Friday, August 10, 2007

И.А.Бунин-Нобелийн шагналт анхы орос зохиолч


Өмнөх бичлэгтээ Бернар өгүүллэгийг тавьж байсан бол энэ удаад зохиогч нь болох Оросын их зохиолч Иван Бунины талаар бичье гэж бодлоо.


Бунины бүтээл туурвилын гол сэдэв нь байгаль,эх орон, хүний харьцаа юм. " Би их оросч хүн .Энэ нь цаг хугацааны явцад хувирахгүй" гэж тэрээр ярьдаг байсан гэдэг.Түүний зохиол хоосон чамирхал,чимэглэл, зүйрлэл байхгүй,энгийн хэрнээ яруу, оновчтой хэллэгээр бичигдсэн гэдгээрээ алдартай.Утга зохиолын хэллэгийг яруу байдлыг нь алдагдуулалгүйгээр ингэж хялбарчлах нь гойд авьяас дээр хэлзүйг төгс эзэмшсэн хүний л хийж чадах зүйл биз.Оросын найрагчдаас оновчтой дүрслэх чадвараараа Бунинтай өрсөлдөх найрагч байхгүй гэж ч яригддаг.Бунин анхПушкин ,Лермонтовийн зохиолуудаас уншиж уран зохиолын гайхамшгийг мэдэрсэн бөгөөд, Толстой түүний шүтээн нь байсан гэдэг.



Эгэл биш энэ хүний амьдралын түүх ч энгийн биш.Язгууртан гаралтай ч ядуу гэр бүлд төрсөн Бунинд эд материалын гачигдал, хувийн амьдрал,хайр дурлалд дахь бүтэлгүйтэл,эх орноосоо дүрвэн гаралт гээд саад тотгор дүүрэн байлаа. Магадгүй бэрхшээл нь их зохиолчийн бие хүнийг бүтээж өгсөн байж ч байж болох.



Бунин харахад хөндий, нээлттэй биш мөртлөө багаасаа онцгой мэдрэмжтэй хүүхэд байжээ.Түүнийх шит зүрх сэтгэл өөр хэнд ч байхгүй,тэр онцгой байсан гэж эх Людмила нь ярьдаг байв.Гимназид ( Хаант засагт оросын үейин сургууль) тийм сайн сурч байгаагүй ч хэрвээ өөрт нь сонирхолтой санагдвал бүтэн нүүр шүлгийг нэг уншаад тогтоочихдог байсан гэдэг.

Тэрээр аль нэгэн уран зохиолын урсгал,бүлгэм гэж баригдалгүй тууш өөрийнхөөрөө л явдаг "зөрүүд " хүн байв .

1917 оны Октябрийн хувьсгалыг хүлээж авах боломжгүй гэж үзэн эх орноосоо дүрэвжээ. Харь оронд хэл, соёл, дассан орчин, уншигчид бүгд холдох учир зохиолч хүнд хамгийн хэцүү ч ,энэ л үедээ Бунин сор болсон бүтээлүүдээ туурвижээ. Эх орноо санах сэтгэл юунаас ч илүү байсан ч тэр хувьсгалт засгийн газрын араатан авирыг хэзээ ч эвлэрээгүй бөгөөд, хэзээ ч эргэж хариагүй юм.



1933 онд Уран зохилын Нобелийн шагнал аван дэлхийн хэмжээний их зохиолч гэдгээ баталсан бөгөөд энэ шагналыг авсан анхы Орос зохиолч болсон юм. Ямар нэгэн улс төрийн нийтлэл бичсэнийх нь төлөө биш уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн өгсөн шагнал байв.Энэ үйл явдал Бунины хувьд ч биш , бүх цагаачлагч орос хүний хувьд онцгой үйл явдал байлаа.Зарим нь Бунины шүлэгнээс нэг мөрийг ч уншиж үзээгүй хэрнээ үнэн сэтгэлээсээ хөөрөн сүүлийн зоосоороо ууж байсан гэдэг. Харин зөвлөлтийн албан ёсны хэвлэлүүдээр империализмын далд явуулга хэмээн уг үйл явдлын талаар нийтэлж байв.



Бунин өөрийн дурсамждаа:
"Би арай орой төржээ. Эрт төрсөн бол миний дурсамж ийм байхгүйсэн.1905 он,дараа нь 1р дайн,17 он ба түүний үргэлжлэл, Ленин,Сталин,Гитлер.. Ийм зүйлийг туулахгүйсэн... "гэж бичсэн байдаг.Нобелийн шагналын мөнгөө тэр цагаачдад тарааж өгөн, буяны ажилд зарцуулж дуусгасан бөгөөд 1953 онд маш ядуу амьдрал дунд таалал төгсчээ.

Бернар өгүүллэгийг Бунин таалал төгсөхөөсөө өмнөхөн бичсэн бөгөөд түүний сэтгэлээ шингээж бичсэн бүтээлүүдийн нэг юм. Уншаад үзэхэд төрөх сэтгэгдэл сонин болов уу.


source: http://www.bunin.niv.ru/


No comments: