Monday, September 29, 2008

Some thoughts

Өглөө сэрсэн чинь бороо шивэрч байна. Хубилай хааны флотыг живүүлдэг нөгөө тайфунь гээч нь ирээд байгаа бололтой. Нүүрээ угаах үед крантнаас хүйтэн ус гоожих нь л Японд буцаад ирснийг хамгийн хүчтэй мэдрүүлэв.Бусдаар бол орчин солигдсоныг нэг их анзаарсангүй. Нөгөө л нэг байшин барилга, зам гүүр, бучигнасан олон хүний их урсгал...яг л байдгаараа.

Сая амралтаараа хариад яг одооноос амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийж ,маx яснаас бүтсэн хүн гэдгээ санан эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгов. Бас амар тайвныг мэдэрлээ.

Монголд намар дэндүү гоё байлаа. Гэхдээ жаахан уйтгартай. Амралтын өдрүүдээр гудамж талбай эзгүйрч, хөл хөдөлгөөн цөөрөөд, илч нь буурсан нар ээгээд ээгээд нэг л дулаахан биш. Хуурай салхинд хааяа нэг буртхийх шороо тоос ч хаврын эрч хүчээ алдчихсан гэлтэй нэг л эрч хүчгүй...Мод түрүүчээсээ шарлаад, хотын дээгүүр буцах гэж буй шувууд бөөн бөөнөөрөө эргэлдэнэ. Удахгүй бас энэ шувууд шиг нисээд явна гэхээр нэг л гунигтай...


Амралт дуусч , удахгүй хичээл эхэлнэ гэхээр дэндүү хурдан санагдаад нэг л итгэж өгдөггүй ээ. Унтаж босоод, өглөө хүйтэн усаар нүүрээ угаачихаад гараад гүйлээ. Гэрийн ойролцоо нэг дажгүй парк байдгийг сая л мэдэв. Энэ байрандаа нүүж ирээд хагас жил болж байгаа ч сургууль орох замаас бусад ойр орчноо огт мэдэхгүй. Хөгжим сонсонгоо, бас юм бодонгоо хөлсөө асгартал гүйлээ. Яг эмчийн зөвлөснөөр.

Сүүлийн 2 сар гэрийнхэн, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзан, цагтаа хооллож, цагтаа унтаад маш эрүүлээр амьдарлаа. Ямар ч стрессгүй. Сүүлийн 2 жилийн ачааллыг азаар залуу хүн тулдаа л даваад гарсан бололтой. Гэхдээ залуу залуу гээд өөрийгөө хайхрахгүй яваад байж болохгүй бололтой. Энэ бичлэгийг уншиж байгаа та ч бас, ялангуяа залуу хүн бол яг одооноос эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй шүү.Жишээ нь өглөө бүр гүйдэг ч юм уу.


No comments: