Tuesday, March 31, 2020

V, U, L эсвэл I уу? Эсвэл огт ѳѳр зүйл үү?


Дэлхийн эдийн засагт коронавирусын үзүүлж буй нөлөөтэй холбоотой дараах 4 зүйлийг хэлж болохоор байна:
1) Эдийн засгийн үзүүлэлтүүд унаж байгаа ч энэ нь “нормал хямрал” биш, харин “механик зогсолт”
Сүүлийн 10 жил дэлхийн эдийн засгийн ѳсѳлтийн 1/3-ийг дангаараа бий болгосон Хятадын эдийн засаг 1978 оны шинэчлэлээс хойшхи хамгийн бага ѳсѳлттэй, дэлхийн гол эдийн засгууд болох Америкт 120 гаруй сар, Японд 80 гаруй сар үргэлжилж түүхэн рекорд тогтоосон тэлэлтийн мѳчлѳг дуусч, Европын гол эдийн засгууд агших нь тодорхой болоод буй. 2020 оны эхэнд хийгдэж байсан Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэрх ѳѳдрѳг тѳсѳѳллүүд замхарч, Хятад коронавирусын нѳлѳѳгѳѳр эдийн засгийн индикаторууд өнгөрсөн 2-р сард 30-40% унасан бол Америкийн эдийн засаг ирэх 2-р улиралд 20% агшина гэж Голдман Сакс төсөөллөө зарласан. Европт одоо карантин ид үргэлжилж эдийн засгийн үйл ажиллагаа эрчимтэй хумигдаж байна. Дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд 1929 оны Их хямрал, 2008-09 оны санхүүгийн хямралын үеэс ч хурдтай унаж буй бөгөөд, том дайнуудын үед ч эдийн засагт ийм хэмжээний "бүрэн зогсолт" тохиож байгаагүй. Юун V эсвэл U хэлбэртэй сэргэлт, харин I хэлбэртэй чѳлѳѳт уналт биш үү гэх эдийн засагчид ч байна (мэдээж Dr.Doom буюу N.Roubini). Дэлхийн эдийн засаг агшиж, хямрал руу орох эрсдэл байгааг харьцангуй консерватив гэдэг Валютын сангийн шинэ тэргүүн хүртэл мэдэгдээд байгаа. Гэхдээ статистик үзүүлэлтүүд ийнхүү муудаж байгаа нь эдийн засаг хямарснаас болж биш, харин вирусаас сэргийлэхийн тулд карантин тогтоож эдийн засгийг "хүчээр царцаасан" арга хэмжээний үр дүнд гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, карантины үед хүмүүс гэрийн хорионд орсноор олон улс оронд худалдан авалт багасч, үйлдвэр үйлчилгээний газрууд хаагдсанаар бизнес хумигдсаныг л эдгээр статистикууд харуулж байна. Ѳѳрѳѳр хэлбэл, асуудлын шалтгаан болсон вирус хяналтанд ороход эргээд сэргэх боломжтой тоонууд гэсэн үг.
2) Карантин эдийн засгийг хамгаалах гол арга боловч эдийн засагт зайлшгүй өвдөлт мэдрүүлнэ
Нормал эдийн засгийн хямралын үед зах зээлд мөнгө нийлүүлэхэд хүмүүс шинэ ТВ, машин, байр худалдаж авахаар компаниудын орлого нэмэгдээд эдийн засаг сэргэдэг. Харин вирусаас болж эрэлт нийлүүлэлт 2 талд карантины хязгаарлалттай, “эдийн засгийн бус шок”-той ийм үед хямралыг эмчилдэг энэ энгийн арга үр дүн багатай. Харин асуудлын гол шалтгаан болсон вирусыг тархаахгүй байх, хяналтанд оруулах нь л эдийн засгийг коронавирусаас хамгаалах сайн арга зам болно. Олон хүн халдварт ѳвчтэй үед эдийн засгийн талаар ярих аргагүй. Вирусыг зогсоох вакцингүй, дархлааг дэмжихээс өөр эмчилгээгүй энэ үед хамгийн сайн арга нь вирустай хүнийг эрүүл хүнээс тусгаарлах буюу карантин л болж таарч байна. Энэ нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлаж борлуулалт, цалин орлогыг бууруулж аж ахуйн нэгжүүд болон иргэдэд “санхүүгийн өвдөлт” мэдрүүлж буй. Гэхдээ “мөнгө үү, эсвэл эрүүл мэнд үү?” гэдэг нь толгой гашилгах сонголт биш бөгөөд, хэрэв вирус хүн амын дунд ѳргѳн тархвал эдийн засагт хавьгүй илүү зардалтай. Тухайлбал, 14-р зуунаас хойш 100 мянган хүнээс дээш хүний аминд хүрсэн 12 пандемикийг авч үзвэл ажиллах хүчний эрүүл мэнд, улмаар эдийн засагт үзүүлсэн хохирол нь 40 жил хүртэл хугацаанд үргэлжилсэн тохиолдол ч бий. Мѳн дэлхий даяар 50 сая хүнийг үхэлд хүргэсэн 1918-20 оны Испани ханиадны үеэр тусгаарлах арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн хотууд пандемикийн дараа эргээд эдийн засаг нь хурдтай сэргэсэн байдаг.
3) Макро эдийн засгийн бодлого вирусыг эмчлэхгүй ч “санхүүд мэдрэгдэх өвчнийг” зөөллөхөд анхаарч, харин вирусын дараа эдийн засгийг тэлэх орон зайтай үлдэх нь чухал
Дэлхий даяар хурдтай тархаж буй вирустай тэмцэх тулааны эхний фронт нь мэдээж эрүүл мэндийн салбар. Харин макро эдийн засгийн бодлогоор вирусыг дарах боломжгүй ч, эхний ээлжинд эрүүл мэндийн салбарыг дэмжих, мѳн эдийн засагт, хүмүүсийн санхүүд мэдрэгдэх өвчнийг зөөллөхөд дэмжлэг үзүүлэх боломжтой. Нэн тэргүүнд вирусыг оношлох, эмчлэхэд шаардлагатай хүн хүч, эм тариа, багаж хэрэгсэл, эмнэлэг орон байранд шаардлагатай санхүүжилт хангалттай байх нь вирустай тэмцэх тулаан амжилтанд хүрэх үндэс болно. Үүнтэй зэрэгцээд вирусын эдийн засагт үзүүлэх шокын нѳлѳѳнѳѳс стратегийн чухал салбарууд, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн санхүүг хамгаалах нь чухал. Иймэрхүү гэнэтийн шок нь бизнес эрхлэгчид аливаа эрсдэлд бэлтгэлтэй эсэхийг шалгах том шалгуур болно, гэтэл санхүүгийн нѳѳц хязгаарлагдмал үед улс орны бодлого тодорхойлогчид ирээдүйн эдийн засагт хамгийн чухал салбараа авч үлдэх зайлшгүй сонголтыг хийхэд хүргэнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, жирийн үед ѳвдѳлт мэдрүүлж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах тул хийхэд хэцүү бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх цаг нь одоо гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл улс орны ирээдүйд үнэ цэнэ багатай бизнесийг хувь заяанд нь даатгаахаас ѳѳр аргагүй, ирээдүйн хѳгжлийн тулгуур болох бизнесүүдийг бол авч үлдэх шаардлагатай гэсэн үг. Харин саарсан эдийн засгийн үйл ажиллагааг тэлэх оролдлого бол вирусыг хяналтанд оруулсны дараах асуудал юм. Учир нь эдийн засагт “механик зогсолт” үүсгэсэн карантины үед ердийн үеийн эдийн засгийн зүй тогтол, түүнд нөлөөлөх төсөв мөнгөний бодлогын механизм бүрэн ажиллахгүй. Хэрэв эдийн засгийг тэлэх зорилгоор хэрэглээг нэмэгдүүлье гэвэл гэртээ сууж байгаа худалдан авагчийг “хаалттай дэлгүүр хэс” гэхтэй ялгаагүй. Харин бизнесийг тэлэх нь гэртээ тусгаарлагдсан ажилтныг “гарч ажил хий” гэдэгтэй ижил болно. Аль ч тохиолдолд эдийн засгийн статистик тоог өсгөх зорилгоор карантины үр дүнг бууруулж, вирусын эрсдэлийг нэмж ѳвчлѳлийн статистикийг нэмнэ гэсэн үг. Мөнгө санхүүгийн нөөц ямар ч улсад хязгаартай тул үр ашигтай, оновчтой зарцуулах нь чухал бөгөөд карантины үеийн санхүүгийн өвдөлтийг зөөллөөд, харин вирус хяналтанд орсны дараа “газаа гишгэж” эдийн засгийг хурдлуулахад шаардлагатай нөөцөө хадгалах нь чухал.
4) L хэлбэртэй уналтын эрсдэл бий юу?
Америкийг авч үзвэл 1918 оны Испани ханиад (АНУ-д 675 мянган нас баралт), 1958 оны Хонг-Конг ханиад (АНУ-д 116 мянган нас баралт), 1968 оны Азийн ханиад (АНУ-д 100 мянган нас баралт) гэх мэт сүүлийн 100 жилд тохиолдсон томоохон халдварт өвчнүүдийн үед эдийн засаг нь V хэлбэртэй сэргэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) огцом агшаад, эргээд хурдтай сэргэсэн байдаг. Коронавирусын үед ч шийдвэртэй арга хэмжээг авч чадвал 2 сарын дотор вирусыг хяналтандаа оруулж, эдийн засаг эргээд сэргэж болохыг Хятадын жишээ харуулж байна -- үйлдвэрлэлийн салбар нь 3-р сард 90% орчим хэвийн үйл ажиллагаандаа орсон. Гэхдээ дэлхий даяар өвчлөл хурдтай тархсан өнөөгийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн суурь эмзэг байдалд вирусын шок нөлөөлбөл дараагийн том хямралын эрсдэл бий. Дэлхийн эдийн засгийн хямралын тухай яриа ѳѳрѳѳ шинэ сэдэв биш бөгөөд “худалдааны маргаан дараагийн хямралыг өдөөхвий", эсвэл "өгөөжийн муруйн хөмрөлт" хямралын дохио биш үү гэсэн болгоомжлол сүүлийн 2 жилд эдийн засагчдын дунд яригдсаар ирсэн. Хөгжсөн орнуудын хувьд хувийн секторын өр, хѳрѳнгийн захын уналт гол эрсдэл гэж нэрлэгдэж байсан бол хөгжиж буй орнуудын хувьд гадаад өр, хөрөнгийн урсгалын гадагшлах урсгал эмзэг байдал гэж нэрлэгдэж байв. Маш тодорхой эрсдэлүүд 2018 оноос хойш яригдсан учраас дэлхийн улс орнууд, ялангуяа гол эдийн засгууд энэ удаагийн шокын нөлөөг зөөлрүүлэх бодлогыг урьд өмнө байгаагүй хурдаар, том дүнтэй хэмжээгээр авч хэрэгжүүлж байгаа нь онцлог болж байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тѳв болох Америк гэхэд 2008-09 оны хямралаас том сургамж авч, ѳмнѳ нь 80 долоо хоног зарцуулж $787 тэрбумын тѳсѳв баталж байсан бол энэ удаа 3 долоо хоногт $2.2 триллионы тѳсѳв батлаад буй. Тэгш бус байдал дэлхий даяар асуудал болсон энэ үед эдийн засгийн аливаа хямрал нь нийгмийн эмзэг бүлэгт маш хүндээр тусч, нийгмийн тогтвортой байдалд ч эрсдэл учруулж болзошгүй учраас онцгой энэ цаг үед бодлого боловсруулагчид “whatever it takes” буюу “зайлшгүй бүх зүйлийг хийнэ” гэдэг менталитеттай байгаа нь сайн хэрэг юм.

Эцэст нь, вирусын цикл эрт орой нэгэн цагт дуусахад дэлхийн эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сонирхолтой асуулт болж байна. Ямартаа ч хүмүүсийн ажиллах, амьдрах сэтгэхүйд том өөрчлөлт орно байх. Тэр нь байгаль орчинд, нийгмийн тогтвортой байдалд ээлтэй өөрчлөлт байж чадах уу гэдэг том асуулт юм. Учир нь ѳдийг хүртэл явж ирсэн дэлхийн эдийн засгийн хѳгжлийн зам нэг бол баян хоосны ялгааг гүнзгийрүүлсээр эцэстээ том хувьсгал дайнд хүргэх, эсвэл эх дэлхийгээ сүйтгэж хэн ч амьдрах аргагүй байдалд хүргэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулсаар ирсэн.

Sunday, March 29, 2020

12 Angry Men

"12 Angry Men"-ий талаар оюутан байхдаа сэтгэл судлалын нэг хичээл дээр сонсоод ѳнгѳрч байсан ч, киног нь сая л үзлээ. 1950-aaд оны хар цагаан кино, үйл явдал нь ганцхан ѳрѳѳнд 90 минутын турш үргэлжлэх хурлын тухай маш энгийн 1 сет. Сонирхолтой зүйл байхгүй гэж бодож байв. Гэтэл Henry Fonda-ийн Оскар авсан жүжиглэлт, бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг. Буруу гэж бодсон зүйлийнхээ эсрэг олныг сѳрж зогсох зориг, хүч хэрэглэхгүйгээр бусдыг сэнхрүүлснээр ганц хүн ямар том ѳѳрчлѳлт авчирч болох тухай. Гайхалтай кино байна. IMDB рейтинг 8.9/10.

Saturday, March 28, 2020

Panic: The Untold Story of the 2008 Financial Crisis | Full VICE Special...





Bernanke, Paulson, Geithner, Bush, Obama & Wall Street-ийн CEO нар гээд GFC-ийн үеийн гол шийдвэр гаргагчид, тоглогчид тухайн үед нѳхцѳл байдал ямар байсан, шийдвэрүүдээ хэрхэн гаргаж байсан, улстѳрч/зах зээл/олон нийттэй хэрхэн харилцаж байснаа ярьцгааж байна. 2009 онд оюутан байхдаа, дэлхийн санхүүгийн хямралын ид үеэр ажил хайгаад Wall Street-ийн фирмүүдийн хаалгыг тогшоод явж байхдаа эдгээр хүмүүс юу ярихыг анхааралтай сонсдог байв. Одоо бодлого боловсруулалт дээр ажиллаж байгаа үед үзэхэд их сонирхолтой баримтат кино байна.

Tuesday, March 24, 2020

Вирус ч бас сайн талтай -- Ухамсрын шанаа No1

Вирусаас болж Америк, Хятад, Европ, Япон Солонгос... гээд гол эдийн засгууд уналтад орох нь ээ гэдэг нь дэлхийн тѳгсгѳл биш. Эдийн засаг ѳѳрѳѳ циклтэй, вирустай вирусгүй ѳсдѳг, унадаг л зүйл. Харин вирусын ачаар хэрэггүй зүйлийг заавал үйлдвэрлэх, хэрэглэх нь зѳв үү гэдгийг карантины энэ үед олон хүн мэдэрч, дэлхий нийтээрээ ойлгож эхэлж байна. Жил бүр ѳсѳн нэмэгдэж байх ёстой хэрэглээ, үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн ѳсѳлтийн тѳлѳѳх ѳнѳѳгийн загвар байгаль орчноо сүйтгээд, эцэстээ дэлхийн тѳгсгѳлийг авчирна гэдгийг хүн тѳрѳлхтѳн нэг л "ойлгохгүй" явсаар ирсэн. Байгаль орчны сэдвээр судалгаа хийсэн эрдэмтдэд Нобелийн шагнал ѳгѳѳд ч, энэ сэдвээрх кинонууд Оскарын шагнал хүртээд ч, Дэлхийн эдийн засгийн чуулган дээр удаа дараалж энэ сэдэв яригдаад ч корпорейт ертѳнц, бодлого тодорхойлогчдод тѳдийлѳн хүрээгүй, бодитой ѳѳрчлѳлт хийгдээгүй нь үнэн. Харин онцгой энэ үед дэлхий даяар хэрэглэгчид/сонгогчдод үйлдвэрлээд л, хэрэглээд л, хаяад байх ѳнѳѳгийн тогтолцооноос ѳѳрѳѳр амьдарч болох юм байна гэдэг нь ойлгогдоход цаашид бизнес болон бодлогын түвшинд чухал ѳѳрчлѳлт ирнэ гэсэн үг байх?

Sunday, March 15, 2020

How to know your life purpose in 5 minutes | Adam Leipzig | TEDxMalibu





Дэлхийд хамгийн хүчирхэг улс Америкийн лидерүүдийг бэлддэгээрээ алдартай Йелийн их сургуулийг тѳгсѳгчдийн 80% нь тѳгсѳѳд 25 жилийн дараа аз жаргалгүй амьдардаг гэх. Яагаад? Ѳдрийн сэрүүн цагийнхаа дор хаяж талыг зарцуулдаг ажил карьераа оновчтой сонгоогүйгээс их зүйл шалтгаалж (Амьдралын зорилгоо тодорхойлоход туслах дээрх 5 асуултын хариуг мэдэж байвал энэхүү алдааг хийхгүй байх боломжтой гэнэ).

Ер нь бүхнийг чаддаг, ѳѳрийгѳѳ тал бүрээр хѳгжүүлсэн байдаг нь талант/авъяастай хүмүүсийн нэг сул тал болдог. Зориод хичээвэл юуг ч хийж чадна гэсэн амбиц, мѳн түүнийгээ биелүүлэх чадвартай байх нь мэдээж нэг талаас том давуу тал. Сургуульд чадахгүй орхих хичээл цѳѳн, карьер сонголт дээр ч ямар ч ажлыг чадах тул ѳргѳн сонголттой. Суурь чадвар ѳндѳртэй ийм хүмүүст ихэнх зүйл амархан, юм болгон сонирхолтой. Үнэхээр дургүй эсвэл үнэхээр дуртай зүйл бас ховор байх нь түгээмэл. Тэд гэрийн даалгаврыг сайн хийдэг улаан онцын эзэд, даалгасан ажлыг сайн гүйцэтгэдэг ажлын машинууд. Топ сургуулийг тѳгсѳнѳ, престиж карьер хѳѳнѳ. Алдаа уналт нь хүртэл ихэнх дундаж хүний амжилтаас ѳндѳр. Гэхдээ эцэст нь амьдралд "мэхлүүлснээ" ойлгох нь цѳѳнгүй.

Амьдрал ѳѳрѳѳ нэг зѳв хариутай стандарт тест биш. Иймд үргэлж зѳв хариултыг дугуйлж, алдаа бүхнийг тойрсон ухаантай хүмүүс "ѳндѳр эрсдэл - ѳндѳр амжилт" замыг ч тойрох нь цѳѳнгүй. Топ компаний CEO нарын явсан замналаас харахад тэд бүгд улаан онцын эзэд байгаагүй, 1 зѳв хариу дугуйлдаг стандарт системд одууд байгаагүй. Түүнчлэн, авъяастай хүмүүс чадахгүй зүйлээ эртхэн орхиод, үнэхээр дуртай сонирхолтой зүйлдээ л тѳвлѳрснѳѳр ядаж сэтгэл хангалуун амьдрах тэр боломжийг тойрсон байх нь цѳѳнгүй. Гэтэл нийгмийн хүлээлтийг давуулан биелүүлж, ширүүн уралдаан ѳрсѳлдѳѳнд үргэлж ялах нь аз жаргалтай амьдралыг авчрах албагүй байж. Уул нь дуртай, утга учиртай зүйлийг хийх нь мэдээж сэтгэл ханамжаас гадна, илүү ѳндѳр амжилт үзүүлэх боломжийг ч нээх түлхүүр гэгддэг.


Thursday, March 12, 2020

Паник, мэдээлэл ба эрсдэл

2011-03-11 буюу ѳнѳѳдрѳѳс яг 9 жилийн ѳмнѳ Токиод. Орчин үеийн дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хѳдлѳлт, залгаад цүнами, тэгээд атомын цахилгаан станцын осол. Эхний хэдэн цаг яг юу болоод байгаа, цаашид юу болох нь мэдэгдэхгүй -- "тодорхой бус байдал" гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан. Харин энэ үед япон хүмүүсийг үнэхээр хүндлэх сэтгэл тѳрж байв. Үнэхээр түүхэндээ олон зовлон үзсэн ард түмэн гэдэг ѳѳр байдаг юм билээ. 30 сая хүн нэг дор цугларсан Токио метрополитанд айдас сандрал, эмх замбараагүй байдал үүсвэл бий болох хор уршиг нь ямар ч газар хѳдлѳлт, цѳмийн дэлбэрэлтээс хэд дахин илүү. 1945 онд Хирошима, Нагасаки 2 хотод дэлбэрсэн атомын бѳмбѳг нийлээд 200 мянга орчим хүний аминд хүрсэн байдаг. 200 мянга гэдэг аймшигтай их тоо боловч, 30 саятай харьцуулахад хоёр тэгээр ялгаатай тоо...
Аюулаас зугтаах нь мэдээж байгалийн зѳн совин, амьд үлдэх инстинкт, айдас сандрал чухам ийм л тодорхой бус үед хүнд хамгийн ихээр тѳрдѳг. Энэ мэдрэмж хүн бүрт бий ч, Японд амьдардаг гадаад хүмүүст хамгийн хүчтэй илэрч байв. Улс орнууд сандралдан онгоц илгээж иргэдээ татаж авч байлаа. Харин япончууд дотроо ямар байсан нь мэдэгдэхгүй, угаасаа ч мэдэгддэгүй улс, ямартаа ч гаднаа бол тайван. Дэлгүүрүүд гамшгийн үед цэвэр ус, салфетка гэх мэт хэрэгцээт барааг бүгдэд хүрэлцээтэй байлгах үүдээс нэг хүнд зарах хэмжээнд хязгаар тогтоож, худалдан авагчид ч хэт бѳѳгнѳрѳл, эмх замбараагүй байдал үүсгээгүй. Ийм үед холбоо харилцаа чухал учраас гар утас цэнэглэх автомат тѳхѳѳрѳмжүүдэд утсаа залгах цаг хязгаартай болж, хүмүүс ч юу ч болоогүй мэт дараалалд ээлжээ хүлээн зогсоцгооно. Газар хѳдлѳлтийн дараа үе үе хүчтэй чичирхийллүүд үргэлжилж, метро, галт тэрэг зогсч такси олдохоо болиход хүн бүр байсан газартаа хэнд ч тѳвѳг удахгүй ѳѳрийгѳѳ аргалцгааж байв. Эрүүл ухаанаар бодохоор ѳѳр яах ч билээ. Бага ангийн хүүхдүүд хүртэл аюулгүй газар олоод томоотой сууцгааж байв. Харин гадаадууд тийм байгаагүй...Тэр дундаа 3000 километрийн зайтай орших Монголд.
"Монголын ард түмэн, тайван бай. Япончуудаас" гэдэг хошигнол хүртэл тухайн үед гарч байсан. Монголд яасан бэ гэхээр, бүх хэвлэлээр Японы арал тэр чигээрээ живээд дээр нь байгаа бүх хүн цацраг идэвхтэй туяанд хордож байна гэдэг ойлголт тѳрүүлэх мэдээллийг 24 цаг түгээж байв. Гэрийнхэн, хамаатан садан, найз нѳхдүүд бѳѳн шок. Тухайн үед аав маань Токиод ажилладаг байсан, ажлаа хийгээд үлдсэн. Харин би эхний онгоцоор Монгол руу нисч байв... Энэ үйл явдлаас нэг зүйлийг сайн ойлгож авсан. Ер нь аливаа эрсдэлийн үед үнэн зѳв мэдээлэл маш чухал. Гэхдээ олон нийтийг паниктуулж, айдаст автуулж, ухаалаг бус үйлдэлд хүргэж шаардлагагүй эрсдэлийг нэмэх нь хэнд ч тусыг эс хүргэнэ гэдгийг япончууд маш сайн мэддэг санагдсан. "Хүний үнэргүй" гэдгээрээ алдартай Японы медиа ч цагаа тулахаар яг нийгэмд хэрэгтэй үүргээ гүйцэтгэдэг л юм байна лээ.

Коронавирус олон улсад эрсдэл болсон энэ цаг үед вирусын бодит эрсдэлээс сэргийлэх, харин паник нэмж үүсгэж шаардлагагүй эрсдэлийг бий болгохгүй байх нь маш чухал. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч хамаатай, сошиал медиа хѳгжсѳн энэ үед энгийн хүн бүрт хамаатай. Ямар ч аюул гамшгаас илүү паник илүү эрсдэлийг дагуулдаг. Медиа/сошиал медиа цаг минут тутам бидэнд үхсэн хүний тооны талаарх муу мэдээ, эсвэл "сѳрѳг" шинжилгээний хариутай хүний тооны талаарх сайн мэдээг шуурхай харуулж байна. Алийг нь ч бүү тоо. Гол анхаарах асуудал бол бид ѳѳр ѳѳрсдийнхѳѳ эрсдэлийг багасгах, байж болох хамгийн бага түвшинд байлгах явдал. Үүний тулд гараа сайн угаа, олон хүнтэй газраас зайлсхий. Мэргэжлийн зѳвлѳгѳѳг анхааралтай сонс, дагаж мѳрд. Харин сайн/муу статистик энэ үед тийм ч чухал биш.

Sunday, March 8, 2020

Март 8, зарим бодол

Март 8. Монголд цэцэг, торт, виноны баяр болгоод удаж буй. Эрчүүд нь эмэгтэйчүүдтэйгээ нийлээд ууна. Сайндаа нэг ѳдѳр гэртээ хоол хийж, шалаа угаана. Манай нийгэм угаасаа агуулгыг алдуулж, хэлбэр хѳѳхдѳѳ сурцтай. Март 8 дээр ч ялгаагүй байх.

Миний хувьд, намайг хүмүүжүүлсэн, ойр дотно байсан эмэгтэйчүүд бүгд маш хүчирхэг хүмүүс байв. Эмээ, ээж, Соронзон багш, эмэгтэй найзууд, үерхэж байсан охид бүсгүйчүүд гээд бүгд. Иймд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ямар нэг байдлаар дутуу гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Зѳвхѳн ном, зохиол, статистик тооноос л тэгш эрхийн талаар, хүйсийн ялгааны талаар олж мэдсэн. Мэдсэн хэдий ч, мэдрээгүй, сайн ойлгогдохгүй сэдэв.

Эрэгтэй, эмэгтэй хүн физиологийн хувьд, психологийн хувьд мэдээж ѳѳр. Гэхдээ энэ нь хэн нэг нь илүү эсвэл дутуу гэсэн үг биш. Харилцан бие биенийхээ сул талыг нѳхѳж чадах уу л гэдэг асуудал. Найз нѳхѳрлѳлд ч, гэр бүлд ч, нийгэмд ч тэр. Харин эрхийн хувьд ижил тэгш байх ёстой ижилхэн хүн.

Март 8 ба цэцэг

Мартын 8-ийг сарнайгүй тѳсѳѳлѳх аргагүй болсон. Уул нь цэцэгний баяр биш (Шалтгааныг эндээс). Сарнай их учиртай цэцэг. Хэдийгээр гайхамшигтай цэцэг ч одоо бол харьцангуй хялбар бэлэг болсон. Уул нь ѳнгѳ бүр нь маш их учир утгатай. Одоо харин улаан бол "поп" ѳнгѳ, утга учраа нэгэнт алдсан. Ер нь цэцэг ч бас. Худалдан авагч нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэл ѳсч, ургуулахад шаардагдах цэвэр ус, пестицид нь байгаль орчинд маш хор хѳнѳѳлтэй болсон. Гоёмсог цэцэг байгальдаа л үзэсгэлэнтэй, харин тасдаж аваад хэд хоноод хаядаг одоогийн хүн тѳрѳлхтний соёл ирээдүйд аюултай тул татгалзах цаг нь болсон санагддаг.



The paradox of choice | Barry Schwartz