Wednesday, June 3, 2020

Ухаан ба аз жаргал



Ухаантай хүн аз жаргалтай амьдарч чадахгүй бол ухаантай байхын хэрэг юу вэ? Хүний амьдрал хязгаартай, тэрхүү цаг хугацааг харуусал гунигтай өнгөрөөх бол ухаантай байхын хэрэг юу вэ гэдэг чухал асуулт. Мэдээж “ухаан” гэж юу вэ, “аз жаргал”-ыг юугаар хэмжих вэ гэдэг төвөгтэй зүйлс. Энэ талаар ямар судалгаа байдгийг сонирхож үзлээ. 


Ухаантай шийдвэр зовлонгоос сэргийлэх үү?

IQ өндөртэй хүмүүс дунджаар амьдралд илүү сэтгэл хангалуун байдгийг цөөнгүй судалгааны үр дүн харуулдаг байна.


Оюуны чадавхи өндөртэй хүмүүс ихэвчлэн дундаж хүнээс илүү боловсролтой улмаар санхүүгийн хувьд илүү амжилттай, аливаа зүйлийг тунгаан боддог иймд аливаа эрсдэлд илүү бэлтгэлтэй тул жаргал их биш гэхэд ядаж зовлон бага байх боломжтой бололтой. Ямартаа ч сайн бодож гаргасан шийдвэрүүд харилцаа, карьер санхүү гээд амьдралын олон талбарт асуудал, зовлонд унагах эрсдэлээс сэргийлнэ гэж үзвэл толгой дотроо сайн процессортой байвал мэдээж тустай байж болох. Гэхдээ тэнэг шийдвэрүүдээс зайлсхийж, зовлонгоос сэргийлснээр жаргалтай байх албагүй. 

Оюун ухаан аз жаргалд хүргэх үү?

“Интеллект өндөртэй хүмүүс аз жаргалтай байхыг би маш ховор харсан” гэж нэг нэртэй зохиолч хэлсэн удаатай. Ер нь оюуны чадавхи өндөртэй хүмүүсийг харж байхад дараах 3 зүйл нийтлэг ажиглагддаг санагддаг. 

  1. Аливаа зүйлийг 2 талаас харах нь түгээмэл. Сайн зүйлээс ч эрсдэлийг хайж олж харна гэдэг тийм ч жаргалтай зүйл биш болов уу. 
  2. Илүү амбицтай байх нь түгээмэл. Өндөр чадвартай хүмүүс өндөр харайхыг хүсдэг ч, өндөр зорилго тавих тусам биелэхгүй байх, унах магадлал нэмэгдэнэ. Энэ мэдээж аз жаргалд сайнгүй.
  3. Потенциаль өндөртэй хүмүүс багаасаа л бусдаас өөр байдаг. Натур нь бусдаас ялгаатай тул хүний ая эв олох, олонд тааруулж амьдрах нь амаргүй.
Хэдийгээр ухаантай хүмүүс тэнэг шийдвэр бага гаргаж, олон зовлонг тойрох боломжтой байж болох ч 1) аливаа зүйлийг байгаагаас нь сайнаар хардаг өөдрөг хүмүүстэй харьцуулахад, 2) ирээдүйн амбиц чухал биш, одоогоороо амьдардаг эсвэл 3) бусад хүмүүстэй нийцэл/харилцаа сайтай хүмүүстэй харьцуулахад аз жаргал багатай байх боломжтой.   



Суут ухаан, онцгой авъяас хараал уу ерөөл үү?

Тархины аль нэг хэсэг нь жирийн хүнээс хэд дахин хөгжилтэй байх нь бурхан/байгалиас заяасан бэлэг үү, эсвэл хараал уу? Гоц авъяастай хүүхдүүд бие сул, депресст илүү өртөмтгий байх нь түгээмэл. Чикаго, MIT гээд нэртэй сургуулиудын оюутнуудын дунд амиа хорлолтоор тэргүүлдэг. Суут ухаантнуудын хувийн амьдрал гунигтай түүхээр дүүрэн. Тэд пессимист байх нь түгээмэл, жирийн хүний хувьд том амжилт тэдний хувьд уналт байж болно, тэд тэвчихэд хэцүү ааш авиртай ганцаардмал байх нь цөөнгүй.

Тэд хосгүй зургийг зурна, хөгжмийг туурвина, математикийн тэгшитгэлийг бодно, сансар огторгуйн нууцыг тайлна. Орчин үеийн амьдрал, шинжлэх ухаан технологийн хөгжил, соёл урлаг иймэрхүү суутнуудгүйгээр өнөөгийн түвшинд хүрэх аргагүй. Түүхээс харахад Ван Гог, Бетховен, Ньютон, Эйнштэйний хувь нэмэр чухал байсан ч, тэд аз жаргалтай амьдрах эсэх нь сонин байгааүй. Гений хүмүүс аль нэг чиглэлээр хүн төрөлхтний хөгжлийг нэг алхам урагшлуулах хэрэгсэл л байж гэж хүртэл бодогдохоор тохиолдлууд маш их.

Юу хийх хэрэгтэй вэ?

Тархины аль нэг хэсэг өндөр чадвартай байх нь ухаан гэсэн үг биш. Энэ бол зүгээр л нэг төрлийн авъяас. Магадгүй байгалиас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг. Харин тухайн хүндээ хараал мэт байх нь ч бий. Тэгвэл ухаантай хүн юу хийх хэрэгтэй вэ? Хугацаатай амьдрал, хязгаартай цаг хугацааг хэрхэн үнэ цэнэтэй, аз жаргалтай өнгөрөөхөө мэдэхгүй бол ухаантай гэсэн үг биш болов уу. Иймд аз жаргал гэж ерөнхий тохиолдолд юу байдаг вэ, яг чиний хувьд юу вэ, түүнд хэрхэн хүрэх вэ гэдгийг нухацтай бодох нь чухал.