Sunday, December 1, 2013

Утаанаас зугтацгаая!

11 сарын 30, 17 цаг, гадаа -13С. 

Төв аймгаас УБ руу чиглэхэд гамшгийн дүр төрх алсаас нэг иймэрхүү харагдана...Тэнд агаар дахь PM 2.5-ын хэмжээ 5440-д хүрч байгаа. Уул нь энэ тоо эрүүл мэндэд халгүй байхын тулд жилийн дунджаар 10, харин 24 цагт авах тунд 25-аас хэтрэхгүй байх ёстой. Бээжин гэх мэт агаарын бохирдол нь дэлхийд гайхагдаад, утаа асуудал болоод байгаа хотууд хүртэл дээд тал нь 500-800... Ийм түвшинд хүрсэн утааны үр дүн нь уушиг, дотор эрхтний өвчлөл, хорт хавдар, согогтой ураг, эндэгдэл, дутуу төрөлт, ...үхэл.Гэхдээ хамгийн аймшигтай нь өвөл албан ёсоор эхлээ ч гүй байхад байдал ийм байна...

Хотоос гадна бол амьдрал шал өөр өнгөтэй байлаа. Илч нь буурсан ч таатай ээх хурц нар, нүд гялбам цагаан цас, нов ногоон гацуур, намрын сүүлийн шаргал өвс, нэг ч үүлгүй хөв хөх тэнгэр. Ер нь хаашаа л харна, нүдний шилээ угаагаад гялалзтал арцчихсан юм шиг бүх зүйл тод. Амьдралын жинхэнэ өнгийг мэдэрнэ. Хамгийн чухал нь өөр аль ч улиралд мэдэрч болохгүй гаатай юм шиг сэнгэнэсэн цэнгэг агаар. Амьд байгаагаа мэдэрнэ. Гэхдээ хамгийн гайхалтай нь жинхэнэ өвөл эхлээ ч гүй байхад ийм байна...

Ингээд буцаад хот рүү чиглэхэд тунарсан утаа, шатсан нүүрсний эхүүн үнэр өөдөөс угтана. Цааш явмааргүй санагдана. Заавал энэ утаан дунд суулгүй, өвлийн сэнгэнэсэн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах арга зам байхгүй гэж үү? гэхээс өөр зүйл бодогдохгүй.

Харамсалтай нь Улаанбаатарчууд маань дороо ч дээрээ ч энэ утааны хор уршгийг нэг л сайн ойлгохгүй байн уу, утааг шийдэхэд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг. Гэрээс гарахыг хориглохоор утаан дунд өлгийтэй хүүхдээ салхилуулах гээд гадаа сууж байна; залуус замын хажуугаар гүйж л байна; цагдаа нар, гудамж зам цэвэрлэдэг ажилчид дутуу шатсан нүүрс бензиний утаанд ямар ч хамгаалалтгүй өдөржин зогсож байна. Олон улсын хэдэн байгууллагууд л өмнөөс нь санаа нь зовоод утааг шийдэхэд нь тусалчих санаатай хэдэн төслүүд барьж гүйгээд байдаг, харин бодлого боловсруулагчид нь айлуудад нүүрс шуудайлж зараад, утаа ихэссэн ч хордуулахаа больсон гэсэн утгатай юм яриад сууж байна...

Магадгүй өлсөж үхэх үү, хөлдөж үхэх үү, хордож үхэх үү гэдэг ацын шалаанд амьдарч байгаа болохоор сэнгэнэсэн агаар ч түрдээ дүүрсэн хэрэг байх л даа. Утааг шийдвэртэй цэглэе гэвэл хоорондоо уялдаа сайтай олон бодлогуудыг цогц хэлбэрээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй ч одоо хийгдэж буй зүйлүүдэд тийм зүйл харагдахгүй байна. Зээлээр орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт зүйлүүд байгаа ч зээл нь шийдэгдэхээр байрны үнэ нь өсөөд, чадах чадахгүй хүмүүст тендер өгснөөс болж барилгын ажил нь хойшлоод хурдан үр дүнд хүрнэ гэж хэлэхэд хэцүү л байх шиг байна. Нэгэнт ийм байдалтай ойрын хугацаанд (10-15 жилдээ?) утааг шийдэж чадахгүй нь тодорхой тул ядаж хорноос зугтах алхам сайн хиймээр...

Тэгэхээр заавал энэ утаан дунд суухгүй, өвөл л байдаг гайхамшигт сэнгэнэсэн агаарыг enjoy хийхийн тулд мөнгөтэй хэд нь зайсан руу нүүх, машинтай хэд нь хагас бүтэнсайнд хотоос гардаг ядсан зүйлээс арай дээр аргыг Улаанбаатарчууд маань бодож олох хэрэгтэй байна. Заавал 100, 000 оюутан, 300, 000 сурагчид өвлийн хүйтэнд ханиад хүрсэн дээрээ хортой утаан дунд ханиалган замын түгжрээ нэмж сургуульд явах шаардлага байна уу? Хувь хувьсгалын хэдэн мянган ажилчид өвөлжин утаанд хордсоны ачаар л зундаа амрах эрх олж авах хэрэг байна уу?

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, байгалийн бэрхшээлийг шинжлэх ухаанч коммунизмаар ялах гэж оролддог философоос үүдэлтэй одоогийн энэ schedule-г мөрдөхийн оронд цаг уурынхаа онцлогт тохируулаад өвлийн хамгийн хүйтэн 1,2 сард амраад, зуны дулаан цагт ажиллаад сураад явдаг бол ямар вэ гэж...Шатах нүүрс, бензиний хэмжээ багасах болов уу?Багасахгүй байлаа ч гарсан утаанаас зугтах хүмүүсийн боломж ихсэх болов уу?

Нэгэнт л хүйтэн өвөлтэйгээс хойш, түүнтэй байлдах гэж ханиад томуу хүрэн байж, утаа униарт хордон байж ингэж амьдарч байхаар цаг ууртаа тохироогүй ажил, сургуулийн хувиараа хуучны хөшөө, нэрийг сольдог шигээ өөрчилчихвөл ямар вэ?

No comments: