Tuesday, June 12, 2012

WE CARE!


4 жилд 1 удаа 1 л өдөр улстөржих муугүй байх л даа, гэхдээ дэмждэг нам байхгүй болохоор даан ч чадахгүй юм...

...Багадаа уул нь сонгуульд дуртай хүүхэд байсан юм. Эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгдөг байсан маань их л сонирхолтой санагддаг байв. Хөдөө сонгууль болохоор залуучууд нь төв руу морь эсвэл унаагаар өөрсдөө очиж саналаа өгдөг, харин өндөр настнуудын саналыг тусгай  томилсон хүмүүс гэрт нь очиж авна. Эмээ маань сургуульд суугаагүй, бичиг үсэг сайн чаддаг зүйл нь биш байсан болохоор би "туслах" нь болдог байсан хэрэг л дээ. Санал авах хүмүүсийг ирэхэд сонгох нэр дэвшигчийнхээ нэрийг чихэнд хэлчихнэ. Тэгээд үлдсэн ажлыг нь надад даалгачихна. Энэ нь  9 настай жаалд тухайн үед их л сонирхолтой ажил байлаа. Уул нь насанд хүрээгүй хүүхдийг итгэмжлэх нь хууль дүрэмдээ болдог ч байсан юмуу гэж гайхдаг юм, ямартаа ч одоо эргээд бодохоор бага насны сайхан дурсамжуудын маань нэг болон үлдэж.

Харин арай том болоход улстөр, сонгууль гэх мэт зүйлд аяндаа сонирхол татагдахаа байв. 10 жилд ангийнхан, найзууд улстөр, нам энэ тэр ярихаар утгагүй санагдаад ярианд огт оролцохгүй. Товчxондоо, 16 настай пацан-уудын хэрээс хэтэрсэн зүйл, улсын ирээдүйг шийдчих болоогүй гэж бодоод math-ийн даалгавар ч юм уу, бөмбөг нүдэх гэх мэт өөрийнхөө зүйлийг хийхэд л анхаарлаа төвлөрүүлдэг байв.

Их сургуульд ороход байдал сайжирсангүй. Сонгууль гэхээр ялгаагүй л худалч намууд, хуурамч хүмүүс ялж ялагдаж, хольж солигдож байдаг, ер нь улстөр онцын ач холбогдолгүй зүйл гэдэг ойлголттой болчихсон байсан. Тэгсэн хэрнээ ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр сонгуулийн насанд хүрч, анх удаа өөрийнхөө сонгосон хүнийг дугуйлах нь сонирхолтой санагдаад ч тэр үү,саналаа өглөө. Гэтэл сонгосон дэвшигч (Жагаа!) маань ер нь өөр хүний санал авсан ч юмуу гэмээр навс ялагдаж, сонгуульд "ганц миний санал ер нь байсан байгаагүй хамаагүй юм биш үү" гэдгийг бодитоор ойлгуулав.

Тэгээд удаа ч үгүй гадагш явж сурахаар болж хилийн дээс алхлаа. Түүнээс хойш урдах хичээл, ажил, хобби гэх мэт өдөр тутам зууралддаг зүйлсдээ түүртэж явсаар дараа дараагийн сонгуулиудыг сонирхсон ч үгүй. Харин нэг л  зун шалгалтууд ойртчихсон номын санд сууж байгаад "Улаанбаатарт танк орж ирлээ" ч гэх шиг сонин мэдээ сонслоо.  Удаа ч үгүй  "7 сарын 1 болчихлоо" гээд гадаадын сонины бараг эхний нүүрэн дээрээс уншлуу даа. Түүнээс хойш ер нь гадны бүхий л том хэвлэлүүдээр  Minegolia, Pollution, Visit, Nuclear Petition гэх мэт keyword-той  Монголын тухай мэдээ байсхийгээд л гардаг болов.

Нутагтаа байхад л Монгол, Монгол гээд яриад байдаг ч гараад явахаар хэн ч мэддэггүй жижигхэн орныг маань дэлхийн нэртэй мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа аван байн байн бичээд эхлэхээр ер нь юу болоод гээд байна, юу болох гээд байна гэдэгт илүү татагддаг юм байна. Гэхдээ тэглээ гээд гэнэт улстөр, сонгуульд сонирхолтой болчихсон юм байхгүй л дээ. Сонгуулийн хувьд, сонирхол хамаагүй, зүгээр улсынхаа ирээдүйг шийдэхэд хувь нэмэр оруулах нэг үүрэг, хийх ёстой зүйл гэдэг утгаар нь илүү хүлээж авдаг болсон байх...

Товч намтар маань нэг ийм. Одоо гол ажилдаа оръё.

Уржигдар саналаа өгөх гээд Токиод байдаг ЭСЯ дээр очтол өөр хийх ажилгүй юм шиг дэмий зүйлд цагаа үрсэн "IQ муутай" 50 нөхрийн нэг болж таарлаа. Гадаадад суугаа иргэд саналаа өгөх боломжтой болсон ч
・өөрт ч ашиггүй, үр дүн ч гарахгүй зүйл,
・4 жилд 1 удаа Weekend-ээр явах ирэх цагтайгаа нийлээд  1-3 цагийн зав гаргачих хүн ч цөөхөн,
 гэдгийг IQ муугаас ч болсон уу, багад суусан "хөдөөний сэтгэхүй"-гээс ч болсон уу, ойлгоогүй байж. Бодвол хэзээ ч унтдаггүй, хэзээ ч амардаггүй дэлхийд хамгийн том эдийн засаг эргэлддэг хотод амьдарна гэдэг дэмий зүйлд 1 минут ч үрээд байх боломжгүй, ер нь амаргүй байдаг биз. Хээр талд хөл нүцгэн шилбүүрийн мод унан өсч, эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгөх өдрийг хэд хоногийн өмнөөс тоолон хүлээдэг байсан жаал ер нь яаж ч ойлгох билээ...

Ажил амралт, сургууль соёл, ар гэр хувийн амьдрал гээд өнөөдрийн аз жаргалд шууд нөлөөлөх ач холбогдол өндөр зүйлүүд өчнөөн байхад politics гэдэг маргаашийн тухай хоосон ярьдаг crap-д цагаа үрэх хэрэг ч үгүй биз. Тэртэй тэргүй саналаа өгөх механизм нь ч зөв ч юм уу буруу ч юмуу, зөв байлаа ч олигтой сонголт байгаа ч юм уу (ер нь өмнө нь байсан юм уу?), байлаа ч миний санал нөлөөлөх ч үгүй. Саналаа өглөө ч ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй. Ийм л байсан, ийм ч байх болно. Хэрэв хүн бүр ингэж бодвол.

Тийм болохоор өнөөдөр үр дүнгүй байлаа ч маргааш үр дүн гаргахын тулд бага ч гэсэн WE CARE гэдгээ өнөөдөр л харуулах нь зөв юм болов уу гэж санагдаад байгаа юм. Саяны сонгуульд оролцсон 2000 хүний санал ч, нийт оролцохоор бүртгүүлсэн 4000 хүний санал ч, шинэчэлсэн бүртгэлд хамрагдсан 30 мянган хүний санал ч, бүр дэлхийн эргэн тойронд байх 100 гаруй мянган Монгол иргэдийн бүгдийнх нь санал байлаа ч ямар нэг зүйлийг өөрчлөх үү гэвэл, магадгүй үгүй л байх л даа.

Гэхдээ 10 гаруйхан хоногийн дараа нутагтаа сонгууль өгөх бусад Монголчууд маань интернет, телевизээр хараад сууж байна, өнгөрсөн бүтэн сайн өдрийн сонгуулийн санал асуулгын үр дүнг олж харах л байх. Тэгэхээр дараа санал өгөх хүмүүст нэг юм бодогдуулах дохио, магадгүй шийдвэрт нь нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй гэж үү?  Ер нь өгсөн санал маань биднийг улстөрөөс цөхрөөсөн зүйлийг шууд өөрчлөх хүчгүй ч, үр дүн нь дараа нь санал өгөх  бусад хүмүүст ямар нэг нөлөө үзүүлэх л байх...

50 ч биш, 2000 ч биш, 30 мянга ч биш, 100 мянга ч биш, 2 сая хүн WE CARE гээд 4 жилд 1 удаа амралтын өдрийн 2 цагаа зориулвал ирээдүйг ч биш, одоог ч өөрчлөх боломжтой гэж бодогдох юм. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй л байх л даа. Соёлтой газар боловсрогдоод боловсрогдоод бас л 9 настай хөдөөний жаалын сэтгэхүйдээ хөтлөгдөөд байх шиг байна би...

No comments: