Monday, November 26, 2007

11 сарын 26

Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Б.Явуухулан

Thursday, November 22, 2007

Намар цаг



Намрын улиралд хамгийн дуртай. Залхуутайгаар ээх илч нь буурсан намрын шаргал нар цаанаа нэг тааламжтай.Саяхан хашгиралдан ноцолдож тоглож байсан багачуул сургуульдаа явсанд чимээ аниргүй болсон хот айл,гандаж шарласан өвсний толгойг хааяа нэг илбэх сэвэлзүүр салхи , урин дулаан орныг зорих шувуудын цуваа яагаад ч юм гуниг төрүүлнэ.Нэг л тайван, нэг л уйтгартай санагдана...
Удахгүй анхны цас орж, өвөл айсуйг илтгэх өглөө оройны сэрүү шинэ улиралтай золгоход яаруулна...

Friday, November 16, 2007

Чингис хааны үр сад

"Таны эрх мэдэлд тэмүүлэх эрмэлзэл,эр зориг, шийдвэртэй байдал зүгээр ч нэг тохиолдол биш биз? Аугаа их Чингис хааны цус таны судсаар гүйж байгаа юм биш биз?" гэсэн асуулттай рекламны хуудас Орост тараагдах болсон гэнэ.Дэлхийд 16 000 000 Чингис хааны эрэгтэй үр сад байдаг гэнэ шүү. Оросуудын 8% ийн судсаар Чингис хааны цус гүйж байгаа гэсэн судалгаа байдаг юм байна.Энэ 8% д багтахын тулд 20000рубль төлөөд шүлснээс авах ДНК ийн шинжилгээнд орох бөгөөд 20 хоногийн дараа хариу нь гардаг гэнэ. Хэрэв эерэг гарвал сертефикат гардуулах гэнэ. Сергей Бодровын "Монгол" кино их амжилт олж байгаа нь ийнхүү нөлөөлж хүмүүсийг түүх, шашин түүнчлэн генетикээр сонирхоход хүргэжээ.
source
http://smena.ru/news/2007/10/29/12517/

Thursday, November 15, 2007

Ярьж сурцгаая

Ярьж сурна гэдэг,ялангүяа менежментийн хүнд хамгийн сайн эзэмших хэрэгтэй чадварын нэг гэж яригддаг. Ярина гэхээр зогсоо зайгүй амнаасаа үг урсгахын нэр биш.Хэлэх гэсэн үгээ оновчой зөвөөр илэрхийлчихнэ гэдэг ер нь хүн бүрт хэрэгтэй чадвар шүү. Өссөн орчин, хувь хүний онцлогоос хамаараад зарим нь хэл яриандаа сайн ,зарим нь тийм биш байдаг. Танихгүй хүнтэй ч ялгаагүй Яриад амархан ойлголцчихдог нээлттэй хүн байхад, ойрхон найзуудтайгаа л ойлголцдог нуугдмал ч гэмээр, бүрэгдүү хүмүүс ч байна.

Ярианы нэг хэлбэр болох илтгэх урлагт суралцах талаар олон ном бичигдсэн байдаг. Товчоор илтгэх чадвар нь төрөлхөөс заясан авьяас гэхээсээ илүү ярих зүйлээ бэлдэх, олон дахин давтах замаар олж авах туршлага болохыг онцолсон байдаг.Ерөнхийдөө Юу ярихаа мэдээд, жаахан бэлдчихвэл болчих зүйл гэмээр.

Бэлдэж байгаад гайгүй илтгэчихдэг мөртлөө хүнтэй эв дүйг нь олоод ярьж чаддагүй байж болох. Ингэхээр ярьж сурна гэдэг арай өргөн ойлголт юм шиг.Гэр бүл, найз нөхөд ,өссөн орчин төрсөн орд хүртэл нөлөөлдөг,тухайн хүний илүү урт хугацааны түүхтэй холбоотой болохоор тэр ч байж болох юм.Энэ чадвар ч бас олон дахин давтаж хийснээс, өөрөөр хэлбэл туршлагаас хамаарах байх. Дуу цөөтэй гэгдэж байгаад нас ахиад ирэхээр яриа хөөрөө сайтай болдог хүмүүс үүний баталгаа болж болох.

Ярьж сурах хэрэгтэй. Дадлага хийх тусам энэ нь ямар ч байсан сайжрах л байх. Харин бид хэр их дадлага хийдэг вэ? Өдөрт хэдэн цаг ярьдаг вэ? Ямар хүмүүстэй ярьдаг вэ?Яг өөрөө ярьж буй цаг 24 цаг дотор хэд вэ гээд бодоод үзээрэй.Дадлагын энэ цаг олонхи хүний хувьд хангалтгүй байдаг болов уу. Өмнөх бичлэг дээр ингэж асуугаад Робинзон Крузо болоод дууссан kk. Ярих дадлага дутуу болоод л хүн бүр сайн ярьж чаддаггүй, тиймдээ ч ярьж сурах чухал талаар их ярьцгаадаг гэвэл үнэнээс хэр зөрөх бол>>>


Monday, November 12, 2007

Орчин үе, олон хүн ,Робинзон Крузо...

Ойрд нэг аудио ном сонсоод л явж байна. Сонсоод, бодоод...Робинзон Крузогийн талаар дуулаагүй хүн үгүй биз. Зохиол нэг хүний хүүрнэмж хэлбэртэй ч уйдахааргүй л юм. Ихэнх хэсэгт мань эр өөрт юу тохиолдсон, юу хийсэн, юу үзсэн харсан тэгээд юу гэж бодсон гэх мэт буцах холбоо байхгүй зүй тогтол өрнөнө. Крузогийн дотоод ертөнцийн амьдрал л өрнөөд байна гэсэн үг.

Энд нэг бодол орж ирлээ л дээ. Бид уншиж ,сонсох, харах ,мэдрэх гэх мэт замаар гадаад ертөнцтэй харьцдаг. Тэгээд боддог. Харин бусадтай ярилцдаг хугацаа 24 цаг дотор хэр их хувийг эзэлдэг юм болоо гэж. Хийж байгаа ажил үүрэг, тухайн хүний онцлогоос хамаараад янз янз байх л даа мэдээж. Харин Крузогийн амьдрах арал дээр өөрөөс нь өөр хүн байхгүй болохоор мань эрийн хүвьд яалт ч үгүй зөвхөн дотоод ертөнцдөө амьдраад ,бясалгаад сууж байхаас өөр аргагүй юм даа...

Хүн бол нийгмийн амьтан гэгддэг. Хоорондоо харьцаж амьдардаг нь ингэж хэлэх нэг том шалтгаан болсон байх. Өнөө үед янз бүрийн салбарт дэвшил гарлаа л гэж байна. Харин хоорондоо харилцах тал дээр, хүн хүнтэйгээ харьцах тал дээр дэвшлийн эсрэг яваа мэт санагддаг юм. Одоогийн нийгэмд хүн бүр завгүй , дор дорын асуудлаа зохицуулах гээд л шамдацгаана. Энэ нь хүн хүнтэйгээ харьцах цаг завыг багасгачихдаг юм болов уу?

Хүн л бол хүн,ерөнхийдөө бүгд адилхан .Улс улсын аж амьдралын хэв маягаас хамаараад хэлбэрээрээ өөр ч мөн чанартаа ижил нийтлэг чанаруудыг дурдаж болох юм. Айл нүүх үед танихгүй ч байсан ирээд тусалдаг, нүүдлийн айл яваа үед унд цай барьж авчирдаг уламжлал Монголд бий. Японд ч бас байшин барих,байшингаа засах, үр суулгах,ургац хураах үед ойр хавийнхан ирж тусалдаг уламжлал бий. Аливаа бэрхшээлийн эсрэг хүн хүнтэйгээ нийлж, хүн хүнтэйгээ хамтарч ,харилцаж буй сайхан жишээ. Ганцаараа бол дийлэхгүй бэрхшээл байгаа болоод ч тэр юм болов уу?

Гэтэл бүхий л хөгжил дэвшлийн төв болсон хот суурин газар ийм харьцаа бараг л ажиглагдахгүй мэт. Хүний гараар хэтэрхий том хиймэл ертөнц бүтээгээд, эцэст нь өөрөө дотор нь амьдрах хиймэл хүн болж хувирах мэт .Хун хүнтэйгээ харьцах нь багасчээ ч гэмээр юм уу? Өөрөө бүтээсэн шинэ нийгмийн дотор , бас дахин өөрийн ертөнцдөө тусгаарлагдан орших орчин үейин хүн. Энэ нь хүн бэрхшээлийг ялсныг илэрхийлэл болон, өөр хэв маягаар амьдрах шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж байгаа шинж тэмдэг юм болов уу? Яасан ч үгүй, энэ бол гаж үзэгдэл...

Эртхэн зогсохгүй бол Хадуурдгаараа хадуураад л эхэллээ гэж. Уул нь хүнтэй харьцдаггүй Робинзон Крузогийн тухай л ярьж эхэлсэн юмсан. Бодоод байхаар миний хувьд ч бас ялгаагүй, хажуу хаалганы 2 хөршөө танихгүй л явж байна.Их сургуулийн амьдрал гэхээр сонсох унших бичих бодох зүйл давамгайлна.Ажлын үед ч сонсоод гүйцэтгэх зүйл давамгайлна. Чөлөөт цагийн нэг хэсэгт ч мөн коммент бичигддэггүй блог дээр хэрэгтэй хэрэггүй зүйл бодоод, бичээд сууж байна. Бусад цагаа бодоод үзвэл Хүнтэй ярьдаг цаг өдөрт хэд юм бол оо?Нийгмийн амьтан гэж...

Monday, November 5, 2007

Зүгээр л сонсъё

Олон юм нурших сонирхол буурчихжээ. Заримдаа ярихаас зүгээр л сонсох нь амар.Олон зүйл эргэцүүлэх хүсэл алга болжээ. Заримдаа бодохоос зүгээр л сонсох амар. Амар гэхээсээ гоё ч юм шиг . Амар бөгөөд гоё ч юм уу?