Wednesday, August 29, 2012

Шинэ эхлэл: өөртөө зориулав


"Амжилт сэтгэлдээ зайтай хүнд л ирдэг."


Ингээд 20-ийн сүүлийн хагас эхэллээ. Бас 50-ийн 2 дахь хагас. Өдийг хүртэл бусдад өгөхөөсөө авах нь хамаагүй их байж. Хувиа хичээсэн ийм нөхөр аз дайрахад дандаа сайн хүмүүсээр хүрээлүүлсээр ирж. Тийм болохоор ч "авах ажил" маань өдийг хүртэл ингэж удаан үргэлжилсэн байх.

Харин үүнээс хойш, "бусдад хэр ихийг өгч чадах уу?" гэдэг сорилтийг өөртөө тавиад үзье. Учир нь цаашид дандаа өмнөх шигээ аз дайрахгүй нь тодорхой. 50-ийн 2 дахь хагаст хүн бүрийн л адил "Өгөхгүйгээр авахгүй" гэдэг амьдралын хатуу зарчмын дагуу  явах болохоор.

Ингэж орой ухаарч буй нь 2 шалтгаантай байх.
1-т, хариу нэхэлгүй өгдөг хүмүүcийн хайранд хэт ташууран, зөвхөн өөрийгөө бодоод л урагшаа явдаг байсан болохоор.
2-т, бараг л хөдлөлгүй байрандаа зогссон энэ 1 жил явж байх зуур бодох зав гардаггүй зүйлcийн талаар эргэцүүлж, ойлгодоггүй байсан зүйлүүдээ ойлгох цаг хугацааг олгосон болохоор.

Нэг талаас хүний хамгийн гялалздаг залуу насны 1 жилийг дэмий шахуу өнгөрөөсөн, нөгөө талаас олон зөрчлийг гаргаж ирж тунгаан бодуулсан 1 жил байлаа...

Өөрийгөө л бодох нь сэтгэлдээ өөрөөрөө л хязгаарлагдах хэмжээний зайг үүсгэдэг байх. Өөрөө өслөө ч хэзээд зай давчуу хэвээр. Яваандаа давчуу зайнд өөрөө ч өсөхөө больж, өөрийнхөө болохгүй гэж хичээдэг тэр дүр төрх рүү л улам дөхнө.
 Харин хүнд өгч чадаж байнаа гэдэг нь сэтгэл дотроо бусдыг ч агуулах уужуу зайтай, хувь хүн талаасаа илүү өссөнийг илтгэх шинж байх. 

Ингээд шинэ шат, шинэ зарчим, шинэ эхлэл...Гэхдээ л нэг хэсэгтээ авах нь давамгайлсан хэвээр л байна байх...Өөрчлөх зүйл, сурах зүйл олон байна даа. Хувь хүн талаасаа эргэлт хийх 1 жил болно байх гэж найдъя...


2012.08.29



Wednesday, August 8, 2012

The Fastest Man Ever Lived


3 сая хүнтэй, шороон дээр бэлтгэлээ хийдэг ч дэлхийн хамгийн хурдан гүйгчид яагаад Ямайкаас төрдөг вэ? Авъяас хичээл зүтгэл 2-ын аль нь илүү вэ? Хариултыг эндээс: Usain Bolt-ын тухай кино, тайлбарлагч нь Michael Johnson.


Saturday, August 4, 2012

IMO Алтан медаль (2012. 07.16 FB note)


1. IMO алт ба хүмүүсийн үнэлэмж

Монгол улс Олон Улсын Математикийн Олимпиадаас (IMO) 2 даxь алтан медалиа авч. Өглөө Твиттер уншиж байгаад "булчингаараа алт авахаар Монголд бөөн юм болоод, харин тархиараа алт авахаар яах бол?" гэсэн пост уншаад, "Нээрээ яах бол?" гэж бодогдсон шүү. Амжилт гаргаж байгаа бол аль алиныг нь л сайшаах хэрэгтэй байх.

Мэдээж спорт, эрдэм ном шал 2 өөр зүйл болохоор харьцуулах утгагүй байх л даа. Аль нэгийг нь сайн эсвэл муу гэх гэсэнгүй. Эрүүл мэнд ч, мэдлэг ч хүнд хэрэгтэй. Спорт харахад илүү ойлгомжтой, олон хүнд сонирхолтой санагддаг болохоор Олимп, Дэлхийн уралдаануудад үзүүлж буй амжилт илүү олон хүний сонирхлыг татах нь аргагүй. Ялалтын мөч ч хүн бүрийн л баярт мөч. Харин олимпиадын бодлогыг уншаад ойлгох ч хүн цөөхөн болохоор олонхийн анхаарлын төвөөс гадуур байх нь ч бас яалт ч гүй зүйл байх. 

Асуудал юунд байна вэ гэхээр, улстөрчид  олон  энгийн хүмүүст ойр байдаг тэр  ялалтын агшныг л ашиглаж өөрсдийнхөө PR давхар хийхээс өөр сонирхолгүйд байгаа юм. (08 оны Бээжингийн олимпийн үеийн Ерөнхий сайд шиг)... Уул нь боловсрол мэдлэг чухал гэдэг үнэлэмжийг ч бас ард иргэддээ суулгаж өгөхөөө мартахгүй байвал урт хугацаанд улсдаа, нийгэмдээ муугүй хувь нэмэр оруулах боломжтой байх. IMO-алт гэдэг яг л тийм боломж.


2. IMO ба Монгол

 Ер нь математик, IMO-той амьдралаа холбож ирээгүй над шиг олонхи хүмүүсийн хувьд IMO-ийн талаар сайн мэдэхгүй байх. Миний хувьд, 10 жилд тооны хичээлд дуртай байсан ч гүнзгийрүүлж сонирхоогүй, тийм орчинд ч байгаагүй болохоор IMO-ийн талаар мэддэггүй байсан. Анх их сургуульд орж байж л тоо сонирхдог найзуудын ярианаас бага зэрэг ойлголт авч, бага ангид байхад нэг ах гадаадаас тооны алтан медаль авч гээд телевизээр гарч байсны учрыг ойлгож байв. Дараа нь Японд ирээд л жинхэнэ оролцож, амжилт гаргасан хүмүүстэй нь цуг сурч, нөхөрлөх боломж гарч, IMO-ийн талаар нэлээд сонссон зүйлтэй болсон гэх үү дээ. 

Сонссон, үзсэн, уншсан зүйлсээ эмхэтгээд доорхи мэдээллийг магадгүй над шиг мэддэггүй хүн байвал хүргэе гэж бодлоо.

a. Монголын тухай:

Анх 1964 онд оролцож, хүрэл медалиар гараагаа эхэлсэн. Түүнээс хойш:
Алт: 2 (1997, 2012)
Мөнгө: 19
Хүрэл: 46
Хүндэт өргөмжлөл: 39
Багийн хамгийн дээд ранк: 19* (2004, нийт 85 улс) 

( Source: IMO Official  http://www.imo-official.org/country_individual_r.aspx?code=MNG )

 *Хальт гайхуулахад, манай найзуудын 2004 оны Грект гаргасан амжилт нь Монголыг 19-т жагсаасан ;)
   Монгол улс: Xүн амын тоогоороо дэлхийд 135 -т жагсдаг (2011)
                       1 хүнд ноогдох GDP-ээрээ дэлхийд 157-т жагсдаг (2011, PPP)
                       Бээжингийн Олимпийн Ранк: 31 


Уул нь Монгол цөөхөн хүнтэй, мөнгө санхүү хомс гэхэд дэлхийд шилдэг нь байж болох иймэрхүү потенциальтай залуу хүмүүсийг олон бэлдэж гаргаж чаддаг. Харин тэдгээр потенциалаа эргээд ашиглах боломжийг бүрдүүлэх тал дээр..?
Хэчнээн олон Эйнштэйн потенциалаа нээх, ашиглах боломж байхгүйгээс болж хонь хариулсаар насыг илээсээр ирсэн бол...


3. IMO-ийн тухай товч: 
Их дээд сургуульд ороогүй, 20 хүртэлх насны залуусын дунд зохиогддог олон улсын математикикийн олимпиад. Жил бүр ойролцоогоор 100-аад орноос, шилдэг 6 залуу математикчдаас бүрдсэн баг оролцдог. Оролцогчид тус бүр 7 онооны нийт 6 бодлогон дээр 2 өдөр, өдөрт 4.5 цаг өрсөлддөг. Анх 
1959 оноос Зөвлөлтийн системийн орнуудын хүрээнд зохиогддог байж байгаад сүүлдээ бусад орнуудыг ч хамруулан, Дэлхий дахинд зохиогддог болсон.

Шагнал өгөхдөө, оролцогчдыг хувийн дүнгээр нь жагсаан, ойролцоогоор эхний 50%-ээс 1:2:3 харьцаатайгаар алт, мөнгө, хүрэл медалиудыг тус тус олгодог. Медаль авахад мэдээж авъяас, багш, бэлтгэлээс гадна тухайн жилийн бодлогын онцлог (оролцогчийн сайн чаддаг салбарын бодлого байх эсэх), нийт оролцогчдын бодолтын байдал зэрэг нь нөлөөтэй болохоор аз нэлээд чухал гэгддэг. Түүнчлэн онцгой уран аргаар бодлого бодсон тохиолдолд тусгай шагнал, мөн 1 бүтэн бодлого бодсон тохиолдолд хүндэт өргөмжлөл олгодог. Үе үеийн олон нэртэй математикч, эрдэмтэд IMO-оос төрсөн байдаг.


 Амжилттай орнууд:

ИМО-д хамгийн амжилттай оролцдог орнуудад нийтлэг ажиглагддаг зүйл нь математикийг бараг тахин шүтдэг соёл. Жишээ нь UK эдийн засгийн хүч, хүн ам, хөгжилтэйгээ харьцуулахад IMO-дахь багийн амжилт нь нэлээд чамлахаар ( 2012 ранк 22). Үүнд нөлөөлдөг зүйл нь UK-д математик сайн чаддаг байх нь cool зүйл биш, эсрэгээрээ хүүхдүүд geek энэ тэрээр нь дууддаг. 
Харин үүнтэй эсрэгээр, санхүү мөнгөний гачаалалтай ч математикийг үнэлдэг соёлтой Орос, хуучин Зөвлөлтийг дагасан Болгар, Румын, Унгар, Вьетнам зэрэг орнуудаас сайн оролцогчид нэлээн байдаг. (Монгол ч бас Оросоос хаа очиж нэг сайн зүйл сурсан нь математик байх.) 
Байнга топ 1-2т байдаг Хятад болохоор тусгай олимпиадын сургуулиудтай, тэндээсээ улсынхаа багт сонгогдох нь IMO-д амжилт гаргахаасаа хэцүү гэгддэг. IMO-д оччихоод алт авахгүй л бол багийнхан нь шоолдог гэж байгаа.
Америкийн хувьд сайн толгойнуудыг бэлдэж ч чаддаг, худалдаж авч ч чаддаг болохоор бас л тогтмол топ 2-5д байдаг.

Source: http://topdocumentaryfilms.com/beautiful-young-minds/
(2006 оны UK багийн ИМО-д оролцох багийн сонгон шалгаруулалт, олимпиадын бэлтгэлийн тухай хийсэн documentary дээрх ярилцлагуудаас ).


IMO- рекордууд:

1. Хувийн:
Хамгийн олон алт: 4 удаа:  
Reid Barton(USA), Teodor von Burg(SRB), Christian Reiher(GER),  Lisa Sauermann (GER)

Хамгийн залуу алт: 13 нас  Terence Tao (Australia)
Хамгийн залуу медаль: 10 нас Terence Tao (Australia) 
Бүтэн бодолт (42 оноо): 3 удаа  Ciprian Manolescu (Romania)
Хамгийн залуу бүтэн бодолт:  14 нас Noam Elkies (USA)


2. Багийн:
Хамгийн олон багаараа (6 оролцогч бүгд) алт: 
China: 11 удаа
Russia: 2 удаа
United States: 2 удаа
Bulgaria: 1 удаа

Багаараа бүтэн бодолт:
United States 1994

Олимп ба Монгол хүн


Олимп гэж сайхан шүү. Хүний тэсвэр тэвчээр, бие бялдар хэр өндөр түвшинд хүрч болдгийг дэлхийн шилдгүүдээс харах 4 жилд 1 тохиох боломж. Тэгээд мэдээж хамгийн сайхан нь өөрийн тамирчдаа хөгжөөн дэмжих. Баярлах хөөрөх, сандарч догдлох, уурлаж бухимдах хожил хожигдлын агшнууд...

Олимп ба SNS:

Лондон 2012-ийн нэг гол онцлог нь яалт ч үгүй SNS байна. 2008 онд Facebook, Twitter-ээр ингэж хүчтэй Олимп яригдаж байгаагүй санагдаж байна. Ерөнхийдөө гэртээ эсвэл хаа нэгэн кафе, паб-д гэр бүл, найзуудтайгаа ТВ-ийн тайлбарлагчийг сонсоод л үздэг байсан. Харин одоо тамирчид маань яаж байгааг Twitter, Facebook-ийн wall дээрээс шууд мэдэж болохоор болж. Гадаадад Монголчуудтайгаа нийлж үзэх боломж бага хүмүүсийн хувьд л ингэж нэт-ээр мэдээлэл солилцож байна уу гэхээр, Монголд байгаа хүмүүс ч мөн ялгаагүй секүнд секүндээр нь үйл явдлыг мэдээлж байна. 

Монголчууд ба гадаадууд:

Монголчууд Олимпод хэр их сонирхол хандуулдгийг энэ жил л анх мэдэрлээ. Twitter, Facebook-ийн пост-уудаас ажиглагдсан нэг зүйл гэвэл Олимпод хандаж байгаа гадаадууд, Монголчуудын сонирхлын ялгаа. Нээлтээс хойш 7 хоноход Монголчууд маш идэвхитэй Олимпийн талаар ярилцаж байхад, таньдаг 1 ч гадаад найз маань тэмцээн уралдааны талаар пост хийсэнгүй. Уул нь миний таньдаг гадаад, Монгол алиных нь дотор ч мэргэжлийн тамирчин хүн байхгүй, ихэнх нь над шиг л оюутан эсвэл саяхан төгсөөд ажиллаж байгаа жирийн хүмүүс. Миний таньдаг хүмүүс л идэвхитэй байгаад байна уу гэтэл Олимпийн tweet дээр монголчууд дэлхийд тэргүүлж байна... 

Бодит амьдрал дээр ч төстэй зүйл ажиглалаа. Өмнөх Олимпуудаар үргэлж Монголд байсан болохоор Олимп хүн бүрийн ярианы сэдэв болж, суваг болгон дээр гарах нь хэвийн зүйл гэж боддог байв. Улс дотроо байхдаа мэддэггүй зарим зүйлийг гарч байж л ойлгох анзаарах тохиолдол байдаг. Японд Олимпод тэгж массаараа хүчтэй анхаарал хандуулдаггүй юм байна. Хүнтэй уулзахад Олимп бараг л ярианы сэдэв болохгүй, train-ий дэлгэцээр Олимпийн мэдээ гарч байхад зорчигчид утсаараа оролдоод л сууж байдаг. Утсан дээрээ Олимп үзэж байна уу гээд харахаар тийм биш. Саяхан сэлэлтийн багш маань хүртэл 17 настай Японы ахлах сургуулийн сурагч Фелпсийн урд орж медаль авч гэхэд огт мэдэхгүй гайхшруулж байв... 

Дээр олон улсын математикийн олимпиадийн үеэр ч бас төстэй зүйл ажиглагдсан. Гадаад найзууд чимээгүй, харин Монгол найзууд бүгд мэдээд ярьж байв. Twitter дээр 100 хүрэхгүй хүн дагадаг, Facebook дээр ч цөөхөн найзтай болохоор миний sample бүтэн улсуудыг төлөөлүүлж дүгнэхэд хангалттай биш байх л даа. Арай олон sample-тэй хүмүүс надтай ойролцоо зүйл хэр ажигласан бол?

Амжилтын нууц:

Гадаадуудыг байя гэхэд ямар ч байсан Монголд спорт, тооны хичээлийг чухал гэж үзээд, нийтээрээ их анхаарал хандуулдаг соёл байдаг гэдгийг бүгд мэдэх байх. Манайхан ч 3 сая хүрэхгүй хүнтэй, санхүүгийн боломж муутай хэрнээ спорт, мат-ийн уралдаанд хэдэн зуун сая хүнтэй, дэлхийд тэргүүлэх баян орнуудын сайн хангамжтай хүмүүстэй өрсөлдөж, амжилт гаргаж чадаж байна. Гэхдээ үүний гол шалтгаан нь Монгол хүний онцгой чадвар гэхээсээ спорт, мат-ийг нийтээрээ үнэлж, чухал гэж үздэг соёл гэж би боддог юм.

Гол шалтгаан нь соёл гэхээр санал нийлэхгүй хүн гарах байх. Уул нь Монгол хүн тусгай чадвартай байгаасай гэж боддог л юм. Гэхдээ яагаад гэдгийг өөр өнцгөөс харвал Монгол хүний онцгой чадвар нь юу вэ гэдгийг арай ойлгомжтой тайлбарлаж болох юм шиг санагдаж байна. Доорхи 2 жишээг тайлбартаа ашиглая.

Мат-ийн хувьд амжилт гаргадаг орнууд нь заавал мөнгөний боломж, хүний тоо гэхээсээ Мат-ийг дунд сургуулиасаа нийтээрээ бараг л  шашин шиг шүтдэг хуучин Оросыг дагадаг орнууд, эсвэл хичээл их хийдэг соёлтой Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд байдаг. Харин олон хүнтэй, мөнгөтэй жишээ нь Англид тоонд сайн байх нь тийм ч cool зүйл биш болохоор мат-ийг сонирхож хичээллэх хүн харьцангуй цөөн, үр дүнд нь IMO-д ч харьцангуй өндөр амжилт гаргадаггүй гэгддэг. 

 Спортын хувьд, жишээ нь үндэсний бөхийг аваад үзье. Монголд нэг аймгийн, нэг сумын, бүр нэг голоос 3 аварга төрсөн сонин тохиолдол байдаг.  Үнэхээр тэр голын залуус бөхийн онцгой авъяастай юу гээд сонирхоод үзсэн юм. Тэгтэл, тэр нутагт нэг алдартай сүм байдаг ба олон лам банди нар цуглаж, ноцолдож өсдөг байж. Энэ нь тэр нутагт бөх дэлгэрэх суурь нь болж, улмаар аймагтаа, цаашлаад улсад том амжилт гаргасан бөхчүүдийг төрүүлсэн юм билээ. Харин сүүлийн үед бөх хөгжөөд, Наадамын бөхчүүд Улаанбаатарт бүтэн жил тасралтгүй бэлтгэл хийдэг болоод ирэхэд улсын цолтой бөх ч тэр нутгаас дахиж төрсөнгүй. 3 аварга төрсөн нутгийн хүүхдүүдэд байсан бөхийн онцгой чанар гэнэт алга болсон уу..? Сагсны хувьд ч Америк яагаад хүчтэй вэ, Сүмод Япончууд яагаад муу вэ гэдэгт иймэрхүү тайлбар хийж болно.

Аливаа улс, нутагт спорт ч бай, тоо ч бай, тухайн зүйлийг хэр олон хүн чухал гэж үзэж, сонирхож байгаа нь хөгжлийнх нь түвшинд нөлөөлж, сайн эсвэл муу байхад гол үүрэг үзүүлдэг бололтой.

 Монголчуудын жинхэнэ онцгой чадвар ба тэрийг хэрхэн ашиглах:

 Тэгэхээр Мат, Олимпийн жишээнээс харахад Монголчуудын жинхэнэ онцгой чадвар Тоо ч бай, спорт ч бай, "чухал гэж нийтээрээ сонирхож үзсэн зүйлийг хийж, ялагч байх дуртай, байж чаддаг" чадвар юм уу? Магадгүй эзэнт гүрний үед сайн байлдах нь нийгэмд өндөр үнэлэгдэж, хүн бүр шагшин магтдаг байсан болохоор олон сайн баатрууд төрж, жишээ нь байшин барьж тариа тарихыг үнэлдэг соёлтой улсуудыг эзэлж, дэлхийн түүхийг бичсэн юм болов уу? 

Ямартаа ч спортод хайртай, дунд сургуульд математикийг cool гэж үздэг соёл нь нөлөөлж цөөхүүлээ, санхүүгийн боломж муутай хэдий ч дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа нь бахархалтай хэрэг. Тиймээс Монголчууд спорт, мат-ийг үнэлдэг шигээ ажил хөдөлмөрийг чухалчилдаг нийгмийн үнэлэмжтэй болчихвол Монгол хүн бүр сайхан амьдрах цаг хол биш.

------------------
Харин одоо тийм байна уу гэвэл, үгүй. Монголчууд залхуу гэдгийг Монгол хүн бүр хүлээн зөвшөөрөх байх...Олимпийн жишээн дээрээс л харъя. Аль ч зүйлийг 2 талаас нь харж болдгийн адил спорт сонирхох ч бас сайн муу талтай. Сайныг нь дээр ярьсан, үр дүнг нь бид харж байна. Баярлаж, бахархаж байна. Харин нөгөө талаас нь харвал, спорт хэт их сонирхоод ажил хийхгүй байна гэж бас тайлбарлаж болно. Жишээ нь, 3 сая хүрэхгүй хүн 300 сая хүнтэй интернетийн эх орныг давж жиргэж байна гэдэг 
1 хүнд ноогдох медалиар 1-т бичигдлээ ч, 
1 жиргээнд ноогдох мэдалиар хамгийн сүүлд,
1 медальд ноогдох эдийн засгийн  ашигтай үйл ажиллагааны цагаар хамгийн сүүлд бичигдэнэ гэсэн үг үү?
 --------------------

Малчин ч бай, бизнесмен ч бай амжилттай хүмүүсийг харж байхад нийтлэг нэг зүйл нь хэн нэгэнд (жишээ нь төрд) өөрийгөө найддаггүй, гайхалтай хөдөлмөрч хүмүүс байдаг. Хэрвээ хөдөлмөрч байх нь дунд сургуульд мат чаддаг, олимпод медаль авдаг шиг cool зүйл гэсэн нийгмийн үнэлэмжтэй болчихвол "Нийтээрээ үнэлдэг юмыг хийж, ялагч байх дуртай, байж ч чаддаг" Монгол хүний онцгой чадвараа ашиглаж Монголчууд улсаараа сайхан амьдрах болно.

Ингэж их нуршаад юу хэлэх гэсэн бэ гэвэл, Олимп үзэхээ болиод ажлаа хий гэх гээгүй л дээ, хэхэ. Давуу сул талын аль алинаа мэдэж байх нь сул талаа нөхөж, давуу талаа хөгжүүлж, цаашид өсөхөд хэрэг болох байх гэдэг үүднээс л өөрийн бодлоо бичлээ.