Saturday, September 10, 2011

Оюутны гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд дээр нэг их мундагтаа ч биш, оюутан болохоороо л иймэрхүү мундаг сэдвүүдийг барьж авсан нь тэр.

Оюутан байхад л юунд ч хязгаарлагдахгүй ингэж дураараа загнаж болох болохоор тэр. Оюутан байхад мэдэхгүй ч байж болно. Угаасаа сурах нас болохоор. Чадахгүй, хийгээгүй байж болно. Үүнээс цааш хийх болохоор. Алдаа хийж ч болно. Угаасаа алдаад байх их зүйл байхгүй болохоор. Арзайсан үстэй ч байж болно, уранхай хувцастай ч байж болно... Ер нь мэдэхгүй, чадахгүй, байхгүй юмны чинь төлөө хэн ч чамайг гоочлохгүй. Ганц хүсэл тэмүүлэлээр дүүрэн байхад л хангалттай. Бусад хүн л тоож сонсож байвал юунд ч баригдахгүйгээр бодсоноо хэлж, боломж л олдож байвал хүссэнээ хийж болдог нас.

Харин нэгэнт амьдрал дээр гарсан бол асуудал өөр. Харагдах өнцөг өөр болно, үнэлүүлэх үнэлэмж өөрчлөгдөнө. Нийгэмдээ хэр их зүйл бүтээж, ямар хувь нэмэр оруулж буйгаараа ярих зүйлийнх нь цар хүрээ хязгаарлагдаад явчихна. Хэлэх зүйл, хийх үйлдлээс хүлээгдэх expectation өндөр, энэ бүхнийхээ төлөө хүлээх хариуцлага ч өндөр. Хийж чадахгүй байж хэрээсээ хэтэрсэн зүйлийн талаар ярьвал хүлээж авахгүй. Авдаг цалин, өмсдөг хувцсaaрaa дүгнэгдээд эхэлнэ. Алдаа гаргавал алдах зүйл их. Элдэв зүйл бодоод сууж байдаг цаг зав ч багасаад ирэх биз...Ер нь тэгээд ч ярих биш шийдэж хэрэгжүүлдэг үе.

Иймээс нэгэнт ажил дээр гарчихаар хийж болдоггүй зүйлсийг амжуулж, туршиж хийдэг нас бол оюутан нас. Энэ үе бол онол л цээжилж оюунаа сорих үе ч биш, ажилд ороход л өөрийгөө бэлтгэх шат ч биш. Эдгээр нь оюутан үеийн зорилго биш, зөвхөн нэг л хэсэг нь. Харин амьдралын талаар төсөөлж өөрийгөө тэлэх үе бол оюутан нас. Орчлон ертөнцийг, өөрийгөө таньж мэдэх нас. Элдэв зүйлээр оролдож, тунгаан бодох нас. Өнгөрсөн одоогийн юунд ч хязгаарлагдахгүй, юунд ч баригдахгүй. Зөвхөн ирээдүй л чухал. Энэ бүхний нийлбэр л оюутан насны гэрийн даалгавар.

Оюутан насандаа гэрийн даалгавраа хийлгүй амьдралд ороод ирсэн бол асуудал өөрөөр яригдана...Хийж бүтээх үедээ буцаад алдаатай алдаагүй гэрийн даалгавартайгаа зууралдаад сууж харин болохгүй.

No comments: