Wednesday, June 27, 2007

ЭХЛЭЛ

...Дэрний хажууд утасны сэрүүлэг дуугарч нэгэн шинэ өглөө эхэлнэ.
Шүршүүрт орж нойроо сэргээгээд цүнхээ үүрэн гэрээс гарахад нар аль хэдийн дээр гарчээ. Би л хамгийн сүүлд боссон юм уу гэлтэй гадаа хөл хөдөлгөөн дүүрэн.

Эхний цагт яг амжиж аваачдаг 8:12 -ын метронд суухдаа үүргэвчээ хөлөн дороо буулгахгүй бол багтах аргагүй. Албаны хувцасласан Япон ажилчдаар дүүрсэн өглөөний метронд төмөр дугуй рельстэй хавиралдах чимээ, буудлуудын нэрийг зарлах announcer-ийн найрсаг хоолойг эс тооцвол нам гүм. Эргэн тойронд зогсох хүмүүс бүгд нэг нэг бариулаас зүүгдэн нүдээ анин бодлогоширон зогсоцгоох нь анхаарлаа төвлөрүүлэн ямар нэг том зүйлд бэлдэж буй мэт харагдана. Магадгүй энэ өдөр л амьдралынх хамгийн чухал өдөр байх гэмээр. Буух буудалдаа ирэн галт тэрэгний хаалга нээгдэхэд үерийн ус мэт хүний их урсгал түрэн гарч, ажилтай нь офис ,хичээлтэй нь сургуулийн зүг яаран алхана. Тэдний дунд алхах цагаан пүүзэн дээр цэнхэр жинс юүдэнтэй цамц өмссөн нүдний шилтэй залуу бол би...

...Лекцийн танхимд хэзээ ч хэн ч суудаггүй эхний 2 эгнээ хоосон хэвээрээ.Эргэн тойронд,ялангуяа хойд талын эгнээгээр өглөө дутуу сэрсэн зарим оюутнуудын унтлагын цаг үргэлжилнэ. 400 оюутанд лекц орж буй багшид хэн юу хийж байгаа нь хамаагүй гэсэн шиг слайдаа эргүүлэн цааш ярина. Нэг нэг электрон толь барин урдуур бөөгнөрөн суух хэлэндээ тааруу гадаад оюутнууд харваас андашгүй . Тэдний нэг нь би...

Хичээл бүр дээр явагдах сорилууд, хааяа тавих илтгэл, номын санд хийх бие даалтууд, бас хүлээн авалт , партинууд гээд шинэхэн оюутны амьдралдаа дасах явцад цаг хугацаа өнгөрөх нь юунаас ч илүү хурдан...Энэ хооронд А-аас Я үсгээр илэрхийлэгдэх сайн, заримдаа муу ч бодлууд, үгээр ч илэрхийлэгдэхгүй төсөөллүүд цаг үргэлж урган гарна. Магадгүй зарим нь үзсэн ,уншсан ,сонссон зүйлүүд дээр тулгуурлагдан гарч ирдэг байх. Зарим нь хаанаасаа ч гараад ирдэг юм өөрөө ч таашгүй.

Тэр бүх бодлуудаа эвлүүлэн эмхэтгээд Та бүхэнтэй хуваалцахыг хүссэн тул блог болгон эхний бичлэгээрээ мэндчилж буй нь энэ. Үүнээс хойш миний блогт саатах уншигч Таны , мөн өөрийн цагийг гарздахааргүй бичлэгүүд оруулж байхыг хичээнээ.

3 comments:

Boldo said...

Goy taniltsuulga boljee.
Chamd er ni uran zohioliin aviyas baih shig bna shuu. Za tegeed urgeljluuleed baigaarai !!!

tesatory said...

shuud l oyutnii amidral nudend haragddag baishdee, lag bichjee

zoloo said...

hi ehlel saihan boljee nziinhaa student life iig unshaad nice bna aa uul n ih untaagul yum bna da end bsnaa bodul te he he bicheed bgaarai