Thursday, June 12, 2008

Seminar

Өчигдөр өглөөний бороог эс тооцвол,ойрд нар гийгээд, борооны улирал эхэлсэн шинж ер нь алга. Дандаа иймэрхүү байдаг бол борооны улиралд хамгийн дуртай болчихоор л байна. Нар мишээсэн энэ хэдэн өдрүүдэд земи сонголт эхэлчихээд 2-ынхны хүрээнд аль багшийн земи "гоё" вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болов.

Земи буюу цөөн хүнтэй ангид (ойролцоогоор 10-15) явагддаг семинарын хичээл нь Японы их сургуулийн сургалтын системийн(нийгмийн ухаан) нэг гол онцлог гэж хэлж болно.Оюутнууд мэргэжлийнхээ онолыг гүнзгий судлахаас гадна багаар ажиллах чадвар, илтгэх чадвар, бичгийн чадвар зэргийг земи-гээс олж авдаг ба ямар земи-д юу хийсэн нь төгсөөд ажилд ороход ч, цааш сурахад ч үзсэн хичээлүүд дотроос нь хамгийн их нөлөөтэй байдаг. Элсэх үед нь л мэргэших салбар нь факультет, тэнхимээрээ тодорхой болчихсон байдаг ч мэргэжлээсээ өөр земи сонгох боломжтой байдаг тул семинар нь оюутнуудад илүү өргөн боломжийг олгодог.

Ерөнхийдөө 3 дугаар курстээ ороод үндсэн земи-нь эхэлдэг ч зарим сургуулийн бизнесийн факультетүүд basic seminar хэлбэртэй арай эрт эхлэх явдал байдаг. Оюутнууд эхний 1,2 курсдээ лекц хичээлүүдээр(100-400 хүнтэй) ерөнхий эрдэм, мэргэжлийн суурь мэдлэг олж авсны дараа сонирхсон чиглэлээрээ нэг багшийг удирдагчаа болгон сонгоод, семинарт нь суун, мэргэших салбартаа илүү төвлөрч судалгаа хийн, төгсөлтийн ажлаа тэр багшаараа удирдуулдаг. Хичээлийн хэлбэр нь мэргэжлийн онцлог, сонгосон багшаасаа хамаардаг ч group discussion, багийн судалгаа, team presentation хэлбэртэй явагдах нь олон. Мөн кампусаас гадуур study tour болон хааяа земи-гээрээ нийлж номикай (парти), өвөл зуны амралтаар богино хугацааны аялал хийх ба багш нь ч цуг оролцдог.

Хууль, санхүүгийн чиглэлийн нарийн мэргэжлээс бусад нийгмийн ухааны оюутнуудын хувьд ажилд ороход нь их сургуулийн мэргэжил нь бараг хамаардаггүй болохоор хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэж бодохоосоо илүү алдартай ,хичээлээ сонирхолтой заадаг багшийг харж семинараа сонгоx хандлага ажиглагддаг. Земи сонголтын үеэр сургуулиас гаргасан танилцуулга guidance-аа барин тайлбар лекцүүд, земи-ний хичээлүүд дээр нь сууж үзэж байгаад л өөртөө таалагдсаныг сонгочихдог. Мөн дээд курсийхнээсээ сонгосон земи-нийх нь онцлог гэх мэт сонголт хийхэд нь тус болох хэрэгтэй мэдээллийг олж авна.

Гэхдээ хэдийгээр сонгоно гэж ярьж байгаа ч алдартай семинаруудад олон оюутнууд бүртгүүлдэг болохоор жаахан өрсөлдөөн ихтэй, хүссэн хүн бүр орох боломжгүй байдаг байдаг болохоор багш тухайн оютны GPA, ярилцлагын шалгалтын дүнг харж байгаад хэнийг элсүүлэхээ шийднэ.

No comments: