Thursday, March 12, 2020

Паник, мэдээлэл ба эрсдэл

2011-03-11 буюу ѳнѳѳдрѳѳс яг 9 жилийн ѳмнѳ Токиод. Орчин үеийн дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хѳдлѳлт, залгаад цүнами, тэгээд атомын цахилгаан станцын осол. Эхний хэдэн цаг яг юу болоод байгаа, цаашид юу болох нь мэдэгдэхгүй -- "тодорхой бус байдал" гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан. Харин энэ үед япон хүмүүсийг үнэхээр хүндлэх сэтгэл тѳрж байв. Үнэхээр түүхэндээ олон зовлон үзсэн ард түмэн гэдэг ѳѳр байдаг юм билээ. 30 сая хүн нэг дор цугларсан Токио метрополитанд айдас сандрал, эмх замбараагүй байдал үүсвэл бий болох хор уршиг нь ямар ч газар хѳдлѳлт, цѳмийн дэлбэрэлтээс хэд дахин илүү. 1945 онд Хирошима, Нагасаки 2 хотод дэлбэрсэн атомын бѳмбѳг нийлээд 200 мянга орчим хүний аминд хүрсэн байдаг. 200 мянга гэдэг аймшигтай их тоо боловч, 30 саятай харьцуулахад хоёр тэгээр ялгаатай тоо...
Аюулаас зугтаах нь мэдээж байгалийн зѳн совин, амьд үлдэх инстинкт, айдас сандрал чухам ийм л тодорхой бус үед хүнд хамгийн ихээр тѳрдѳг. Энэ мэдрэмж хүн бүрт бий ч, Японд амьдардаг гадаад хүмүүст хамгийн хүчтэй илэрч байв. Улс орнууд сандралдан онгоц илгээж иргэдээ татаж авч байлаа. Харин япончууд дотроо ямар байсан нь мэдэгдэхгүй, угаасаа ч мэдэгддэгүй улс, ямартаа ч гаднаа бол тайван. Дэлгүүрүүд гамшгийн үед цэвэр ус, салфетка гэх мэт хэрэгцээт барааг бүгдэд хүрэлцээтэй байлгах үүдээс нэг хүнд зарах хэмжээнд хязгаар тогтоож, худалдан авагчид ч хэт бѳѳгнѳрѳл, эмх замбараагүй байдал үүсгээгүй. Ийм үед холбоо харилцаа чухал учраас гар утас цэнэглэх автомат тѳхѳѳрѳмжүүдэд утсаа залгах цаг хязгаартай болж, хүмүүс ч юу ч болоогүй мэт дараалалд ээлжээ хүлээн зогсоцгооно. Газар хѳдлѳлтийн дараа үе үе хүчтэй чичирхийллүүд үргэлжилж, метро, галт тэрэг зогсч такси олдохоо болиход хүн бүр байсан газартаа хэнд ч тѳвѳг удахгүй ѳѳрийгѳѳ аргалцгааж байв. Эрүүл ухаанаар бодохоор ѳѳр яах ч билээ. Бага ангийн хүүхдүүд хүртэл аюулгүй газар олоод томоотой сууцгааж байв. Харин гадаадууд тийм байгаагүй...Тэр дундаа 3000 километрийн зайтай орших Монголд.
"Монголын ард түмэн, тайван бай. Япончуудаас" гэдэг хошигнол хүртэл тухайн үед гарч байсан. Монголд яасан бэ гэхээр, бүх хэвлэлээр Японы арал тэр чигээрээ живээд дээр нь байгаа бүх хүн цацраг идэвхтэй туяанд хордож байна гэдэг ойлголт тѳрүүлэх мэдээллийг 24 цаг түгээж байв. Гэрийнхэн, хамаатан садан, найз нѳхдүүд бѳѳн шок. Тухайн үед аав маань Токиод ажилладаг байсан, ажлаа хийгээд үлдсэн. Харин би эхний онгоцоор Монгол руу нисч байв... Энэ үйл явдлаас нэг зүйлийг сайн ойлгож авсан. Ер нь аливаа эрсдэлийн үед үнэн зѳв мэдээлэл маш чухал. Гэхдээ олон нийтийг паниктуулж, айдаст автуулж, ухаалаг бус үйлдэлд хүргэж шаардлагагүй эрсдэлийг нэмэх нь хэнд ч тусыг эс хүргэнэ гэдгийг япончууд маш сайн мэддэг санагдсан. "Хүний үнэргүй" гэдгээрээ алдартай Японы медиа ч цагаа тулахаар яг нийгэмд хэрэгтэй үүргээ гүйцэтгэдэг л юм байна лээ.

Коронавирус олон улсад эрсдэл болсон энэ цаг үед вирусын бодит эрсдэлээс сэргийлэх, харин паник нэмж үүсгэж шаардлагагүй эрсдэлийг бий болгохгүй байх нь маш чухал. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч хамаатай, сошиал медиа хѳгжсѳн энэ үед энгийн хүн бүрт хамаатай. Ямар ч аюул гамшгаас илүү паник илүү эрсдэлийг дагуулдаг. Медиа/сошиал медиа цаг минут тутам бидэнд үхсэн хүний тооны талаарх муу мэдээ, эсвэл "сѳрѳг" шинжилгээний хариутай хүний тооны талаарх сайн мэдээг шуурхай харуулж байна. Алийг нь ч бүү тоо. Гол анхаарах асуудал бол бид ѳѳр ѳѳрсдийнхѳѳ эрсдэлийг багасгах, байж болох хамгийн бага түвшинд байлгах явдал. Үүний тулд гараа сайн угаа, олон хүнтэй газраас зайлсхий. Мэргэжлийн зѳвлѳгѳѳг анхааралтай сонс, дагаж мѳрд. Харин сайн/муу статистик энэ үед тийм ч чухал биш.

No comments: