Wednesday, December 21, 2011

"Ямар тоглогч хамгийн сайн юм бэ?"

"Ямар тоглогч хамгийн сайн бэ?" гэдэг NBA-д хамгийн сонирхолтой маргаанудын нэг.

NBA-д тоглогчийг олон үзүүлэлтээр дүгнэдэг ба эдгээрт:

1. Бие бялдрын онцлог: өндөр, хурд, хүч, масс, тэсрэлт г.м тамирчны суурь материал
2. Тоглолтын ур чадвар: бөмбөг эзэмшилт, талбайн мэдрэмж, хамгаалалт, шидэлт, самбар доорх тоглолт, бөмбөггүй тоглолт, хөлний ажиллагаа г.м
2. Тоглолтын статистик: шидэлтийн хувь, тоглолтод авдаг дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, блок шот г.м
4. Багт гүйцэтгэх үүрэг: лидер, роль тоглогч г.м
5. Хувийн онцлог: дасгалжуулагч, багийнхантайгаа харьцах харьцаа, тоглолтын философи, хэр хөдөлмөрч, шургуу зан г.м

Үүнээс ч олон катетогирит хуваан, тоглогчийн чадвар, онцлогийн бүр нарийвчлан тодорхойлох боломжтой ч энэ нь "Ямар тоглогч хамгийн сайн бэ?" гэдэг асуудлыг улам л төвөгтэй болгоно. Учир нь тоглогчдын давуу талууд өөр өөр үзүүлэлтүүдээр хэмжигдээд ирэхээр хооронд нь харьцуулалт хийхэд хүндрэл гардаг. Жишээ нь, шидэлтийн хувь өндөр байх хэрэгтэй юу, оновчтой дамжуулалт их байх хэрэгтэй юу гэдгийг шууд хэлэх хэцүү. Дээрх үзүүлэлтүүд нь тоглогчийн аль нэг тодорхой чадварыг үнэлэхэд чухал хэмжүүр болж, тухайн тоглогчийн прогрессийг харуулахад үнэхээр хэрэгтэй ч "Хэн нь сайн тоглогч вэ?" гэдэг ерөнхий харьцуулалт дээр нэг их тус болдоггүй.

Тэгэхээр, Ямар тоглогч хамгийн сайн юм бэ?

Хариулт санаснаас ч амархан: хожих гол зорилго, гол хийхгүйгээр хожихгүй гэж үзвэл "Бөмбөгийг хэрэгтэй үед цагирганд хийж чаддаг тоглогч л хамгийн шилдэг" гэж хэлж болно. Ийм ерөнхий асуултыг дээрх шиг нарийвчлах тусам ярвигтай болох учир эсэрэгээр нь ерөнхий хариулт өгөх нь сайн хариулт болж чаддаг. Гэхдээ НБА, ялангуяа суперстаруудын хувьд аль ч байрлалаас хэдэн ч тоглогчийн өөдөөс довтлох чадвартай байдаг болохоор энэ бас л хангалттай хариулт болж чадахгүй. Тэр дундаа цаг үеэсээ тасарсан бүх үеийн суперстарууд дотор хэн нь хамгийн шилдэг вэ гэдгийг тодорхойлоход бүр ч хангалтгүй.

Тийм болохоор л "Ямар тоглогч хамгийн сайн юм бэ?" гэдэг энгийн энэ маргаан өдийг хүртэл шийдэгдэлгүй сагс сонирхогчид ч, спорт аналистууд, тоглогчдын дунд үргэлжилсээр ирсэн байх...

No comments: