Friday, September 20, 2013

Уналтын сайн тал


Төгрөгийн ханш уналаа л гэнэ, төсвийн алдагдал ихэслээ л гэнэ, эдийн засаг уналаа л гэнэ. Гэхдээ миний бодлоор энэ бол асуудал биш, харин сайн зүйл. Учир нь иймэрхүү цочрол нь жинхэнэ хямралаа олж харахад тус болох сануулга болох болохоор.

Ер нь бол иймэрхүү түр зуурын өсөлт уналтууд нь тухайн үедээ хүнд тусч магадгүй ч урт хугацаанд бол нэг их санаа зовох зүйл биш. Бүр эвгүйтэх гээд байвал хэн нэгэн дарга сайдыг солих, эсвэл хууль дүрмээ өөрчилж засах, зээл тусламж аваад ч юм уу шийдэх арга олдож л таараа (ойрд ер нь тэгж л эхэлж л байх шиг байна). Тэгээд экспорт, гадны хөрөнгө оруулалт өөр юу байдаг юм, асуудал үүсгэх гээд байгаа зүйлүүд нь байсан байрандаа очоод эдийн засаг яваандаа тогтворжих байх. Асуудалгүй (гэж найдаж байна...).

Харин жинхэнэ санаа зовох ёстой, асуудал болгох ёстой зүйл бол бидний сэтгэхүй. Хөгжил, сайхан амьдралыг хэтэрхий амархнаар төсөөлдөг тэр сэтгэхүй. Хоосон ам, хийлсэн цээжээ өөрчилье гэж боддоггүй тэр сэтгэхүй.

Уул нь бидний араас нь очих гэж хүсээд байгаа хөгжсөн гэгддэг орнууд дотор амархан замаар явсан улс нэг ч байхгүй. Амархан л байсан бол дэлхийн 200 гаруй орноос 10 хуруунд багтах хэдхэн улс хөгжилд хүрээд, үлдсэн олонхи нь мань мэт (зарим нь арай гайгүй) шиг төөрч будилж явахгүй л байсан байх. Ер нь бол хөгжлийн түлхүүр газар доорхи баялаг, гадагш нь зардаг бараа, гаднаас оруулж ирдэг доллар ч юм уу эсвэл тогтвортой валютийн ханшийн аль нь ч биш. Тийм ч амархан биш.

Харин цэвэрлэгчээс дарга нь хүртэл хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар яс хийдэг тэр сэтгэхүй. Хэдэн сая хүн цугласан хотуудад 24/7/365 цаг баялгийг бүтээж байдаг тэр хэмнэл. Шөнө нь шоудаж, зун нь наадамлаж, хагас бүтэн сайнд зугаалга архидалтаас гадна бас тогтмол ажил өрнөж л байдаг тийм амьдралын хэв маяг. Заримдаа хөгжил, сайхан амьдралд хүрнэ гэхээсээ хэдэн үеээрээ тэрнийхээ боол нь болж хариуцлагад дөнгөлүүлсэн мэт харагддаг тийм л тогтолцооны үр дүнд хөгжсөн байдаг. (Гэхдээ бас ийм амархан ч биш, эдгээр нь хөгжлийн түлхүүр гэхээсээ хөгжилд хүрэх хамгийн наад захын зүйл гэх нь илүү оновчтой байх)

Харин 1 шөнө ширээний ард сууж хонох, 1 бүтэн ном уншиж үзээгүй  оюутнууд, өдөржин цаг нөхцөөж SNS эргүүлдэж суудаг ажилтан албан хаагчид, өмнө нь гаргасан буруу шийдвэрээ л эргэж буцаж засч суудаг бодлого боловсруулагчид хөгжилд амархан хүрнэ гэж бардам боддог тэр сэтгэхүй бол жинхэнэ хямрал. Энэ сэтгэхүйнээсээ салаагүй цагт, "Андуураад байна аа та нар, Тийм ч амархан биш шүү!" гээд сэрүүн зүүднээс нь сэрээж өгөх иймэрхүү цочрол энэ улсад үе үе хэрэгтэй байх...

No comments: