Tuesday, April 22, 2008

OKWAve

Бизнес эрхлэгчид ирж туршлагаасаа хуваалцдаг нэгэн хичээлийн өнөөдрийн лекцийн тэмдэглэлээ хуваалцья гэж бодлоо.Солонгос гаралтай , Японд өссөн Канемото менежер одоо нэгэн портал сайт ажиллуулдаг компаний захирал бөгөөд нэлээд онцлог хүн шиг санагдсан. Түүний яриа миний сонсож байсан хамгийн сэтгэл хөдөлгөм илтгэлүүдийн нэг байлаа. 41 настай тэрбээр хараахан бусдад ном айлдчихаар байр сууринд хүрээгүй тул та бүхэнд өдийг хүртэл туулсан зам, өөрт тохиолдсон алдаа онооныхоо талаар л ярьж өгье хэмээн илтгэлээ эхэлсэн юм.

Японд төрж өссөн хэдий ч Солонгос гаралтайгаасаа болж бага сургуульд байхаасаа л гадуурхагдах асуудалтай тулгарсан менежерийн маань амьдралын түүх их сонин. Багш ,эцэг эхтэйгээ энэ талаар ярилцаж чадалгүй тувт дарамтанд байн, стресст орсноор эрүүл мэндийн байдал нь дордож ,ахлах сургуульд байх үедээ хэвтэрт ортлоо бие нь муудсан гэнэ. Хэвтэж байхдаа цаасаар элдэв урлал хийн, улмаар дизайн сонирхдог болон , цаашдаа их сургуульд universal design суралцах болжээ .

Бусад хүнтэй адил эрүүл саруул биш ,нийгэмд гадуурхагдан , дарамтан дунд амьдарч байсан тул үхсэн ч яахав хэмээн бодож байсан үе ч гарч байсан ч , хий дэмий шаналж байхаар "бусдын төлөө" гэсэн сэтгэлээр ямар нэгэн зүйл хийе хэмээн шийдэж ,суралцахын хажуугаар мэргэжилтэйгээ холбоотой сайн дурын ажил хийж эхэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн уг ажлаа ажилд орсон хойно ч үргэлжлүүлж байжээ. Биейин байдал нь ч дээрдэж , хувийн амьдрал зохион, ажил төрөл дээрээ ч нэр хүнд олоод овоо нэг ирээдүйг өөдрөгөөр харж эхэллээ гэсэн чинь ганц чухал зүйлээ мартсан байжээ. Мөнгө олдоггүй хэрнээ завгүй ажил нь эхнэрт нь хэтэрхий хүндэдсэн ачааг үүрүүлсэнд хадамууд нь ч дургүйцэж , гэр бүл нь салсан гэнэ.

Хийсэн ажил нь эдийн засгийн үр ашиггүйн улмаас олигтой үр дүнгүй,ойлгож хамтрах хүн ч үгүй, хажуудах хань ч холдон явсанд мань эр нэлээд гутран , нийтийн парк, цэцэрлэгт хоног төөрүүлж ,homeless амьдралаар өдөр хоногийг өнгөрөөн ,бор дарс хүртэх болсон байна. Жишээ болгоод магтаад ярьчих намтар шиг сонсогдохгүй байж магад ч үнэхээр энэ хүний хийсэн бүтээсэн, ярьж буйг сонсохоор сонирхолтой санагдсан юм.Нэг "азтай" зүйл гэвэл Just in time хараахан дэлгэрээгүй тэр үеийн Японд үлдэгдэл хоол, сайн чанарын архи ч үнэгүй олдчихож байсан тул "санаа амар" ингэж нэг хэсэг явсан юм байх.

Бүр нэг азтай ч гэмээр зүйл гэвэл тэрээр ингэж явахдаа амьдрах өртгөө хэмнэх гэж мөн нийтийн цэцэрлэгт хоног төөрүүлдэг нэгэн Хятад оюутантай таарссан явдал байжээ. Канемото захирал эрдэм сурах л чин хүсэл нь болсон тэр оюутан дайны нуранги, үнсэн дотроос дэлхийд хүчирхэг эдийн засгийг бүтээсэн Японы туршлагаас суралцан , мэдсэн сурснаа хүнд хэцүү амьдралтай ард түмэн, эх орондоо аваачихыг зорин хэрхэн хичээж байгааг хараад, бусдын зорин байж ирдэг тэрхүү боломж, баялаг, туршлагаар бялхсан оронд өөрөө амьдарч байж шалихгүй асуудлаас болж ингэж шалдаа бууж буйдаа ичин амьдралаа шинээр эхэлжээ.

Миний мэдлэг мэргэжил хамаа байхгүй, ямар ч ажил, юу ч байсан хамаагүй хийе хэмээн ажил хайн, вэб сайт хийдэг компанид ажилд оржээ.Энэ талаар мэдлэг нимгэн тул интернетээр зааж туслах хүн хайсан ч олдоогүйд гайхжээ. Сая сая хүмүүсийг нэгтгэдэг интернетэд бусдад мэдэхгүй зүйлийг нь хэлээд өгчихдөг сайт хийчихвэл , эртнээс тээж явсан "бусдын төлөө" хийсэн ажил, бүр маш олон хүний төлөө хийсэн ажил нь тэр болох биш үү гэсэн идея орж иржээ.

Энэ удаад үнэхээр биелүүлье гэсэн чин хүсэлтэйгээр эргэлт буцалтгүй зорилгоо тодорхойлсон байсан тул урьдын л адил тулгарч байсан бэрхшээлүүдийг шантралгүй явсаар ямар нэг аргаар туулсан гэнэ. Чин хүслээ олчихоод, биелүүлэхээр тэмцэж байх үед бууж өгвөл тэр харин алдаа , бусад үед хэзээд амжилт рүү хүрэх нэг алхам байдаг гэдэг дүгнэлтэнд хүртлээ ийм зам туулсан ба яг одооноос түүний гараа эхэлж байгаа юм байх. Амьдрал 40 тэй эхэлнээ гэж...

Сард 10 сая хандалттай ,Японы хамгийн анхны, хамгийн том асуулт хариултын(FAQ) вэб сайт http://okwave.jp/ түүнийг ажиллуулдаг ОKWave компани ингэж бүтсэн түүхтэй.

ps:
Сая 3 сард Microsoft ОКWave-ийн 10% ийн хувьцааг худалдаж авсан нь FAQ вэб сайт ашиглагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой .
Google ,Yahoo компаниуд ч Q&A салбарт анхаарлаа хандуулаад эхэлчихсэн сурагтай. OKWave Microsoft-той хамтарснаар MSN Q&A,
KDDI тэй хамтарснаар AU-ээр дамжуулан OKWave ийн мэдээллийн санд нэвтрэх боломжтой болсон гэнэ.

4 comments:

Anonymous said...

сонин л намтартай хүн байна

Finix said...

一橋 deer bas lekc unshdag um shig bna lee, suugaad uzeerei

gegeen said...

bi bas iimerhuu tuuh ih tsugluuldag

Anonymous said...

Thanks.uneheer ih taalagdlaa