Saturday, September 10, 2011

Оюутны гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд дээр нэг их мундагтаа ч биш, оюутан болохоороо л иймэрхүү мундаг сэдвүүдийг барьж авсан нь тэр.

Оюутан байхад л юунд ч хязгаарлагдахгүй ингэж дураараа загнаж болох болохоор тэр. Оюутан байхад мэдэхгүй ч байж болно. Угаасаа сурах нас болохоор. Чадахгүй, хийгээгүй байж болно. Үүнээс цааш хийх болохоор. Алдаа хийж ч болно. Угаасаа алдаад байх их зүйл байхгүй болохоор. Арзайсан үстэй ч байж болно, уранхай хувцастай ч байж болно... Ер нь мэдэхгүй, чадахгүй, байхгүй юмны чинь төлөө хэн ч чамайг гоочлохгүй. Ганц хүсэл тэмүүлэлээр дүүрэн байхад л хангалттай. Бусад хүн л тоож сонсож байвал юунд ч баригдахгүйгээр бодсоноо хэлж, боломж л олдож байвал хүссэнээ хийж болдог нас.

Харин нэгэнт амьдрал дээр гарсан бол асуудал өөр. Харагдах өнцөг өөр болно, үнэлүүлэх үнэлэмж өөрчлөгдөнө. Нийгэмдээ хэр их зүйл бүтээж, ямар хувь нэмэр оруулж буйгаараа ярих зүйлийнх нь цар хүрээ хязгаарлагдаад явчихна. Хэлэх зүйл, хийх үйлдлээс хүлээгдэх expectation өндөр, энэ бүхнийхээ төлөө хүлээх хариуцлага ч өндөр. Хийж чадахгүй байж хэрээсээ хэтэрсэн зүйлийн талаар ярьвал хүлээж авахгүй. Авдаг цалин, өмсдөг хувцсaaрaa дүгнэгдээд эхэлнэ. Алдаа гаргавал алдах зүйл их. Элдэв зүйл бодоод сууж байдаг цаг зав ч багасаад ирэх биз...Ер нь тэгээд ч ярих биш шийдэж хэрэгжүүлдэг үе.

Иймээс нэгэнт ажил дээр гарчихаар хийж болдоггүй зүйлсийг амжуулж, туршиж хийдэг нас бол оюутан нас. Энэ үе бол онол л цээжилж оюунаа сорих үе ч биш, ажилд ороход л өөрийгөө бэлтгэх шат ч биш. Эдгээр нь оюутан үеийн зорилго биш, зөвхөн нэг л хэсэг нь. Харин амьдралын талаар төсөөлж өөрийгөө тэлэх үе бол оюутан нас. Орчлон ертөнцийг, өөрийгөө таньж мэдэх нас. Элдэв зүйлээр оролдож, тунгаан бодох нас. Өнгөрсөн одоогийн юунд ч хязгаарлагдахгүй, юунд ч баригдахгүй. Зөвхөн ирээдүй л чухал. Энэ бүхний нийлбэр л оюутан насны гэрийн даалгавар.

Оюутан насандаа гэрийн даалгавраа хийлгүй амьдралд ороод ирсэн бол асуудал өөрөөр яригдана...Хийж бүтээх үедээ буцаад алдаатай алдаагүй гэрийн даалгавартайгаа зууралдаад сууж харин болохгүй.

Thursday, September 8, 2011

Clubbing in Mongolia

BRIX-д ажлын өдөр ч амралтын өдөр ч залуус дүүрэн. UB-ийн арай үнэтэй энэ газар цугласан залуус гайгүй хувцастай, өөртөө итгэлтэй. Club-ийн байдаг л дүр төрх: Залуус өөр өөрийнхөөрөө хөгжилдөцгөөнө. Гартаа юмтай, юмгүй...зогсоно, сууна, бүжиглэнэ...энэ аян дээр хэн яг юу хийхээ мэднэ.Бүгд дараагийн аянд ч бэлэн...

Эд бол азтай залуус. Онцгой цаг үед залуу нас нь таарсан болохоор тэр. Өөр аль ч generation-д тохиогоогүй маш том боломж өмнө нь байна. Нүргээ нь яг л өсгөгчийн дэргэд зогсож буй мэт мэдрэгдэж эхэлж байна. Харин залуус бэлэн үү? Өөртөө итгэлтэй юу? Гарт нь юу байна? Зогсож байна уу, сууж байна уу? Хэн яг юу хийхээ мэдэх үү? Хөгжим явж эхлэхэд ямар хөдөлгөөн хийх вэ?

Bloomberg, FT, WSJ -ээр зарлаад байгаа тэр л хөгжим явж эхлэхэд...Гэхдээ энэ аяны нэг онцлог гэвэл залуус хэр сайн хөдөлнө, хөгжим тийм хэмнэл эрч хүчтэй явна. DJ нь бүжиглэж байгаа залуусыг харж хэмнэлээ тааруулах болохор тэр.

Манжийн эрхшээлд байсан 200 гаран жил, Оросын коммунист намаар бодлогоо тодорхойлуулдаг байсан 70 аад жилд энэ боломжийг ачаад явчихаж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Тийм болохоор энэ бол онцгой цаг үе. Хэзээ ч биш, зөвхөн энэ цаг үед л нээгдэж буй том боломж. Хөлсөө асгартал бүжиглэх үе.

Харин зарласан хөгжим дуусахад юу болохыг хэн ч мэдэхгүй.Дараагийн ая ямар байх нь зөвхөн энэ аян дээр хэр бүжиглэснээс шалтгаалах болохоор тэр. Залуус бэлэн үү? Энэ аян дээр юу хийх вэ? Дараагийн аяыг ямар байлгах вэ? Дэлхийн бусад хүмүүс ч чиний хөдөлгөөнийг анхааралтай ажиглан энэ аян дээр л юу хийхээ бодоцгоож байна. Хөгжмийн хэмнэл аль хэдийн яваад эхэлсэн. Цаг маш бага байна...

Оюутнууд ба Японы ирээдүй

Shibuya. Оройн 9 цаг. Хөл хөдөлгөөн дүүрэн. Tokyo Drift, Lost in Translation-ы зарим scene дээр гардаг дүр төрх: анивчин солигдох рекламны гэрлүүд, дэлгүүрүүдийн хөгжим, зочин хайсан уушийн газрын ажилчдын орилох чанга дуу...Гэхдээ тэнд буцалж буй мэт эрч хүчийг мэдрүүлэх хамгийн гол зүйл нь сүүлийн загвараар гоён өөртөө итгэлтэй алхах залуус. Хажуугаар холхих мянга мянган хүний дунд зогсоод тал тал тийш хараад нэг үзээрэй...

Shibuya-д алхахад Япон эрч хүчээр дүүрэн залуусын орон мэт санагдана. Хүүхэд цөөрөөд, хөгшчүүл нь ихсээд, өсөлт нь удаашраад зах зээл нь агшиж, үйлдвэрүүд нь ч бизнесүүд ч гадагш гарах болсон хөгжлийнхөө оргилоос бууж яваа хөгшин орон гэсэн сэтгэгдэл яагаад ч төрөхгүй. Хаашаа л харна бөөн эрч хүч.

Энэ их эрч хүч их сургуулиудын кампуст ч бас байдаг байсан бол Япон орон ирээдүйнхээ талаар санаа зовох зүйлгүй байх байсан байх.

Гэтэл 127 сая хүнтэй энэ орны сор нь болсон оюутан залуусаас өндөр хүсэл тэмүүлэл, эрч хүчийг олж харах хэцүү. Лекц дээрээ унтана, хичээл дээрээ идэвхигүй. Цагийн ажил, клуб дугуйлангаар ихэнх цагаа нөхцөөнө. Мэдээж ийм зүйлсээс ч сурах зүйл бий л дээ. Гэхдээ хамгийн гол нь ирээдүйд том амбиц байхгүй. Төгсөөд аль нэг байр сууриа олсон тогтвортой том компанид ороод тэндээ насыг барах л ирээдүйн зорилго нь гэлтэй. Тэгээд тэр газраа олох гэж ид гялалздаг оюутан насныхаа бараг л бүтэн 1 жилийг зарцуулна.

Японы том фирмүүд хэдэн арав, зуун мянган ажилчинтай нүсэр пирамид бас efficient bureaucracy.
Тэд хүнийг яг л цагийн хуваарьтай ажлын машин болгоно. Төгс робот болгон хувиргахад амбицгүй оюутнууд ч яг тохирдог. Хэлсэн зүйлсийг яг таг ном ёсоор нь гүйцэтгэдэг, хийх зүйлээ боловсруулах чадварууд хэр байна гэх мэт роботод хэрэгтэй чадваруудыг нь шалгаж байгаад авчихна. Тэгээд сургана, тэгээд л ажилдаа...Ихэнх хүний хувьд пирамидын дороос эхлээд талд нь очоогүй байхад амьдрал нь дуусаа.

Эдгээр том фирмүүд улсынхаа эдийн засгаа хөдөлгөгч гол хөдөлгүүр нь болсоор ирсэн л дээ. Гэхдээ тэд дэлхийг өөрчлөгч innovator гэхээсээ илүү нэг зүйлийг удаан нухацтай, нямбай хийдэг Япон хүний чанарын илрэл болж цаг хугацааны явцад тус тусын салбартаа дэлхийд тэргүүлэгчид болж гарч ирсэн байх нь олон. Та бидний сайн мэдэх үйлдвэрлэгчид Toyota, Sony...бүгд л тийм. Үйлчилгээний салбарт ч төстэй зүйл ажиглагдана. Lehman shock-оос үүдэлтэй хямралд Японы санхүүгийн байгууллагууд харьцангуй бага хохирол амссан нь ч санамсаргүй тохиолдол биш...

Харин одоо эдгээр фирмүүд ирээдүйд өрсөлдөх чадвартаа санаа зовцгоож байна. Дэлхийд тэргүүлэх байр сууриа ч түрүүчээсээ алдаж эхлээд байна. Япон улс ирээдүйдээ санаа зовж байна. Энэ нь заавал муу гэсэн үг биш л дээ. Сул талаа олж харан шийдэх аргыг хайж буй нь сайн хэрэг.

Гэхдээ гарах гарц харагдахгүй л байна. Их сургуулиудын кампуст байдаг эрч хүчийг сэлбэхгүйгээр...