Sunday, January 18, 2009

Filters

Семестерийн төгсгөл ойртоод жаахан номын санд сууя гэж бодсон чинь элсэлтийн ерөнхий шалгалт(Боловсролын яамнаас их сургуульд элсэгчдээс авдаг нэгдсэн шалгалт ) авна гээд 2 өдөр сургууль хаагдчихав. Жил бүр орон даяар бүх их сургуулиуд дээр цэрэг цагдаа болсон нэлээд сүртэй юм болдог юм .

Хэр сайн өгснөөс нь хамаараад аль их сургуульд шалгалт өгөх нь тодорхой болдог болохоор нөхдүүд ч 1,2 жилийн өмнөөс хичээлээс гадуур тусгай шалгалтад бэлддэг төлбөртэй сургуулиудад амралтын өдөр, оройн цагаар яван бэлтгэлийг жин тан болгоно. Нэг хэсэг 5 цаг унтвал тэнцэхгүй, 4 цаг унтвал тэнцэнэ гэж яригддаг байсан ч шалгалтдаа өөрчлөлт оруулсны дараа арай гайгүй болсон гэгддэг. Яах гэж хүнийг ингэж зовоодгийг нь бас сайн ойлгодоггүй л юм...

Уул нь чадвартай нөхдүүдийг их сургууль руу илгээх л зорилготой байх л даа. Гэхдээ цөөн хэдэн нөхдийг эс тооцвол их сургуульд орсон хойноо тэр заагаад байгаа мундаг зүйлүүдийг нь шингээж авах сонирхолтой хүн бараг байхгүй. Харин хичээлээс гадуур зүйлд л илүү анхаарлаа хандуулна даа. Учир нь дараагийн шатанд буюу ажилд ороход шаардагдах зүйлс тэс өөр.

Ажил олгогч компаниуд тухайн оюутан хичээл ном хэр их хийсэн ,бүр ямар мэргэжилтэйг нь ч нэг их хамаарахгүй.Академик мэдлэг гэхээсээ илүү тухайн ажилд тохирох хүн мөн үү гэдгийг л илүү чухалчилдаг юм шиг. Хайж байсан хүн нь мөн байвал мэдэхгүй ч байсан сургаад л авчихна гэсэн бодлоготой. Хэдэн сая хүн дотроос ажиллах хүчээ сонгохдоо хэнийг нь ямар вэ гээд нэг нэгээр нь ялгаад сууж байх боломжгүй тул их сургуулийг яамнаас хүмүүсийг чадвараар нь сортлоод өгчихсөн бэлэн ангилал болгож л ашигладаг гэхэд хол зөрөхгүй байх.Массаар нь бодоод, сурагчид дээд хэмжээгээрээ хичээгээд хичээгээд хүрсэн түвшингээрээ л их сургуулиудад хуваарилагдан орох тул тэр сургуульд ийм түвшний нөхдүүд байж байгаа гээд дүгнэчихэж байгаа хэрэг.

Харин хувь хүмүүсийн хувьд авч үзвэл хамгийн сайн тогтолцоо гэж хэлэхэд хэцүү. Япончууд уул нь шинэ залуу үеээ илүү нээлттэй, нэг зүйлд баригдаагүй, бүтээлч сэтгэлгээтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ гээд зөндөө л ярьдаг юм.
Гэхдээ их сургуулиуд зөвхөн мэдлэгээр нь шалгаж оюутнуудаа элсүүлдэг болохоор чадсан ч чадаагүй ч сайн сургуульд орохын төлөө л хичээл хийсээр байгаад нийгмээсээ жаахан тасарчихсан, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хувь хүн талаас нь авч үзэхэд жаахан ойлгомжгүй зүгээр шалгалтын том системийн нэг эрэг шрүп л болчихсон хүмүүс цөөнгүй юм шиг...

Мэдээж эдгээр ярьсан зүйлүүд массыг хамарсан ерөнхий зүйлүүд болохоор бүгд үүнд хамаарна гэвэл өрөөсгөл болчихно л доо.Гэхдээ яах аргагүй тогтчихсон байгаа энэ систем компаниудаас өөр хэнд ашигтай вэ гэдэг бодох л зүйл болов уу.

2 comments:

Anonymous said...

Гэцү25
Сонирхолтой нийтлэл бичсэнд баярлалаа. Уншаад бодогдсон хэдэн зүйл байна.
1. Яах гэж хүнийг ингэж зовоодгийг нь бас сайн ойлгодоггүй л юм...
Ганцхан японд ч биш ер нь бол ихэнх улс орны нэртэй их сургуулиудын шалгалт хэцүү даваатай байдгийг мэднэ биздээ. Тоокёо ИС, Харвард ИС-ийн конкурсанд бэлдэж байгаа оютнууд хугацааны хувьд адилхан бэлддэг байх.
2. тэр заагаад байгаа мундаг зүйлүүдийг нь шингээж авах сонирхолтой хүн бараг байхгүй...
Байдаг. Байгалийн ухаанаар суралцдаг оюутнууд бол гайхалтай хичээл хийдэг шүү. Харин нийгмээр суралцдаг нь америк оюутнууд шиг бүгд төгсөөд захирал болно гэж хоосон мөрөөддөггүй учраас юу хийхээ сайн мэдэцгээдэг юм.
3. Ажил олгогч компаниуд тухайн оюутан хичээл ном хэр их хийсэн ,бүр ямар мэргэжилтэйг нь ч нэг их хамаарахгүй...
Хамаарна. Инженер, техник, санхүү, удирдлагын ажил хийх оюутнууд тэр мэргэжлээрээ сураагүй бол ажилд авах нэг ч компани японд олдохгүй шүү.
4. ...оюутнууд сургуульд орохын төлөө л хичээл хийсээр байгаад нийгмээсээ жаахан тасарчихсан, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хувь хүн талаас нь авч үзэхэд жаахан ойлгомжгүй зүгээр шалгалтын том системийн нэг эрэг шрүп л болчихсон хүмүүс цөөнгүй юм шиг...
Өөрийгөө илэрхийлэх чадвар муутай гээд хэлчихвэл бүх япончууд тийм байх. Америкчууд шиг тэд хэн нэгэн тааралдсан гарт өөрийгөө илэрхийлэх гээд гүрийгээд гүрдийгээд байдаг хүмүүс биш. Харин хэлэх ёстой үзэл бодлоо сонсох ёстой хүнд нь маш тодорхой хэлж тайлбарладгийг мэдэх юм.
Мөн эрэг шрүп болох нь ч юу бол. Алх бахь болно гэвэл энэ жижигхэн арал чинь живчихнэ шүү дээ. Америк, монгол шиг дураараа орилох газар ч байхгүй тэдэнд журмыг сахиж, баримталсан ёсыг дагах нь юунаас ч чухал. Магадгүй энэ нь чамд тэд нэгэн хээнд цутгасан адилхан шрүпнүүд шиг харагдах гол шалтгаан болж буй биз.
5. ...энэ систем компаниудаас өөр хэнд ашигтай вэ гэдэг бодох л зүйл болов уу.
Хувь хүн, цаашлаад улс оронд ашигтай.
Хувь хүн хичээвэл сайн сургуульд орно, хичээхгүй бол таарууханд нь орно. Хаана ч баримталдаг, шудрага систем. Орсон хойноо мэргэжил, цаашдын карераасаа хамаарч хичээл хийх үү үгүй юу гэдэг нь тодорхой болно. Төгсөөд ямар ажилд орохоо шийдээгүй байж америк, монгол дахь оюутан шиг сагсуурч цээжээ дэлдэн улс төр, хууль үзээд явах шаардлага байхгүй. Төгсөөд ажиллаx компани нь тэр оюутныг чиний хэлдгээр хувь хүн талаас нь чухалчилж шалгаж авдаг учир ороод хэн нэгэнтэй бодол санаа зөрнө гэсэн явдал ховор. Өөрөөр хэлбэл өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүстэй цуг ажиллана гэсэн үг. Үүнээс сайхан юм гэж юу байхав.
Улс орны хөгжлийг пүүс компаниуд аваад явдаг гэдэгт эргэлзэхгүй байх. Хүмүүс нь жаргалтайгаар компанидаа ажилна. Компани нь томорч, дээшлэнэ. Улс нь хөгжиж дэвшинэ. Эргээд нийгмийн эмзэг даврхрага, өвгөд хөгшид, хүүхэддээ халамжаа тавина. Үүн шиг баялгийг( хүн, эд агуурс, мөнгө) зөв хуваарилж байгаа систэмийг хэнд ашигтай вэ гээд бодоод суух нь зөв үү?
Шүүмжлэлд хандсан шүүмжлэл бол миний бодол. 100% үнэн гэж хэлэхгүй ч, эргээд нэг бодоход зүгээр боловуу. Амжилт хүсэе! Баярлалаа.

Finix said...

Бичлэгийг маань ингэж нухацтай уншиж , комент бичсэнд баярлалаа. Одоо л миний бичихийг хүсээд байсан блог шиг болж байна !
Коментийн агуулга дотор маргах зүйл алга. Үнэн л зүйлүүд байна.

Сэдэв бол том сэдэв. Нухацтай бодох хэрэгтэй чухал л ч сэдэв. Нэг оюутан Япон шиг мундаг орны амжилтын нэг түлхүүр болсон зүйлийг шууд шүүмжлэх нь ч бас хаашаа юм. Мэдээж тийм байранд өөрийгөө тавих гэсэн юм биш л дээ . Бүгд магтдаг болохоор нь үүнээс илүү байх боломж бий юү гэдэг талаас нь л харвал илүү сонирхолтой санагдаад ,уншихад хялбар цөөн хэдэн үгэнд багтаах гэж үзсэн нь энэ л дээ.

Харин уг коментийн дараа бусад уншигчдад бүр сонирхолтой бичлэг болсон болов уу гэж бодож байна. Цаашид ч бас ийм комент бичиж байхыг хүсч байна. Баярлалаа.