Sunday, November 17, 2013

Хорвоо дэлхий уудам, ярих юм их байна--өөрчлөлт!



Ерөнхийлөгч маань "том төрийг ухаалаг төр болгоно" гээд бужигнуулж өгсөн бололтой. Төрд хамтран зүтгэгчдээ амралтын өдрөөр нь "оффис"-тоо дуудаж авчраад өөдөөсөө харуулан эгнүүлж суулгаж байгаад л "чадваргүй, үүргээ ойлгодоггүй, хяналтгүй, хуучнаасаа салаагүй, ашиг хонжоо хайгчид, дарлагчид" гэх мэт шүүмжилж өгч. Нөгөөдүүл нь ч нийтээрээ алга ташаад л...Санал нийлсэн? эсвэл чихээ бөглөчихсөн? Тэгээд энэ бүх асуудлыг шийдэхийн тулд хийх ёстой зүйлсийн талаар олон л санаа дэвшүүлж, мэдээж гоё гоё. Магадгүй хэт олон.

Ямартаа ч гарцаагүй өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн бололтой. Гэхдээ ингээд өөрчлөгдөх үү гэдэг...

Ярианд суусан хүмүүс дунд ингэж 1 дор тийм олон зүйлийг хүлээж авах нь хэд вэ, байлаа ч 1-дэхд ажилдаа очиход хуучин тогтолцоо шинэчлэгдэнэ гэдэг юу л бол... (Оронд нь өнөөдөр амарч өнжсөн бол ирэх 7 хоногт ажилдаа арай эрч хүчтэй очих байсан?). Эсвэл угаасаа асуудлыг шийдэхээсээ шоу хийх нь илүү чухал уу? ТВ-ээр ингээд сенсаци болгон үзүүлж байгаа нь хэлбэрдэлт биш, харин ирж амжаагүй бусад коллегүүдээ гэртээ үзэг гэснийх байлгүй дээ...

Шийдэх шийдэхгүй нь ч дүүрч, өөрчлөлт хэрэгтэй гэдгийг олж тогтоосон нь хамгийн чухал. Тэгэхээр "өөрчлөгдөх шаардлагатай энэ тогтолцоог ер нь хэн тогтоочихов оо?" гэдэг асуулт дагаад гарч ирнэ. Мөн үнэхээр өөрчлөлт хийгдэхийн тулд энэ тогтолцоог бүтээн босгосон хүмүүс нь өөрчлөгдөхгүйгээр өөрчлөлт бий болох уу гэдэг. Харин тэдгээр хүмүүс өөрчлөгдөж чадах уу? Эсвэл солигдох шаардлагатай юу?

Уул нь "коммунистууд" энэ тэр гэж эхлээд муулуулдаг өмнөх үеийн удирдагчид "өөрчлөлт хэрэгтэй болжээ" гэх үед "зөв" гээд дараа үеийнхэндээ байраа тавьж өгч байсан. Харин өөрчлөхөөр гарч ирсэн хүмүүс 20 гаран жил удирдсны эцэст бүтэхгүй тогтолцоог бий болгочихоод "өөрчлөлт хийх цаг нь болжээ" гэдэг дүгнэлтэнд албан ёсоор хүрлээ. Гэхдээ байраа тавьж өгнө ч гэж байхгүй байх л даа...

Гэсэн ч өөрчлөлтийн тухай ярьж байна гэдэг ярихгүй байхаас дээр. Харин олон зүйлийг хийнэ гэж гоё ярих, эсвэл ТВ-ээр сенсаци болгохын оронд 1 ч гэсэн зүйлийг хийчихээд үр дүнг нь тайлагнадаг бол өөрчлөлт бодитоор бас илүү хурдан ирэх байх.

-----------------------------------------------------------------

Санаа дэвшүүлэнгээ шүүмжил гэдэг, эцэст нь том төрийг ухаалаг төр болгох талаар өөрийн бодлоо хэлвэл, нэг их олоз зүйл биш доорхи 3 зүйлийг л хамгийн түрүүнд хийвэл болчих юм шиг санагдаж байна. (энэ их сонин өгүүлбэр болчихлоо kk)

1. Төрийн албан хаагч болох шалгуур өндөр, цалин өндөр болгох.

Энэ нь чадваргүй хүмүүс төрд найраагаар ордгийг зогсоож , харин чадвартай хүмүүс мөнгөнд санаа зоволгүйгээр шударгаар ажлаа хийх нөхцөл болох байх. Цалин нь амьдралд нь хүрэхгүй болохоор эрх мэдлээ ашиглаж амьжиргаагаа залгуулах, чадваргүй хүмүүс эрх мэдэлд хүрэх гэж төрд найраагаар орох гэх мэт үзэгдлүүдийг үндсэнд нь арилгахад шалгуур, цалин 2 нэлээд чухал байх.

(Хөгжсөн орнуудын жишгээр бол төрийн албан хаагчийн шалгалт нь шилдэг сургуулийн толгойтой оюутнууд нь л давж гардаг маш өндөр босготой байдаг. Дээр нь төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмж нь xувийн секторын дунджаас өндөр байдаг болохоор сайн хүмүүс ч цалинг асуудал болгохгүй төрийн албанд үргжэлжлүүлэн зүтгэх нөхцөл болдог.)

2. Улстөр, мэргэжлийн ажлыг ялгаж салгах.
Эрх баригч нам солигдоод л байгууллагаараа өөрчлөгддөг эсвэл АН МАН аараа талцаад ажлаа хийдэггүй биш, зөвхөн улстөрийн албан тушаалтнууд нь солигдоод мэргэжилтнүүд нь санаа зовох юмгүй урдах юмаа хийгээд явдаг болох.

3. Эдийн засагтаа нэмэр болохгүй гэхэд гай болдоггүй байх.
Төр нь баарны ажиллах цагаас эхлээд төмөр зам, Оюутолгойн хөрөнгө оруулалт хүртэл оролцохгүй юм байхгүй, тэгээд ихэнхдээ буруу зүйл хийгээд тэрийгээ эргэж засах гэж мунгинах хооронд цаг хугацаа, мөнгө, боломжууд алддаг байдлыг зогсоох.

Зөв үү?