Saturday, August 4, 2012

Олимп ба Монгол хүн


Олимп гэж сайхан шүү. Хүний тэсвэр тэвчээр, бие бялдар хэр өндөр түвшинд хүрч болдгийг дэлхийн шилдгүүдээс харах 4 жилд 1 тохиох боломж. Тэгээд мэдээж хамгийн сайхан нь өөрийн тамирчдаа хөгжөөн дэмжих. Баярлах хөөрөх, сандарч догдлох, уурлаж бухимдах хожил хожигдлын агшнууд...

Олимп ба SNS:

Лондон 2012-ийн нэг гол онцлог нь яалт ч үгүй SNS байна. 2008 онд Facebook, Twitter-ээр ингэж хүчтэй Олимп яригдаж байгаагүй санагдаж байна. Ерөнхийдөө гэртээ эсвэл хаа нэгэн кафе, паб-д гэр бүл, найзуудтайгаа ТВ-ийн тайлбарлагчийг сонсоод л үздэг байсан. Харин одоо тамирчид маань яаж байгааг Twitter, Facebook-ийн wall дээрээс шууд мэдэж болохоор болж. Гадаадад Монголчуудтайгаа нийлж үзэх боломж бага хүмүүсийн хувьд л ингэж нэт-ээр мэдээлэл солилцож байна уу гэхээр, Монголд байгаа хүмүүс ч мөн ялгаагүй секүнд секүндээр нь үйл явдлыг мэдээлж байна. 

Монголчууд ба гадаадууд:

Монголчууд Олимпод хэр их сонирхол хандуулдгийг энэ жил л анх мэдэрлээ. Twitter, Facebook-ийн пост-уудаас ажиглагдсан нэг зүйл гэвэл Олимпод хандаж байгаа гадаадууд, Монголчуудын сонирхлын ялгаа. Нээлтээс хойш 7 хоноход Монголчууд маш идэвхитэй Олимпийн талаар ярилцаж байхад, таньдаг 1 ч гадаад найз маань тэмцээн уралдааны талаар пост хийсэнгүй. Уул нь миний таньдаг гадаад, Монгол алиных нь дотор ч мэргэжлийн тамирчин хүн байхгүй, ихэнх нь над шиг л оюутан эсвэл саяхан төгсөөд ажиллаж байгаа жирийн хүмүүс. Миний таньдаг хүмүүс л идэвхитэй байгаад байна уу гэтэл Олимпийн tweet дээр монголчууд дэлхийд тэргүүлж байна... 

Бодит амьдрал дээр ч төстэй зүйл ажиглалаа. Өмнөх Олимпуудаар үргэлж Монголд байсан болохоор Олимп хүн бүрийн ярианы сэдэв болж, суваг болгон дээр гарах нь хэвийн зүйл гэж боддог байв. Улс дотроо байхдаа мэддэггүй зарим зүйлийг гарч байж л ойлгох анзаарах тохиолдол байдаг. Японд Олимпод тэгж массаараа хүчтэй анхаарал хандуулдаггүй юм байна. Хүнтэй уулзахад Олимп бараг л ярианы сэдэв болохгүй, train-ий дэлгэцээр Олимпийн мэдээ гарч байхад зорчигчид утсаараа оролдоод л сууж байдаг. Утсан дээрээ Олимп үзэж байна уу гээд харахаар тийм биш. Саяхан сэлэлтийн багш маань хүртэл 17 настай Японы ахлах сургуулийн сурагч Фелпсийн урд орж медаль авч гэхэд огт мэдэхгүй гайхшруулж байв... 

Дээр олон улсын математикийн олимпиадийн үеэр ч бас төстэй зүйл ажиглагдсан. Гадаад найзууд чимээгүй, харин Монгол найзууд бүгд мэдээд ярьж байв. Twitter дээр 100 хүрэхгүй хүн дагадаг, Facebook дээр ч цөөхөн найзтай болохоор миний sample бүтэн улсуудыг төлөөлүүлж дүгнэхэд хангалттай биш байх л даа. Арай олон sample-тэй хүмүүс надтай ойролцоо зүйл хэр ажигласан бол?

Амжилтын нууц:

Гадаадуудыг байя гэхэд ямар ч байсан Монголд спорт, тооны хичээлийг чухал гэж үзээд, нийтээрээ их анхаарал хандуулдаг соёл байдаг гэдгийг бүгд мэдэх байх. Манайхан ч 3 сая хүрэхгүй хүнтэй, санхүүгийн боломж муутай хэрнээ спорт, мат-ийн уралдаанд хэдэн зуун сая хүнтэй, дэлхийд тэргүүлэх баян орнуудын сайн хангамжтай хүмүүстэй өрсөлдөж, амжилт гаргаж чадаж байна. Гэхдээ үүний гол шалтгаан нь Монгол хүний онцгой чадвар гэхээсээ спорт, мат-ийг нийтээрээ үнэлж, чухал гэж үздэг соёл гэж би боддог юм.

Гол шалтгаан нь соёл гэхээр санал нийлэхгүй хүн гарах байх. Уул нь Монгол хүн тусгай чадвартай байгаасай гэж боддог л юм. Гэхдээ яагаад гэдгийг өөр өнцгөөс харвал Монгол хүний онцгой чадвар нь юу вэ гэдгийг арай ойлгомжтой тайлбарлаж болох юм шиг санагдаж байна. Доорхи 2 жишээг тайлбартаа ашиглая.

Мат-ийн хувьд амжилт гаргадаг орнууд нь заавал мөнгөний боломж, хүний тоо гэхээсээ Мат-ийг дунд сургуулиасаа нийтээрээ бараг л  шашин шиг шүтдэг хуучин Оросыг дагадаг орнууд, эсвэл хичээл их хийдэг соёлтой Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд байдаг. Харин олон хүнтэй, мөнгөтэй жишээ нь Англид тоонд сайн байх нь тийм ч cool зүйл биш болохоор мат-ийг сонирхож хичээллэх хүн харьцангуй цөөн, үр дүнд нь IMO-д ч харьцангуй өндөр амжилт гаргадаггүй гэгддэг. 

 Спортын хувьд, жишээ нь үндэсний бөхийг аваад үзье. Монголд нэг аймгийн, нэг сумын, бүр нэг голоос 3 аварга төрсөн сонин тохиолдол байдаг.  Үнэхээр тэр голын залуус бөхийн онцгой авъяастай юу гээд сонирхоод үзсэн юм. Тэгтэл, тэр нутагт нэг алдартай сүм байдаг ба олон лам банди нар цуглаж, ноцолдож өсдөг байж. Энэ нь тэр нутагт бөх дэлгэрэх суурь нь болж, улмаар аймагтаа, цаашлаад улсад том амжилт гаргасан бөхчүүдийг төрүүлсэн юм билээ. Харин сүүлийн үед бөх хөгжөөд, Наадамын бөхчүүд Улаанбаатарт бүтэн жил тасралтгүй бэлтгэл хийдэг болоод ирэхэд улсын цолтой бөх ч тэр нутгаас дахиж төрсөнгүй. 3 аварга төрсөн нутгийн хүүхдүүдэд байсан бөхийн онцгой чанар гэнэт алга болсон уу..? Сагсны хувьд ч Америк яагаад хүчтэй вэ, Сүмод Япончууд яагаад муу вэ гэдэгт иймэрхүү тайлбар хийж болно.

Аливаа улс, нутагт спорт ч бай, тоо ч бай, тухайн зүйлийг хэр олон хүн чухал гэж үзэж, сонирхож байгаа нь хөгжлийнх нь түвшинд нөлөөлж, сайн эсвэл муу байхад гол үүрэг үзүүлдэг бололтой.

 Монголчуудын жинхэнэ онцгой чадвар ба тэрийг хэрхэн ашиглах:

 Тэгэхээр Мат, Олимпийн жишээнээс харахад Монголчуудын жинхэнэ онцгой чадвар Тоо ч бай, спорт ч бай, "чухал гэж нийтээрээ сонирхож үзсэн зүйлийг хийж, ялагч байх дуртай, байж чаддаг" чадвар юм уу? Магадгүй эзэнт гүрний үед сайн байлдах нь нийгэмд өндөр үнэлэгдэж, хүн бүр шагшин магтдаг байсан болохоор олон сайн баатрууд төрж, жишээ нь байшин барьж тариа тарихыг үнэлдэг соёлтой улсуудыг эзэлж, дэлхийн түүхийг бичсэн юм болов уу? 

Ямартаа ч спортод хайртай, дунд сургуульд математикийг cool гэж үздэг соёл нь нөлөөлж цөөхүүлээ, санхүүгийн боломж муутай хэдий ч дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа нь бахархалтай хэрэг. Тиймээс Монголчууд спорт, мат-ийг үнэлдэг шигээ ажил хөдөлмөрийг чухалчилдаг нийгмийн үнэлэмжтэй болчихвол Монгол хүн бүр сайхан амьдрах цаг хол биш.

------------------
Харин одоо тийм байна уу гэвэл, үгүй. Монголчууд залхуу гэдгийг Монгол хүн бүр хүлээн зөвшөөрөх байх...Олимпийн жишээн дээрээс л харъя. Аль ч зүйлийг 2 талаас нь харж болдгийн адил спорт сонирхох ч бас сайн муу талтай. Сайныг нь дээр ярьсан, үр дүнг нь бид харж байна. Баярлаж, бахархаж байна. Харин нөгөө талаас нь харвал, спорт хэт их сонирхоод ажил хийхгүй байна гэж бас тайлбарлаж болно. Жишээ нь, 3 сая хүрэхгүй хүн 300 сая хүнтэй интернетийн эх орныг давж жиргэж байна гэдэг 
1 хүнд ноогдох медалиар 1-т бичигдлээ ч, 
1 жиргээнд ноогдох мэдалиар хамгийн сүүлд,
1 медальд ноогдох эдийн засгийн  ашигтай үйл ажиллагааны цагаар хамгийн сүүлд бичигдэнэ гэсэн үг үү?
 --------------------

Малчин ч бай, бизнесмен ч бай амжилттай хүмүүсийг харж байхад нийтлэг нэг зүйл нь хэн нэгэнд (жишээ нь төрд) өөрийгөө найддаггүй, гайхалтай хөдөлмөрч хүмүүс байдаг. Хэрвээ хөдөлмөрч байх нь дунд сургуульд мат чаддаг, олимпод медаль авдаг шиг cool зүйл гэсэн нийгмийн үнэлэмжтэй болчихвол "Нийтээрээ үнэлдэг юмыг хийж, ялагч байх дуртай, байж ч чаддаг" Монгол хүний онцгой чадвараа ашиглаж Монголчууд улсаараа сайхан амьдрах болно.

Ингэж их нуршаад юу хэлэх гэсэн бэ гэвэл, Олимп үзэхээ болиод ажлаа хий гэх гээгүй л дээ, хэхэ. Давуу сул талын аль алинаа мэдэж байх нь сул талаа нөхөж, давуу талаа хөгжүүлж, цаашид өсөхөд хэрэг болох байх гэдэг үүднээс л өөрийн бодлоо бичлээ.

No comments: