Sunday, September 16, 2018

Цаг, мѳнгѳ ба аз жаргал

Стресс үүсгэж байгаа зүйлсийн 90%-ийг цаг эсвэл мѳнгѳ байвал шийдчихэж болохоор байдаг. Бүтэлгүй хайр, гэнэтийн осол г.м. цаг зав эсвэл мѳнгѳ байлаа ч шийдэгдэхгүй асуудал бол харьцангуй цѳѳн.
Ядуу буурай орнуудын хувьд ихэвчлэн мѳнгѳ байхгүйгээс үүдэлтэй стресс түгээмэл. Хоногийн хоолноос эхлээд орон байр, эмчилгээний зардал, хотын асуудлуудыг ч гэсэн мѳнгѳѳр шийдвэрлэчих боломжтой. Иймд хѳгжиж буй орнуудад асуудлынх нь шийдэл болсон мѳнгѳ бол ховор бѳгѳѳд чухал зүйл байдаг. Харин цаг бол элбэг, үнэ цэнэ багатай. Мѳнгѳ олоход цаг зарцуулдаггүй учраас хүмүүс нь завтай, чѳлѳѳтэй, дураараа.
Хѳгжсѳн баян орны иргэдийн хувьд эсрэгээрээ, олон үүрэг хариуцлагыг "жонглёрдоход" цаг хүрэлцэхгүйгээс болж үүсдэг стресс их. Ажил дээр нарийн deadline-аар шахуулна. Гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, найз нѳхѳдтэйгээ цуг байхын тулд ч нэлээд тѳлѳвлѳгѳѳ шаардагдана. Карьерт хэрэгтэй ур чадвар, хувь хүний хѳгжил, хоббидоо бас л хичээж байж цаг гаргана. Мѳнгѳтэй ч түүнийгээ үрэх цаггүй хүмүүс их. Хүүхдүүд нь ч завгүй, тоглоомын талбайнууд хоосон. Хэрэв хоногт 48 цаг байсан бол улс орнуудын орлогын түвшин нэмэгдлээ ч, иргэдийнх нь аз жаргал нэмэгддэггүй дилемма үүсэхгүй байсан болов уу.
Монголын хувьд гол асуудал болоод байгаа утаа, түгжрэл, ѳвчлѳл г.м. стрессийн эх үүсвэр болсон зүйлсийг мѳнгѳѳр шийдчихэж болно. Гэхдээ экспорт г.м. мѳнгѳ олох боломжуудаа сайжруулах бус, гацаах зогсоох талаар л цагаа үрэх нь түгээмэл. Цаг ер нь хайран биш учраас боломж алдагдахыг ѳртѳг гэж тооцохгүй. Бүтээмжийг дээшлүүлэх дээр ч анхаарах нь бага. Со драма, риалити шоу, дууны тэмцээнээ ч бүгд үзнэ. Олимп дэлхийн аварга спортын тэмцээнийг ч алгасахгүй. Найр наадамдаа ч явцгаана. Ѳдрийн хэдэн цагаар түгжрээд зэрэгцээд л зогсоно. Сошиалаар ч хэрэлдэнэ. Цаг ер нь хайран зүйл биш, юу л байна -- цаг л байна.
Монголчууд уул нь хаппи народ. Гагцхүү эмнэлэг дээр очих үед л гунигтай санагддаг. Жаахан мѳнгѳ байхад л сэргийлчих эсвэл эмчилчих боломжтой зүйл олон хүний хувьд трагеди/стресс болсон байдаг. Нийгмээрээ боломжийг үргээж, цагийг бүтээмжгүй зарцуулсны хамгийн том тѳлбѳр нь ингэж илэрдэг.
Иймд цаг vs. мѳнгѳний илүү сайн балансыг олж чадвал илүү хаппи нийгэм бий болох болов уу. Вийкэндээ 3 сараар тѳлѳвлѳж, ээлжийн амралтаа жилийн ѳмнѳѳс боддог завгүй амьдралтай болох шаардлагагүй ч, энгийн асуудлуудыг шийдчих мѳнгѳтэй болохын тулд яалт ч үгүй цагаа илүү бүтээмжтэй ѳнгѳрѳѳх, алдагдсан боломжийн ѳртгийг бага байлгах шаардлагатай.

Monday, June 25, 2018

"University"-ээс "Multiversity"-руу

Эдийн засгийн ѳсѳлт, орчин үеийн хѳгжлийн тухай яриа бол хүн тѳрѳлхтний түүхийн сүүлийн 250 жилд л хамаарах зүйл гэхэд болно. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 30-40 байсан дундаж наслалт 2 дахин уртасч, 160-70 см байсан хүмүүсийн дундаж ѳндѳр ч 5-10 см нэмэгдсэн. 1750 он хүртэл дэлхийд нэг хүнд ногдох ДНБ буюу амьдралын түвшин жилд ердѳѳ 0.1%-ийн л ѳсѳлттэй байсан гэдгийг эдийн засагчид нѳхѳж тооцсон байдаг. Энэ хурдаар бол амьдралын түвшин 2 дахин сайжрахад 1000 жил шаардлагатай гэсэн үг. Харин сүүлийн 250 жилд ѳсѳлт хурдасч 1.5% болсон бѳгѳѳд энэ хурдаар 50 жилд амьдралын түвшин 2 дахин сайжрах боломжтой болсон. Үүнээс хурдтай ѳссѳн Япон, Солонгос, Сингапур, Хятад г.м. улсуудад амьдралын түвшин маш богино хугацаанд хэрхэн сайжирсныг бид мэднэ. Эдийн засгийн энэхүү ѳсѳлт нь хүмүүс хэдэн үеэрээ яг л нэг ижил амьдралаар амьдардаг байсан түүхийг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно.
Үүний гол шалтгаан бол мэдээж техник технологийн дэвшлүүд. Хэвлэх машин, уурын хѳдѳлгүүрээс (Аж үйлдвэрийн I хувьсгал) эхлээд цахилгаан, дотоод шаталтын хѳдѳлгүүр (АҮ II хувьсгал), компьютер, интернет (АҮ III хувьсгал) нь үйлдвэрлэлийн бүтээмжийг эрс дээшлүүлж, маш их хэмжээний баялгийг бүтээх боломжтой болгосон.
Шинжлэх ухааны нээлтүүд инноваци хэлбэрээр зах зээлд ийнхүү нэвтэрч, амьдралыг хурдтай ѳѳрчлѳхѳд машин механизм г.м. биет капиталаас гадна, туршлага ур чадвар г.м. хүний капитал, шинэ санаа болон технологи г.м. оюуны капитал, зам тээвэр болон хууль эрх зүйн орчин г.м. дэд бүтцийн капитал, хамтын ажиллагаа болон итгэл г.м. нийгмийн капитал мэдээж чухал байсан. Түүнчлэн, аливаа шинэчлэл ѳѳрчлѳлт нь шинийг бүтээхээс гадна хуучныг устгаж (бүтээлч устгал) хохирогчдыг бий болгодог тул тэднийг хэрхэн хамгаалах вэ гэдэг чухлаар тавигдана. Тухайлбал, автомашин дэлгэрснээр морин тэрэг хѳтлѳгч ажилгүй болох учир түүнийг яах вэ г.м. Үүнээс гадна эдийн засаг ѳсѳлтѳѳс уналтын мѳчлѳгт шилжих үед хохирол багатай даван туулж, уналтыг зѳѳллѳх нь чухал.
Тэгвэл, хүний, нийгмийн, дэд бүтцийн, оюуны зэрэг капиталын гүнзгийрэлт явагдаж бүтээмж дээшлэхэд ч, бүтээлч устгалыг амжилттай явуулж нийгмийг урагшлуулахын тулд хохирогсдыг хамгаалахад ч, эдийн засгийн хүндрэл хямралыг богино хугацаанд хохирол багатай даван туулахад ч тогтолцоо, байгууллагын зохион байгуулалт буюу институцийн хѳгжил маш чухал. Үүнд парламент, засгийн газар, шүүх, тѳв банк, нийгмийн хамгааллын тогтолцоо г.м. албан институциуд болон их сургууль, сайн дурын байгууллагууд г.м. албан бус институциуд хамаарна. Ерѳнхийдѳѳ түүхийг харахад том хувьсгал эсвэл хямралын дараа эдгээр зохион байгуулалтууд үүсч, сайжирч хѳгжсѳѳр ирсэн байдаг. Жишээ нь аж үйлдвэрлэл анх үүссэн гэгддэг Англид үндсэн хууль (Магна Карта)-иас эхлээд орчин үеийн тѳв банкны загвар, нийгмийн халамжийн систем, боловсролын тогтолцоо г.м. институци хѳгжсѳн нь эргээд тогтвортой хѳгжил дэвшлийн суурь, дэлхийг захирсан эзэнт гүрний гол хүч нь ч болж байсан.
Харин одоо хиймэл оюун ухаан, биг дата, робот, 3D хэвлэлийн үед (АҮ IV хувьсгал) хүн тѳрѳлхтний орчин үеийн хѳгжлийг боломжтой болгосон институциуд хэрхэн хувьсаж ѳѳрчлѳгдѳх вэ гэдэг чухал асуулт. Одоогийн шинэ технологи бидний амьдралд нѳлѳѳлѳх нѳлѳѳ нь ѳмнѳх 3 хувьсгалаас илүү хүчтэй бѳгѳѳд хурдтай байна гэгдэж буй. Ѳмнѳх технологиуд зѳвхѳн хүний булчингаар хийдэг ажлыг хэд дахин хурдан хийдэг байсан бол одоо сэтгэн бодох болон анхаарал халамж шаардсан ажлуудыг ч хийх боломжтой болж буй. Ѳнѳѳдѳр AlphaZero г.м. хиймэл оюун ухаан хэдхэн цагийн дотор ѳѳртѳѳ шатар заагаад ямар ч их мастерийг хожиж, Google Duplex яг л хүн шиг утсаар ярьж үйлчлүүлэгчийн захиалгыг авч байна. Машин ирээдүйд хүний гар, логик, эмоци шаардсан ажлуудыг аль алиныг нь илүү сайн хийгээд эхэлвэл хѳгжлийн тулгуур болсон институциуд бэлэн үү?Тэр дундаа боловсролын систем хүнийг юунд, хэрхэн бэлдэх вэ?
Oдоо тѳрж буй хүүхэд хүнс тэжээл болоод амьдралын хэв маяг, анагаах ухааны хѳгжлийн ачаар 100 жил амьдарч, дор хаяж 60-70 жил үргэлжлэх карьерийн турш ажиллах хэрэг гарна. Ѳвѳѳгийнх нь үед хүн насаараа 1 ажил хийгээд болчихдог байсан бол одоо ач хүүгийн үед 1 мэргэжил, 1 карьер ч хангалтгүй. Хэсэг ажиллаад л дахиад сурах, хэсэг ажиллаад л үргэлжлүүлээд сурах хэрэг гарч магад. Иймд их сургуулиуд урьдын адил 1 ижил насны залуу хүмүүсийг цуглуулаад 1 л мэргэжил олгодог "university" байхаа болиод олон насны хүмүүсийг цуглуулдаг, карьерийн турш олон тѳрлийн мэргэжлийг олгодог "multiversity" болох шаардлага үүсч байна.

Monday, June 18, 2018

ШИНЭЭР ТѲГСѲГЧДѲД: АЖИЛ ХАЙХ ҮЕД ГАРГАЖ БОЛОХГҮЙ 2 АЛДАА


Өдийд их дээд сургуулиудын диплом хамгаалалт, хонхны баярууд дуусч, Монголын ирээдүй болсон олон мянган залуус оюутны ширээнээс нийгмийн бүтээгч хэсэгт шилжих амьдралынхаа чухал үетэй золгож буй. Харин ѳрсѳлдѳѳнд ялж, хүссэн ажлын байраа олно гэдэг том сорилт. Ихэнх потенциальтай залуусын хувьд нэр хүндтэй сургуулийн диплом, онц дүн болон бичгийн шалгалтын үр дүн зэрэг нь ажил хайх процессийн амархан хэсэг нь байдаг. Харин ажлын ярилцлагын шалгалтын үед ѳѳрийгѳѳ зохих ёсоор үнэлүүлж чадалгүй боломжоо алдах харамсалтай тохиолдол цѳѳнгүй.
Оюутнууд мэдээж нэр хүндтэй, их юм сурах боломжтой бѳгѳѳд гайгүй цалинтай газар орж ажиллахыг хүснэ. Харин ажил олгогч болохоор "энэ ямар хүн бэ", "яагаад манай баг хамт олон дунд орж ажиллахыг хүсч байна вэ" гэдгийг сонирхож харна. Хэрэв оюутан ажил олгогчийн энэ ѳнцгѳѳс бодож үзээд, зөв хариултыг ѳгч чадвал ярилцлагын шатыг хялбархан давж, ажлын санал авах боломжтой. Ингэхийн тулд дараах 2 алдааг гаргахгүй байх нь чухал юм.
Алдаа 1. "БИ ХЭН БЭ" ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Ажил олгогчийн нэн тэргүүнд сонирхдог зүйл бол “энэ ямар хүн бэ?” гэдэг асуулт. Учир нь ямар ч байгууллага тодорхой байдалд дуртай. Хэрэв энэ хүнд ажлын санал ѳгвѳл орж ирээд ажлаа урам зоригтой эрч хүчтэй хийх үү, хамт олонтойгоо нийцтэй хамтран ажиллаж чадах уу, хэр тогтвор суурьшилтай ажиллаж, манай багт ямар хувь нэмэр оруулж чадах бол гэдгийг мэдэхийг хүсдэг. Иймд ярилцлагын үед диплом, дүнгийн хуулбар, анкет/CV, бичгийн шалгалтын материалууд дээр үндэслэн бий болсон сэтгэгдлээ нүүр тулан уулзаж нягталж үзэхээс гадна, бичиг баримтаас бүрэн харагдахгүй зүйлсийг шалгадаг. Оновчтой сонголт хийх нь нэг талаас тухайн байгууллагын ирээдүйд чухал, харин нѳгѳѳ талаас карьерийн боломжийг зѳв хүнд атгуулах нь нийгмийн ѳмнѳ хүлээх нэг том үүрэг хариуцлага учраас аль ч байгууллага ямар нь сайн мэдэгдэхгүй хүнийг сонгохоос зайлсхийнэ.
Гэтэл шилдэг оюутнуудын хувьд ч байгалийн сайн ѳгѳгдлийнхѳѳ ачаар эсхүл эцэг эхийн шахалтаар 10 жилдээ хичээлээ сайн хийгээд, аль нэг гайгүй их сургуулийг топ дүнтэй тѳгссѳн ч цаашид амьдралд ороод хэн болохыг хүсч байгаа, нийгэмд ямар хувь нэмэр оруулахыг хүсч байгаа талаар гүнзгий бодож үзээгүй, эсвэл ѳѳрийгѳѳ илэрхийлж чадахгүй байх нь түгээмэл. Карьерийг юу гэж боддог, яагаад энэ мэргэжлийг сонгосон, цаашид юу хийхийг хүсч байгаа талаар асуухад ихэвчлэн хариулж чаддаггүй. "Багш надад ийм хичээл заасан учраас цаашид ийм ажил хийх ёстой"; зорилго нь "ирээдүйд байртай, машинтай, дарга болохыг хүсдэг", хэдэн жилийн дараа "дахин сурч (мастер, докторт) мэдлэгээ дээшлүүлнэ" гэсэн утгатай зүйл ярих нь түгээмэл. Энэ нь мэдээж ажил олгогчийн мэдэхийг хүссэн зүйл биш, хангалттай хариулт болж чаддаггүй.
Уул нь ярилцлагын үед ирээдүйд карьераар дамжуулж нийгэмд ийм зүйлийг бүтээх зорилготой, зорилгоо биелүүлэхэд өөрт ямар давуу талууд бий, сул талаа хэрхэн нѳхдѳг, багаар ажиллахдаа ямар, алдаа уналтаас хэрхэн суралцдаг вэ гэдгээ тайлбарлаж, “Би ийм хүн юм аа” гэдгээ ойлгуулж чадвал ажлын санал авах хялбархан байх болно. Ингэхдээ хичээл дээр, хичээлээс гадуур, уралдаан тэмцээн гээд өөрийн кейс дээр тайлбарлавал хөндлөнгийн хүнд илүү бодитой төсөөлөгдөх болно.
Ер нь хаа газар, хувийн секторт ч тэр улсын секторт ч тэр, ѳѳрийгѳѳ таньж чадсан, зорилго нь тодорхой хүмүүс илүү амжилттай яваа харагддаг. Мэдээж амьдралын явцад зорилго, үзэл бодол ѳѳрчлѳгдѳх, эсвэл мэдээгүй давуу талаа илрүүлэх г.м. зүйлс бий. Гэхдээ амьдралын их далайд анхнаасаа ямар нэгэн зүг чигтэй явах нь амжилтын үндэс гэдгийг туршлагатай хүмүүс бүгд зөвлөдөг. Монголын сор болсон залуусын хувьд, аль болох эрт буюу оюутан байхдаа энэ талаар бодож үзвэл өөртөө хэрэгтэй төдийгүй, улс орны ирээдүй илүү гэгээлэг байх болов уу.
Алдаа 2. "ЯАГААД ЭНЭ БАЙГУУЛЛАГА ВЭ" ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Карьерийн олон сонголт дундаас яагаад заавал энэ байгууллагыг, дотор нь энэ газар алба нэгжийг сонирхож байна вэ гэдэг нь ажил олгогчдын мэдэхийг хүсдэг бас нэг чухал зүйл. “Дургуйд хүчгүй” гэгчээр ѳндѳр потенциальтай хүн байлаа ч сонирхолгүй эсвэл давуу талаа гаргаж чадахгүй ажилд орвол тухайн байгууллагадаа ч тэр, оюутанд ѳѳрт нь ч хохиролтой. Иймд ихэнх байгууллагууд санал болгож буй ажил мэргэжил нь тухайн хүний карьер тѳлѳвлѳлт, зорьсон зорилго, хийхийг хүссэн зүйлтэй нь нийцтэй уялдаж байвал орж ирээд тууштай ажиллаж, их хувь нэмэр оруулна гэж хүлээдэг.
Харин ихэнх оюутнуудын хувьд “яагаад энд ажиллахыг хүсч байна вэ” гэдэг асуултад “их юм сурах болохоор” гэж хариулах нь түгээмэл. Эсвэл ярилцлага ѳгѳх байгууллагынхаа талаар бараг мэдэхгүй, гэрийн даалгавраа хийлгүй ирэх нь ч цѳѳнгүй. Асуулт асуух боломж олгосон ч "шалгалтын хариу нь хэзээ гарах вэ" гэдгээс ѳѳр зүйл сонирхохгүй хүн ч байх. Эдгээрийн аль нь ч ажил олгогчийн эрсэн хариулт биш юм.
Аль ч байгууллага ажилтныг сургах эсвэл цалин ѳгѳх гэж бус, харин тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэхийн тулд хѳдѳлмѳрийн гэрээ хийдэг. Иймд ярилцлагын үед ямар салбарт юу хийдэг байгууллагын ямар хүмүүстэй уулзаж байна вэ, тэд чамаас юу хүсээд байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Бусдын байран дээр ѳѳрийгѳѳ тавин ийнхүү сэтгэж сурах нь цаашид ажил дээр гараад зайлшгүй шаардагдах чухал чадвар юм. Одоо ихэнх байгууллагууд вебсайттай, ороод үзэхээр ямар зорилготой, бүтэцтэй, тухайн байгууллагатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл нь бэлэн бий. Энэ юу хийдэг байгууллага вэ гэдгийг судлаад, "би дотор нь ороод юу хийж, ямар хувь нэмэр оруулж чадах вэ" гэдгээ бодоод ирвэл ярилцлагын үед том давуу тал болох болно. Сайн бэлтгэлтэй ирэх нь тухайн хүн ажил хийхдээ ч иймэрхүү хандлагатай байх болов уу гэдэг эерэг сэтгэгдлийг тѳрүүлж, ѳрсѳлдѳѳнд нэг алхам урд гарах боломжийг олгодог.
Тэгэхээр, шинээр төгсөж буй оюутнууд маань энэ 2 алдааг гаргахаас зайлсхийж чадвал хүссэн ажлын саналаа авах магадлалаа эрс нэмэгдүүлэхээс гадна, ер нь ѳѳрт тохирох ажлаа зѳв сонгох, ингэснээр цаашдын карьер нь амжилттай байх үндэс болно. Анхны ажил, карьерийн эхний 2-3 жил гэдэг амьдралынхаа турш ашиглах суурь чадваруудыг олж авч, хөгжүүлдэг чухал цаг үе байдаг. Санхүүгийн шинжээч, эдийн засагч чиглэлийн мэргэжилтнүүдийн хувьд энэ үед л тоон дээрээ ажиллах, логиктой сэтгэх, тайлан болон презентаци хэлбэрээр дүгнэлтүүдээ бусдад ойлгуулах бичгийн болон ярианы чадвараа хѳгжүүлэх, багийн гишүүн болж бусадтай хамтран ажиллаж хэл амаа ойлголцож сурдаг.
Оюутнууд ажлын ярилцлагад орохоос ѳмнѳ өөрийнхөө талаар, тухайн байгууллагынхаа талаар судалснаар илүү сайн сонголт хийж, карьерийн эхлэлээ зөв тавьж, амьдралын энэ чухал үеэ ѳѳртѳѳ ч ашигтай, байгууллагаадаа ч үр ѳгѳѳжтэй цаг хугацаа болгох боломжтой.

Sunday, April 8, 2018

Low-cost generation ба ирээдүйн популизм

Токиод цуг сурч байсан оюутан үеийн найзууд, дээд үеийнхэнтэйгээ уулзаж, нетворк хийх нь сарын тѳлѳвлѳгѳѳний маань нэг чухал хэсэг байдаг. Хѳгжсѳн орнуудын шилдэг сургуулиудад боловсорч, олон улсад тэргүүлэх байгууллагуудад ажилласан, одоо нийгэмдээ зохих хувь нэмрээ оруулаад явж буй “Дэлхийн монгол хүн” листэнд багтах хүмүүс байх тул сонирхолтой яриа ч их ѳрнѳдѳг.
Саяхан уулзсан нэг найз ийм зүйл ярив: Бид болон биднээс дээш үеийнхэн соц эсвэл 90-ээд оны хямрал дунд картын бараанд очерлож амьдарч сурсан харьцангуй "low-cost lifestyle"-тай улс. Угийн хэрэглээ багатай тул улс орон импортын тѳлбѳрѳѳ хийхийн тулд заавал ГШХО татаж, заавал экспорт хийх хэрэгтэй гэсэн үнэлэмж, сэтгэхүй ч багатай.
Харин 2000-аас хойшхи үеийн 2 оронтой эдийн засгийн ѳсѳлт дунд кармандаа утастай, түрийвчиндээ задгай мѳнгѳтэй ѳссѳн хүүхдүүдийн үе ирэхэд валют олох мега тѳслүүдээ хүссэн хүсээгүй явуулах шаардлага үүснэ. Ингэхгүйгээр тѳлбѳрийн тэнцэл ачааллаа угаасаа дийлэхгүй. “Хүүхэд кармандаа мѳнгѳтэй байна” гэсэн ойлголтгүй, “Том хүн нэг хувцсаа урагдтал ѳмсѳх нь хэвийн” байсан эд, мѳнгѳ ховор low cost generation-ийхэнтэй харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ $3000-4000 хүрсэн нийгэмд ѳссѳн шинэ үеийнхний хэрэглээ, амьдралын зардал хамаагүй ѳндѳр байх нь ойлгомжтой. Бид нэгэнт бүх зүйлийг ѳѳрсдѳѳ хийхгүйгээс хойш шинэ үеийнхэн хэрэглээ, түүнтэй холбоотой импортын зардлаа хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг чухлаар тавигдана.
Тэгвэл валют олж, ѳсѳлтийг дэмжиж, амьдралын түвшнийг унагаачихгүй барих арга зам юу вэ гэхээр ХАА, аялал жуулчлал, уул уурхай гэсэн 3 салбар хамгийн түрүүнд санаанд буух зүйлс. Харин үйлдвэрлэлээр Зүүн ѳмнѳд Азийн элбэг, хямд ажиллах хүч & үнэгүй шахуу усан замын тээвэртэй орнуудтай ѳрсѳлдѳх аргагүй. Тээврийн ѳртѳг бага IT г.м. салбар байж болох ч, маш ѳндѳр мэдлэг боловсрол, ур чадвар шаардагдана.
Эдгээр 3 салбараас ХАА-г аваад үзвэл үржил шимтэй хѳрс газар нутгийн маань ердѳѳ 1% учир газар тариаланд найдах хэцүү. 70 сая мал бэлчээрийн даацаараа хязгаарлагдах тул үүнээс цааш тоо нэмэгдэх нь хүндрэлтэй. Тэгэхээр байгаа малаа эдийн засгийн эргэлтэнд сайн орууллаа орууллаа гээд максимум ѳгѳѳж нь хэдэн хувь байх вэ, 3 сая хүний амьдралыг огцом сайжруулахад хангалттай мѳнгѳн урсгал бий болгох уу гэдэг асуултууд тавигдана.
Аялал жуулчлалын хувьд, одоо хүлээн авч буй жуулчдын тоо дамжин ѳнгѳрч байгаа хүмүүсийг оролцуулаад хагас саяд хүрэхгүй байна. Үүнийг ядаж 10 саяд хүргэхийн тулд шаардлагатай дэд бүтэц, зочид буудлууд, амралтын газруудад хэн хѳрѳнгѳ оруулах вэ? Оруулсан хѳрѳнгѳѳ зуны 2 сард нѳхѳх үү? Дээр нь бид хятад жуулчдад таатай хост байх уу? г.м. том асуултууд тавигдана. Манайд хамгийн амжилттай хэрэгжиж буй тѳслүүдийн нэг --шинэ онгоцны буудал гэхэд $1 тэрбум хүрэхгүй ѳртѳгтэй ч, бараг 10-аад жил зарцуулж байна гэхээр 10 сая жуулчин хүлээж авдаг дэд бүтэцтэй болтол багагүй цаг хугацаа, хѳрѳнгѳ мѳнгѳ хэрэгтэй болохоор байна.
Харин уул уурхайн хувьд газрын хэвлийд ойролцоогоор $3 триллионы эрдэс бүтээгдэхүүн байгаа нь 3 сая хүнд мэдээж хангалттай. Үүнийгээ баялгийн хараал бус, ерѳѳл болгохын тулд -- сайн институци засаглалын тогтолцоо хэрэгтэй, энэ ч боломжтой. Харамсалтай нь одоог хүртэл улсын нэрийн хуудас болсон 1 том тѳсѳл дээрээ бүгд нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй л явж байна. Гэхдээ хүн амын 70%-ийг бүрдүүлж буй 35-aaд доош насныхны үе ирэхэд "гадны хѳрѳнгѳ оруулалттай оруулалтгүй бид ѳѳрсдѳѳ болно" г.м. популизмууд үргэлжлэх үндэслэлгүй болох болов уу...
Ѳѳр нэг уулзалт дээр бас нэг ийм яриа ѳрнѳв: Шинэ үеийн хүүхэд залуус англи хэл сурч, барууны медиа, спорт, соёл урлагийг шимтэн ѳсч буй. NBA эсвэл Champions League үздэггүй, Coldplay эсвэл Lady Gaga-г мэдэхгүй, Холивуудын кинонд дургүй хүн гэж байхгүй биз. Харин 2 хѳршийнхѳѳ талаар бараг сонирхолгүй шахуу, урд хѳршийн талаар сѳрѳг үзэл бодол ч түгээмэл ажиглагддаг.
Барууны соёлд ийм нээлттэй ѳссѳн хүмүүс нийгмийн дийлэнхийг бүрдүүлээд эхлэхээр хѳрѳнгѳ оруулалтыг нь ч дэмжин хүлээж авах нь лавтай биз. Харин одоо бол гадныхантай гадныхангүй ѳѳрсдѳѳ "тал дээр гараад малаа маллаад явчихад болно" гэсэн бодолтой хүмүүс цѳѳнгүй. Сүүлийн 10 жил мега тѳслүүд маань олигтой урагшлахгүй байхад нийгмийн одоогийн энэхүү үнэлэмж мэдээж нѳлѳѳлж л байгаа хүчин зүйл.
Ер нь Азийн барууд, одоо Зүүн ѳмнѳд Ази гээд үсрэнгүй хѳгжсѳн орнуудын туршлагыг харахад гадны хѳрѳнгѳ оруулалт нэг чухал орц байсан. Монголын хувьд, 10 жилийн ѳмнѳ буцалтгүй тусламж, хѳнгѳлттэй зээл бус $1 тэрбум давсан гадны хѳрѳнгѳ оруулалт анх удаа оруулсан ч, түүнээс хойш олигтой ахиц байсангүй. Уул нь хѳрѳнгѳ оруулалт ДНБ болон тѳлбѳрийн тэнцэлд мэдээж том нѳлѳѳ үзүүлсэн. Гэхдээ хамгийн чухал хувь нэмэр нь 90-ээд оноос хойш үргэлжилсэн “brain drain” буюу Монголоос ур чадвар дайжих үзэгдлийг эргүүлснээрээ онцлог. Гадаадад амьдарч байсан мэдлэг чадвартай олон ч хүний шийдвэрт нѳлѳѳлж, даллаж авчирсан. Гэхдээ талант хангалттай үнэлэгдэхгүй байна гэдэг шалтгаанаар буцаад гараад явсан нь ч цѳѳнгүй.
Эндээс, бидний ганц том боломж болсон уул уурхайн мега тѳслүүдийг урагш явуулах үнэлэмжтэй, хэрэгцээ шаардлагатай сонгогчдын үе ирэхэд гацаадаг бус, явуулдаг популизм давамгайлах байх. Харин зэс нүүрс дуусаад ирэхийн цагт цѳѳхѳн хүн амтай улс оюуны бүтээмж ѳндѳртэй салбараар л мѳнгѳ олох боломжтой тул боловсрол хэрэгтэй гэдгийг бид анх удаа яс махаараа ойлгох байх. Тэр үед "боловсролтой боловсролгүй болно" эсвэл "мэдлэг бус сэтгэл чухал" г.м. популзмууд хүссэн хүсээгүй дэмжлэг авахаа болих биз ээ.

Tuesday, April 3, 2018

Сакура, сакура...

Сакура. Будран орох цас мэт цайвар дэлбээс эргэн тойронд бүжих нь ер бусын. Ирж буй урин цагийн агаар нэн таатай. Зѳѳлѳн ээх хаврын нар эелдэг. Унтаа байдлаасаа сэрж буй байгаль дэлхийн дуу чимээ хѳгжѳѳнтэй. Энэ үе яг л диваажин гэлтэй.
Сакураны гоё сайхан нь модондоо ч, цэцгэндээ ч биш. Харин цаг хугацааг зогсоосон мэт намирч унах дэлбээнүүдийг нь харахад тѳрдѳг тэр мэдрэмжиндээ байдаг. Үзэсгэлэнтэй, гэхдээ гунигтай.
Сакура шинэ эхлэлийн бэлгэ тэмдэг юм. Японд хичээлийн жил ч, санхүүгийн жил ч 4 сард эхэлдэг тул сургууль, компаниудын элсэлт, угталтын арга хэмжээ сакура дэлбээлэх үетэй давхцах нь их. Олон хүний хувьд амьдралын шинэ хуудас нь сакура дэлбээлэх улиралд эхэлнэ.
Сакура тѳгсѳлт, үдэлттэй ч давхцана. Хѳѳр, гуниг, айдас, догдлол зэрэгцдэг энэ үед модноосоо хийсэн унах үзэсгэлэнтэй цагаан цэцэгс айсуй ѳѳрчлѳлтийн тѳгс илэрхийлэл болно.
Угаас япончуудын гоо үзэсгэлэнгийн талаарх философи нэлээд онцлог. Микеланжелогийн уран баримал, Бетховены хѳгжим эсвэл Викториа секретийн моделүүд шиг ѳѳгүй тѳгсийг идеал болгодог барууныхаас арай ѳѳр.Тийм ч учраас сакура жилийн турш цэцэглэдэг байсан бол гоо үзэсгэлэнтэй санагдахгүй гэж ярьдаг.
Дэлбээлээд ердѳѳ 7 хоноод унадаг энэ цэцэг модноосоо тасран бүжсээр газарт ойчих хүртэлх тэрхэн зуурт тѳгс тѳгѳлдрийг мэдрүүлнэ. Гүнзгий бодролд автуулна. Хүчтэй сэтгэгдэл тѳрүүлнэ. Юу ч үүрд оршихгүй мѳнх бусын гунигт хуулийг, хувьсал ѳѳрчлѳлтийн сэтгэл хѳдлѳлийг хамтад нь гоо үзэсгэлэнтэйгээр агшин зуурт хүнд ойлгуулна...

Sunday, March 25, 2018

Баярлалаа, Соронзон багш!

Тѳрѳлх сургуулийнхаа 25 жилийн ойгоор Соронзон багшдаа очиж баяр хүргэлээ. "Орос 3" гэдэг бренд энэ гавшгай хүнтэй салшгүй холбоотой. Дайчин монгол эмэгтэй, жинхэнэ тѳмѳр хатагтай!
Соронзон захирал сайхан ааштай хүн бол огт биш. Бүгд мэднэ дээ. Багш, сурагч, хичээлийн эрхлэгч, үйлчлэгч цэвэрлэгч, гадаад дотоод хэнийг ч ялгахгүй зад загнаад хаячихна. Оросыг нь оросоор нь, Монголыг нь монголоор, заримдаа 2 хэл холиод ёстой нэг хяргаж ѳгнѳ. Олон хүний дэргэд байна энэ тэр хамаагүй. Та ингэж загнуулахаас ичихгүй бол би ингээд загнаад ѳгье л гэнэ. Онц сурлагатан, муу сурлагатан гэж ялгаагүй. Ерѳнхийлѳгч, сайд, гишүүд, нэртэй бизнесменүүд, олны танил хүмүүсийн хүүхдүүд ч цѳѳнгүй сурдаг байсан, ер нь загнуулж үзээгүй хүн байхгүй дээ. Хүмүүжил, сахилга батын асуудал бол No1.
Нэг удаа ѳглѳѳ хичээлээс хоцортол их завсарлагаанаар Линейка (бүх сурагчид жагсаад сахилга батын талаар хэлэлцдэг цуглаан) дээр дуудаж гаргаж ирээд, "Тѳмѳнцэнгэл гэдэг энэ нийгмийн шаарыг та нар хар! Цагтаа ирж чадахгүйгээс болж самбар луу тѳвлѳрѳх ёстой анхаарлыг чинь хаалга руу сарниулж байна" гээд зад загнуулж билээ. Шилжилтийн насны хүүд Орос 3-ын алдарт царайлаг охидын нүдэн дээр ингэж хэлүүлэх хэцүү ч, "Цаг барих шиг наад захын, энгийн зүйлийг хийж чадахгүй юм бол илүү чухал зүйлийг яаж чадах вэ" гэдгийг яс маханд шингэтэл ойлгуулсан даа...
Мэдээж дандаа загнахгүй л дээ, магтах үе ч бий. Оюутан болоод Орос, Японы засгийн газрын 100% -ийн тэтгэлэгтэй хоёр ч хѳтѳлбѳрт тэнцэж, гадагшаа явж сурахаар болоход "Загнаад байсны учрыг одоо ойлгож байгаа биз дээ?" гэсэн харцаар угтаж билээ.
Соронзон багш ер нь бол "Би энэ сургуульд коммунизмаа тогтооно. Хүсэхгүй бол гараарай! 800 хүүхдийн багтаамж аль хэдийн хэтэрчихсэн байгаа тул -- пожалуйста!" л гэж ярьдаг хүн. Сургууль дотор цэвэрхэн байлгах үүднээс бүгд чехлы буюу улавч ѳмсѳнѳ. Улавчаа угаасан эсэхийг тогтмол шалгана...Овог нэр, анги, цээж зургаа наасан визитка буюу мандат шиг зүйл энгэртээ зүүнэ. Байхгүй, мартсан бол бас л асуудалд орно. Болохгүй зүйлсийн жагсаалт бол маш урт: үсээ будуулах, салбадай шиг хувцаслах, бохь зажлах, дураараа мейк-ап хийх, ном хавтасгүй байх, эцэг эхийн хурал таслах...гээд лист бол үргэлжлээд л байна.
Ялангуяа хэрэг тарьдаг нѳхдүүд (нѳгѳѳ анги бүрт байдаг usual suspects) алхаа гишгээ бүрээ цэгнэж явахгүй бол дуудагдах, тэгээд мэдээж хяргуулах риск маш ѳндѳр. Харин босстой тааралгүй зѳвхѳн Максим Муратович (хичээлийн эрлэгч)-т турсгаа хуулуулаад ѳнгѳрвѳл "азтай" хэрэг болно.
Мѳн их цэвэрлэгээг сурагчдаар ѳѳрсдѳѳр нь тогтмол хийлгэнэ, сэтгэлээсээ хийж байгаа эсэхийг "Наад зураасаа ингээд арчаач ээ!!! гээд л ѳѳрѳѳ биечлэн явж шалгана. Тэгээд мэдээж "Удирдлагын шалгалт" буюу АКР бол нэлээн олон хүний зүрхийг лүк лүк хийлгэж, нүдийг нь бүлтэлзүүлнэ -- гэнэт орж ирээд самбар 2 хуваан А, Б гэж бичээд, дэвтрийн гол цаас гарга, эсвэл монгол бичгээр хурдан уншлага шалгана гэвэл тэгээд баларч байгаа нь тэр...Таракан шиг буюу "жоомны мѳр шиг" муухай бичвэл хэрэгтэн болж, загнуулах магадлал баталгаатай 200%.
За тэгээд үрлэн сумтай буу эсвэл үзүүртэй мэс авчирвал -- сургуулиас шууд хѳѳгдѳнѳ. Зодоон хийвэл -- хѳѳгдѳнѳ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байвал -- мэдээж шууд хѳѳгдѳнѳ. Заавал гоц авъяастай хүмүүсийг анхнаас нь цуглуулдаггүй ч, хэрэв 9 тѳгсѳхдѳѳ стандарт шалгалтаар улаан шугамны дор орвол-- бас л хѳѳгдѳнѳ. Гэх мэт, гэх мэт -- дүрэм бол маш хатуу. Хамгийн гол нь хэрэгждэг. Нэг удаа гүйж байгаа хүүхдэд дэгээ тавьж, хүүхдийн гар хугарсан хэрэг гарахад маргааш нь дэгээ тавих үйлдэл нь автоматаар сургуулиас хѳѳгдѳх шийтгэлтэй болсон. Коридороор гүйх эрхээ ч бүгд хасуулсан санагдаж байна. Лав л дахиж ийм хэрэг гараагүй...
Энэ бүхний эцэст тѳгсѳлтийн үдэшлэг-парти сургуулийн урлагийн заланд болж, орой 9 цагт билүү, гадаа гэгээ тасраагүй байхад эцэг эхчүүд нь ирж гарын үсэг зураад хүүхдүүдээ авч харьснаар хонхны баяр маань ѳндѳрлѳж байв...
Ѳнѳѳдѳр болсон сургуулийн маань 25 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд зориулж тѳрийн 3 ѳндѳрлѳг, нийслэлийн удирдлага, боловсролын сайдаас мэндчилгээ ирүүлсэн нь 3 удаагийн улсын тэргүүний сургуулийг босгож ирсэн Соронзон багшийн гавъяаг бүгд үнэлсэн хэрэг. Ѳѳрѳѳ орос сургууль тѳгссѳн хүн учраас гадаад хэргийн сайд биечлэн ирж мэндчилгээ дэвшүүлэхдээ: "90-ээд онд Монгол оронд боловсролын салбар тэр чигээрээ унаж байсан тэр хүнд хэцүү үед энэ хүн сѳрж гарсан юм аа!" гэдгийг онцолж байсан.
Одоо заримдаа таньдаг хүмүүс хүүхдээ Орос 3-т оруулбал ямар вэ гэж их асуудаг. "Лермонтов, Достоевский, Толстой-ийн бүтээлүүдийг эх хэлээр нь уншдаг болно, дээр нь Соронзон багшаас ёс суртахуун, сахилга батын маш сайн хичээлд суралцана даа" л гэж хариулдаг.
"Манай тѳгсѳгчид" гээд л багш маань ѳѳрийн хүмүүжүүлж ѳсгѳсѳн шавь нараараа маш их бахархаж ярих дуртай. Шавь нар нь ч багштаа талархан хүндэтгэж, сургуулиараа их бахархдаг. Цаашид ч олон олон шавь нарынхаа сурагч насны алтан дурсамжуудыг бүтээж, хүүхэд наснаас нь сайн дисциплинд сургаж, амьдралын зорилго, мѳрѳѳдѳлд нь хѳтлѳх биз ээ. Соронзон багшийн маань амьдралаа зориулсан, тѳрѳлх сургууль Орос 3 маань ийм л газар даа... 
(Ивент тарахад 3000 хүн залнаас гарах гэж чихцэлдэх шахцалдах зүйл мэдээж гарахгүй. Максим Муратович тайзан дээрээс микрофоноор тэр эгнээ суу бос, жагс алх гээд коммандлаад явчихна. Гүйцээ!)

Saturday, March 10, 2018

Mart 8

1. 18-р зууны Орос эмэгтэй бэлэвсрээд ердѳѳ 3-6 сарын дараа дахин гэрлэдэг байсан. Хүнд хѳдѳлмѳр ихтэй тариачны нийгэмд эмэгтэй хүн ганцаар амьдрах аргагүй тул уй гашуугаа хурдан дараад дахин нѳхѳрт гарахаас ѳѳр сонголтгүй байв. Эрх чѳлѳѳний орон гэгддэг Америкт ѳнѳѳдѳр 2 гэр бүл тутмын 1 нь салдаг. Тэнд гэрлэснээс хойш ердѳѳ 2 жилийн дараа салалт хамгийн ихээр ѳрнѳнѳ. 21-р зууны Америк эмэгтэйчүүд ажил орлоготой, санхүүгийн хувьд бие даасан тул эр хүнгүй бол амьдрах аргагүй гэсэн ойлголт байхгүй. Иймд бал сарууд дуусч, дурлалын гормон сарнихад олон эмэгтэй бѳгж зүүсэн шийдвэрээ эргэж хардаг. Нийгмийн халамжийн тогтолцоо нь хамгийн сайн гэгддэг Скандинавын баян орнуудад болохоор гэрлэлт багасч, харин салалт хурдтай ѳсч буй. Бельгид гэхэд салалт 70% байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Хүүхэд ѳсгѳх зардлыг улс хариуцаж, ажилгүй байсан ч тэтгэмж ѳндѳр тул салж нийлэх шийдвэр гаргахад мѳнгѳ санхүүгийн асуудал бодох шаардлагагүй. Товчхондоо, гэр бүлд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг цаг үе, эдийн засгаа дагаад ихээхэн ѳѳрчлѳгдѳж байна.
2. Түүхийг сѳхѳѳд харвал эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил хийх, нийтийн албанд томилогдох, тэр бүү хий л хүчин тѳгѳлдѳр гэрээ хийх, хууль ёсоор эд хѳрѳнгѳ ѳѳрийн нэр дээр эзэмших ч эрхгүй цаг үе олон улс оронд байсан. Сургуульд зѳвхѳн эрэгтэй хүүхдээ л явуулдаг, сонгуульд ч зѳвхѳн эрчүүд л санал ѳгѳх нь хэвийн үзэгдэл байв. Харин ѳнѳѳдѳр ихэнх хѳгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшигчдийн олонхи нь эмэгтэй болсон. Эмэгтэй шилдэг эрдэмтэн судлаач, Нобелийн шагналтнууд ч ар араасаа тѳрѳх болов. S&P 500 топ компаниуд дунд удирдах зѳвлѳлдѳѳ олон эмэгтэй гишүүнтэй компаниудын ашигт ажиллагаа (ROE) нь бусдаасаа илүү ѳндѳр байна. Алибаба г.м. инновацийн лидерүүд ч эмэгтэй ажилтнууд хэр чухлыг онцлох болж, "Love of Q" ѳндѳртэй учир ирээдүйд машин (AI) хийж чадахгүй ажлыг эмэгтэйчүүд л хийнэ гэж Жэк Ма ярьж буй. Эсрэгээрээ, эдийн засагт хүн амын тэн хагасыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдээ үр дүнтэй оролцуулж чадаагүй улс орнуудын хѳгжил удааширч, ухарч байна. Улс тѳрд Англи, Герман гээд олон их гүрнүүдийн хувьд эмэгтэй лидертэй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Товчхондоо, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, гүйцэтгэх үүрэг роль цаг үе, эдийн засгаа дагаад ихээхэн ѳѳрчлѳгдѳж байна.
3. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мэдээж физиологийн хувьд, психологийн хувьд хоорондоо ѳѳр. Гэхдээ адилхан биш гэдэг нь аль нэг нь илүү дээр, эсвэл дор гэсэн үг биш. Хэн хэн нь ѳѳрийн давуу талтай, мѳн сул талтай. Тэгэхээр ялгаагаа хүлээн зѳвшѳѳрѳх, бие биенээ хүндлэх, зѳв ойлголцох, тэгээд хэрхэн сул талаа харилцан нѳхѳх вэ гэдэг л чухал болов уу. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс илүү сайн гэр бүл, илүү сайн ажлын орчин, илүү сайхан нийгмийг хамтраад бүтээх боломжтой. Энэ уул нь "ѳвѳл болохоор хүйтэрдэг" гэдэг шиг мэдээжийн зүйл. Гэхдээ үл ойлголцол, хүйсээр ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зѳрчил, хүчирхийлэл, шударга бус явдлууд аль ч улс оронд байсаар байгаа. Иймд хэдийгээр Оросоос гаралтай гэгддэг Март8-ыг тэмдэглэдэг болсноос хойш олон оронд эмэгтэйчүүд маш их прогрессийг хийж чадсан ч, цаашид хийгдэх ёстой зүйлс ч маш олон бий. Товчхондоо, 300 жилийн ѳмнѳх Орос эмэгтэй шиг юуг ч тэвчээд ѳнгѳрдѳг цаг үе ѳнгѳрсѳн ч, "Март 8 = торт & вино эсвэл цэцэг & бэлэг" болгоод л ёслоод ѳнгѳрдѳг цаг үе ч хараахан биш юм.
Бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ѳдрийн мэндийг хүргэе!