Friday, November 2, 2012

Ikkyousai (кампус фестиваль)


Япон дахь оюутны амьдралын 1 том event нь кампус фестиваль буюу Япон маягийн мини-наадам. Энэ үеэр хичээл амарч, оюутнууд хичээлээс гадуур хийдэг клуб, дугуйлангаараа нийлэн
 урлагийн үзүүлбэр, миссийн тэмцээн, төрөл бүрийн хоол хийх гэх мэт олон үйл ажиллагаа зохиодог. Сургуулийн ойр хавийн оршин суугчид болон гаднаас олон хүн ирж сонирхдог болохоор  кампус дахь уур амьсгал жирийн үеийнхээсээ нэлээн өөр болсон байдаг. Сургуулийн маань фестиваль өнөөдрөөс эхэлж 3 өдөр үргэлжилж, ойролцоогоор 200, 000 хүн ирэх байх. Энэ жил ч Монгол оюутнуудаараа нийлж үндэсний хоолоо хийж зарна. Өмнөх жилүүдэд олсон ашгаа сайн үйлст хандивлаж байсан gogo.mn  мэдээн дээр гарч:

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
"Бид Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" Төрийн Бус Байгууллагын (ТББ) хандивын үйл ажиллагааны тухай мэдээлж байсан билээ.

Дэлхий даяар оршин сууж буй Монгол залуусын санаачлагаар байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд орон зайн сургалтын талбайг байгуулж, Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ- ийн Сэхээн амьдруулах тасагт 3 монитор бэлэглэх зэрэг сайн санааны ажлыг зохион байгуулсан билээ. Харин энэ удаа тус ТББ-аас ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт дутагдаж буй тоног төхөөрөмжийг авч өгөх хандивын ажлыг 10 сарын 20-оос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 1 сар хүрэхгүй хугацаанд 3.892.200 төгрөг болон 361 ам.доллар цугларжээ.

Залуусын зориг санаачлагаар хийгдэж буй зуу зуун нялхасын амь насыг аврах энэхүү үйлсийг дэмжин дэлхийн олон оронд сууж буй хувь хүн болон хамт олон хандив өргөжээ. Тэдний нэг нь Япон улсын Хитоцубаши Их Сургуулийн оюутан залуус юм. 11-р сарын 4-өөс 6-ны өдрүүдэд болсон "Иккёосай" хэмээх наадамд тус сургуулийн болон Япон улсад ажиллаж амьдарч буй 30 гаруй залуус маань Монгол үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын дор хамтран ажиллажээ. Тэд энэ наадмын үеэр Монгол үндэсний хоол болох хуушуураа хийж худалдан, олсон ашиг болох 120.000 иен буюу 2 сая төгрөгийг хандивласан байна. Дашрамд дурдахад Хитоцубаши Их Сургуулийн залуус өнгөрсөн онд ч гэсэн цаг заваа харамгүй гарган оролцож 100.000 иенийг хандивлан, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын ЭХЭМҮТ Сэхээн амьдруулах тасагт монитор авах үйлсэд ихээхэн хувь нэмэр болсон билээ.

Ийнхүү сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр тус ТББ-ын зохион байгуулж буй 3 дахь удаагийн хандивын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч энэхүү төслийн эхний шат болох 25.6 сая төгрөгийн өртөг бүхий ХБНГУ-ийн Draeger фирмийн инкубаторын хөрөнгийг босгоход ойролцоогоор 21 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. 

Тиймээс уншигч Та бүхнийг ч гэсэн Монгол нялхасын эрүүл мэндийг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд нэгдэн, өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Хандивыг Голомт Банкны 1105039384 тоот данс, мөн тус ТББ-ын вэб хаяг болох www.saveinfants.mn -ийн Paypal-аар хүлээн авч байгаа ажээ. Мөн төсөл болон хандивын явцын талаар Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ийн www.facebook.com/saveinfantswww.saveinfants.mn хаягуудаар тогтмол мэдээлж байгаа юм байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай! "
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

source:  www.gogo.mn