Wednesday, November 10, 2010

a day of a senior student

Сүүлийн 3 өдрийн нарийг эс тооцвол Токиод сэрүү ороод, бээлийгүй бол өглөө оройдоо дугуйн дээр гар даарахаар болчихлоо. Унасан навчис аль хэдийн хатаад, дугуйн дор орон шаржигнах нь намар дуусч буйг илтгэнэ.10 мин жийгээд, хотын төв рүү 20 мин train, тэндээ хурдан train луу солиод дахин 25 мин. Ёкохамад буугаад автобус, түгжээ гайгүй бол 15 мин. Тэгээд 5 мин алхахад кампустаа ирнэ.Гэхдээ зам хөндлөн гарахдаа авирдаг шатаар биш(багш нар шиг), гэрэл харж байгаад гүйгээд гарчихсан(оютнууд шиг) тохиолдолд. Дээгүүр үү доогуур уу, эсвэл хэр хурдан алхах зэрэг нь хичээлд хоцорч очих эсэхтэй бараг л хамаагүй. Учир нь анх 9:12 ийн train -д л амжиж суугаагүй бол тэртээ тэргүй хоцорно гэсэн үг.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад нэг сайн зүйл гэвэл хичээл дээр нойр хүрэх нь арай гайгүй. Магадгүй эхний цагт очих гэж 6:20 д босохоо больчихсон болохоор тэр байх. Лав л хуулийн хичээл илүү сонирхолтой болсноос бол биш. Өглөө идсэн 2 зүсэм талх үд гэхэд аль хэдийн шингэчихсэн байх тул байн байн цагаа харсаар хонх дууугармагц кафетериа руу яарна. Сүүлийн 15 мин бол нэлээн удаан өнгөрнө...

Семестер эхлээд бараг 2 сар болчихсон болохоор кампуст бучигнах нь гайгүй болчихсон ч кафетериад бол байдал арай өөр. Азаар кампусын нөгөө захад байдаг хэрнээ л түрүүлээд ирчихдэг байсан инженерийнхэн тэндээ хоолонд ордог сайн газартай болчихоод, энд нэг их урт дараалал үүсэхээ больчихсон нь сайн хэрэг. Костюмтай хэд нь л 3 ийхан гэвэл үлдсэн шар бор үстэй нь 1,2 ийхон голдуу. Зарим нэг багш нар, grad school бололтой нөхдүүд цөөхөн хэд харагдана. 4 ийхөн бол угаасаа сургууль дээр үзэгдэхээ болиод удаж байгаа.Манай семинарийхан гэхэд л тал нь огт ирэхгүй, зарим нэгийг нь 2 сараас хойш тоотой харсан. Кредит нь ч гүйцээд, ажил нь ч шийдэгдчихсэн болохоор тэтгэвэрт гартлаа дахиж олдохгүй ийм амралтыг хаа нэг тийш аяллаар явах ч юмуу хамгийн сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг эрмэлздэг байх. Диплом гэж нэг үлгэр бичих ажил л сүүлийн нэг ачаа болно.

Семинараа тарчихаад кампуст нэг ирснийх, номын сан ч юм уу pc lab руу орохоор 20С аас дээш халаадаггүй танхимд гадуур хувцастай суугаад ч нэг л хүйтэн. Угаасаа 4 цаг гээд л гадаа харанхүй болчихдог болохоор сургууль дээр өнжчихсөн юм шиг санагдах тул бээрч сууж байхаар гараад, ирсэн замаараа буцаад гэрийн зүг.

Bus-нд аз таарвал сандал олдоно, train-д бол Токио хүртэл тэр талаар санаа зовох зүйлгүй (орой Токио чиглэлийн train бараг л хүнгүй). 7-р цаг тартал хичээлд суугаагүй болохоор цонх налаад унтахаас арай дээр зүйл хийж болохоор толгой арай ажиллагаатай. Харин Токио оос цааш ийм luxury бараг л олдохгүй ч (Өглөөтэй ижилхэн нь нэлээн чихэлдэнэ, ялгаатай нь salaryman ууд ихэнх нь халамцуу. ) бас найдвар бий. Удахгүй буух хүнийг зөв таагаад урд нь очоод зогсчихвол суучих магадлалтай.
Буугаад зогсоолоос дугуйгаа аван жийсээр 80км ийн дараа гэртээ эргээд ирнэ...