Wednesday, December 21, 2011

Амжилт

"Try not to become a man of success, but rather try to become a man of value"

"Ямар тоглогч хамгийн сайн бэ?" гэдэг асуултад өмнөх бичлэг шиг шалтгаан талаас нь хариулт хайхад төвөгтэй ч үр дүн талаас нь хайвал тун энгийн--АМЖИЛТ.
Сагс ч гэлтгүй, аливаа зүйлд тухайн хүн хэр сайн бэ гэдгийг тодорхойлох хамгийн энгийн хэрнээ ойлгомжтой хэмжүүр бол амжилт. Сагсанд бол багаараа хожих нь гол зорилго байдаг болохоор хувийн амжилтаас илүү багийн амжилт чухал шалгуур болдог.

Тийм ч болохоор NBA-ийн сайн тоглогчдыг үндсэнд нь 2 хуваадаг.
1. Агуу тоглогчид
Жишээ нь Iverson, McGrady, Carter, Stockton...
Гаргасан амжилт нь улирлын MVP, бүx оддын тоглолтын шилдэг тоглогч, онооны аварга, бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын рекорд, playoff шилдэг тоглолтууд... Бие бялдар, тоглолтын арга, байрлал гээд үзүүлэлтүүд нь өөр өөр. Гэхдээ нэг нийтлэг зүйл гэвэл нэг тоглолтын үр дүнг ганцаараа шийдчих хэмжээний өндөр ур чадвар бүгдэнд нь бий.

2. Домог болсон тоглогчид
MJ, Kobe, Bird, Magic, Shaq...
Тэд ч бас зогсоох аргагүй агуу тоглогчид. Харин тэднийг агуу тоглогчдоос нэг түвшин ахиулдаг зүйл нь аваргын бөгж. Хэд хэдэн бөгж.

Агуу тоглогч, домог болсон тоглгогчдыг зөвхөн тоглолтын ур чадвараар хэн нь хэнээсээ илүү гээд хэлчих боломжгүй, бүгд л цаг үедээ ноёрхсон ирээдүйн Hall of Famers.

Харин энэ хоёрын гол ялгаа нь юу вэ?

БАГ.

Ямар ч сайн тоглогч нэг тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвартай ч ганцаараа аварга авахад хүч дутна. Бөгж авахад түүнтэй талбай дээр хүчээ нэгтгэх дахиад 4 хүн хэрэгтэй. Бусад 4 тоглогчийн оролцоо тухайн тоглогчоос хамааралгүй гадаад хүчин зүйл мэт харагдавч, яг эндээс л агуу тоглогч, домогт тоглогчийн ялгаа гардаг.

Агуу тоглогчид өөрсдөө боломжгүй зүйлийг хийх гэж оролдоод заримдаа чаддаг, заримдаа чаддаггүй. Хувийн үзүүлэлтүүдээрээ өндөрт үр дүнд гаргадаг ч олонхи нь бөгжгүй хоцордог. Харин цөөн хэд нь л өөрөө сайн байхаас гадна багийнхныгаа илүү үр дүнтэй байлгаж, илүү сайн тоглогчид болоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ингэхийн тулд өөрийнх нь тоглолтын статистик үзүүлэлтүүд нь бага зэрэг буурдаг ч, илүү сайн баг бий болсноор эргээд амжилт ирэх магадлал нь өндөр болно. Хэд хэдэн бөгжний эзэн, түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт тоглогчид ингэж л төрдөг.

Ер нь зөвхөн өөрөө амжилтын машин байхаас гадна бусдад хэр нөлөө үзүүлж байна вэ гэдэг нь эцсийн үнэлгээнд маш том фактор болдог нь зөвхөн сагсаар хязгаарлагдахгүй байх...

No comments: