Saturday, November 7, 2015

Сингапурт хийсэн тэмдэглэл: Оршин тогтнохын тулд онц байхаас ѳѳр аргагүй




Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж байхыг бие организм маань шаардах мэт санагдана. Ажил хийх нь битгий хэл хоол идэх хүсэл ч төрөхгүй учир тропикийн бүсийн ийм цаг агаартай халуун орнууд ихэнхдээ ядуу буурай байдагт гайхах зүйл гарсангүй. Харин энэ зүй тогтлыг ганцаар эвдэн зѳгнѳлт кинон дээр гарсан ч болохоор ирээдүйн гэмээр энэ хотыг ямар тусгай хүмүүс нь босгочихов гэдэг гайхшрал ѳѳрийн эрхгүй тѳрнө…

Сингапур одоогоос яг 50 жилийн өмнө тусгаар тогтносон улс болоход анхны ерөнхий сайд Ли Кван Ю телевизийн өмнө уйлж байлаа. Гэхдээ энэ нь баярын нулимс биш байв. Хэдийгээр II дайны дараа Английн колончлогчид буцаж, Японы түрэмгийлэгчид явсан ч хүнсний дутагдал, орон байрны асуудал, үймээн самуун гэх мэт үй олон асуудал дунд хоцорсон сингапурчуудын ирээдүй тун бүрхэг байв. Тэр үед Сингапур хэн нэгний эх орон гэхээсээ тал талаас олон янзын хүн цугласан зочид буудал шиг л газар байж. Манай нэг сумаас бага хэмжээтэй энэ жижигхэн аралд байгалийн баялаг битгий хэл ундны ус ч байсангүй. Иймд цаашдын оршин тогтнолынх нь сүүлийн найдвар болсон Малайзтай нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтэн “хүчээр” тусгаар улс болоход Ли Кван Ю ярилцлагаа түр зогсоогоод гашуун нулимсаа арчиж байв.
(Сонирхуулахад: Malaya + Singapore =Malaysia. Хэдийгээр Сингапур Малайзаас хөөгдөж гарсан ч si 2 үсэг нь нэрэнд нь хадгалагдаж үлджээ).

Харин тэр цагаас хойш хятад, малай, энэтхэг, араб тэргүүтэй үндэстнүүд нийлэн дэлхийд тэргүүлэх инновацийн эдийн засагтай энэ улсыг бүтээн босгоод, өнөөдөр америк япончуудаас ч хангалуун амьдарцгааж байна. Тэд нэг хүнд ногдох ДНБ-ээ 110 дахин өсгөж $500-аас $55,000 болгохдоо нийгэм болон хүрээлэн буй орчны асуудлаа ч орхигдуулаагүй учир орчин үеийн хамгийн шилдэг хөгжлийн жишээ болжээ. Сингапурчуудын амьдралын түвшин хэр өндөрт хүрээ вэ гэдэг нь F1-ийн уралдааны зам болгож ч ашигладаг угаачихсан юм шиг цэвэрхэн гудамжаар нь давхилдах шинэ загварын Ауди, Бенцүүдийг харахад л ямар ч статистик тооноос илүү ойлгогдоно. Иргэдийнх нь 90% хувьдаа орон сууцтай болсон нь хөгжсөн орнууд дунд ч хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд маш сайн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоотой сингапурчууд дундаж наслалтаараа (эрэгтэй 81, эмэгтэй 85) дэлхийд дээгүүрт орно. Хотод байгааг мартуулмаар паркуудтай, борооны усыг цуглуулж нойлоо урсгаж, нарны гэрлийг хуримтлуулж шөнө нь гэрэлтүүлгээ хийдэг дэлхийд байхгүй цэвэрхэн ногоон энэ газарт бохирдол зөвхөн гаднаас л хийсч ирнэ (Намайг байх үед Индонезээс ирсэн түймрийн утаа гол асуудал болж байсан).

Сингапур олон улсын бизнесийн нэг гол зангилаа төв болсны ачаар иргэд нь ийнхүү ажиллах, амьдрах, амрах нөхцөл нь дээд зэргээр бүрдсэн хѳгжилд хүрэх зам нь нээгджээ. Дэлхийд #4 санхүүгийн төв болсон энэ хотод 120 гаруй банк байдгаас ердөө 5 нь л ѳѳрийнх нь дотоодын банк. Хотын төвийн тэнгэр баганадсан шилэн барилгуудад нь 7000 мультинационал компани цугласнаас 60% нь Азийн бүсийн төв офисоо байрлуулж. Сүүлийн 3 жил дарааллан ранкаараа олон улсад #1 гэгдэж буй Чанги нисэх буудалд гадна дотны 100 гаруй агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж, дэлхийн 300 хотын хооронд 50 сая гаруй зорчигчийг зөөнө. Зах нь харагдахгүй далайг хөлөг онгоцоор дүүргэсэн (ажил амралтын аль ч өдөр 1000 гаруй онгоц зогсож байдаг) боомт нь дэлхийн 120 гаруй оронтой холбогдож, ачааллаараа зөвхөн Шанхайн дараа л орно. Үнэтэй пиво (пинт нь $10 орчим), ѳндѳр торгуультай ( $350-aaс л эхэлнэ) бѳгѳѳд бохь зардагггүй, ТВ-ээр Sex and the City хориотой энэ хотыг үзэхээр жилд 15 гаруй сая жуулчин ирж гудамж талбай, зочид буудал, хоолны газруудад нь очер үүсгэнэ. Хэдийгээр Ром шиг түүхтэй, Нью-Йорк шиг алдартай, Токио шиг үйлчилгээтэй биш ч жилд татдаг жуулчдын тоогороо тэднийг гүйцэж дэлхийд #4-т орсон нь Сингапур хэр гайхалтай вэ гэдгийн бас нэг баталгаа болно.

Хэдийгээр дэлхийн газрын зураг дээрээс хялбархан олчихооргүй ганцхан цэг тѳдий ч Сингапур яагаад дэлхийн санхүү, бизнес, тээвэр, аялал жуулчлалын төв болсон бэ гэдэг сонин. Дэлхийн далайн тээврийн 40% нь дайрч өнгөрдөг газарзүйн оновчтой байрлал нь тусалсан гэдэг тайлбар хамгийн түгээмэл байдаг. Англичуудын ѳвлүүлж үлдээсэн хуулийн сайн тогтолцоо, татварын таатай орчин бизнест чухал эерэг нѳлѳѳтэй байсан гэж үзэх нь ч бий. Эсвэл анхнаасаа ойр орчмын арал, улсуудаас худалдаа арилжаа эрхэлдэг арай овсгоотой сэргэлэн, хөдөлмөрч хүмүүс энд цугласан нь амжилтын түлхүүр болсон гэх. Ил тод засаглал, хэдэн арван жилийн турш тууштай явуулсан тогтвортой бодлого нь бусдын хүрч чадаагүй оргилд хүргэсэн гэх тайлбар ч олон.

Тэгвэл сингапурчууд яг ижилхэн байрлал, тѳстэй түүхтэй хөршүүдээсээ 10-30 дахин хангалуун амьдралд хүрсэн нь яг юуны ач вэ? Мѳн сайн засаглал зөв бодлогоор явж ирсэн бусад хөгжсөн орнуудын ч атаархлыг төрүүлэхээр амьдралын түвшинтэй болсныг хэрхэн тайлбарлах вэ? Үнэмшилтэй сонсогдох эдгээр тайлбаруудын аль нь ч энэ 2 асуултанд бүрэн хариулт болж чадахгүй. Харин хэл соёл, угсаа гарал, шашин шүтлэгээрээ ялгаатай олон янзын хүн цугласан ч Сингапурт хаанаас ирсэн хэн бэ гэхээсээ "юу чаддаг"-ийг нь хамгийн ихээр үнэлдэг нь бусдын чадаагүй өндөр амжилтад хүрсэн гол нууц нь юм.

Сайдуудын боловсрол, өөр аль ч улсад байхгүй өндөр цалингаас нь харахад л Сингапурт чадвар хэрхэн үнэлэгддэг нь мэдрэгдэнэ. Манай гаригийн өнцөг булан бүрээс цугласан шилдгүүд дундаас шалгарч гарч ирэхгүй л бол салбартаа дэлхийд тэргүүлэх гадна дотны компаниудын офист нь багтаж шингэх орон зай мэдээж олдохгүй. Хөгжсөн орнууд дундаа хамгийн ѳндѳрт тооцогддог орлогын тэгш бус байдал нь хүртэл нэг талаар эдийн засгаа чирч явах чадвартай хүмүүс нь өсөлтийн үр шимийг хамгийн ихээр хүртдэгтэй нь холбоотой. Хѳдѳлмѳрийн хѳлсний доод хэмжээ гэж байдаггүй энэ оронд чадваргүй бол ажил хийгээд ч цалин авахгүй байж болно гэсэн үг. Гэхдээ авилгагүй төр, бизнес эрхлэх боломжоор дэлхийд тэргүүлдэг энэ улсад чадвартай хүмүүс нь шударгаар баяжих нь ч нээлттэй тул 6 гэр бүлийн 1 нь бэлэн мөнгөөр долларын саятан болжээ (хэрэв үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасыг оруулвал үүнээс ч их). Тийм ч болохоор Феррари Ламборгини г.м үнэтэй машины нягтралаар Сингапур дэлхийд тэргүүлдэг нь ч чадвар яаж үнэлэгдэж, хэмжигддэгийнх нь бас нэг илэрхийлэл болов уу.

Угаасаа газраа ухаад баялаг гарахгүй Сингапурт тархиа ухаад баялаг бүтээх чадвар л цаашид оршин тогтнох үндэс нь болох тул юу юунаас илүүд үзэхээс ч өөр аргагүй. Нийт нутгийн 20% нь хиймэл арал энэ орныхон далай тэнгисийг ч газар болгон хувиргаж байхгүй боломжийг ч бий болгоцгооно. Уртаашаа 25 км арлынх нь нѳгѳѳ захад хүрэхэд заавал нисэх шаардлагагүй байтал Singapore Airlines үнэ цэнээрээ дэлхийд #2-т орох агаарын тээврийн компани болсон нь сингапурчуудын тархиа ажиллуулсны л үр дүн. Газрын тос гарах нь бүү хэл ундны усаа Малайзаас зөөдөг улс дэлхийд эхний 3-т орох нефть боловсруулах төв болсон нь мөн л адил шалтгаантай. 5.5 сая хүнтэй хязгаарлагдмал зах зээлтэй ч дэлхийн бизнесийн төв болсон хамгийн нѳлѳѳтэй хотуудын нэг болж чадсан нь ч мөн л сингапурчуудын толгойны чадварыг л харуулж буй хэрэг.

Ингэж байгаа боломжоо бүрэн ашиглаж, сул талаа ч шинэ боломжоор нѳхѳх оюуны чадвар дээр тогтдог эдийн засгийг авч явах хүмүүсийг боловсролгүйгээр бүтээх аргагүй. Тийм ч учраас Сингапурын дунд сургуулийн сурагчид нь дэлхийд шилдэгт тооцогдож, их сургуулиуд нь ранкаараа урагшилсаар байгаа нь санамсаргүй зүйл огт биш:

  • OECD-ийн дунд сургуулийн сурагчдын математик, шинжлэх ухааны тестийн ранк 2015: Сингапур #1, Финлянд #6, Америк #28 Орос #34
  • QS дэлхийн их сургуулиудын ранк 2015:  National University of Singapore Азид #1, Дэлхийд #12 жагсаж байгаа бол  Nanyang Technological University Азид #2, Дэлхийд #13-т жагсаж байна


Ийнхүү Сингапурын талаар яриа дэлгэхэд “дэлхий”, “тэргүүлэх” гэдэг 2 үгийг ашиглахгүйгээр ганц ѳгүүлбэр бичихэд ч хүндрэлтэй. "Маш их ѳрсѳлдѳѳнтэй энэ дэлхийд Сингапур оршин тогтнохын тулд ямар байх хэрэгтэйг ганц үгэнд багтаавал ОНЦ байх" гэж Ли Кван Ю хэлсэн нь ѳнѳѳдѳр аль хэдийнээ биеллээ олжээ. Ер нь ямар ч ашигтай байрлал, сайн хууль, таатай тууштай бодлого, овсгоо сэргэлэн зан байгаад сингапурчууд ѳѳрсдѳѳ “онц” байгаагүй бол англичуудыг анх угтсан загасчны тосгоныг зөгнөлт кинон дээр гардаг шиг өнөөгийн хот болгон хувиргаж чадна гэж үү?

Харин монгол хүн уушиг царцаам хүйтэн ѳвѳлтэй газарт ирээдүйн юм шиг хотыг бүтээхийг хүсвэл сингапурчууд шиг өөрт байхгүй боломжийг ч бий болгох оюуны онц чадвартай байх ёстой. Ингэж чадахгүй байлаа гэхэд ядаж нүүрсний утаа эсвэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэггүй хотод амьдрахын тулд монгол хүн ямар байх хэрэгтэй юм бол гэдэг бодол ѳѳрийн эрхгүй тѳрж байлаа...

Tuesday, May 19, 2015

Эдийн засгийг энгийнээр

Блогоо шинэчлээгүй их уджээ. Хувийн болон хувьсгалын амьдралд маань сайн муу олон л зүйл болж ѳнгѳрлѳѳ... Энэ хугацаанд бичихээ болиогүй ч, ѳѳрийн амьдрал гэхээсээ нийгэм, амьдарч буй орчинтой маань холбоотой сэдвүүд их байсан тул  SNS-ээр хүмүүстэй хуваалцаж, санал бодлоо солилцож байлаа...

Монголдоо ирээд багагүй хугацаа ч ѳнгѳрсѳн байна. Хүүхэд эсвэл оюутан байх үетэйгээ харьцуулахад Монголын нийгмийг сурсан мэргэжил, ажиллаж буй салбарынхаа ѳнцгѳѳс бас нэлээн харж,  бодогдсон зүйлсээ олон нийттэй хуваалцах хүсэл их байлаа. Энэхүү хүсэл маань ч биелэх боломж олдож, www.trends.mn дээр Эдийн засгийг энгийнээр гэдэг ѳѳрийн нийтлэлийн булантай боллоо. Монголын эдийн засгийн ѳнѳѳгийн асуудлуудыг эдийн засагч биш мэргэжилтэй хүнд зориулан тайлбарлахыг оролдсон нийтлэлүүд оруулахыг зорьж байгаа юм.

Мэргэжлийн нийтлэлч/сэтгүүлч биш ч, олон сайн editor-уудтай болохоор ганцаараа бичнсэнээс гайгүй чанартай нийтлэлүүд гарч, уншигчид санаснаас хамаагүй сайнаар хүлээж авч байгаа нь улам их бичих мотив тѳрүүлээд байгаа. Гэхдээ зѳвхѳн мэддэг зүйлээ судалгаан дээр үндэслэн товч тодорхой & хялбараар, хѳндлѳнгийн байр суурьнаас тайлбарлахыг (энэ нь Монголд дутагдаж байгаа нэг том орон зай?) зорьж бичсээр чѳлѳѳтэй ингэж бичих гэсэн нэг л биеэ барьдаг болсон санагдана...

Бичих сонирхол маань зѳвхѳн эдийн засаг, улс орны хѳгжил гэсэн сэдвээр хязгаарлагдахгүй, ѳѳр зүйлсийн талаар ч чѳлѳѳтэй бичихэд блог маань ч сайхан боломж тул цаашид ч аль болох идэвхитэй үргэлжлүүлэх тѳлѳвѳлгѳѳтэй байна...