эстерел-Францийн уул

1 comment:

Finix said...

Өмнөх бичлэг дээрээ Бунины "Бернар" ийн хэсгээс орчуулж тавьж байсан. Одоо бүтнээр нь тавилаа. Бунин таалал төгсөхөөсөө хэдхэн сарын өмнө бичсэн өгүүллэг. Уран сайхан гэхээсээ илүү гүн ухаан талдаа бүтээл болохоор механикаар орчуулчихлаа.