Friday, July 21, 2023

Амьдрал энгийн

3 жилийн өмнө сэхээний тасагт хэвтэж байж. Нэг дуу сонсоод нулимс урссан...

Өчигдөр зүв зүгээ инээгээд явж байснаа гэнэт л "үхэх үү, сэхэх үү" зааг дээр ирэхэд "ертөнц хөмрөх" шиг л итгэж чадахгүй зүйл болсон. Амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөө, аз жаргалын тухай ойлголтууд ямар хийсвэр зүйл болох нь тод харагдсан санагдана. Амьдрал гэдэг ямар энгийн зүйл болох, хүмүүс бид өөрсдөө ямар төвөгтэй болгоод зовж шаналаад явдаг нь ч ойлгогдоно. Ямартаа ч "эргээд сэрэхгүй байсан ч гомдолгүй" гээд мэс заслын өрөөнд орох тэр үед хэцүү хүнд мөчүүд хүртэл ямар гоё сайхан, амьсгалах хором бүр үнэ цэнэтэйг мэдэрнэ. Үүнээс хойш түнэр харанхуй боллоо ч хүн болж төрсөн хувь тавилан, нарт ертөнцөд өнгөрүүлсэн амьдралдаа талархаж, "би азтай хүн" гэж бодоод наркозны орон дээр нүдээ аниснаа санаж байна. Чадвартай эмч нарын ачаар, азаар эргээд сэрсэн. Амьдрал мөн чанартаа эцэг эхээс заясан энэ алд биенд "мөч бүрэн мөр бүтэн", "нойр хоолондоо сайн" бол тэгээд алтан дэлхийн зүг бүр сайн, гэрэлт наран мандах өдөр бүр билэгшээлтэй билээ. 

Мэс засал амжилттай болсон, биеийн байдал ч тогтворжиж, радиогоор энэ дуу явж байсан. Сонсоод нулимс урсаж байв. Амьдрал мөн чанартаа маш энгийн.