Monday, September 29, 2008

Some thoughts

Өглөө сэрсэн чинь бороо шивэрч байна. Хубилай хааны флотыг живүүлдэг нөгөө тайфунь гээч нь ирээд байгаа бололтой. Нүүрээ угаах үед крантнаас хүйтэн ус гоожих нь л Японд буцаад ирснийг хамгийн хүчтэй мэдрүүлэв.Бусдаар бол орчин солигдсоныг нэг их анзаарсангүй. Нөгөө л нэг байшин барилга, зам гүүр, бучигнасан олон хүний их урсгал...яг л байдгаараа.

Сая амралтаараа хариад яг одооноос амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийж ,маx яснаас бүтсэн хүн гэдгээ санан эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгов. Бас амар тайвныг мэдэрлээ.

Монголд намар дэндүү гоё байлаа. Гэхдээ жаахан уйтгартай. Амралтын өдрүүдээр гудамж талбай эзгүйрч, хөл хөдөлгөөн цөөрөөд, илч нь буурсан нар ээгээд ээгээд нэг л дулаахан биш. Хуурай салхинд хааяа нэг буртхийх шороо тоос ч хаврын эрч хүчээ алдчихсан гэлтэй нэг л эрч хүчгүй...Мод түрүүчээсээ шарлаад, хотын дээгүүр буцах гэж буй шувууд бөөн бөөнөөрөө эргэлдэнэ. Удахгүй бас энэ шувууд шиг нисээд явна гэхээр нэг л гунигтай...


Амралт дуусч , удахгүй хичээл эхэлнэ гэхээр дэндүү хурдан санагдаад нэг л итгэж өгдөггүй ээ. Унтаж босоод, өглөө хүйтэн усаар нүүрээ угаачихаад гараад гүйлээ. Гэрийн ойролцоо нэг дажгүй парк байдгийг сая л мэдэв. Энэ байрандаа нүүж ирээд хагас жил болж байгаа ч сургууль орох замаас бусад ойр орчноо огт мэдэхгүй. Хөгжим сонсонгоо, бас юм бодонгоо хөлсөө асгартал гүйлээ. Яг эмчийн зөвлөснөөр.

Сүүлийн 2 сар гэрийнхэн, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзан, цагтаа хооллож, цагтаа унтаад маш эрүүлээр амьдарлаа. Ямар ч стрессгүй. Сүүлийн 2 жилийн ачааллыг азаар залуу хүн тулдаа л даваад гарсан бололтой. Гэхдээ залуу залуу гээд өөрийгөө хайхрахгүй яваад байж болохгүй бололтой. Энэ бичлэгийг уншиж байгаа та ч бас, ялангуяа залуу хүн бол яг одооноос эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй шүү.Жишээ нь өглөө бүр гүйдэг ч юм уу.


Monday, September 15, 2008

Зуны Workshop 2008

Тал хээр нутаг үзэх гэж жуулчид хаа холоос Монголыг зорьдог байтал би гэж нөхөр хотоос ч холдолгүй байсаар зуны амралт дуусах нь бололтой. Ядаж л биеэ хөгжүүлье гэж бодоод дүүгээ дагаж хэсэг төмөр өргөсөн ч булчин суух шинж ер алга. Идээд идээд таргалдаггүй, идэхгүй байсан ч турдаггүй нэг сонин биеийн бүтэцтэй болохоор тэгдэг бололтой, үр дүн мэдэгдсэнгүй.

Гэхдээ ч пабуудад инвест хийхээс өөр (илүү) үр бүтээлтэй зүйл нэгийг ч болов хийсэн нь ЯМОX(Япон дахь Монгол Оюутны Холбоо), Японд сурдаг хэсэг оюутнуудтай хамтран хийсэн Зуны workshop сайн дурын үйл ажиллагаа байлаа.

20 гаруй хоног үргэлжилсэн уг прожектоо өчигдөр нэг юм дуусгаад бүгдээрээ салхинд гарч нэг хоног амарцгаав. Бүгд нэлээд ядарцгаасан байсан болохоор сайхан амралт болсон байх. Гэхдээ шорлог хийж идэх л хамгийн гоё байсан шүү. Идэхээс илүү хийх нь гоё гэдгийг анх удаа мэдэрсэн гэx үү дээ.

Ер нь юм хийхийн амтыг воркшопийн үеэр нэлээн мэдэрсэн гээд хэлчихвэл шал хэнхэг амьтан шиг сонсогдох байх л даа. Гэхдээ нэг зорилгын төлөө багаар ажиллах үед бие биеэсээ суралцах зүйл ихийн дээр дуусгачихаад ХИЙЧИХЛЭЭ гэдэг амтыг мэдрэх нь ганцаар байснаас улам ч хүчтэй юм шиг санагдсан.
Ер нь хүн мөнгөний төлөө ажиллах биш, тэр дундаа ямар нэгэн хүний даалгавраар ажиллах ч биш, сайн дураараа өөрийнхөө хийе гэж бодсон зүйлээ ажил хэрэг болгох үед илүү хүч гардаг юм шиг санагдлаа. Хэдийгээр үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа мэт боловч энэ үед л илүү их юм сурч, олж авдаг юм шигээ.







Friday, September 5, 2008

20080828

Гэдэс өвдөөд ойрд жаахан онцгүй байнаа. Дээр нь тэнгэр муудаад хүйтэрчихдэг нь тун тааруу. Хичээлтэй нь сургууль, ажилтай нь офис, эхнэртэй нь түрүүчээсээ хүүхэд энэ тэр гээд бүгд завгүй, амарч байгаа би гэрээ сахиад л... гэхдээ ч бас кайфтай. Юу ч хийхгүй дээшээ хараад хэвтэж байх бас кайфтай л байна. Харин хоолонд дасахгүй л жаахан асуудалтай...

За энэ ч яахав, эм уугаад л болчих асуудал. Эмээр шийдчихэж болохгүй нэг асуудал Монголын улстөр л байх шиг байна. Төрсөн өдрөө тэмдэглээд сууж байтал хуралдаж чадахгүй байсан Их хурал ч тангаргаа өргөөд, бороо ч ороод , тун дажгүй шүү гэж бодсон чинь байдаггүй ээ...монголд ардчилал сөнөсөн өдөр гэж түүхэнд бичигдэж үлдэх бололтой.

Мэдээ үзсэн бол Юу болсныг бүгд мэдэж байгаа биз дээ. Яах хэрэгтэйг хэлэх хүн харин байхгүй бололтой. Энхбаяр уу, Элбэгээ юу?